Еврей тагнуулчид Аргентинд орогнож байсан нацист удирдагчийг хулгайлсан түүх

2021-03-05, 15:40
21,134

Түүхийн хуудсанд хар толбо болон үлдсэн Дэлхийн 2-р дайн дууссаны дараа нацист германы нөлөө бүхий олон зүтгэлтнийг хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутгаж шүүсэн билээ. Холбоотнуудын зохион байгуулсан алдарт Нюрнбергийн шүүхээр 70 сая хүний үхэлд буруутай Херманн Гёринг, Мартин Борманн, Иоким фон Риббентроп зэрэг Гитлерийн хамгийн ойрын хүмүүст зохих шийтгэлийг нь оноосон юм. Гэвч зарим нөлөө бүхий нацистууд шийтгэлээс  аль хэдийн зугтаж чадсан байлаа.

Еврей тагнуулчид Аргентинд орогнож байсан нацист удирдагчийг хулгайлсан түүх

Гитлерийн гар хөл болсон бүх хүмүүс гэм буруугаа шүүлгэсэн гэвэл үгүй. Олон германчууд Өмнөд Америк руу зугтан гарах замаар шийтгэлээс зугтаж байв. Тэдгээрийн нэг нь жүүдүүдийг хоморголон устгах "Холокост"-ыг зохион байгуулсан гол хүмүүсийн нэг Адольф Айхманн байлаа. 1939 оноос хойш тэрээр еврейчүүдийг тусгаарлагдсан хороолол руу эсвэл бөөнөөр хорих лагерь руу тээвэрлэх Гестапогийн тусгай албыг удирдаж байжээ. 

Түүнчлэн Европ дахь еврей гаралтай хүн амыг бүр мөсөн устгах төлөвлөгөөг эцсийн байдлаар боловсруулсан Ваннзейн хурлын протоколыг Айхманн өөрийн гараар хөтөлсөн байна. 1944 онд Айхманн нийт 4 сая еврей хүнийг устгасан тайланг удирдлагуудад хүргэв.

Үүнээс харвал Айхманн нь нацистуудын гэмт хэрэгт томоохон үүрэг рольтой оролцсон нь тодорхой боловч тэрээр Нюрнбергийн шүүхээс зугтаж чадсан юм.

1945 онд Айхманн хуурамч бичиг баримт ашиглаж, гэр бүлээ авч Аргентин руу явжээ. Мэдээж тэрээр анхны хүн биш бөгөөд түүнтэй хамт мянга мянган нацист дэлхийн нөгөө хагас дахь энэхүү тайван оронд зугтан очсон байлаа.

Аргентинд шилжин суурьшсан германчуудын тоо асар их байсан тул SS-ийн Оберштурмбаннфюрер цолтой Айхманны хувьд тэдний дунд уусаж, нуугдахад хялбар байжээ. Тэрээр "Mercedes" компанийн Аргентин дахь салбарт ажиллаж, Рикардо Клемент гэсэн нэрээр чимээгүй амьдарч эхлэв.

Гэвч энэ үед шинээр байгуулагдсан Израиль улсын төр Айхманныг барьж шийтгэхийг нэн тэргүүний зорилт болгосон байжээ. Нюрнбергийн шүүхээс шийтгүүлэлгүй үлдсэн хамгийн нөлөө бүхий нацист бол тэр байлаа. Нөгөө талаас Айхманн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байсан тул мөрөө сайн баллаж, тун анхаарал болгоомжтой амьдарч байв. Хэдий тийм ч нэгэн сонирхолтой явдлаас болж бүх зүйл өөрчлөгдсөн байна.

Буэнос-Айрест амьдардаг байсан германы еврей Лотар Херманны охин нь нэг өдөр гэртээ нэгэн сонирхолтой залууг дагуулан ирсэн байна. Тэр бол Адольф Айхманны хүү Клаус Айхманн байв. Тэрээр аавтайгаа ижил үзэл баримтлалтай байсан бөгөөд тэр ч байтугай найз бүсгүйдээ нацист хүний үнэт зүйлийн талаар бахархан ярьжээ.

Хувь заяаны азтай тохиолоор бөөнөөр хорих лагераас амьд үлдсэн Лотар Херманн залуу эрийн ярьж байгааг бүгдийг нь сонсоод түүнийг олон сая хүний цусаар гараа угаасан Адольф Айхманны хүү мөн болохыг мэдсэн юм.

Удалгүй энэ "олз" Израилийн тагнуулын алба болох Моссадын чихэнд хүрсэн байна. Тус улсад нацизмын уршгаар дотны хүн, найз нөхдөө алдаагүй иргэн бараг байгаагүй тул Айхманныг барих нь тэдний хувьд зайлшгүй шийдэх асуудал байлаа.

Ийнхүү 1960 оны 5-р сарын 11-нд Буэнос-Айрест Израилийн тагнуулууд Адольф Айхманныг барьж, өндөр нууцлал дор Израильд аваачжээ.

Хэсэг хугацааны дараа Израилийн ерөнхийлөгч дайны гэмт хэрэгтнийг Иерусалемд авчирч, шүүх хурлаар оруулах болсноо зарласан байна. Энэ явдлынхаа төлөө Израиль улс Аргентинаас уучлал гуйсныг дурдах хэрэгтэй. "Finale" хэмээн нэрлэгдсэн энэхүү ажиллагаа Өмнөд Америкт томоохон дуулиан дэгдээсэн байна.

Адольф Айхманныг хулгайлсан явдал нацист дүрвэгсдийн дунд багагүй сандрал бий болгожээ. Өшөөгөө авахын тулд еврейчүүдэд хийж чадахгүй зүйл байхгүй гэдгийг тэд ойлгожээ.

1961 оны 4-р сарын 11-нд Айхманныг шүүх хурал Иерусалемд эхлэв. Түүнийг хүн төрөлхтний эсрэг, ялангуяа еврей үндэстний эсрэг гэмт хэрэгт буруутгажээ. Мөн яллах дүгнэлтэд Айхманн нь мянга мянган Польш, Цыган, Чех үндэстний үхэлд гэм буруутайг нотлох баримт байлаа.

Эцэст нь 1961 оны 12-р сарын 15-нд түүнийг гэм буруутайг тогтоосон шүүх хурлын шийдвэр гарч, цаазаар авах ял оноосон байна. Мөн Израилийн ерөнхийлөгч түүнд өршөөл үзүүлэх хүсэлтэд татгалзсан хариу өгөв. Ийнхүү дараа жилийн 6 сард SS-ийн Оберштурмбаннфюрерийг цаазаар авах ялыг гүйцэтгэжээ. Адольф Айхманны чандарыг Газар дундын тэнгист цацсан байна.

Еврей тагнуулчдын энэ үйлдэлд Аргентин улс таагүй хандсан хэвээр байгаа. Айхманныг "хулгайлсан" явдал бол олон улсын тавцанд яах аргагүй хууль бус үйлдэл мөн. Гэхдээ сая сая гэмгүй иргэдийн үхэлд буруутай хэрэгтэнд хүртэх ёстойг нь хүртээсэндээ Израиль улс эцэст нь сэтгэл хангалуун үлджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()