Сибирийн бөөгийн хараал бүхэл бүтэн хотыг үгүй хийсэн нь...

Сибирийн Зашиверск хотод болсон нэгэн үзэсгэлэн худалдааны үеэр нутгийн бөө гаднаас ирсэн худалдаачны бараан дундаас цоожтой авдар олжээ. Тэрээр авдрыг муу ёрын эд гэж үзээд ус руу шидэхийг тушаав. Гэвч тэрхүү бөөтэй өрсөлддөг Христийн санваартан авдрыг уудалж, доторх зүйлсийг нь хүмүүст тарааж өгөв. Нэгэн хоньчин хүү тэндээс булган дээл аваад, өнөөх бөөгийн охинд бэлэглэжээ. Шинэхэн үслэг дээлтэй болсон охин удалгүй өвдөж, нас барав. Охиноо алдсан бөө үүний хариуд хотын иргэдийг бүгдийг нь хараасан байна. 

Сибирийн бөөгийн хараал бүхэл бүтэн хотыг үгүй хийсэн нь...
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Тундрт залгигдсан хот

Өнгөрсөн зууны дундуур Якутын дээгүүр нисч явсан онгоцны багийнхан тайгын дундах сөнөсөн хотыг олж харжээ. Хотын төвд байх харлаж гандсан модон сүмийг эс тооцвол ихэнх барилгууд нурж сүйдсэн байв. Хуучин гудамжууд, мод шиг өндөр ургасан хогийн ургамлуудаас гадна олон тооны загалмай хатгасан шарилууд тэнд байсан нь энд бараг хоёр зууны өмнө тохиолдсон нууцлаг домгийг батлах шиг болов.

Зашиверск хэмээх мартагдсан хотын түүх 1639 онд Индигирка голын адагт нүүдэлчин Оросын казакууд суурьшихаас эхэлсэн юм. Зашиверск нь Якутск-Колымагийн усан ба хуурай замын тээврийн уулзвар дээр байгуулагдсан тун ашигтай байрлал бүхий хот байжээ. Зашиверск суурин нь 1783 онд цайз, сүм хийдтэй болсноор хот гэсэн ангилалд багтаж Якутск мужийн Засашевский дүүргийн засаг захиргааны төв болжээ. Хотын захиргааны байр, мужийн сан хөмрөг, шүүх, сүм, том номын сан, уушийн газар, бүхий л хэрэгцээний дэлгүүрүүдтэй байсан учраас тухайн үеийн жишгээр Зашиверскийг том хот гэж үздэг байв.

Тундрт залгигдсан хот

Хотынхон загасчилж, ан гөрөө хийж, газар тариалан эрхлэхийн зэрэгцээ уугуул Эвен, Кагир, Якут хүмүүс хот руу цагаан идээ, ангийн мах нийлүүлдэг байв. Гэхдээ үүний хажуугаар Тунгусын дайчид хот руу үе үе довтолж байсан тул хотыг тойруулан цайз барьсан байдаг.

Жил бүр намрын адаг сард хотын цайзын ойролцоо хөл хөдөлгөөн ихтэй үзэсгэлэн худалдаа болдог байв. Якутскаас ирсэн худалдаачид энд аяга таваг, цагаан хэрэглэл, элсэн чихэр, тамхи зарж, орон нутгийн иргэд тэдгээрийг үслэг эдлэл, далайн морины соёо зэргээр солилцдог байв.

2 Хараал

1820 онд алслагдсан нутгийг судлах экспедицийн гишүүн Питер Врангель хотын хэдэн арван байшин хоосорсон болохыг бүртгэснээр тус хот аажмаар эзгүйрч эхэлж байгаа нь мэдэгдсэн байна. Хорин жилийн дараа гэхэд Зашиверск хотод дөрөвхөн хүн амьдарч байсан бөгөөд удалгүй бүгд Верхоянск руу нүүжээ. Якутын энэ хот яагаад эзгүйрсэн тухай олон домог байдаг бөгөөд нутгийн иргэдийн үздэгээр христийн санваартантай өрсөлдсөн бөөгийн хараалаас болж Зашиверск хот хаягдсан гэнэ.

Хараал

Тэрхүү санваартан нэг хүүтэй байсан бол бөө үзэсгэлэнтэй охинтой байжээ. Нэгэн удаа бөө Зашиверскийн зах дээрээс үл мэдэгдэх авдар олоод, ус руу хаяхыг худалдаачнаас нь шаардав. Гэвч түүний мөнхийн өрсөлдөгч болох санваартан авдрыг нээж дотор нь байсан зүйлсийг хүмүүст тараасан байна. Тэрээр авдар дотроос олдсон булган дээлийг хүүдээ өгчээ. Түүний хүү өнөөх бөөгийн охинд сэтгэлтэй байсан тул аавынхаа өгсөн дээлийг охинд бэлэглэжээ.

Удалгүй охин гэнэт өвдөж, улмаар нас барав. Харуусал, хорсолд автсан бөө Зашиверскийн бүх оршин суугчдыг хараасан юм. Үүний зэрэгцээ хайртай бүсгүйнхээ аминд хүрсэн гэж итгэсэн санваартны хүү амиа хорложээ.

Хэсэг хугацааны дараа хотод тахал дэгдсэн бөгөөд удалгүй ихэнх оршин суугчид амиа алджээ. Виноградовын архивт буй тэмдэглэл дээр нэгэн аялагч Зашиверск хотод дээрх үйл явдлаас хойш хоёр жилийн дараа очжээ. Тэрбээр тэндээс "зөвхөн сүм ба гурван гэр, бичиг хэргийн ажилтай санваартан, захиргааны нэг хүн, өртөөний даргыг олсон" гэж бичжээ. 

3 Жинхэнэ шалтгаан

Геологич Задонинагийн "Сибирь ба Монголын байгалийн үзэгдлийн он дараалал"-д бичигдсэн мэдээллээр Зашиверскийн мөхөх болсон шалтгаан нь ердийн цагаан бурхан өвчин байжээ. Тухайн үед эдгээж чадаагүй байсан тахал өвчин Сибирийн өргөн уудам нутаг болон Алс Дорнодод тархсан байжээ.

18-р зууны үед тус бүс нутгийн Якут, Эвенк гаралтай хүмүүсийн бараг тэн хагас нь энэ өвчнөөр нас барсан юм. Агнуурын тэнгисийн эрэгт анх гарсан цагаан бурхны улмаас Камчаткийн зүүн өмнөд хэсэг хүртэлх газар нутаг хоосорч байлаа.

1773 онд тахал Верхоянск хотод гарсан бөгөөд хэдэн жилийн турш арилаагүй байна. Өвчний шинж тэмдэг 14 хоногийн турш илэрдэггүй учир тус хотын иргэд тахалыг тундр, тайгаар тараасаар байжээ. Мэдээж хэрэг цагаан бурхан Зашиверскийг тойрч гарсангүй. 1833 оны өвчний 2 дахь давалгаа эхний давалгаанаас амьд үлдсэн хүмүүсийг авч одсон байна. 

Жинхэнэ шалтгаан

4 Зөвлөлтийн хайгуул

1960-аад онд Зөвлөлтийн эрдэмтэд устаж үгүй ​​болсон хотын ганц үлдсэн барилга болох сүмийг олж хараад Зашиверскийн нууцыг тайлахаар оролджээ. 1969 онд  түүхч, Оросын Философи, Филологийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Окладников Якут руу экспедиц удирдан явжээ. Тэдний дунд Зашиверскийн сүмийг судалж байсан архитекторуудаас гадна археологичид багтсан байна.

Тэд хотын иргэдийн булшийг судлав. Мөн учир битүүлгээр нас барсан бөөгийн охины булшийг нээсэн байна. Хэсэг хугацааны дараа охины булшыг судалсан Москвагийн профессор Маковецкий, зураглаач Максимов нар хүндээр өвчилж, гэнэт нас барсан гэсэн цуу яриа Якут даяар тархав.

Тайгын оршин суугчид бөөгийн хараал эрдэмтдийг хүртэл хорлосон үзсэн байна. Үнэндээ Маковецкий археологич байгаагүй тул түүхэн булшыг нээх ажилд оролцоогүй аж. Мөн нөгөө оператор хорт хавдартай байсан тул экспедицээс 2 жилийн дараа нас баржээ. Зашиверскийг судалсны дараа тэрээр дахин хоёр киноны зураг авалт хийж амжжээ.

Түүхчид харин нутгийн бөө тэрхүү авдрыг хаях шийдвэр гаргасан нь зөв хэрэг байсан гэж үзжээ. Учир нь тэрбээр цагаан бурхан тээж ирсэн авдрыг хараад таньсан байна. Харин өвчин тээсэн авдар дотор байсан бараануудыг авсан Зашиверск хотын иргэд бүгд тахалд нэрвэгдэж үхсэн хэмээн түүхэнд үлджээ.

Зөвлөлтийн хайгуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()