Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу

2021-01-10, 16:47
4,235

Хатагтай Си.Жей.Уолкер гэгддэг Сара Бридлоу (Sarah Breedlove) бол Америк мөрөөдлийн бодит илэрхийлэл юм. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээрийн хүчээр анхны эмэгтэй саятан болж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн тэрбээр  хуучин цагийн боолын охин бөгөөд өөрийн гараар энэ өндөрлөгт хүрсэн аж. Юу ч үгүй байхдаа бизнес эхлүүлж, Африк гаралтай хэдэн мянган эмэгтэйчүүдийг өндөр цалинтай ажлын байраар хангасан гавьяатай түүний талаар "Netflix" хүртэл цуврал кино бүтээсэн. Тиймээс та бүхэнд энэ эмэгтэйн бахархам сайхан түүхийг хүргэж байна.

Ядуу дорой гэр бүлд төрсөн ч саятан болтлоо дэвжиж чадсан Сара Бридлоу
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Сара Бридлоу 1867 онд АНУ-ын өмнөд хэсэг, Луизиана мужид төрсөн. Түүний эцэг эх, том ах нар нь хөвөн тариалангийн боолын хөдөлмөр эрхэлдэг байв. Сара боолуудыг чөлөөлсний дараа төрсөн ч 7 настайдаа өнчирч хоцорчээ.

Эцэг эх нь нас барсны дараа эгч Лувениа болон түүний нөхөр Вилли Пауэлл нартай хамт амьдрах болсон байна. Сара бага залуу наснаасаа эхлэн гэрийн үйлчлэгчээр ажилласан бөгөөд боловсролдоо анхаарч, суралцах цаг байсангүй. 

14 настайдаа Сара Мозес МакВиллиамс хэмээх залуутай гэрлэжээ. Яаравчлан гэрлэсэн шалтгаан нь тэрээр Мосед галзууртлаа дурласан хэрэг огтоос биш байв. Түүний эгч Лувениагийн нөхөр огцом ууртай, харгис хүн байсан тул Сара амьдралаа бодож, нөхөрт гарах болсон байна. Дөрвөн жилийн дараа тэдний гэр бүл А'Лелиа хэмээх охинтой болсон ч охиноо 2 ой хүрэхээс өмнө Мозес нас баржээ. Тиймээс 20 настайдаа тэрбээр бяцхан хүүхдээ тэвэрч, цааш ганцаар хорвоог туулах болсон байна. 

1888 онд Сара үсчин ах нараа бараадаж, Сент-Луис руу нүүжээ. Тэрээр охиныхоо сайн сайхны төлөө бүхнийг хийхээр угаалгын газарт ажилд орсон боловч өдөрт ердөө 1.5 доллар авдаг байв.

Бүх угаалгын газруудын ажилчдын адилаар Сара хүчтэй химийн бодисонд хордсон байна. Арьсны өвчлөл, хаг, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байдлаас болж тэрбээр бараг халзан болсон тухайгаа ч хуваалцаж байсан юм.

Үсчинд ажилладаг бусад хүмүүсээс тэрээр үс арчилгааны талаар сурч мэдсэн бөгөөд хэсэг хугацааны дараа тэрбээр гоо сайхны бүтээгдэхүүний салбарынхантай танилцсан байна. Тэрээр "Malone" брэндийн худалдааны төлөөлөгч болж, үс арчлах талаар нухацтай сонирхож эхэлсэн байна.

Malone-д үргэлжлүүлэн ажилласаар 37 настайдаа Сара охиныхоо хамт Денвер хот руу нүүж,  өөрийн нэрийн бүтээгдэхүүнтэй болох талаар төлөвлөж эхэлсэн байна. Улмаар ажил нь бүтэмжтэй болж, Сара бүтээгдэхүүнээ амжилттай гаргаж авсан бөгөөд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлжээ.

1906 онд Сара Чарльз Жозеф (C.J.) Уолкертай гэрлэж, энэ нэрээрээ олон нийтэд алдаршжээ. Cи Жей түүний ажил, амьдралын хамтрагч болсон ба сурталчилгааны чиглэлээр ажилладаг байсан тул эхнэртээ бизнесийн үнэтэй зөвлөгөө өгч, чиглүүлдэг байв. Харин Сара өөрөө үйлчлүүлэгчидтэй холбоо тогтоож, бараа бүтээгдэхүүнээ зарж, Африк гаралтай Америк эмэгтэйчүүдэд үс засалт, хэрхэн зөв арчлах талаар заадаг байв.

Тэр жилдээ Сара бизнесийн хүрээгээ өргөжүүлэхээр шийдсэн тул нөхрийн хамт Америкийн өмнөд болон зүүн бүсийн нутгуудаар явсан байна. Түүний охин энэ үед насанд хүрсэн бөгөөд их сургуульд сурч төгсөөд гэр бүлийнхээ бизнест орж, Денвер дэх бүх захиалгыг хариуцаж эхэлсэн аж. 

2 жилийн дараа тэдний гэр гэр бүл Питтсбург рүү нүүж, гоо сайхны салон нээснээр барахгүй, сургалтын төв байгуулж, үс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн борлуулах зэргийг зааж, мэргэжлийн хүмүүс бэлтгэдэг болсон байна. 

Хатагтай Си Жей Уолкер машин жолоодож буй нь, 1911 он.

1910 онд тэрбээр Индианаполист үйлдвэрлэлийн компанийн төв байрыг байгуулав. Сара бүрэн лаборатори, үсчин, гоо сайхны сургуультай үйлдвэр байгуулж, борлуулалтын төлөөлөгч нарыг сургаж байжээ. 1917 он гэхэд хатагтай С.Ж.Уолкер бараг 20 мянган эмэгтэйг ажлын байраар хангаж, өндөр цалинтай болгосон түүхтэй. Түүний төлөөлөгчид өдрийн 5-15 доллараар цалинждаг байсан юм.

Сара Африк гаралтай Америк эмэгтэйчүүдийг санхүүгийн хараат бус байдалд хүргэхийг эрмэлздэг байсан тул эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхийг уриалж, хэрхэн өөрөө төсөв тогтоож, бизнес эрхлэхийг заадаг байжээ.

Хатагтай С.Ж.Уолкер хөрөнгө чинээлэг болох тусам буяны үйлс, улс төрийн асуудалд илүү их цаг хугацааг зориулдаг болсон байна. Сара лекц уншиж, нийгмийн шударга бус байдлын эсрэг тэмцэж, тэтгэлгийн санд мөнгө хандивласан бөгөөд тэрбээр нас барахаасаа өмнө бараг 100 мянган долларыг асрамжийн газар болон нийгмийн байгууллагуудад гэрээслэн үлдээжээ. Мөн түүний хүслийн дагуу үйлдвэрлэлийнх нь ирээдүйн ашгийн 2/3 нь буяны ажилд зориулагдах ёстой байв.

Түүхэн цагийн Африк гаралтай хамгийн баян хатагтай 51 насандаа хорвоог орхижээ. Түүнийг нас барах үед Уолкерын хөрөнгийг 500 мянгаас нэг сая доллараар үнэлсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()