Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа

2021-04-29, 16:59
5,418

Энэ дэлхий дээр мэндэлж буй ямар ч хүүхэд өөрийн эцэг эхээ сонгож төрдөггүй. Харамсалтай нь, хүн төрөлхтний түүхэнд буруу үйл хийсэн муу нэртэй хүмүүсийн үр хүүхдүүд нь насан туршдаа бусдад адлагдаж амьдрах тавилантай байдаг. Ийм нөхцөлд өсөж торнисон хүүхдүүд ирээдүйд ямар амьдралаар амьдардаг бол?

Дэлхийд үзэн ядагдсан 20-р зууны дарангуйлагчдын хүүхдүүдийн хувь заяа

1 Адольф Гитлер болон Нацистууд

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис дарангуйлагчдын нэг Адольф Гитлер хүүхэдгүй байв. Гэхдээ түүнд төрөл садан олон бий. Одоогийн байдлаар гурван үеэл нь АНУ-д амьдарч байна. Нэг нь сэтгэлзүйч бол нөгөө хоёр нь амжилттай яваа бизнес эрхлэгчид болсон бөгөөд бүгд фашизмийг эсрэг үзэлтэй гэнэ. Гэхдээ тэднийг олон нийт үзэн ядсан хэвээр байсан учраас гарал угсаагаа нуухаас өөр аргагүйд хүрдэг байна. Тэд Гитлер нэрнээс өөрсдийгөө бүрмөсөн таслахын тулд үр хүүхэдтэй болохгүй гэж мэдэгдсэн юм. 

Үүнтэй төстэй шийдвэрийг Гитлерийн хамгийн ойрын хамтрагч Херманн Герингийн ач охин Беттина Геринг гаргасан байна. Тэрээр нацист Германы 2 дахь хамгийн нөлөө бүхий гэр бүлд төрсөн бөгөөд ээж нь бага наснаас нь охиндоо өвөг дээдэс нь агуу хүмүүс гэж итгүүлж, дайны үед болсон аймшигт зүйлс худал хэмээн заадаг байжээ. Гэвч Беттина үнэнийг мэдэж байсан бөгөөд 13 нас хүрмэгц гэрээ орхисон гэнэ. 

Тэрээр хэд хэдэн удаа нэрээ өөрчилж, нэг газраас нөгөө рүү нүүдэг байсан бөгөөд сүмд хүртэл сууж байжээ. Беттина 30 насандаа Мексикт үргүй болгох хагалгаанд орохдоо "Би өөрийн удмыг үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Герингийн удам тасрах ёстой." гэж хэлжээ. 

Гэхдээ нацистын зарим удирдагчдын үр хүүхдүүд нэрээ нуудаггүй, тэр бүү хэл нэр хүндийг нь сэргээх гэж оролддог аж. 

Адольф Гитлер болон Нацистууд

2 Эдда Муссолини (Edda Mussolini)

Эдда Муссолини бол фашист Италийн удирдагч Бенито Муссолинигийн охин юм. Тэрээр эцгийгээ улс төрд хүчирхэгжиж байх үед төрсөн байна. Эддаг бага байхаас нь эхлээд хэвлэлийнхэн "жинхэнэ фашист" хэмээн магтах болсон юм. Гэвч Муссолини Гитлертэй хэлэлцээр хийж, хүн төрөлхтний эсрэг дайн эхлүүлэх гэж байгааг мэдээд охин нь аавдаа итгэхээ больсон гэнэ. Тэрээр Ром руу зугтаад, зогсохгүй архидан согтуурч эрчүүдтэй явалдаж эхэлсэн аж. 1930 онд Эдда Гүн Циано хэмээх эрд дурласан бөгөөд Бенито Муссолини тэдний гэрлэлтийг зөвшөөрч, Цианог өндөр албанд томилсон юм.

Гэвч Гүн Циано эхнэрийнхээ адилаар удахгүй болох дайнд Итали Германы холбоотон болж орж байгааг эсэргүүцсэн нь хадам эцгийг нь бухимдуулсан юм. Муссолини үүнийг эх орноосоо урвасан хэрэг гэж үзэж, түүнийг цаазалжээ. Үүнээс болж Эдда Италийг орхиж, үлдсэн амьдралаа Швейцарьт ном бичиж, загварын салбарт ажиллаж өнгөрөөжээ.

Эдда Муссолини (Edda Mussolini)

3 Эзэн хаан Акихито (Akihito)

Дэлхийн 2-р дайны дараа эзэн хаан Хирохитогоос бусад Японы өндөр албан тушаалтнууд шүүхээр орсон юм. Одоо үеийн түүхчид түүнийг хариуцлага хүлээх ёстой байсан эсэх дээр маргалдсаар байгаа. Зарим нь түүнийг төрийн тэргүүн байсан учраас 30-40 оны үед Японы армийн үйлдсэн гэмт хэрэгт буруутай гэж үздэг бол зарим нь эзэн хаан ямар ч улс төрийн мэдэлгүй бэлэг тэмдгийн чанартай хүн болохоор хариуцлага хүлээх шаардлагагүй гэж үздэг байна. 

Ямартай ч Хирохито 1989 онд нас эцэслэх хүртлээ эзэн хаан хэвээр байсан юм. Түүний хүү Акахито эцгээсээ эрс өөр үзэл бодолтой байв. Дайн дуусах үед дөнгө 11 настай байсан тэрээр сүйдсэн Япон орныг хараад энх тайвныг эрхэмлэх болсон аж. Түүний төр барьсан үеийн нэрийг "хэйсэй" буюу энх тайвныг тогтоох гэдэг бөгөөд тэрхүү жилүүдэд Япон цэрэг, зэвсэг гэхээс илүүтэй технологийн салбарт анхаарлаа хандуулсан билээ.

Эзэн хаан Акихито (Akihito)

4 Яков Жугашвили

Сталины том хүү Яков Жугашвили эцэгтэйгээ тун таарамжгүй харилцаатай байжээ. Үнэндээ тэд нэгнээ үзэн яддаг байсан гэхэд ч болох аж. Хүүг нэг нас хүрээгүй байхад нь ээж нь нас барсан бөгөөд Яков гүрж дэх авга эгч дээрээ өсчээ. Түүнийг 14 настайд аав нь Москвад боловсрол эзэмшүүлэхээр татсан юм. Нэг хэсэгтээ аав хүү хоёрын харилцаа хэвийн байсан боловч Яков 21 хүрээд нууцаар номлогчийн охинтой гэрлэсэн байна. Үүнийг мэдсэн аав нь дэлбэртлээ уурлаж "Тэр миний хүү биш. Бидэнд төстэй зүйл нэг ч байхгүй. Хэнтэй, яаж амьдрахаа өөрөө мэдэг." гэж бичсэн захидал олдсон байдаг.

Яков дараа нь нэгэн балетчинтай гэрлэсэн нь мөн олны хэл амны бай болж, аав нь хүүгээсээ ичихэд хүргэв. Гэвч Дэлхийн 2-р дайн эхлэх үед Сталинд нэгэн санаа төрж, хүүгээ дайны фронт руу явуулахад Яков 1941 онд дайсны талд олзлогджээ. Нацистууд хүүг нь генералаар солих санал тавихад Сталин "Жирийн нэг байлдагчийг генералаар солих гэж үү?!" хэмээн татгалзсан байна. Хөөрхий Яков эцэст нь харгисаараа алдартай "Sachsenhausen" хорих анги руу илгээгдэж, тэндээ 1943 онд нас барсан юм. 

Яков Жугашвили

5 Моника Хертвиг ​​Гёт (Monika Hertwig Goeth)

Моника Хертвиг ​​Гётын эцэг нь Хертвиг Гёт хэмээх нацист офицер, Польш дахь "Plaszow" хорих ангийн дарга байжээ. Хертвиг Гёт жинхэнэ яргачин байсан бөгөөд өөрийн гараар 500 хүн тамлаж алсан юм. Моникагийн ээж Рут Ирен Калдер охиндоо аав нь дайны баатар хэмээн итгүүлэхийг оролдож, охин нь эсэргүүцвэл зоддог байв. Рут нөхрөө бусдад гүтгүүлсэн гэдэгт итгэдэг байсан учраас 1983 онд BBC телевизийн баримтат кинонд орохоор болжээ. Гэвч нөхрийнхөө хийсэн хэргийн нотлох баримтуудыг үзээд Рут хүнд цохилтонд орсон бөгөөд зураг авалтын дараагийн өдөр нь амиа хорложээ. 

Моника хожим нь өөрийн биеэр Польшид очиж, аавынхаа хорих ангиар зочилсон бөгөөд тэрхүү газарт хоригдож байсан хүмүүстэй хүртэл уулзсан байна. Үүнээс гадна тэрээр хэд хэдэн баримтат кинонд тоглосон юм. 

Моника Хертвиг ​​Гёт (Monika Hertwig Goeth)

6 Фидел Анхель Кастро (Fidel Angel Castro)

Фидел Анхель Кастро эцэгтэйгээ тун адилхан төрхтэй учраас хүмүүс түүнийг Фиделито хэмээн хочилдог байжээ. Тэрээр 5 настай байхдаа буюу эцгийгээ шоронд байх үед ээжийгээ дагаж Флорида руу нүүсэн юм. Гэвч 1959 онд Кастрогийн хувьсгал амжилттай болж, ерөнхий сайд болсон байна. Анхелийг 9 настай байхад аав нь түүнийг Куба руу буцаан авчирсан юм. Өөрийн залгамж халааг бэлтгэхээр хүүгээ авчирч байна гэж сэрэмжлэх хүн тухайн үед олон байсан ч Анхель эцгээсээ өөр үзэл бодолтой хүн болж байлаа.

Фидель Анхель Кастро ЗСБНХУ-д цөмийн физикийн чиглэлээр төгсөж, эх орондоо очин Цөмийн энергийн комиссыг удирдаж, дараа нь Аж үйлдвэрийн сайдын туслах, орон нутгийн Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд томилогджээ. "Фиделито" үнэхээр авъяаслаг нэгэн байсан ч аавтайгаа тун таарамжгүй харилцаатай байв. Жишээлбэл, Фидел хүүтэйгээ муудалцсаны дараа түүнийг бүх албан тушаалаас нь зайлуулж, шинэ судалгааны төслийн санхүүжилтийг нь хүртэл цуцалсан байдаг. Анхельд эцгийнх нь энэ үйлдэл хүнд цохилт болсон бөгөөд сэтгэл санааны гүн хямралд орж, 2018 оны 2-р сард амиа хорложээ.

Фидел Анхель Кастро (Fidel Angel Castro)

7 Гудрун Бурвиц (Gudrun Burwitz)

Гудрун Бурвиц нь Нацист Германы хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг, Еврейчүүдийг устгах Холокост төлөвлөгөөний зохиогч Хенрих Химмлерийн охин юм. 1929 онд төрсөн түүнийг аав нь хэнээс ч илүү хайрлан, нандигнаж өсгөсөн гэдэг. Хенрих хайртай охиноо Дакау хорих анги дээр хүртэл аваачиж, хийдэг ажлаа үзүүлж байв. 

Гэхдээ Гудрун тэнд очоод бохир хувцастай хүмүүсээс өөр сонирхолтой зүйл юу ч хараагүй хэмээн дурссан байдаг. Магадгүй үүнээс болоод аавынх нь хийсэн аймшигт зүйлс охинд нөлөөлөөгүй байх. Дайны дараа аав нь амиа хорлосон ч Гудрун аавыгаа сайн хүн байсан гэдэгт итгэсээр байжээ.

1950 онд Гудрун үлдэгдэл нацистуудын бүлгэмд элсэж, улс төрч болохоор шийдсэн байна. Тэрээр мөн Викинг Залуучууд хэмээх нийгэмлэг байгуулж, Гитлерийн дэглэмийн өв уламжлалыг хадгалан хамгаалахын төлөө тэмцсэн байна. Тус бүлгэмийг 1990-ээд онд л албан ёсоор гэмт бүлэглэл хэмээн тооцсон юм. 

Гудрун Бурвиц (Gudrun Burwitz)

8 Нику Чаушеску (Nicu Ceausescu)

Румын дахь орон сууцнууд нь халаалтгүй, ажил ховор цалин бага учраас олон иргэд хөлдөж, өлбөрч үхэж байхад дарангуйлагчийн гэр бүл тансаг ордонд амьдарч байсан юм. Чаушескугийн гэр бүл гурван хүүхэдтэй байсан бөгөөд том хүү Нику нь удам залгах учиртай байв. Тиймээс аав нь хүүдээ хамгийн сайн гэсэн боловсролыг эзэмшүүлэхийг хичээсэн хэдий ч эцэг эхийн найдвар болсон Нику хичээлээ тасалдаг, юу ч сонирхдоггүй, залхуу хойрго хүүхэд байжээ. 

1989 оны сүүлчээр Зүүн Европт болсон ардчилсан хувьсгалын үеэр Чаушескуг унагаж, эхнэрийнх нь хамтаар баривчилж, цаазаар авсан билээ. Мөн Никуд төсвийн мөнгийг хувьдаа завшсан хэргээр 20 жилийн хорих ял оноосон боловч Нику 1994 онд Венийн эмнэлэгт архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байна. 

Нику Чаушеску (Nicu Ceausescu)

9 Вольф Хесс (Wolf Hess)

Вольф Хесс бусад нацистын хүүхүүдээс ялгаатай нь өөрийн гэр бүлийн намтрыг нуухыг хүсээгүй юм. Чухамдаа тэрээр найман жилийн турш Адольф Гитлерийн орлогчоор ажиллаж байсан нацист намын гишүүн Рудольф Хесс хэмээх эцгээ шоронгоос суллахын тулд бүх амьдралаа зориулжээ. Дайны дараа Хессийг Нюрнбергийн шүүх Спандау (Баруун Берлин) хотод бүх насаар нь хорих ял оноосон юм. Олон хүн энэхүү шүүхийн шийдвэрт дургүйцэж, Хессийг Гитлерийн бусад хамтрагчдын адил цаазаар авах ял оноох ёстой гэж үзэж байв. Гэвч түүний хүү Вольф эцгийнхээ ялыг хөнгөрүүлэхийг шаардаж, даргын тушаалыг биелүүлж байсан албатад буруу байхгүй гэж өмгөөлсөн байна.

1950-иад онд Вольф эцгээ суллахын тулд чөлөөлөх хороог хүртэл байгуулж байв. Энэ хөдөлгөөн нь дэлхий даяар мянга мянган дагагчтай болсноор барахгүй, уг оролдлогынхоо дараа нь тэрээр аавыгаа гэмт хэрэгтэн биш, бүр түмний баатар гэж үзэх ёстой хэмээсэн ном бичиж эхэлсэн байна. Гэхдээ Вольф гол зорилгодоо хүрч чадаагүй. Рудольф Гесс 1987 онд шоронд нас барсан бол хүү нь 14 жилийн дараа амьсгал хураасан аж.

Вольф Хесс (Wolf Hess)

10 Никлас Франк (Niklas Frank)

Никлас Франк нэрээ цэвэрлэхэд амьдралаа зориулсан юм. Түүний эцэг Польшийн генерал-амбан захирагчаар ажиллаж байсан (мөн "Польшийн яргачин" нэрээр түүхэнд бичигдсэн) Ханс Франк байв. Никлас 1939 онд төрсөн учраас эцгийнхээ дайны үед хийсэн зүйлсийг ойлгоход дэндүү балчир байжээ. Ханс эцэст нь баригдаж, Нюрнбергийн шүүхээс цаазын ял авахад Никлас аавыгаа үзэн ядаж эхэлсэн гэдэг.

Тэрбээр сэтгүүлзүйн чиглэлээр боловсрол эзэмшсэн бөгөөд энэхүү чадвараа ашиглан эцгийнхээ намтрыг илүү нарийн судалж, үйлдсэн увайгүй хэргүүдийг нь олон нийтэд таниулсан байна. Никлас 1987 онд өөрийн гол бүтээл болох "Рейхийн сүүдэрт" номоо хэвлүүлжээ. Утга зохиолын шүүмжлэгчид түүнийг "Никлас эцгийнхээ ясыг өндөлзүүлж чадахаар нарийн судалгаа бүхий бүтээл бичиж чадсан." хэмээн онцолсон байдаг. 

Никлас өнгөрсөн сард 82 нас хүрсэн бөгөөд Германд гэр бүлийнхээ хамт амгалан тайван амьдарч байгаа юм.

Никлас Франк (Niklas Frank)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()