Манж төрийн нөлөө бүхий их хатдын нэг Монгол бүсгүйн түүх

2021-01-27, 12:51
3,425

Хэдий Монгол төрийн түүхэнд 34 их хатан байсан гэдэг ч тэдгээрийн ихэнхийн намтар, уг гарвал өнөө үед тун бүрхэг хэвээр байна. Тиймээс агуу эхчүүд, хатдын түүх, түүхэн ач холбогдлыг олон түмэнд тайлбарлан таниулах нь тун чухал ажлуудын нэг юм. Монголын хаад ноёд эртнээс өөр улс, овог аймгийн удирдагчидтай найрамдаж, нөлөөгөө тогтоохын тулд охиноо тэдэнд эхнэр болгон өгч, ураг барилдсаар ирсэн бөгөөд энэ явдал Манжийн үед ч үргэлжилжээ. Ингээд та бүхэнд Чин улсын хамгийн цуутай, нөлөө бүхий хатдын нэг Бумбутайн амьдралын түүхийг хүргэж байна.

Манж төрийн нөлөө бүхий их хатдын нэг Монгол бүсгүйн түүх

Хожуу умард Алтан улсын хаан, Манж Чин гүрний анхны эзэн хаан гэж тооцогддог Хонтайжи буюу Абахайн хатан Бумбутай нь 1613 онд Монголын Боржигин овгийн угсаа Хасарын удам болох Хорчины Зайсан ноёны охин болон мэндэлжээ. Түүнийг Манж Чин гүрний хаан Энх-Амгалангийн эмээ байсан гэдгийг бид тэр бүр мэддэггүй.

Бумбутай хатныг Монголын түүхэнд заримдаа "Сэцэн Амирлангуй” хэмээн тэмдэглэсэн байдаг.

1625 онд Абахай Монгол нутгаас өөрөөсөө 21 дүү буюу 12 настай бяцхан охиныг татвар эм болгон авсан нь Бумбутай байжээ.

Тэрээр хааны ес дэх татвар эм болж очиход хааны ордны ихэс дээдсүүд ихэд дээрэнгүй хандахын зэрэгцээ хуучин хатад, татвар эмс үл тоон дорд үзэж байжээ.

Бумбутай энэ бүхнийг огтхон ч тоодоггүй байсан агаад өөрийн шивэгчидтэй яг л найз нөхөд мэт дотно харьцан тэр даруй өөрийн гэсэн хүрээллийг бий болгосон байна.

Эдгээр шивэгчингүүд түүний төлөө насан туршдаа үнэнч зүтгэсэн гэдэг.

Гүнжийг хааны ордонд ирсний дараахан Ар халхын ноён Чибхэмэн угсаа залгамжлах ханхүү Тай Цунд нэгэн догшин морь бэлэглэжээ. Тэрхүү морийг хааны ямар ч мундаг адуучин номхруулж чадахгүй байсан юмсанж.

Гэтэл Бумбутай гүнж тэр морийг хэдхэн хоногийн дотор хонины морь шиг л номхруулж чадсан тул түүгээр бахархсан Абахай өнөөх морийг гүнжид бэлэглэхийн зэрэгцээ их хэмжээний торго дурдан, үнэт эдлэлээр шагнасан байна.

Гэтэл гүнж энэ бэлгийг бусад хатад, татвар эмсийн адил зөвхөн өөртөө авсангүй. Тэрбээр хааны ордны ихэс дээдэст мөн тайгануудад бүр зарц шивэгчингүүдэд хүртэл энэ бэлгийг хишиг болгон хувааж өгчээ. Энэ нь түүний нэр хүндийг улам өргөж тойрон хүрээлэх хүмүүсийнх нь тоог улам олон болгожээ.

Абахайд түүний холч ухаан ихэд таалагддаг байсан болохоор тэр 1626 онд хаан сууринд суумагцаа "Баруун ордны их хатан” гэсэн өндөр хэргэмийг албан ёсоор хүртээсэн байна. Ийнхүү Бумбутай хааны ордонд ирснээсээ хойш ердөө ганцхан жилийн дотор ордны их хатнаар өргөмжлөгдсөн нь энэ.

Өөрийн хурц ухаан, холч бодол, эрдэм мэдлэгээр хүндлэгдсэн, төрийн хэрэгт асар их нөлөөтэй байсан тэрээр Абахай хаанаас 3 охин, Фулин нэрт нэг хүүг төрүүлсэн юм. 

Тэрбээр хорин нас хүрэхээсээ өмнө гурван удаа төрсөн бөгөөд энэ гурван хүүхэд нь гурвуулаа охин байв. Тиймээс хүү төрүүлэх юмсан өдөр шөнөгүй мөрөөдөж, хожим дахин бие давхар болсныхоо дараа "Чингисийн удмын хүү Манж Чингийн хаан болох ёстой" гэсэн санаагаа гүйцэлдүүлэхийн ордонд нөлөөгөө улам бүр нэмэхийг эрмэлзэж эхэлжээ. Ийнхүү 1638 хүсэн хүлээсэн хүү нь төрж, учиргүй баярласан Абахай хаан Фулин буюу Буян ирэгч гэсэн нэрийг хайрлажээ.

1643 онд Абахай хаан нас барсны дараа түүний дүү Доргон "төр баригч хунтайж" болж, Бумбутай хатны хамт 5 настай Фулинг Эеэр засагч хэмээн цоллож хаан ширээнд суулгажээ.

Тухайн үед Фулин дэндүү балчир байсан учраас авга ах Доргон 6 жилийн турш түүний нэрийн өмнөөс төрийг удирдаж, албан бус эзэн хаан хэмээгдэж байв. 

Доргон

Түүний хүү Фулин буюу Эеэр засагч хаан Бумбутай хатанд "Хатан хаан Жаошэнь" цол олгосон бол ач хүү Канши буюу Энх-Амгалан нь өөрийн хаанчлалынхаа үеэр түүнийг "Их хатан хаан" болгожээ.

Тэрээр 7 насанд нь хаан ширээнд суулгасан Энх-Амгалан хааныг бага балчраас нь хамгаас эрхлүүлэн хайрлаж, гардан өсгөсөн ажээ.

Энх-Амгалан хааны хамгийн дотны зөвлөгч нь байсан бөгөөд улс төрийн чухал гэсэн бүхий л бодлого шийдвэрийг зөвхөн Бумбутай хатны заавраар явуулж байсан байна. Тэрээр ач хүүдээ улс орныг удирдан товхинуулах арга, улс төрийн холч ухааныг зааж сургасан бөгөөд Монгол улс Манж Чин гүрний эрхшээлд ороход ч энэхүү хатны оролцоо их байсан гэдэг. Тэрээр 1688 он буюу 75 насандаа өвчнөөр нас барсан бөгөөд түүний дурсгалд зориулж Энх Амгалан хаан Хятадын Ляонин мужид бунхан босгосон байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()