Дайны үед 800 еврей хүнийг гэртээ нууж аварсан Нидерланд эмэгтэйн түүх

Корри тен Бум (Corrie ten Boom) хэмээх бүсгүй 1940-1944 онд гэр бүлийн хамт Нидерланд дахь байшингаа нацистуудаас дүрвэн гарч буй еврейчүүдийн нуугдах газар болгон ашиглуулж байжээ. Корригийн гэр бүл удам дамжсан цагчид байсан бөгөөд тэд Нидерландын Харлем хотын Бартелжорисстрат дүүрэг дэх дэлгүүрийнхээ дээд талд нууц өрөө барьсан байна. Чухам энэ газарт Корри тен Бум болон түүний гэр бүлийнхний сайхан сэтгэлийн ачаар 800 орчим еврей хүн нацистуудын гараас амь аврагдсан түүхтэй.

Дайны үед 800 еврей хүнийг гэртээ нууж аварсан Нидерланд эмэгтэйн түүх
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Корри тен Бум 1892 оны 4-р сарын 15-нд дөрвөн хүүхэдтэй айлын бага нь болж төрсөн бөгөөд бүтэн нэрийг нь Корнелиа Арнолда Иоханна тен Бум гэдэг байв.

Түүний гэр бүл удмаараа их сүсэг бишрэлтэй хүмүүс байсан гэдэг. Тэд Данийн Протестант шашныг шүтдэг байсан бөгөөд түүний номлолын дагуу байнга бусдад тусалж, чадах чинээгээрээ сайн сайхан зүйл түгээхийг хичээдэг байв. Тен Бумын гэр бүлийнхэн бүгд Корригийн аав Касперын ажиллуулдаг цагны дэлгүүрийн дээд давхарт амьдардаг байсан аж.

Ээжийгээ нас барсны дараа Бум эцгийнхээ мөрөөр явахыг хүсчээ. Тэрээр эхлээд дэлгүүрийнхээ данс тооцоог хариуцаж байгаад дараа нь цаг засах аргыг өөрөө сурахаар шийдсэн байна.

Үүнээс хэдэн жилийн дараа тэрээр цагчны сургуульд элссэн бөгөөд 1922 онд Данийн анхны эмэгтэй цагчин болжээ. Харамсалтай нь 1930-аад оны сүүлээр дэлхийн 2-р дайн эхэлж, Корригийн эх оронд Нацистын цэргүүд тулж ирэв. 

Германы гол цэргийн хүч 1940 оны 5-р сарын 10-аас 17-ны хооронд буюу ердөө 7 хоногийн дотор Данийг эзлэв. Үүний дараа Дани дахь еврейчүүдийг шууд баривчилж бөөнөөр нь хорих лагерь луу илгээж эхэлсэн байна. 

Өдөр ирэх бүр еврейчүүдийг баривчлах нь нэмэгдэж эхэлсэн тул Бумын дэлгүүр еврей үйлчлүүлэгчдийн цагийг нь гэрт шууд хүргэж өгөх болжээ. 

Өмнө нь хэлсэнчлэн Данийн Протестант шашинтнууд бурхны өмнө бүгд тэгш эрхтэй гэдэгт итгэдэг тул Бумын гэр бүл чадах чинээгээрээ бусдад туслахыг хичээдэг байв. Тиймээс Клийрмакер хэмээх еврей бүсгүй тусламж хүсэж ирэхэд нь хувиа бодож эргэлзэлгүй, шууд гэртээ оруулсан аж. 

Удалгүй тен Бумын гэр бүлийн сайхан сэтгэлтэй гэдэг мэдээ тархаж илүү олон еврей тэднийг зорьж ирэх болов. Нөхцөл байдал илүү дордож эхэлсэн тул тэд нууц өрөө хүртэл гаргажээ.

Корригийн унтлагын өрөөн дэх хувцасны шүүгээг ийнхүү нууц тасалгаа болгож хувиргасан бөгөөд энд зургаан хүн багтдаг байна. Энэ бяцхан хэсэгт жижиг агааржуулах нүх хүртэл гаргаж өгсөн аж. Еврейчүүд  энгийн үед Корригийн өрөөнд байрлах бол шалгалт ирвэл тен Бумынхан тусгай товч дарж дохио илгээдэг болсон байв. Дохиог сонссон бол тэд шууд нууц өрөөнд орж нуугдана. Зарим нэг нь хэд хоноод явдаг байсан бол зарим нь бүр хэдэн сараар тен Бумынд байрлаж байсан гэнэ.

Нөхцөл байдал хэцүү байгааг үл харгалзан Бумын гэр бүл зочдоо үргэлж хөгжөөдөг байв. Тэд дуулж хуурдах дуртай байсан ба нэг удаа бүр бүгд нийлж жүжиг хүртэл тоглож байжээ.

Харамсалтай нь 1944 оны 2-р сарын 28-нд нэгэн Дани эр тэднээс урваж нууцыг нь Нацистуудын чихэнд хүргэсэн байна. Үүнээс болж Корриг дунд эгч, эцгийнх нь хамтаар баривчилсан боловч азаар нууж байсан хүнийг нь олоогүй байна. 

Нацистууд нийтдээ 30 гаруй хүнийг баривчилж тен Бумынхны тухай байцаасан бөгөөд хожим Корригийн гэр бүлээс бусдыг нь суллажээ. 

Нацист офицер 84 настай эцгийг нь суллаж явуулсныхаа хариуд дахиж ийм зүйл хийхгүй гэх ам өчиг өгөхийг шаардсан байна. Харин Каспер тен Бум өөр дээр нь тусламж хүсэж хүн ирвэл үүдээ хэзээ ч хамаагүй нээх болно гэж хариулснаасаа болж 10 өдрийн дараа шоронд амиа алдсан юм. 

Корриг эгчийн хамт шоронд хэдэн сар хорьсны эцэст 1944 оны 6-р сард хамтад нь Вугт хорих логерь луу илгээжээ. Удалгүй 9-р сард тэднийг дахин эмэгтэйчүүдэд зориулан барьсан, харгис гэдгээрээ зартай Равенсбрюкийн хорих лагерьт шилжүүлэв.

Хөөрхий бүсгүйчүүд еврей, цыган, улс төрийн хоригдол, биеэ үнэлэгчид, тахир дутуу хүмүүс, сэтгэцийн өвчтэй хүмүүс нарын адил хүнээс дор амьтад хэмээн адлагдан маш хүнд нөхцөлд хоригдож байжээ. Нацистууд тус хорих лагерьт нууц туршилт хийж байсан бөгөөд үүнээс болж 100 мянган эмэгтэй амиа алдсан юм.

Тэдний дунд Корригийн эгч Бетси ч багтжээ. Тэрээр хүнд өвчин тусаж, 1944 оны 12-р сарын 16-нд 59 насандаа амьсгал хураасан байна. Түүний эгч нас барахаасаа өмнө дүүдээ "Бурхны хайр хүрэхгүй газар гэж байхгүй. Түүнийг ашиглаж дайснаа хүртэл уучилж чаддаг байх ёстой" гэж хэлээд амьсгал хураажээ. 

Корригийн эгчийг нас барснаас 12 хоногийн дараа бичиг баримтын алдаа гарч, азаар Корри амь хэлтрэн суллагджээ. Тэрээр алдаанаас болж суллагдсан гэдгээ бүр хожим мэдсэн аж. Түүнийг гарснаас хойш хэдхэн хоногийн дараа түүний насны эмэгтэйчүүдийг хорт хий ашиглан үй олноор нь хөнөөсөн байна.

Кори гэртээ иртэл бүх зүйл өөрчлөгдсөн байлаа. Аав эгч хоёр нь нас барсны дээр хот нь дайны талбар болсон байв. Гэхдээ түүний энэрэнгүй сэтгэл мохсонгүй. Дайн дууссаны дараа Корри хорих лагерьт байсан хүмүүст зориулж эмнэлэг байгуулсан бөгөөд эгчийнхээ захиасын дагуу дайснаа өршөөж, ирээдүйн төлөө зүтгэхийг бусдад захих болсон байна. Үүний дагуу 1947 онд тэрээр Мюнхень хотод өөрийг нь хорьж, тамлаж байсан хүмүүсийг уучилж байжээ. 

Ийнхүү Корри үлдсэн амьдралаа бусдыг энэрч хайрлахад бүрэн зориулсан байна. Тэрээр өршөөлийн хүчийг бусдад таниулахын тулд дэлхийн 60 гаруй орноор аялсан аж. 

1983 оны 4-р сарын 15-ны өдөр Корри 91 насандаа таалал төгссөн байна. Тэр үед тен Бумынхныг "Яд Вашемийн" (Израйлийн төрөөс еврейчүүдийг хоморголон устгах үеэр тэдэнд тусалсан хүмүүст өгдөг хамгийн том шагнал) шагналаар шагнажээ. Тэд өөрсдөөсөө дэндүү том золиос гаргаж 800 орчим хүний амийг аварсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()