Очсон хүн бараг эргэж ирдэггүй дэлхийн хамгийн аюултай ширэнгэн ой

Пан-Америкийн хурдны зам бол Аляска дахь Прудо Бэйгээс Аргентины Ушуайяа хүрэх 30577 км-ийн урттай зам юм. Дариэний хоолой хэмээх Панамын өмнөд хил дээрх нутгийг эс тооцвол тус зам тасралтгүй үргэлжилнэ. Энэ нь ч цаанаа учиртай. Дариэний хоолой нь Панам, Колумбын хилийг хамарсан уулархаг ширэнгэн ой, намаг, зэвсэгт партизанууд, хар тамхины наймаачид, маш аюултай амьтдаас бүрдэх ямар ч зам байхгүй 106 км-ийн талбайг хамардаг дэлхийн хамгийн аюултай ширэнгэн ой юм. Өнөөдөр та бүхэнд энэхүү аюултай нутгийн талаар хүргэхээр бэлтгэлээ.

Очсон хүн бараг эргэж ирдэггүй дэлхийн хамгийн аюултай ширэнгэн ой
Хаах
Сурталчилгаа

Төв Америкийн бүс нутгийн төгсгөл, Панамын сувгаас өмнө зүгт энэхүү бүс нутаг оршино. Дариэний хоолой нь Колумб, Панам улсын нутаг дэвсгэрийг дамнан орших ч бодит байдал дээр тус хоёр орны аль нь ч удирдлагаа бүрэн тогтоож чадаагүй. Ихэнх нутагт нь ямар ч дэд бүтэцгүй, халуун орны өвчин тархсан, дээр нь аюултай амьтан ургамлаар дүүрэн ширэнгэн ой бүхий намаг голлоно. Хэсэгхэн газруудад цөөн хүмүүс, зэвсэгт бүлгийнхэн оршин суух бөгөөд хааяа аз туршсан цагаачид намгийг гатлахыг оролдох боловч амжилттай болсон нь ховор аж. Иргэншлээс тасарч, хууль ёсноос гадуур үлдсэн энэ газрыг юу тийм аюултай болгодог вэ?

1 "Fer-de-lance" нүхний могой

"Fer-de-lance" нүхний могой нь Дариэний хоолой дахь хамгийн хортой амьтдын нэг юм. Тэд маш түргэн хөдөлгөөнтэйн дээр хүний өвдөгнөөс дээш хүрэхээр урт биетэй. Азаар энэ могойн хорны эсрэг ерөндөг байдаг ч хугацаа алдалгүй эмчлэхгүй бол хатгуулсан газар үхжилд орж, бүр амиа ч алдаж болно. 

"Fer-de-lance" нүхний могой

2 Хар тамхины наймаачид

Хүний хөл хүрэхгүй ийм газраар хар тамхины наймаачид бараагаа зөөх нь түгээмэл. Ямар ч хараа хяналт байхгүй учраас Дариэний хоолой нь Өмнөд Америкт үйлдвэрлэсэн хар тамхийг АНУ-руу зөөдөг гол цэгүүдийн нэг болжээ. Мэдээж эдгээр наймаачидтай таарвал бараа болон нууц замаа хамгаалах үүднээс тэд өчиггүй таныг  хороох болно. 

Хар тамхины наймаачид

3 FARC зэвсэгт босогчид

Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин (FARC) 1964 оноос хойш засгийн газрынхаа эсрэг тэмцэж байгаа бөгөөд Колумбын олон хотуудад алан хядах ажиллагаа явуулж нэрд гарсан юм. Өмнө нь дурьдсанчлан хараа хяналт байхгүй Дариэний хоолой тэдний хувьд нуугдах төгс газар болжээ. Шведээс ирсэн үүргэвчтэй аялагч энэ ойгоор явж байгаад 2013 онд толгойдоо буудуулж амиа алдсан бөгөөд хоёр жилийн дараа л цогцос нь олдсон юм. Мөн уг хоолойгоор явсан олон хүн хэдэн долоо хоног, сарын хугацаанд ор сураггүй алга болсон байдаг. Босогчид хүмүүсийг барьцаалж, ар гэрийнхнээс нь мөнгө нэхэх замаар өөрсдийгөө санхүүжүүлдэг байна.

2017 онд НҮБ-тай байгуулсан энхийн хэлэлцээрээс хойш тус бүлэглэл нь улс төрийн албан ёсны нам болж шинэчлэгдсэн боловч хэдэн мянгаар тоологдох босогчид хар тамхи, зэвсэг, хүний наймаа хийсээр байгаа юм.

FARC зэвсэгт босогчид

4 Бразилийн тэнүүлч аалз

Ширэнгэн ой болсон хойно энд олон төрлийн аалз байдаг. Харин Бразилийн тэнүүлч аалз тэдэн дундаа хамгийн аюултай нь юм. 

Дотроо олон төрөлд хуваагддаг энэ Бразилийн тэнүүлч аалз нь 12-17 см-ийн урттай. Тэд шөнө ширэнгэн ой модоор аялж, төрөл бүрийн ургамлууд дээр үүрээ засдаг. Гадил жимсний модон доор нуугдах дуртай тул эдгээрийг мөн гадил жимсний аалз хэмээн хочилдог. Хэрвээ та Бразилийн тэнүүлч аалзанд хазуулсан бол 2-6 цагийн дотор амиа алдах болно. 

Бразилийн тэнүүлч аалз

5 Хар хилэнц

Ийм чийгтэй нөхцөлд чадвартай цөөн тооны хилэнц бий. Тэдэн дундаа хамгийн аюултай нь хар хилэнц юм. Хар хилэнц нь 10 см урт бөгөөд хүрэн хар өнгөтэй, шөнийн цагаар бусад жижиг шавжаар хооллож амьдардаг. Мэдээж хатгуулсан тохиолдолд түргэн эмчилгээ хийлгэхгүй бол аминд хүрнэ. 

Хар хилэнц

6 Ширэнгийн халуун

95 хувийн чийгшилтэй газарт 35 хэм хүртэл хална гэдэг хүний аминд хүрэх аюултай. Ялангуяа ийм нөхцөлд хүн маш их хөлөрч, шингэн алддаг тул уух зүйл ахиухан базаах хэрэгтэй. Энэхүү нутгийг туулахын тулд 20-50 өдөр зарцуулах хэрэгтэй болдог учраас ямар их ус шаардагдах нь ойлгомжтой. 

Ширэнгийн халуун

7 Бохир ус

Дэриэний хоолойд усны нөөц хангалттай их бий. Гэхдээ нутгийн уснаас уувал та олон төрлийн нян бактерээр халдварлах аюултай. Тиймээс сайн ус шүүгч авч явалгүй бол болохгүй.

Бохир ус

8 Өргөст чунга мод

Энэхүү модны навчаар тавилга, хувцас, чимэглэл, загасны тор гээд төрөл бүрийн зүйл хийдэг. Гэвч өртөст чунга мод нь өөрийгөө хамгийн сайн хамгаалж чаддаг ургамлуудын нэг юм. Модны өргөс нь 20 см хүртэл ургадаг учраас хүрэхэд маш хэцүү. Мөн өргөс нь маш олон төрлийн бактертай учраас хатгуулсан газар маш түргэн хавдаж үрэвсдэг.

Өргөст чунга мод

9 Хачиг

Хельге Петерсон хэмээх аялагч 80-аад оны дундуур Аргентинаас Аляска хүртэл мотоциклийн аялал хийх үеэрээ Колумбаар дайрчээ. Ийнхүү тэрээр Дариений хоолойг туулах болсон байна. Петерсон Герман гаралтай, залуу аялагчийн хамт явсан бөгөөд тэд Хельгегийн 180 кг хүнд BMW мотоциклийг ширэнгэн ой, гол горхи дундуур зөөж 20 хоногийн аялал хийжээ.

Тэд орой бүр үснээсээ хэдэн зуун хачиг салгаж байсан гэдэг. Панамын бүс дэх хачиг нь Эрлихиоз хэмээх өвчин тээдэг. Үүгээр өвчилсөн хүний биеэр юм туурч, өндөр халуурдаг бөгөөд хэдэн долоо хоног хэвтэрт ордог байна. 

Хачиг

10 Нуувчны хөл

Нуувчны хөл хэмээх нэр томъёог цэргүүд Дэлхийн 1-р дайны үед өргөнөөр ашиглах болжээ. Дайны үед  их чийгтэй газраар удаан явсны үр дүнд цусны эргэлт хязгаарлагдаж, хөлийн ул улаан эсвэл цэнхэр өнгөтэй болж улмаар ялзрахыг ингэж нэрлэдэг байна. Мөн шарх нь үрэвсэж, мөөгөнцрийн халдвар авдаг байна. Энэхүү ширэнгээр явсан хүмүүс 10-хан цагийн дотор нуувчны хөлтэй болдог гэнэ. Харамсалтай нь хамгийн ойрын эмнэлэг хэдэн зуун км-ийн цаана бий.

Нуувчны хөл

11 Ботфлай

Ботфлай бол нэгэн төрлийн шимэгч юм. Эдгээр амьтад шумууланд өндгөө шахдаг бөгөөд шумуулны хазалтаар дамжин хүний арьсанд ордог ажээ. Тэрхүү өндөгний хувьд арьсны завсар гэдэг маш тухтай нөхөн төлжөх газар болдог. Насанд хүрсэн хойноо эдгээр шимэгч нь зөгийний хэмжээтэй болдог бөгөөд өөр газар өндгөө шахахаар нисэж оддог гэнэ. Хэрвээ энэхүү амьтан таны арьсны завсар орсон бол халдвар авсанд тооцогдоно. 

Ботфлай

12 Тэсрээгүй бөмбөгнүүд

Хүйтэн дайны үед АНУ-ын цэргүүд тус ширэнгэн ой руу бөмбөг хаяж, бэлтгэл сургуулилтаа хийдэг байв. Ихэнх нь дэлбэрсэн ч зарим нь бүтнээрээ үлдсэн байна. Үлдсэн тэсрэх бөмбөгүүд ширэнгэн ойд өнөөг хүртэл байсаар байгаа бөгөөд хэзээ дэлбэрэхийг нь хэн ч тааж мэдэшгүй.

Тэсрээгүй бөмбөгнүүд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()