Хятадын сүүлчийн хатан хааны зовлонт амьдралын түүх

2021-02-18, 20:00
40,965

Хэрэв та алдарт найруулагч Бернардо Бертолуччигийн "The Last Emperor" киног үзсэн бол Манж Чин гүрний сүүлчийн эзэн хаан Пүи-ийн хатан Ваньрун буюу Шяокеминь (Xiaokemin) их хатны тухай мэдэх нь дамжиггүй. Ингээд та бүхэнд язгууртан гэр бүлд төрж, хааны хатан болсны уршгаар хангалттай зовлон амссан Ваньруны түүхийг хүргэж байна.

Хятадын сүүлчийн хатан хааны зовлонт амьдралын түүх

1 Сайдын охин

Ваньрун 1906 оны 11-р сарын 13-нд Бээжин хотод, дагуур гаралтай Гобуло овогтны гэр бүлд төржээ. Түүний эцэг Рунюань нь Чин гүрний сүүлийн жилүүдэд Дотоод хэргийн сайдын албыг хашиж байв. Харин түүний ээж Хэншин нь Ваньруныг төрүүлээд хүндрэлээс болж нас барсан байна. Ингээд хойд эх нь болсон Хэнсян гэгч эмэгтэй охиныг яг л өөрийнхөө хүүхэд шиг хайрлан өсгөсөн аж.

Сайдын охин

Ваньруны төрсөн ахыг Рунлян, эх өөр дүүг нь Рунки гэдэг байв. Аав нь түүний боловсролд ихээхэн анхаардаг байсан учир Америкийн номлогчийн сургуульд оруулснаар Ваньрун англи хэлтэй болсон аж. Тэрбээр хурц ухаантай, сэргэлэн цовоо нэгэн байсан тул хүмүүсийн хайрыг татдаг байжээ. Эцгийнх нь өндөр хэргэм зэрэг охиныг эзэн хаан Пүигийн эхнэр болоход нөлөөлсөн байна.

2 Хааны хатан болов

1911 онд Манж Чин гүрнийг хятад босогчид түлхэн унагаж, Бүгд Найрамдах Хятад Улсыг байгуулсан ч Эзэн хааны гэр бүлд цол хэргэмээ авч үлдэж Хориотой хотод үргэлжлүүлэн амьдрахыг зөвшөөрсөн юм. Үүний дараа Пүи 1922 онд Ванруньтай Хориотой хотод хуримаа хийжээ.

Хааны хатан болов

Эзэн хааны гэр бүл хатан болох бүсгүйг сонгохдоо язгууртан гаралтай охидын зургийг цуглуулан Пүид үзүүлсэн байна. Харамсалтай нь тэр үед гэрэл зургийн чанар муу байсан учраас охидын төрх тийм ч сайн харагдаагүй аж.

Пүи анх Вэншю хэмээх Өвөрмонгол охиныг сонгожээ. Гэтэл охин дөнгөж 12 настай байсан тул хааны гэр бүл түүнийг их хатан болгохыг зөвшөөрөөгүй бөгөөд оронд нь дотоод хэргийн сайдын охин Ваньруныг сонгохыг зөвлөжээ. Эцэст нь Пүи Ваньруныг их хатнаар, Вэншю-г бага хатан болгон авчээ.

Хуримын бэлтгэлд зориулж Ваньрунд ордны ёс жаягийг зааж эхэлжээ. Тэрээр эрх чөлөөт амьдралаасаа хагацаж байгаагаа мэдээд удтал уйлсан гэдэг. Ийнхүү Ваньрун 1922 оны 11-р сарын 30-нд 16 настай эзэн хаан Пүи-тай гэрлэсэн байна.

Ваньрун, Вэншю нар

3 Хориотой хот дахь амьдрал

Хөөрхий охин хааны хатан болоод уйтгар гуниг, уй гашуугаар дүүрэн амьдралыг туулсан юм. Хориотой хотод гаднах ертөнцөд байдаггүй олон зан үйл, хууль ёс үйлчилдэг байсан тул тэрээр багштайгаа үдшийн бүрий хүртэл ном үздэг байв.

Хамтын амьдралын эхэн үед хаан, хатан хоёр өсвөр насныхан байсан тул хамтдаа тоглон инээж хөгжилдөж, ордны талбайгаар дугуй унан зугаацдаг байжээ. Ваньрун мөн бага хатан Вэншютай эгч дүүс мэт эв найртай, дотно байв. 

Хориотой хот дахь амьдрал

Багш нарынхаа хамт

Гэхдээ хэдэн жил өнгөрсний дараа ч хосууд хүүхэдтэй болоогүйн дээр Ваньрун хар тамхинд донтож байдлыг улам дордуулжээ. Тэрээр сэтгэцийн өвчнөө эмчлэх гэж Эзэн хаанаас хар тамхи хэрэглэх зөвшөөрөл авсан ч удалгүй донтсон байна.

Хориотой хотод ажиллаж байсан нэгэн тайганы дурссанаар эзэн хаан гурван сар тутамд нэг удаа хатны өргөөнд очиж шөнийг өнгөрүүлэх ба маргааш нь бүтэн өдрийн турш уур уцаартай явдаг байжээ. Пүи-г бэлгийн чалхгүй, эсвэл бисексуаль нэгэн байсан эсэх дээр одоо хүртэл маргаантай байдаг.

4 Манж-Гогийн зовлонт хатан

1924 оны 11-р сард Эзэн хааны гэр бүлийг тухайн үед Хятадыг захирч байсан Фэн Юйсян Хориотой хотоос албадан гаргажээ. Тэд Тяньжин руу нүүсэн бөгөөд тэндээ хэсэг хугацаанд ч болов тайван амгалан амьдарчээ. Хотын япон хороололд байрлах барууны хэв маягтай харш эзэн хаан болон түүний хоёр хатны шинэ гэр болсон байна.

Энэ хугацаанд Эзэн хаан барууны соёлд автан Хенри нэр авсан бөгөөд хатан  ч түүнийг даган Элизабет гэж өөрийгөө нэрлэв. Ваньрун тансаг эдийн шуналтай болж, байнга дэлгүүр хэсдэг зуршилтай болсны зэрэгцээ Пүи-ээс илүү их анхаарал халамж хүсэн Вэншютай өрсөлдөж эхэлжээ. Улмаар Пүи илүү их цагийг Ваньрунтай өнгөрөөж, хүссэн бүгдийг нь авч өгч байснаас шалтгаалан бага хатан Вэншю 1931 онд салах өргөдлөө өгсөн байна.

Манж-Гогийн зовлонт хатан

1930-аад оны эхээр Япончууд Пүи-г өөрсдийн тоглоомын улс Манж-Гогийн эзэн хаанаар өргөмжилжээ. Ийнхүү хос хоёр өөрсдийн нэр төдий хэргэм зэргээ эргүүлэн авсан ч тэдний амьдралыг япончууд удирдах болсон юм.

Японы цэргийнхэн, тагнуулчид Хятадыг бүрэн эзлэх төлөвлөгөөндөө эзэн хааныг ихээр ашиглаж, төрөл бүрийн явуулга хийж байлаа. Энэ хугацаанд Ваньрун мартагдсан хүн болж, ганцаардлаас гарахын тулд хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсээр байв.

Улмаар Пүи-г эзгүй байх үед Ванрунь хоёр зарцтай нь нууц харилцаа үүсгэж, тэдний нэгээс нь охин төрүүлсэн байна. Энэ явдал задрах үед Эзэн хааны япончуудтай харилцах харилцаа хурцадсан юм. Ванрунь Пүи-аас охиныхоо амийг аврахын тулд өөрийн хүүхэд болгон авахыг гуйсан ч эзэн хаан татгалзсан аж.

Тиймээс нярайг төрсөн даруйд нь хороосон байна. Ванрунь охиныхоо үхлийг хэрхэн хүлээж авсан тухай хоёр өөр түүх байдаг. Эхнийх нь Пүи эхнэртээ охиныг нь өөр хүнд өгч өсгүүлж байгаа гэж худлаа хэлж итгүүлсэн гэдэг бол хоёр дахь нь түүний нүдэн дээр охиныг нь хороосон гэдэг. Ямартаа ч энэ явдлын дараа Ванрунь хар тамхинд илүү их донтож, бүр мөсөн галзуурсан гэдэг.

5 Төгсгөл

1945 онд ЗХУ Хятадыг Япончуудаас чөлөөлөх хэлэлцээрийн дагуу Манжуур руу довтолсон. Энэ үед Пүи Ваньрун болон татвар эм Ли Юцин нарыг хаяад зугтсан юм.  Хэдий тэрээр эхнэрээ онгоцонд хамт авч явахыг хүссэн ч эмэгтэйчүүдийг дорд үздэг япон цэргийн даргын ятгалгаар үлдээжээ. Ийнхүү онгоцны буудал дээр Пүи Ваньруныг сүүлчийн удаа харсан байна.

Ваньрун 1946 оны эхээр Солонгос руу нэвтрэх үйлдэл дээрээ Хятадын коммунист цэргүүдэд олзлогджээ. Тэрээр олон хорих анги хэссэний дээр хар тамхи олох аргагүйн улмаас бие нь гүн хямарсан бөгөөд энэ үед хадам эгч нь түүнийг асран халамжилж, хань болж байжээ.

Төгсгөл

Ваньруныг удалгүй хадам эгчээс нь салгаж, олон түмэнд гутаан доромжлуулахаар циркийн амьтан мэт байлгаж эхэлжээ. Хүссэн хүн бүр шорон руу орж, торны цаана буй Ваньруныг харах боломжтой байв. Энэ үед Ваньрун хий юм харан дэмийрч, хуягуудаас хар тамхи өгөхийг шаардаж, алуулсан охиноо дурсан уйлж хашхирсаар байлаа.

Тэрээр 1946 оны 6-р сарын 20-нд 39 настайдаа бие нь хямарсны дээр хоол тэжээлийн гүн дутагдалд орсны улмаас нас барсан юм. Пүи гурван жилийн дараа түүний нас барсан мэдээг сонсоод огтхон ч цочирдоогүй гэнэ.

Өнөөдрийг хүртэл Ваньруныг оршуулсан газрыг олоогүй байна. Бээжин хотын ойролцоох Баруун Чингийн бунханд түүнд зориулсан хөшөө бий.

Жүжигчин Жоан Чен "Сүүлчийн эзэн хаан" кинонд түүний дүрийг бүтээжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()