Хойд Солонгосоос зугтаж, "хар жагсаалт"-д орсон бүсгүйн айдсаар дүүрэн амьдрал

2021-05-04, 16:10
6,317

27 настай Ёнми Пак (Park Yeon-mi) бол нийгмийн идэвхтэн, хүний эрхийн төлөө тэмцэгч юм. Тэрээр Хойд Солонгосоос гаралтай бөгөөд өдгөө АНУ-д амьдардаг. БНАСАУ-ын эрх баригчид эх орноосоо дүрвэсэн хүмүүсийг "төрийн дайсан" гэж үздэг. Харин Ёнми Пак тус улсын удирдагч ард түмнээ хэрхэн дарлаж байгаа талаар үнэнийг илчлэхийн тулд чадах бүхнээ хийж байгаа аж. Тиймээс Хойд Солонгосын дарангуйлагчийн "хар жагсаалт"-д орсон Ёнми үргэлж бие хамгаалагчидтайгаа хамт явдаг байна.

Хойд Солонгосоос зугтаж, "хар жагсаалт"-д орсон бүсгүйн айдсаар дүүрэн амьдрал

Ёнми 2007 онд Хойд Солонгосоос зугтжээ. Тэрээр улс хооронд хууль бус наймаа хийдэг этгээдүүдэд их хэмжээний мөнгө өгч байж, арайхийн хил давсан гэнэ. Түүнийг улсаасаа дүрвэхэд хүргэсэн шалтгаануудын нэг нь хорт хавдартай аавыг нь бөөнөөр хорих лагерьт хорьсонтой холбоотой. Тэр үеэс хойш түүнд үргэлж заналхийлсэн утгатай зурвас ирж эхэлсэн бөгөөд хэзээ нэгэн цагт алуурчны гарт амиа алдана гэхээс Ёнми айх болсон аж. 

Одоо тэрээр хүний эрхийн төлөө тэмцэгч, нийгмийн идэвхтэн болсон бөгөөд АНУ-ын Чикагод амьдарч байна. Ёнми Кимийн гэр бүлийн тогтоосон дэглэмийг Адольф Гитлер, Иосиф Сталин нарын засаглалтай харьцуулж, олон нийтэд ямар аймшигтай зүйлс хийдэг болохыг нь дэлхийд таниулахыг оролдож байгаа юм. Тэрээр гудамжинд хөглөрсөн цогцос, олон нийтийн өмнө цаазаар авах ажиллагаа, засгийн газраас явуулж буй тархи угаах бодлогын талаар олон баримтыг дэлгэсэн байна.

Ёнми ээжийнхээ хамтаар эх орноосоо дүрвэсэн тул Хойд Солонгост үлдсэн хамаатан саданд нь засгийн эрх баригчид төрийн төмөр нүүрийг үзүүлжээ. Ерөнхийдөө эх орноосоо дүрвэсэн хүмүүсийн хамаатан садан нь 3-8 үе хүртлээ урвагчийн гэр бүл гэж нэрлэгдэж, нийгэм даяар ад шоо үзэгддэг. Тэрээр эх нутагтаа үлдсэн төрөл саднаа өөрөөс нь болж ямар хувь тавилантай учирсныг мэдэхгүй. Зарим нь шоронд хоригдсон бол зарим нь хэдийнээ амиа алдсан байж ч болзошгүй гэнэ.

Ёнмигийн хэлснээр Хойд Солонгос дахь өлсгөлөн дэлхий нийтийн төсөөлж байгаагаас ч илүү газар авсан аж. Яг энэ шалтгаанаар 1995-1998 онуудад олон сая иргэд өлбөрч үхсэн байна.

Хойд Солонгосчуудад айдас төрүүлэхийн тулд олон нийтийн өмнө цаазаар авах ажиллагааг үйлддэг. Цагдаа нар хүүхдүүдийг хүртэл цуглуулж, тэрхүү аймшигт явдлыг хүчлэн үзүүлдэг бөгөөд нам засгийн эсрэг хэрэг үйлдсэн бол ийм зүйл болно хэмээн заадаг байна. Сургуулийн сурагчдын тархийг ийм байдлаар багаас нь угаадаг аж.

Хойд Солонгосыг байгуулсан гэгддэг Ким Ир Сенийг ард нийтээрээ одоо хүртэл бурхан болгон шүтдэг. Иргэдийн тархийг багаас нь суртал ухуулгаар угааж, засгийн газар болон тус улсын цорын ганц нам болох Коммунист намаас эмээхийг сургадаг. Үүгээр зогсохгүй иргэдээ дэлхийгээр аялах, интернет ашиглахыг хориглодог. 

Ёнми дүрвэснийхээ дараа Өмнөд Солонгост амьдарч байгаад дараа нь АНУ руу нүүж, хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ дэлхийд алдаршжээ. Гэсэн хэдий ч тэрээр дарангуйлагч Ким Жон Унаас болгоомжилсоор байгаа юм. Хойд Солонгосын засгийн газар хилийн чанад дахь энэ мэт дүрвэгчдийг хөнөөсөн хэргүүд хэд хэдэн удаа гарч байсан.

2017 онд Малайзын нисэх онгоцны буудал дээр БНАСАУ-ын дарангуйлагчийн ах Ким Чен Намыг хордуулж хороосон хэрэг гарсан билээ. Ким Жон Ун ахыгаа төрийн эрх мэдлийг булаацалдана гэж эмээсэндээ ингэх тушаал өгсөн гэж үзэх хүмүүс олон бий. 

Ёнми БНАСАУ-ын зарим хүмүүс дэлхийн газрын зургийг амьдралдаа хэзээ ч харж байгаагүй бөгөөд интернет байдаг гэдгийг ч мэддэггүй гэжээ. Зарим иргэдийн гэр орон нь цахилгаанд хүртэл залгагдаагүй байдаг аж. Улсын албан ёсны он тоолол Ким Ир Сен мэндэлснээс эхэлдэг бөгөөд хүүхдүүдэд Хойд Солонгосчууд дэлхий дээрх цорын ганц үндэстэн хэмээн заадаг гэнэ. 

Ёнми Пак заналхийллийг үл харгалзан Хойд Солонгос дахь харгис дэглэмийн талаарх үнэнийг дэлгэсээр байх болно гэж мэдэгдсэн байна. Тэрээр хэзээ нэгэн цагт Кимийн гэр бүлийн хэмжээлшгүй ноёрхол дуусгавар болно гэдэгт итгэдэг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()