"Бичиг үсэггүй, ядуу эр Солонгосыг өөрчилсөн нь..." - Hyundai компанийн үүсгэн байгуулагч эрхмийн түүх

2021-05-04, 13:00
2,053

Чон Жү-ён (Chung Ju-yung) нэгэн цагт ядуу тариачин айлаас гаралтай энгийн солонгос хүү байжээ. Ядуу амьдралаасаа салахаар шийдсэн тэрбээр Сөүлд сохор зоосгүй ирсэн байна. Тэрээр олон зүйл турших хугацаандаа нэг бус удаа алдаж, бүхнийг шинээр эхлэх шаардлагай болж байв. Эцэст нь тэрээр улсынхаа хамгийн том компаниудын нэг "Hyundai Group"-ийг  байгуулж, дэлхийн хамгийн баян, нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ.

"Бичиг үсэггүй, ядуу эр Солонгосыг өөрчилсөн нь..." -  Hyundai компанийн үүсгэн байгуулагч эрхмийн түүх
Хаах
Сурталчилгаа

Чон Жү-ён 1915 онд Солонгосын Асан тосгонд төрсөн бөгөөд 7 хүүхдийн ууган нь байжээ. Хүүхэд байхаасаа бизнес эрхлэгч, багш болохыг мөрөөддөг байсан боловч эцэг эх нь хүүгийнхээ боловсролд зарцуулах хангалттай мөнгөгүй байв. Чон Жү-ён тосгоны жишгээр зохих боловсрол эзэмшиж, бага сургууль төгссөн. Гэр бүлээ тэжээхэд тэдний орлого хүрэлцээгүй байсан учир хүү нь эцэг эхдээ туслахын тулд сургуулиас гарах хэрэгтэй болжээ. Чон аавынхаа хамт өдөрт 15-16 цаг ажилладаг байв.

Чон Жү-ён тэвчишгүй амьдралаас залхаж, 16 настай хүрмэгцээ гэрээсээ зугтжээ. Тэрээр найзтайгаа хамт Ковон муж дахь барилгын талбайд хоёр сар ажилласан байна. Цалин бага байсан ч Чон Жү-ён өөрөө бие даан амьдрах боломжтой гэдгийг ойлгоод төд удаагүй байтал аав нь түүнийг олж, гэрт нь буцаасан байна.

Богино хугацааны аялал нь Чон Жү-ёнд бүх зүйлийг өөрчлөх чадал өөрийнх нь гарт байгаа гэх итгэл өгчээ. Тиймээс тэрээр 17 настайдаа хэсэг нөхдийн хамт Сөүл рүү явсан байна. Төрсөн гэрээсээ оргох гэсэн хоёр дахь нь оролдлого бүтэлгүй болж, хүүхдүүд ажилд зуучилж өгнө гэсэн хүнд залилуулж, эцэстээ мөн л урьдын адилаар гэрийнхэндээ баригдаад харьсан аж.

Гэвч Чон Жү-ён бууж өгөлгүй, 18 настайдаа халаасандаа юу ч үгүй хэрнээ тосгоноос зугтахаар шийдсэн байна. Хол газар хүрэх зардлын ч мөнгөгүй байсан тэрээр эцгээсээ үхэр хулгайлж, тэр мөнгөөрөө Сөүлд очиж чаджээ. Боловсрол эзэмших мөрөөдөлтэй Чон нягтлан бодох бүртгэлийн сургуульд элсээд удаагүй байтал аавдаа баригдаад гэртээ буцсан гэнэ.

Шантралгүй оролдсон тэрээр дөрөв дэх удаадаа амжилт олсон байна. Чон Жү-ён Сөүлд эргэн очиж, олдсон ажлыг гололгүй хийдэг байсан бөгөөд юм бүхнийг оролдож үзэхийг хичээдэг байв.

Хэдэн жилийн дараа аз дайрч, Чон Жү-ён жижиг будааны дэлгүүрт шуудангаар ажилд оржээ. Тэрээр идэвх зүтгэл, ажил хэрэгч чанараараа дэлгүүрийн эзний итгэлийг хүлээсэн тул зургаан сарын дараа гэхэд дэлгүүрийн тайлан, тооцоог хөтлөх эрхтэй болсон байна. Харин 1937 онд дэлгүүрийн эзэн хүнд өвчтэй болж, бүх ажлаа хамгийн ухаалаг ажилтандаа даатгаснаар Чон Жү-ён 22 настайдаа  анхны бизнесийнхээ эзэн болжээ.

Дэлгүүр өсөж, ашиг ч сайн олсон боловч энэ амжилт удаан үргэлжлээгүй нь Солонгос улс 1939 онд цагаан будааны хатуу нормчлолын системийг нэвтрүүлсэнтэй холбоотой. Үүнээс үүдэж будааны худалдаа хийх боломжгүй болж, Чон бизнесээ хаахад хүрэв.

Гэвч тэрээр бууж өгч, ферм рүү буцахыг хүсээгүй учир автомашины засварын газар нээхээр шийджээ. Харамсалтай нь шинэ бизнес нэг сарын дараа шатаж, эзнээ өрөнд оруулсан байна. Энэ бүх бүтэлгүйтлийн дараа өөр хэн нэгэн бол бүхнийг орхих байсан нь гарцаагүй. Харин Чон Жү-ён хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлж, улам бүр шаргуу, илүү бүтээлчээр ажиллахаар шийдсэн аж.

Чон Жү-ёны бизнес өрсөлдөгчдөөсөө илт ялгарч байв. Нэгдүгээрт, түүний засварын газар шөнийн цагаар ч ажиллаж байсан бол засварчид нь автомашиныг маш хурдан засдаг байв. Хоёрдугаарт, Чоны үйлчлүүлэгчид чинээлэг хүмүүс байсан учир үйлчилгээний чанар нь нэгдүгээр зэргийнх байх ёстой гэдгийг үзжээ. Ийнхүү тэрээр байнгын үйлчлүүлэгчдээ солонгос хоолоор дайлж эхэлсэн байна.

Түүний энэ санаа маш амжилттай болж, гуравхан жилийн хугацаанд ажилчдын тоо 20-оос 70 хүн болтлоо нэмэгдэж, мөнгө ч сайн олж эхэлжээ. Сонирхолтой нь, Чон Жү-ён  өөрөө бараг машин техникийг ойлгодоггүй, яаж жолоодохоо ч мэддэггүй байсан гэнэ. Боловсролын үнэ цэнийг сайн мэдэх тэрээр оройн цагаар ном сонин уншиж, албан бус аргаар боловсрол эзэмшихээр эрэлхийлдэг байв. Мөн өөрийн дутууг нөхөж чадахуйц боловсролтой хүмүүсийг хөлсөлж ажиллуулжээ.

Чон Жү-ён дахин эрх баригчдын шахалтад өртөх хүртэл бүх зүйл амжилттай явж байв. Тэрээр дахин бизнесээ хааж, төрөлх тосгон руугаа буцахдаа тулсан ч аз болоход хоосон хоцроогүй байна. 

Дэлхийн 2-р дайн дууссаны дараа улс даяараа уналтад оржээ. Чон Жү-ён хямрал бүрт боломж байдаг гэдгийг ойлгож, 1946 онд гадаадын цэргийн машиныг засварлах Hyundai Motor Industrial компанийг байгуулсан аж. Үүгээр зогсохгүй тэрээр 1947 онд сүйдсэн хот, тосгоныг сэргээн босгох, барилга угсралтын ажил эрхэлдэг Hyundai Civil Industries-ийг нээжээ. Hyundai нь засгийн газрын гэрээ болон гадаад дахь томоохон төслүүдэд хоёуланд нь ялалт байгуулав.

Нэгэн цагт Hyundai гүүрийг сэргээн босгох үүрэг хүлээж байжээ. Төслийг 55 сая воноор хуваарилсан боловч ажил дуусах үед компани 65 сая воны алдагдал хүлээжээ. Ийм том алдагдал бараг Hyundai-г дампууруулах шахсан байна. Эцэст нь, өрөө төлөхөд 20 орчим жил шаардагдсан ч гэсэн компани алдсанаасаа ихийг олж авч чадсан байна.

Чон Жү-ён хөлөг онгоцны үйлдвэрлэлд орохоор шийдсэн үед түүний нэр хүнд гавьяагаа үзүүлсэн аж. Өмнө нь Солонгос хэзээ ч ачааны хөлөг онгоц үйлдвэрлэж байгаагүй тул энэ санааг бүтэшгүй гэж толгой сэгсрэх хүн олон байв. Гэсэн ч тэрээр хөрөнгө оруулагчдыг ятгаж дөнгөсөн бөгөөд ийнхүү 1972 онд Hyundai Heavy Industries мэндэлжээ. 

1961 онд гарсан улсын шинэ удирдагч Пак Чун Хи Солонгосыг өндөр хөгжилтэй, хүчирхэг эдийн засагтай орон болгох зорилготой байв. Тэрбээр улсын хэмжээнд бизнес эрхлэгчдэд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр дараа дараагийн ажлуудаа эхлүүлсэн байна.

Нэг өдөр Чон Жү-ён Солонгосчуудын технологи, мэдлэгийг ашиглан автомашин бүтээх санаа гаргасан бөгөөд 1986 онд тэрээр Hyundai Pony Excel машиныг танилцуулжээ. Удалгүй Hyundai-ийн үйлдвэрлэсэн автомашинууд олон улсын зах зээл дээр гайхалтай амжилтанд хүрсэн.

Өнөөдөр Hyundai жилд 1.6 сая автомашин үйлдвэрлэж байна. Тус байгууллагад дэлхийн 75 мянга орчим хүн ажилладаг. Машиныг 193 оронд 6000 дилерийн төв, үзэсгэлэнгийн танхимаар зарж борлуулдаг.

Чон Жү Ёныг хүмүүс чанга хатуу удирдагч гэдгээр нь мэддэг байсан гэдэг. Гэвч тэрээр ажилчдад зориулсан сургалт, хөгжлийн системийг Солонгост анх нэвтрүүлсэн хүмүүсийн нэг бөгөөд Чон Жү-ён ажилчдынхаа чадамж, шаргуу хөдөлмөрт өндөр итгэл хүлээлгэдэг байв.

Чон Жү-ён чадварлаг бизнесмэн төдийгүй өгөөмөр буянтан байсан. 1998 онд 83 настай бизнесмэн төрөлх нутагтаа 1001 үхэр бэлэглэсэн нь урьд цагт эцгээсээ хулгай хийсэндээ гэмшиж буйн илрэл  байв. Чон мөн өөрийн төрөлх тосгоны нэрэмжит "Асан" буяны санг байгуулж, эмнэлгийн тусламж, нийгмийн хамгаалал, судалгаа, тэтгэлэг зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Өмнөд Солонгос улсыг хөл дээр нь босгосон эрхмүүдийн нэг Чон Жү-ён 2001 оны 3-р сард 85 насандаа таалал төгссөн байна. Hyundai-г үүсгэн байгуулагч хорвоог орхиод хорин жил болж байгаа ч түүнийг улс даяараа хүндэтгэсээр  иржээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()