Төвд хүмүүсийн мөнхийн дайсан, үеийн үед үзэн ядагдсан Ландрам хааны түүх

Аливаа улсад үндэсний баатар гэж байхын зэрэгцээ нэр нь хүртэл цээртэй, үндэсний гутамшиг болсон хүмүүс бас бий. Бурхны шашинд хамгийн гүн сүсэглэдэг Төвдийг нэгэн үе захирч байсан хаан ард түмнийхээ дунд үеийн үед "чөтгөр"-өөс өөрцгүйд тооцогдож, нэрийг нь хараалын үг болгон ашигладаг болсон гэвэл итгэх үү. 

Төвд хүмүүсийн мөнхийн дайсан, үеийн үед үзэн ядагдсан Ландрам хааны түүх
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийн ах Ралбажинг алж, дүү Лхасей Цамбыг цөллөгт явуулсны дараа төрийн эрхийг гартаа авсан харгис Ландрам хаанаас болж Төвдийн хаант улс нуран унасан гэж үздэг түүхчид олон бий. Ландрам хаан эхэндээ буддын шашинтан байсан ч өөрийн сайд Ванжил Торегийн нөлөөгөөр бөөгийн Бон шашинд гүн орж, Төвдөд Бурхны шашныг дэлгэрүүлэхийг хүчтэй эсэргүүцдэг болсон гэдэг.

Улмаар Ландрам буддын шашинтнуудыг хавчиж, хөшөө дурсгалуудыг нураан, бүх сүм хийдийг хааж, хуварга хандмаа нарыг хүчээр гэрлүүлж байсан аж. 

Үүний нөлөөгөөр иргэдийн дунд Ландрамын тухай элдэв янзын үлгэр домог гарах болсон байна. Жишээлбэл:

Ландрам өдөр бүр нэг шивэгчин эмэгтэйг усанд орж байхдаа биеэ угаалгахаар дууддаг боловч дараа нь тэр эмэгтэй дахин хаана ч үзэгддэггүй байжээ. Зарим домогт Ландрам эмэгтэйчүүдийг иддэг байсан гэж ярьдаг. Мөн Ландрам тэрхүү эмэгтэйчүүдийг духан дээрх эврийг нь харснаас болж хөнөөдөг байсан гэдэг хувилбар бас бий. 

Нэгэн үзэсгэлэнтэй бүсгүйн ээлж болох үед тэрээр хаанаас өөрийг нь өршөөхийг гуйж нууцыг нь хэнд ч хэлэхгүй гэж амлажээ. Ландрам нууцыг нь илчлэх юм бол түүнийг гэр бүлийн хамт цаазлана гээд амьд үлдээсэн гэнэ. Тэр бүсгүй эхлээд нууцыг нь үнэхээр сайн хадгалсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам хэн нэгэнд хэлмээр санагдах болов. Энэ хүслээ дарж чадаагүй учраас шөнө ой мод руу ороод хулганы нүхэнд хааны нууцыг хэлсэн байна. Хэдэн сарын дараа тэрхүү нүхнээс хулсны нэг мөчир ургасан байв. Нэг хоньчин тэрхүү хулсаар лимбэ хийсэн бөгөөд түүн рүү үлээх үед རྒྱལ་པོ་ གླང་ དར་ མའི་ དབུ་ ལ་ རྭ་ ཅོག་ འདུག་ སུ་ བཤད་ ས་ མིན་ དུ་ ཙི་ ཚང་ ལ  буюу "Ландрам хаан духан дээрээ эвэртэй" хэмээн дуугардаг байжээ. Үүнээс болоод түүний энэ нууц ард иргэдийн дунд түгсэн гэдэг.

Өөр нэг домогт Ландрамыг толгой дээрээ эвэртэйн дээр хар хэлтэй хэмээн өгүүлдэг. Эврээ нуухын тулд тэр үсээрээ ороож засдаг байсан аж. 

Тэрээр багадаа тугалтай адилхан байсан тул эцэг нь түүнийг нэрнийх нь урд "лан" буюу үхэр гэсэн үг залгаж дууддаг байсан нь яваандаа Ландарма гэх жинхэнэ нэр нь болсон байна. Түүнийг эвэртэй байсан гэх домог нэрнийх нь утгатай холбоотой байх боломжтой.

Ралбажин ахыгаа залгамжилсан Ландрам Төвдийн Дэ гүрний сүүлчийн эзэн хаан байсан юм. Тэрээр хаан болсны эхний жилүүдэд Хятадын зэргэлдээх бүс нутгуудыг эзэлж, газар нутгаа тэлж чадсан чадварлаг тулаанч байсан гэдэг. Гэхдээ захирах, зохион байгуулах чадвар нь тийм ч сайн биш байсан тул улсаа удирдаж чадалгүй сүйрэлд хүргэжээ. 

Тухайн үеийн Хятадын зарим эх сурвалж дээр Ландрамыг "Бор дарс, эмс хүүхэн, ан авд ухаангүй дуртай, басхүү завхай зайдан явдалтай харгис нэгэн." хэмээн онцлоод, түүнийг ‘Чөтгөрийн Хаан’ гэж тодорхойлсон байдаг.

Зарим түүхчид Төвдийн хаант улс мөхсөн гол шалтгаан нь Ландрам биш, харин түүний ах Ралбажин хаан лам нарыг улс төрд оруулж, цэргийнхэнтэй хагаралдсан явдал гэж үздэг. Гэхдээ Төвдийн хаант улс Ландрамыг төрийн эрх барьж байх үед нуран унасан нь үнэн юм. Тэрээр амьд байхдаа Цэвээн болон Намам гэсэн язгууртан гэр бүлүүдээс нэг нэг хатан авсан аж. Ландрамыг нас эцэслэсний дараа хоёр хатан нь зэрэг шахуу нуган үр төрүүлсэн учраас тэд хааны жинхэнэ хүүхдүүд мөн эсэх нь эргэлзээтэй байв.

Хааныг нас барсны дараа Цэвээний удам төрийн эрхийг авсан байдаг. Үүнийг эсэргүүцсэн Намамын удам дайн эхлүүлж Төвдийн хаант улс олон жил тулааны талбар болж, эцэс сүүлдээ сүйрсэн юм. 

Лам нар энэ хэргийн дараа улс төрд өмнөхөөс илүү идэвхтэй оролцох болсон байна. Ралбажины үед лам нар сайд болж эхэлсэн бөгөөд шинэ олсон эрх мэдлээ алдахгүйн тулд ийнхүү тэмцэх болжээ. 

Ландрамыг яаж амиа алдсан тухай баттай тэмдэглэл байхгүй гэж зарим түүхчид үздэг боловч зарим нь түүнийг Лхасад бичээс судалж байхдаа хорлогдсон гэж үздэг. 

Лхасын ойролцоох агуйд амьдарч байсан Буддын шашны нэгэн лам чөтгөрийн хааны дарангуйллыг таслан зогсоохоор шийдсэн нь тэр байв. Тэрхүү ламын нэрийг Пэлжээдорж гэдэг байсан аж. Тэрээр өөрийгөө төрийн хүний дүрд хувиргасан бөгөөд хааны ордон руу нум сум нууж авч орж чадсан байна. Ийнхүү явж байгаад хаантай нүүр тулах үедээ нүүр болон цээж рүү харван хороожээ. Ландрамыг үгүй хийснийхээ дараа тэрээр морь хөлөглөж асар богино хугацаанд оргон зайлж чадсан гэдэг. 

Пэлжээдоржийн хөрөг

Ерөнхийдөө Ландрамын харгислал, хэлмэгдүүлэлт Төвд нутгаар хязгаарлагдаагүй учраас бурхны шашинд муу муухайн бэлгэ тэмдэг болсон бөгөөд Ландрам гэдэг нэр хараалын үг болсон түүхтэй аж.

Буддын шашинд хүн хойд насандаа эргэн төрдөг гэдэгт итгэдэг тул хүмүүс Ландрамын хойт дүр биш гэдгээ харуулахын тулд хэлээ гарган мэндэлдэг ёс тогтож, тэр нь бараг зан заншил болсон байдаг. Хэн нэгэн хэлээ гаргаж байгаа нь угтаа өөрийгөө хар хэлгүй, Ландрамын хойд дүр биш гэдгээ харуулж байгаа үйл явдал юм.

Манж Чин улсын үед Төвдийн Лосар буюу цагаан сарын үеэр Лхас хотын дэргэд орших нэгэн уул руу үхэр буугаар буудах ёслолыг жил бүр үйлддэг байв. Тэрхүү ууланд Ландрам хааны булш бий гэж үздэг байсан бөгөөд хэрэв буудахгүй бол уул наашилсаар голын урсгалыг хааж, Лхас хотыг живүүлнэ гэдэг домогтой байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()