Суэцийн сувагт гацсан хөлгийг гаргах гэж нойр хоолгүй ажилласан экскаваторын оператор эр гомдолтой хоцорчээ

Суэцийн сувагт хайрдсан хөлөг онгоцыг гаргахаар ухаж буй экскаваторын зургууд цахим ертөнцөд удтал эргэлдэж, сүүлдээ хүмүүсийн тоглоом наргианы бай болж хувирсан билээ. Сонирхогчид тэрхүү экскаваторыг жолоодож байсан операторын тухай эрэл сурал болсоор эцэст нь түүнийг өдөрт ердөө гуравхан цаг унтаж, хичээнгүйлэн ажилласныг, мөн  нэмэлт цагийн хөлс аваагүйг нь хүртэл олж мэджээ. "Интернет од" болсон операторын тэр их зүтгэл үр дүнгээ өгөө юм болов уу?

Суэцийн сувагт гацсан хөлгийг гаргах гэж нойр хоолгүй ажилласан экскаваторын оператор эр гомдолтой хоцорчээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Экскаваторын оператор Абдулла Абдул-Гавад Суэцийн сувагт гацсан хөлөг онгоцны тухай дуулснаас хэдхэн цагийн дараа тэрээр экскаватороо хөдөлгөж, таван өдрийн турш нойр хоолоо умартан ажилласан байна.

"Ever Given" ачаа тээвэрлэгч хөлөг 3-р сарын 23-нд сувагт хайрдаж, хөндөлсөн гацсан бөгөөд Абдулла төд удалгүй удирдлаагаасаа үүрэг авсан аж. Тэрээр гацсан хөлгийн ойролцоох цор ганц экскаваторын оператор байсан тул яаралтай ажилдаа орох шаардлагатай болжээ.

"Ever Given" хөлөг онгоцны хойд хэсэг нь эрэг дээрх элсэнд бүрэн шигдсэн байв. Асар том усан онгоцтой харьцуулахад "бяцхан" экскаваторт ажиллах нь операторын хувьд маш аюултай нөхцөл байсан нь мэдээж. Хөлөг онгоц өсгийдөж багахан л хазайсан бол Абдуллаг экскаваторынх нь хамт шууд бяцлах байсан аж. Тэрээр энэ тухай "Миний экскаваторын хэмжээ, тээврийн хөлөг онгоцны хэмжээг харьцуулаад харахад л тодорхой. Нэг л алхам буруудвал би шоргоолж шиг няц даруулах эрсдэлтэй байсан." гэж тайлбарлажээ.

Хожим нэмэгдэж ирсэн хоёр экскаваторын операторууд аварга хөлөгт ойртож чадалгүй, түүний ухаж гаргасан элсийг зөөвөрлөн холдуулж байсан аж.

Ажлын хоёр дахь өдөр Абдулла интернетийн од болжээ. Эхлээд энэ нь түүнд доромжлол мэт санагдаж, түүнийг болон түүний ажлыг шоолж байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. Абдулла болон түүний хамт олонд азаар ямар нэгэн ноцтой асуудал, аюул учраагүй байна. Тэд өдөрт хамгийн багадаа 20 цаг ажиллаж, 3 хүрэхгүй цаг амарч байсан тухайгаа сурвалжлагчдад хуваалцсан байлаа.

3-р сарын 25-нд экскаваторуудад туслах зорилгоор хөвөгч экскаватор "Машаур" ирсэн бөгөөд 3-р сарын 29-нд хөлөг онгоц аюулыг ардаа орхисон юм. Өөрсдийн аюулгүй байдал, амь насыг эрсдэлд оруулан зүтгэсэн ажилчид хэчнээн ядарч туйлдсан ч онгоцыг чөлөөлж чадсандаа сэтгэл хангалуун байгаа гэнэ.

Египетийн холбогдох албаныхан хөлөг онгоцыг гаргахад тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна. Гэвч Абдул-Гавад хэн ч баярлаж талархсанаа илэрхийлээгүйгээр барахгүй, хичээл зүтгэлийг нь үл тоосонд тэрээр маш их гомджээ. Абдул Суэцийн сувгийн компанийн албан ёсны ажилтан биш бөгөөд туслан гүйцэтгэгчээр ажилладаг аж.

Түүнтэй хамтарч ажилласан хүмүүс ч мөн хөлгийг аюулгүй болгоход том гавьяа байгуулсан боловч одоо хэр нь илүү цагийн цалингаа авч чадаагүй байгаа гэнэ. Тэдгээр хүмүүс хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадаагүйдээ сэтгэл дундуур байгаа юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()