Өмнөд Солонгосын хамгийн залуу, хамгийн "сахилгагүй" улс төрч Рю Хо Жон

2021-06-18, 19:36
75,585

Өмнөд Солонгосын улс төр дэх үе үеийн хамгийн залуу парламентын гишүүдийн нэг Рю Хо Жон (Ryu Ho Jeong) залуусын эрхийн төлөө зоригтой дуугарч, шинэлэг санаачилга гаргадаг гэдгээрээ алдартай. Улс төрч хүн гэхэд сонирхолтой түүхтэй тэрээр Ёнхуа эмэгтэйчүүдийн их сургуулийн Е-спортын клубын тэргүүн байсан бөгөөд Afreeca телевизийн хөтлөгч хийдэг байсан аж. Шударга ёсны намын гишүүн Рю Хо Жон өнгөрсөн онд парламентын чуулганд оролцохдоо улаан өнгийн богино даашинзтай ирж олны хэл аманд өртөж байсан бол энэ удаад дахин нэг шуугиан дэгдээгээд байна.

Өмнөд Солонгосын хамгийн залуу, хамгийн "сахилгагүй" улс төрч Рю Хо Жон
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Өмнөд Солонгосын шинэ үеийн залуусын дуу хоолой гэгддэг Рю Хо Жон гишүүн Шударга ёсны намаас нэр дэвшиж, Парламентын хамгийн залуу гишүүнээр сонгогдож байв.

Тэрээр дан ганц эх орондоо гэлтгүй, дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаагийн гол учир нь түүний настай холбоотой. Рю Хо Жон өдгөө 28 настай бөгөөд Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн залуу улс төрчдийн тоонд зүй ёсоор багтдаг.

Рю Хо Жон нь 1992 онд Кёнсаннамогийн Чанвон-си хотод төрсөн бөгөөд Чанвон дахь Кюнгилийн охидын ахлах сургуулийг төгссөн байна.

Дараа нь Ёнхуа эмэгтэйчүүдийн их сургуульд социологич мэргэжлээр суралцаж төгссөн тэрээр мөн сургуулийнхаа Е-спорт клубын тэргүүн байсан аж.

Үүний дараа  Рю Хо Жон Afreeca сувагт хөтлөгч хийж олон мянган хүний танил болсны зэрэгцээ Smilegate тоглоомын компанид ажиллаж байв.

Улс төрийн тавцанд шинэлэг уур амьсгалыг нэвтрүүлж, зоригтой санаачилга гаргадаг залуу улс төрч Рю Хо Жоныг Afreeca TV болон Twitch-ээр гардаг BJ хэмээх охин байсан гэдгийг мэддэггүй хүмүүс олон гэнэ.

Smilegate компанид ажиллаж байхдаа тэрээр ажлын байрны бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон ажилтанд тусалж, сахилгын хороонд гэрчээр оролцож байжээ. Гэвч хохирогч болон Рю Хо Жоны мэдүүлгийг үл харгалзан хүчирхийлэл үйлдэгчид ердөө гурван сарын сахилгын шийтгэл ногдуулж, хохирогчийг шилжүүлсэн байна. 

Үүнээс төд удалгүй Рю Хо Жон Өмнөд Солонгосын Үйлдвэрчний Эвлэлийн төлөөлөгч болж хүний эрх, шударга хөдөлмөрийн төлөө тэмцэж эхэлсэн аж. 

Мөн Рю Хо Жоныг "Видео тоглоомыг зөвхөн эрэгтэй хүмүүс л сайн тоглодог гэж боддог нь өрөөсгөл ойлголт. Эмэгтэйчүүд ямар ч зүйлийг эрэгтэй хүмүүсээс дутахааргүй сайн хийж чаддаг гэдгийг би харуулахыг хүссэн." гэж хэлж байсан үгнээс нь болж түүнийг феминист гэж үздэг олон хүн байдаг ч үүний эсрэг байр суурьтай хүмүүс ч цөөнгүй байдаг. 

2020 онд Парламентын чуулганд улаан өнгийн богино даашинзтай оролцож олон улсыг хамарсан томоохон дуулиан дэгдээж байсан тэрээр энэ үйлдлээ "Дийлэнх хэсэг нь ахимаг насны хууль тогтоогчдоос бүрдсэн Парламентад шинэлэг уур амьсгал авчрахыг хүссэн." гэж тайлбарлаад, хувцаслалтыг нь шүүмжилж буй хүмүүст "Үндэсний Ассамблей бол миний ажлын газар учраас албан үүргээ гүйцэтгэхэд биед эвтэйхэн хувцсаа л өмссөн." хэмээн өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Ахимаг насны хууль тогтоогчдоос бүрдсэн Парламентад улс төрийн шуурга дэгдээгээд байгаа тэрээр өнгөрсөн долоо хоногт шивээсний соёлыг либеральчлах асуудлыг хөнджээ.

Рю Хо Жон Өмнөд Солонгосын дээд шүүх 1992 онд шивээсийг зөвхөн мэргэшсэн эмч нарын хийх ёстой ажил хэмээн үзэж, хатуу хязгаарлалт тавьж байсан нь орчин цагийн  хөгжил дэвшилд хүрсэн, эрх чөлөөт нийгэмд нийцэхгүй байгааг мэдэгдэж, шивээсний соёлыг либеральчлах хуулийн төслийг өргөн барьсан байна.

Улмаар Рю Хо Жон гишүүн өнгөрсөн долоо хоногт шинэ хуулийн төслөө өөрийн биеэр сурталчилж, шивээсчдийн төлөөлөлтэй хамтран хэвлэлийн бага хурал хийжээ. Энэ үеэр Рю нуруундаа том хэмжээний арилдаг шивээс хийлгэснээ хэвлэлийнхэнд харуулж, хувь хүний хүсэл сонирхол, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг хаан боогдуулж болохгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()