1
Мөч уртасгах
Араг ясны хэв гажилтыг засах аргыг мэс засалч Алессандро Кодивилл олсон юм. Энэ аргыг төрөхдөө нэг хөл нь нөгөөгөөсөө богино байсан нялх хүүхэд, одой хүмүүст голдуу хийдэг аж. Энэ бол өвчний хувьд маш хүнд хагалгаа бол эмч нарын хувьд их нарийн ур чадвар шаардсан, хэцүү, удаан үргэлжлэх ажил юм. АНУ-д л гэхэд цөөхөн хэдэн мэс засалч ийм төрлийн хагалгаа хийдэг бөгөөд үнэ нь 85000 ам.доллар ба түүнээс дээш байдаг. Ингэснээр тухайн хүн 20 см хүртэл өндөр болох боломжтой ч нөхөн сэргээх үйл явцыг даван туулах нь маш хэцүү гэнэ. Өвчтөний ясыг эхлээд хугалж, багаж хэрэгслийн тусламжтайгаар ясны хэсгүүдийг өдөр бүр 1 мм-ээр уртасгах замаар тухайн хүн өндөр болдог юмсанж.
2
Хэл тайрах
Хэлний тэн хагасыг тайрах мэс засал нь мэдээ алдуулалтын дор амны хөндийн хорт хавдрыг авахын тулд хийдэг байжээ. Мөн 18-аас 19-р зууны үед ийм аргаар хэлгүй хүмүүсийг дуу оруулдаг байсан гэнэ. Германы мэс засалч Д.Диффенбах хэлний талыг тайрч авах нь эерэг үр дүн авч ирнэ гэж үзсэн ч харамсалтайгаар энэ эмчилгээ амжилттай болоогүй юм.
3
Гуурсан хоолой шилжүүлэн суулгах
Шведийн Каролинскийн их сургуулийн эмнэлгийн мэс засалч Паоло Макчиарини 2011 онд өвчтөний өөрийнх нь үүдэл эсээс ургуулсан гуурсан хоолойг шилжүүлэн суулгасан байна. Энэхүү мэс ажилбарыг анагаах ухаанд хувьсал авч ирлээ хэмээн дэлхий нийтээр өндрөөр үнэлж байв. 2011 оноос хойш Паоло дахин долоон өвчтөнд ийм мэс засал хийсний зургаа нь нас барж, үүний үр дүнд их сургууль дуулиан шуугианд холбогдож, захирал нь огцрохоос өөр аргагүй болжээ. Олон улсын мэс засалчдын холбооноос Макчиаринийг буруутгаж, эрдэм шинжилгээний хүрээлэлд түүнийг хууран мэхлэгчид тооцсон байна.
4
Хөлс арилгах
Зарим хэт хөлрөх өвчтэй хүмүүс үүнийгээ арилгахын тулд хөлсний сүвээ бөглөх мэс засал хийлгэдэг. Энэхүү мэс ажилбар нь зөвхөн алга төдийгүй суганы хэт хөлрөлтийг эмчилдэг бөгөөд цамцан дээр нойтон толбо гарахаас сэргийлдэг байна. Гаж нөлөөнд нь булчингийн өвдөлт, мэдээ алдалт, улайлт, ядаргаа ордгоос хамгийн ноцтой гаж нөлөө нь саажилт гэнэ.
5
Гавал өрөмдөх
Краниотоми буюу гавал өрөмдөх мэс ажилбар нь Неолитын (МЭӨ 10,000 он) үед хийгдэж эхэлсэн бөгөөд толгой өвдөх, таталт өгөх, тархины үйл ажиллагааны алдагдлыг эмчлэхэд ашигладаг байжээ. Дундад зууны үед хүний зан авир нь хэвийн бус болсон тохиолдолд гавлын ясыг нээдэг байсан байна. Учир нь галзуурсан хүнийг муу ёрын сүнс биед нь нэвтэрсэн гэж үзээд цоолдог байсан. Археологичид дэлхийн Өмнөд Америкааас Скандинавын орнууд хүртэлх газарт ийм Краниотомийн ул мөр бүхий гавлын яс олсон байдаг.
6
Жирэмсэн эмэгтэйчүүдийн аарцагны доод хэсгийг тэлэх
Симфизиотоми бол жирэмсэн эмэгтэйчүүдэд аарцгийн давхаргыг гар аргаар тэлэх мэс заслын арга юм. Хөрөө ашиглан аарцгийг тэлснээр хүүхэд амархан төрдөг болгохын тулд ийм арга хэрэглэдэг байжээ. 1940-1980 оны хооронд кесар хагалгааны оронд ийм мэс засал хийдэг байсан цорын ганц улс бол Ирланд юм. НҮБ-ын Хүний эрхийн хороо энэ аргыг хэрцгий гэж үзсэнээр дэлхий нийтээр хориглосон аж. Нийтдээ 1500 гаруй эмэгтэй энэ хагалгаанд орсон бөгөөд үүний үр дүнд насан туршийн архаг эмгэгтэй болсон гэнэ.
7
Биеийн доод хэсгийг тайрах
Гемикорпорэктоми буюу биеийн доод хэсгийг тайрах мэс ажилбар нь аарцаг, бэлэг эрхтэн, доод мөчийг салгах мэс засал юм. Саутвестернийн их сургуулийн гоо сайхны мэс заслын дэд профессор, доктор Жеффри Жанисийн хэлснээр энэ ажил нь хүний амь насанд хор учруулахуйц биеийн доод хэсэг дэх эрхтний өвчнүүд, тухайлбал бэлэг эрхтний хорт хавдар, шамбарам зэргээр шаналж буй өвчтөнүүдэд зориулагдсан гэнэ. Ийм ажилбарыг Афганистаны дайны ахмад дайчдад хийсэн бөгөөд тэдний хөл, эсвэл аарцагны яс нь эдгэрэхийн аргагүй гэмтэл авсан учраас ийм мэс ажилбар хийлгэсэн аж. 2009 онд 25 жилийн практик дүн шинжилгээ хийснээр ийм мэс ажилбар нь өвчтөнүүдийн амьдралыг хэдэн жилээр уртасгасан болохыг нотолжээ.
8
Тархи хуваах
Тархины хамгийн том хэсэг болох бага тархи нь дундаа хоёр дэлбээнд хуваагдана. Харин тархины хоёр дэлбээний аль нэгийг хувааж авах мэс засал бий. Ийм мэс засал хийсэн анхны мэс засалч бол Вальтер Данди юм. 1960-аад оноос 1970-аад оны хооронд ийм мэс ажилбарууд олон хүндрэл дагуулдаг байсан учраас маш ховор хийдэг байсан аж. Харин өнөө үед хүндээр татаж унадаг өвчтөнүүдийг үүнтэй ижил аргаар эмчилж байна. Үндсэндээ ийм мэс заслыг хялбар нөхөн сэргэдэг гэдгээр нь ихэвчлэн хүүхдүүдэд хийдэг.
9
Нүд шүдний хагалгаа
Италийн нүдний эмч Бенедетто Стампелли ийм мэс ажилбарыг анх удаа хийжээ. Энэхүү ажиллагаа нь нүдний харааг сэргээх, нүдний алимны гэмтлийг арилгахад чиглэгддэг. Энэ хагалгаа нь гурван үе шаттай явагдана. Нэгдүгээрт, өвчтөний шүдийг авдаг. Дараа нь шүдний нэг хэсэгт нимгэн тайралт хийж, нүдний эвэрлэг бүрхэвч гаргаж авна. Үүний дараа шилжүүлэн суулгахад бэлэн болсон эвэрлэг хэсгийг нүдэнд суулгадаг байна.
10
Сав суулгах
Шведийн эмч нар ийм шилжүүлэн суулгах хэд хэдэн мэс заслыг амжилттай хийжээ. Есөн өвчтөнд шинээр сав шилжүүлэн суулгаснаас тав нь жирэмслэн хүүхэд төрүүлсэн аж. Бүх эмэгтэйчүүд 30-аас дээш настай байсан бөгөөд бүгд нэг бол савгүй төрсөн, эсвэл хорт хавдрын улмаас саваа авхуулсан байжээ. Мөн 2015 оны 3-р сард Кливленд эмнэлэгт 26 настай өвчтөн АНУ-д анхны сав шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байдаг. Харамсалтай нь мэс ажилбарын явцад хүндрэл гарч, бүтэлгүйтсэн байна.