Оросын тосгоны ядуу охиноос дэлхийн супермодель болсон Ирина Шейкийн амьдралын түүх

2021-06-21, 12:25
26,139

Дэлхийн хэмжээнд алдартай болж чадсан супермодель Ирина Шейк (Irina Shayk) буюу Ирина Шайхлисламова 1986 онд Оросын хөгжмийн багш Ольга болон уурхайчин Валерий Шайхлисламов нарын хоёр дахь хүүхэд болж төржээ. Олон мянган залуугийн сэтгэлийг эзэмдсэн загвар өмсөгч бага насаа 90-ээд оны хүнд үеийн ядруухан нөхцөлд өнгөрөөсөн байна. Энэ үед гэр бүлийн байдал нь тааруу байсны дээр хамгийн ихээр итгэж, найддаг байсан ойр дотно хүн нь тэднээс урваж байв.

Оросын тосгоны ядуу охиноос дэлхийн супермодель болсон Ирина Шейкийн амьдралын түүх
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Тэдний гэр бүл хойд хөршийн Челябинск мужийн нутаг, Уралын нуруу дагуу Казахстаны хил дээр орших Еманжелинск хэмээх тосгонд амьдардаг байжээ. Татар үндэстэн аав Валерий нь тосгондоо уурхайчин, орос үндэстэн ээж Ольга нь цэцэрлэгт хөгжмийн багш хийдэг байв.

Иринаг 6 настай байхад гэрт нь баг зүүсэн гурван балмад этгээд нэвтэрч, буу тулган заналхийлснээр барахгүй, гэрийнх нь өөдтэй бүх зүйлийг дээрэмдсэн байна. Азаар үүнээс болж Иринагийн гэр бүлийнхний амь эрсдээгүй ч бяцхан охид арилгах боломжгүй хар бараан дурсамжтай болж үлджээ. Хэргийн учир хожим тайлагдахад тэдгээр хөлсний дээрэмчдийг аавынх нь хамгийн сайн найз явуулсан нь тодорхой болж байсан аж. Бага насанд нь тохиосон энэ аймшигт явдлаас үүдэн Ирина "найз" гэдэг үгэнд итгэхээ больж, хүнд итгэл хүлээлгэж чаддаггүй болж торнисон байна.

Иринагийн аав 14 настай байхад нь уушгины хорт хавдраар нас барсан байна. Бэлэвсэрч хоцорсон Ольга охидоо тэжээж, хэнээс ч дутуугүй амьдруулахын тулд хоёр ажил хийж эхэлжээ. Шейк сургуульд сурч байхаасаа л богино банзал, өндөр өсгийтэй гутал өмсөх дуртай байв. Үүнээс болж тэрээр үргэлж сургуулийнхандаа дооглуулж, шоглуулдаг байсан ч дуртай зүйлсээ хэнээс ч айж эмээлгүйгээр хийх зоригтой охин байжээ.

Сургуулиа төгсөөд тэрээр мужийн төв Челябинск руу нүүж, эдийн засгийн коллежид элссэн байна. Иринаг маркетингийн чиглэлээр сурч байхад нь "Светлана" загварын агентлагийн төлөөлөгчид анзаарчээ. Тэдний урилгаар Ирина Челябинскийн "Супермодель-2004" гоо сайхны тэмцээнд оролцож, тэргүүн байрыг эзлэв. Ялагч болсон Ирина чадварлаг загвар өмсөгчдийг бэлтгэн гаргадаг агент Жиа Жикизэд таалагдсан аж.

Мэргэжлийн загвар өмсөгч болно гэж шийдсэн Ирина өөрийгөө бүрмөсөн өөрчлөхөөр шийджээ. Ийнхүү тэрээр дуудахад хэцүү овгоо Шейк болгон богиносгов. Ирина Францад нүүж очоод, мэргэжлийн загвар өмсөгчийн жинхэнэ зовлон, жаргалаас мэдэрч эхэлжээ. Цоо шинэ ертөнцтэй танилцаж байсан тэрээр гадаад хэл, бизнесийн салбарын нарийн зүйлсийг тэр бүр ойлгож чадахгүй байв.

“Парис бол миний очиж үзсэн хамгийн анхны гадаадын хот байсан. Би загварын салбарт эрт хөл тавьсан бусад охидыг бодвол харьцангуй хожуу карьераа эхлүүлсэн юм. Бусад охидтой хамт түрээсийн байранд амьдардаг байсан би франц хэл ч мэддэггүй байсан учраас бусад маань намайг илд далд шоолдог байлаа. " гэж Шейк дурссан байна. 

Иринагийн зургууд Sports Illustrated Swimsuit сэтгүүл дээр гарсны дараа маш хурдацтайгаар дэлхий нийтэд танигдсан байна. Дараа нь түүнд дотуур хувцасны Initimissimi брэндтэй гэрээ байгуулах санал тавьжээ. Энэ мөчөөс эхлэн Шейкэд ашигтай саналууд ар араасаа орж ирж, алдартай гэрэл зурагчид, сэтгүүлийн редакторууд, загвар зохион бүтээгчид түүнтэй "найз" болохоор хөөцөлдөж гарав. 

Түүний карьертай зэрэгцэн Шейкийн хувийн амьдрал ч мөн сонирхолтой болж ирсэн байна. 2010 онд тэрээр Португалийн алдарт хөлбөмбөгчин Кристиано Рональдотай үерхэж эхэлжээ. Тэдний харилцаа Emporio Armani-д хамтарсан зураг авалтын дараа эхэлсэн гэдэг.

Харамсалтай нь хосууд таван жилийн дараа салсан юм. Ирина, Рональдо нарын салсан шалтгаан өнөөг хүртэл нууцлаг хэвээр буй. Үүний дараахан Холливудын жүжигчин Брэдли Купер Шейкийн амьдралд гарч ирэв. Нью Йорк, Итали, Бахамын арлуудад цуг амарч байх үедээ тэд гэрэл зурагчдад "баригдсан" байдаг. Тэд дөрвөн жил болзсоны эцэст салсан байна. 

Тэд хайр сэтгэлийн харилцаатай байх хугацаандаа охинтой болсон бөгөөд түүндээ Леа хэмээх нэр хайрлажээ. Охин эцгийнхээ том нүд, өтгөн үсийг өвлөн авсан бол ээжээсээ том уруул, загварт дуртай чанарыг нь өвлөжээ. Ирина, Брэдли нар хэдийгээр тус тусын амьдралыг хөөхөөр болсон ч хүүхдээ хамтран асран хамгаалахаар тохиролцсон юм. Заримдаа тэд хамтдаа хүүхдээ салхилуулж, цуг хооллож харагддаг. 

Иринагийн хэлснээр тэрээр охиноо эрхлүүлэхийг хүсдэггүй гэжээ. Тэрээр Леад аливаа зүйлсийн үнэ цэнийг ойлгуулах тал дээр илүү анхаардаг аж. Тиймээс Шейк охиндоо зөв үлгэр жишээ үзүүлэхийг хичээдэг бөгөөд түүнд тууштай чанарыг төлөвшүүлж чаджээ. 

Саяхнаас эхлэн Ирина Шейк эхнэрээсээ дөнгөж салсан алдарт рэппер Канье Уэсттэй болзож эхэлсэн гэх яриа хэвлэлүүдээр газар аваад байгаа билээ. Гэхдээ олон хүний таамаглаж байгаагаар Канье өөрийн гаргаж буй хувцас, пүүз гэхчлэн бусад бүтээлийг Иринагаар дамжуулан дэлхий нийтэд сурталчлуулах зорилготой байж магадгүй гэнэ.

Ингээд түүний сүүлийн үеийн халуухан зургуудаас хүргэж байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()