Тархины нэг хэсгээ авахуулаад юунаас ч айхаа больсон эр

2021-06-22, 18:23
9,788

Айдас хэмээх сэтгэл хөдлөл бол тархины рефлекс юм. Ерөнхийдөө аюулаас хамгаалах, сэрэмжлүүлэх зорилгоор үүссэн урьдчилан сэргийлэх дохиолол гэж ойлгож болно. Тиймээс амьд үлдэхийн тулд энэ сэтгэл хөдлөл бүхий л амьтдад зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ  АНУ-ын иргэн Жоди Смит хэмээх эр айдасгүйгээр амьдарч болохыг харуулсан байна. 

Тархины нэг хэсгээ авахуулаад юунаас ч айхаа больсон эр

Смит 28 нас хүртлээ нэг л өдөр үхнэ гэсэн бодлоосоо огт салж чаддаггүй нэгэн байв. Энэхүү сэтгэл эмзэглүүлсэн мэдрэмж нь түүний аав, ах хоёр нь бага байхад нь нас барсантай холбоотой. Өөр нэг шалтгаан нь бол түүний мэдрэлийн системийн согог байв. Хэзээ мөдгүй үхэх нь гэж айх айдас залуугийн сэтгэлийг хором ч тайван байлгахаа больсон бөгөөд түүний бодлын дийлэнх хэсгийг эзэлж эхэлжээ.

Түүний мэдрэлийн систем "гэмтэлтэй" байсан учраас үүнийг дагаж гажиг үүссэн болох нь тодорхой болсон байна. Тодруулбал, Смит чанга чимээ сонсох, ядрах, алкохол хэрэглэх үедээ "татдаг" болсон байна. Ийнхүү тэрээр 26 насандаа эпилепси буюу гэнэтийн таталт өгөх эмгэгтэй хэмээн оношлогджээ. Эпилепсид эм бэлдмэлийн аргаар эмчилгээ хийж болох ч мэс заслын тусламжтайгаар бүр мөсөн эмчлэх боломжтой байв. Тиймээс хугацаа алдаж эрүүл мэндээ бүр дордуулахгүйн тулд Смит тархиндаа хагалгаа хийлгэхээр шийдсэн аж.

Эмч нар түүний тархины баруун талыг тайрах арга сэдсэн байна. Эрдэмтэд хүний тархины баруун хэсгийг сөрөг сэтгэл хөдлөл буюу айдас, уйтгар гунигийг "хариуцдаг" болохыг аль эрт олж нээсэн байдаг. Эсрэгээрээ зүүн хэсэг нь эерэг сэтгэл хөдлөлийг хариуцах үүрэгтэй. 

Хагалгааны үр дүнд Смит айдас огт мэдрэхээ больсон аж. Өдгөө 32 настай олон нийтийн өмнө үг хэлэх, охидтой уулзах мэтийн энгийн сандрал төдийхөн айдас биш, харин амьд үлдэхийн төлөөх айдас буюу үндсэн инстинктээ алдсан аж. Одоо тэр өндөр газар, махчин амьтан зэргээс ч айхаа больсон гэнэ. 

Эмч нар хагалгааг хоёр үе шаттай явуулсан байна. Нэгдүгээрт, эмч нар Смитийн тархийг нарийн шинжилж, тархины хүрээг тодорхойлохын тулд зориуд таталт үүсгэх замаар түүнийг долоо хоногийн турш "туршилтын туулай" болгосон юм. Смит өөрөө уг туршилтад сайн дураараа оролцжээ. Энэ үеэр тархины үйл ажиллагааг тусгай төхөөрөмжөөр бүртгэж эхэлсэн тул эмнэлгээс гарч туршилтаа гэртээ үргэлжлүүлэх боломжтой болсон байна.

Долоо хоног үргэлжилсэн туршилтын явцад Смит хэргээр нойроо хасаж, чанга хөгжим сонсож үзжээ. Үүнээс гадна эмч нар түүнд шар айраг хүртэл ууж үзэхийг санал болгосон байна. Зориудаар таталт үүсгэх туршилтын үр дүнд сайтар шинжилгээ хийсний дараа мэс засалчид Смитийн баруун тархинаас тайрах ёстой гэсэн дүгнэлт гаргасан аж. Ийнхүү мэс засал ч амжилттай болж, гурван өдрийн дараа Смит гэртээ харьжээ.

Тэрээр гэртээ хариад удалгүй биед нь өөрчлөлт гарч байгааг анзаарч эхлэв. Смит өөрийгөө огт өөр хүн болсон мэт мэдрэмж төрж байсныг хожим хуваалцсан байлаа. Тэрээр өмнө нь таталт үүсгэдэг байсан чимээ шуугианд таталт өгөхөө больсон ч түр зуурын ой тогтоолт нь муудаж, анхаарал нь сулрах зэрэг сөрөг үр дагавар ч үүсэж эхэлжээ. Гэхдээ сайн тал нь гэвэл тэрээр юунаас ч айхаа больсон байсан аж.

Нэгэн өдөр Смит хотын гудамжаар явж байхад нь үл таних бүлэг залуус дууджээ. Тэд Смитийг дээрэмдэх зорилготой нь илт байсан аж. Смит гэхдээ тэднээс огт айлгүй шууд яваад очсон байна. Үүнд гайхсан таван залуу түүнийг яаж ч чадаагүй гэнэ. 

Дараа нь Смитийн гарыг аалз хазсан байна. Тэрээр огт айж сандраагүй бөгөөд маш том аалз гаран дээр гарч ирээд хазаж байгааг маш тайвнаар харж суусан гэнэ. Тархи нь түүнд энэ амьтан аюултай гэсэн дохио өгөөгүй учраас ийм байдалд хүрсэн байна. 

Смит ерөнхийдөө юунаас ч айхаа больсон аж. Энэ нь тархины баруун хэсгийг тайрч авсантай холбоотой гэж түүний эмч нар үзэж байна. Эпилепсийн өвчтөнүүдээс гадна гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)-тэй хүмүүсийн тархины баруун хэсгийг мөн тайрдаг ажээ. 

Гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD) нь гэмтэлтэй холбоотой сэтгэцийн өөрчлөлт юм. Энэ нь маш хүнд зүйл үзэж мэдэрсний дараа үүсдэг эмгэг аж. Ихэвчлэн том осол эсвэл хүчирхийлэлд өртсөн хүмүүс PTSD-тэй хэмээн оношлогддог.

Өнгөрсөн жил Атлантын Анагаахын Их сургуулийн Сэтгэцийн болон зан үйлийн шинжлэх ухааны тэнхимийн судлаачид PTSD-тэй өвчтнүүдэд хийсэн судалгаагаа нийтэлжээ. Нэг өвчтөн нь 62 настай Вьетнамын дайны ахмад дайчин байсан аж. Түүний найзууд нь дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан явдал PTSD үүсэхэд нөлөөлсөн байна. Нөгөө өвчтөн нь 42 настай африк гаралтай эмэгтэй бөгөөд гэр бүлийн гишүүд нь хүчирхийлэлд өртөж зарим нэг нь бүр амиа алдсан тул мөн ийм эмгэгтэй болсон байна.

Тэдний тархины баруун хэсэгт лазерын төөнүүр хийснээр PTSD-ийн шинж тэмдгүүдийг арилгасан байна. Ахмад дайчин энэ эмгэгээсээ болж байнга уцаарладаг байсан бол одоо илүү тайван болжээ. Үүний дээр тэрээр илүү эрч хүчтэй, эрүүл чийрэг болсон гэнэ. Нөгөө өвчтөнд ч гэсэн энэ эмчилгээ ижил нөлөө үзүүлсэн аж. 

Өөрөөр хэлбэл тархины баруун хэсгийг тайрах эсвэл идэвхгүй болгосоноор хүн айдсаас гадна сэтгэл түгшүүр, уур уцаараас салж чадах юм. 

Гэсэн хэдий ч айдас түгшүүрийг зөвхөн мэс засал хийлгүй байгалийн аргаар үгүй хийж болно. Энэ явдал алдарт уулчин Алекс Хоннолдод тохиолдсон байна. 35 настай эр уул хаданд хамгаалалтын ямар ч хэрэгсэлгүйгээр авирч, дээд амжилт тогтоодог. Туршлагатай уулчдын хувьд аюулгүй байдлаа хангах үүднээс ууланд авирахад 4-5 хоногийн хугацаа шаардагддаг. Харин Алекс дөрвөн цаг хүрэхгүй хугацаа зарцуулдаг.

Ерөнхийдөө Хоннолын хувьд үхэл гэдэг тоглоом юм. Та түүний тухай дэлгэрэнгүй түүхийг 2019 онд Оскарын шагнал хүртсэн "Frisolo" баримтат киноноос үзэж болно.

Хэдэн жилийн өмнө мэдрэлийн судлаачид Хоннолдын тархины MRI шинжилгээг хийсэн юм. Ингэхдээ судлаачид түүнд айдас төрүүлэм зургуудыг үзүүлсэн байна. Гэвч тэдгээр зургууд нь Хоннолдын баруун тархийг өдөөж чадаагүй байна. Алекс ингэж огт айдасгүй хүн гэдгээ баталсан аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()