Буудуулах үед хүн юу мэдэрдэг вэ?

Ихэнх киноны гол дүрүүд биедээ хэд ч буудуулсан бай хамаагүй, тодорхой хэмжээний шарх авч, хэсэг хугацааны дараа зүгээр явж байдаг билээ. Гэхдээ бодит амьдрал дээр маш хурдтай нисэн ирж буй төмрийн хэлтэрхийд оногдох үед ямар мэдрэмж төрдөг бол гэж та бодож байсан уу? Дайн тулаанд оролцох, ан хийж яваад гал алдах, буугаа цэвэрлэж байгаад гохоо санаандгүй дарах гэх мэт янз бүрийн явдлаас болж суманд оногдсон ч азаар амьд үлдсэн хүн цөөнгүй бий. Тэд тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ сэтгүүлчидтэй хуваалцсан бөгөөд өнөөдөр та бүхэнд сонирхуулах үүднээс тэрхүү сэтгэгдлүүдийг хүргэж байна. 

Буудуулах үед хүн юу мэдэрдэг вэ?
Хаах
Сурталчилгаа

Зарим тохиолдолд буудуулсан хүн бараг юу ч мэдэрдэггүй байна. Жишээ нь Дебора Коттон хэмээх бүсгүй 2013 оны ээжүүдийн өдрийн парадын үеэр тэнэсэн суманд оногдсон бөгөөд тэр үед "Жижиг чулуу намайг оносон юм шиг сэтгэгдэл төрсөн." гэж хуваалцсан байв. 

Харамсалтай нь түүний шарх аминд нь хүрч мэдэх аюултай байсан аж. Учир нь сум зүүн талын хавирганд нь тусаж, улмаар тэндээ гацсан байна. Дебора нийт 36 удаа хагалгаанд орж, бөөр, нойр булчирхайн хэсэг, ходоод, бүдүүн гэдэс зэрэг дотор эрхтнүүдээсээ тайруулсан гэнэ. 

Буудуулсан хүнд хэн ч гар хүрэх ёсгүй бөгөөд бүрэн мэргэшсэн эмч л хагалгаа хийж сумыг зайлуулдаг байна.

Коттон энэ талаар "Буудуулснаас 90 орчим секундын дараа байх, нэг мэдэхэд л би газар хэвтэж байсан. Тэгээд би өөрийгөө биеэ удирдаж чадахгүй байна гэж бодсон ч хөл зүгээр хөдөлж байсан юм. Тиймээс би ямартай ч өөрийгөө үхэхгүй юм байна гэдгийг ойлгосон. Дээрээс нь би өвдөлт ер мэдрэхгүй байсан шүү дээ. Дараа нь эмнэлэгт хүргүүлж очиход эмч нар намайг 9 мм-ийн суманд оногдсон, сум биед минь гацсан гэж хэлж байсан. Энгийн сум биед ороод гацсан ч бүтнээрээ байдаг учраас өвдөлт үүсгэдэггүй юм билээ. Харин задардаг сум хүний биеийг урдаг учраас маш их өвтгөдөг гэсэн." гэж хэлсэн байв.

Дээрх бүсгүйг өвдөлт тэсвэрлэхдээ сайн хүн гэж бодож байвал Райан Жарси хэмээх залуугийн түүх байна. Түүний гэрт нэг өдөр дээрэмчид дайран орсон бөгөөд өөрт нь гар ч хүрэлгүй яваад өгчээ. Тэднийг эргэн ирж, өөрт нь гэм хүргэнэ гэж бодохоос айж цочирдсон залуу ангийн буугаа аваад, цагдаа дуудсан аж. Утсаар залгаж байхдаа тэрээр гал алдаж, гуя руугаа буудсан ба тэр үед мэдэрсэн зүйлээ ингэж тайларлажээ. 

"Өвдөгнөөс минь доогуурх хэсэг нохойн хоол шиг харагдаж байсан. Би хэдэн секундын хугацаанд юу болсныг ойлгож чадаагүй. Миний яс хэдэн см цухуйж байсан хэрнээ би юу ч мэдрээгүй. Харин өндийх гэж хичээхэд бүх мэдрэмж өөрчлөгдсөн. Би өвдсөндөө өөрийн эрхгүй орилж, нүүрээрээ газарт унаснаа санаж байна. Сүүлд бодохнээ миний хөлний ясыг дуу чимээнээс ч хурдан 96 ширхэг тугалган бөмбөлөг оносон юм чинь арга ч үгүй биз дээ." гэв.

Зарим хүмүүс буудуулахыг зөгийнд хатгуулах, зарим нь бэйсболын бөмбөгөнд оногдохтой адилтгадаг. Гэхдээ бараг бүгдээрээ оногдсоноос хэдхэн хормын дараа шатаж буй мэт мэдрэмж төрдөг гэжээ. Гэмт бүлэглэлүүдийн буудалцааны үеэр галт суманд оногдсон Тай Жамон ингэж дурссан байна.

"Хүмүүс суманд оногдох үедээ юу болсныг ойлгодоггүй нь үнэн. Яг буудуулах мөчид өвдөлт биш, зүгээр л ямар нэгэн зүйл гэнэт дарж муй мэт сэтгэгдэл төрдөг. Дараа нь бүх бие мэдээгүй болно. Эцэст нь түлэгдэж буй мэдрэмж төрдөг юм билээ."

Дебора Коттон мөн "Дараа нь гэдэс орчимд халуу оргиж эхэлсэн. Тэр үед л миний биед сум байна гэдгийг ойлгосон юм. Миний зүйрлүүлж чадах хамгийн ойрхон мэдрэмж бол халуун зүүгээр хатгуулж байгаатай адил гэмээр байна. Гэхдээ өвдөлт бараг байгаагүй." гэжээ. 

Тэгэхээр ихэнх хүн оногдох үедээ юу ч мэдэрдэггүй аж. Харин түүний дараагийн мэдрэмж яг хаана оногдсон бэ гэдгээс шалтгаалан янз янз байдаг гэнэ. Өвдөгөндөө буудуулсан нэгэн Америк өмгөөлөгч тухайн үед мэдэрсэн зүйл нь өөрийг гайхшруулсан гэв. 

Тэрээр "Ямар ч цус гараагүйн дээр хэдэн хормын турш өвдөлт мэдрээгүй. Дараа нь урьд хожид байгаагүйгээр их өвдсөн. Би хэр баргийн зүйлийг тоодоггүй ч эмч нар ирж, надад өвчин намдаагч тарих үед хамаг бие минь хөлс чийхарсан байсан."  хэмээн дурссан юм. 

Ихэнх хүмүүс буудуулсны дараа газар эвхрэн унадаг. Харин өвдөлт мэдрэгдэж эхлэх үед мөн хүн бүр харилцан адилгүй байдлаар түүнийгээ илэрхийлдэг. Зарим нь "тэсэж болохоор" гэж хэлдэг бол зарим нь "амь тавих гэж байгаа мэт" өвддөг гэжээ. 

Мөн хүн нэг удаа буудуулсан бол өвдөлтөд тэсвэртэй болно гэсэн онол бий. Гэхдээ үүнийг дэмжихээс илүү няцаах хүн олон байдаг. 

Толгой бол мэдээж онож болох хамгийн аюултай цэг юм. Толгойдоо буудуулаад азаар амьд гарсан хүн байдаг ч тэр нь маш цөөхөн. Мөн дараа нь маш олон хүндрэл үүсдэг. 

Тэдгээрээс хамгийн түгээмэл нь мэдээж толгойн өвдөлт. Майкл Молан хэмээх залуугийн эхнэр гал алдаж, нөхрийнхөө толгойд оносон байна. Тухайн үед түүний толгой мэдээж маш их өвдөж, юу болж байгааг мэдэхтэй үгүйтэй байхдаа даруй эмнэлэгт хүргэгджээ. Майкл өөрийгөө буудуулсан гэдэгт итгэхгүй байсаар рентген зургаа харж байж л болсон явдлыг ойлгосон байна. Дараа нь түүний эхнэр сураггүй алга болсон бөгөөд үүнээс болж түүнийг үнэхээр санаандгүй гал алдсан гэдэгт эргэлзэх хүн олширсон аж. 

Харин Гари Мэйлис хэмээх залуу толгойдоо буудуулсны дараа урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй чимээг сонсож эхэлсэн байна. Тэрээр хачирхалтай чимээг лааз онож буй зоостой зүйрлэсэн бөгөөд маш чанга байсан гэж дурссан байв.

Дээрмийн үеэр толгойдоо буудуулсан Жоаб Жож "Ердийн хангинах чимээтэй адилхан ч тэсэхийн аргагүй чанга байсан. Гэхдээ эхлээд хоёр төмөр харшилдуулж байгаа юм шиг чимээ сонсогдож байснаа дараа нь эр хангинах чимээ болж хувирсан. Тухайн үед түүнээс өөр зовиур байгаагүй." гэж дурсжээ. 

Буудуулсан хүмүүс бүгд суманд оногдох үеийнхээ өвдөлтийг биш, дараа нь хийлгэсэн нөхөн сэргээх эмчилгээнүүд нь илүү хүнд байсан гэдэг. Өмнө нь дурдсан өвдөгөндөө буудуулсан хуульч эмчилгээ нь хэлж барахын аргагүй хүнд байсанд маш их гайхсан гэж тайлбарласан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()