Монголын язгууртнууд Хятад хааны гавлын ясаар хийсэн аягыг хэрэглэдэг байсан уу?

2021-07-16, 12:58
20,238

Дайн тулааны түүхэнд ялагч тал нь ялагдсан талдаа сүр хүчийг үзүүлж, гутаан доромжлох зорилгоор төрөл бүрийн зан үйл хийсээр ирсэн юм. Жишээлбэл дайсны ахлагчийг ер бусын аргаар хороох, биеийн эд эрхтнийг нь цуглуулга болгон авах, сахиус болгон тахих гэх мэт. Тэгвэл нас барсныхаа дараа ч тайван байж чадаагүй өрөвдөлтэй хувь заяаг туулсан тэрхүү "ялагдагч"-дын нэг нь Хятадын Сүн улсын эзэн хаан байжээ.

Монголын язгууртнууд Хятад хааны гавлын ясаар хийсэн аягыг хэрэглэдэг байсан уу?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Жао Юн нь Хятадын Сүн улсын 14 дэх хаан бөгөөд улсынхаа сүүлчийн жилүүдэд буюу 1225-1264 оны хооронд төр барьжээ. Түүнийг нас барсны дараа Ли Цүн хэмээх шашны холбогдолтой цолыг олгосон тул хожмын сурвалж бичгүүдэд түүнийг энэ цолоор нь нэрлэж тэмдэглэсэн байдаг.

Төрийн хэргийг мэдсэн 40 жилийн хугацаандаа хаан маш их зүйлийг үзэж туулжээ. Эхэндээ тэрбээр Их Монгол улсын Чингис, Өгэдэй хаадтай хүчээ нэгтгэж, Алтан улсыг эзлэхээр тэмцэж байв. Энэхүү хэрэг явдал нь сүүлдээ бүтэмжтэй болсон ч үр дүн нь огт өөрөөр эргэв.

1234 онд Зүрчидийн сүүлчийн нийслэл эзлэгдэхэд Ли Цүн хаанд Алтан улсын газар нутгийн оронд хааных нь цогцос л оногджээ. Үүгээр монголчууд Сүн улсыг хүчирхэг хөрш бус, харин бүх Хятадыг гартаа оруулахад тус болох түр хугацааны "замын түнш" гэж хардаг нь тодорхой болов.

Ийнхүү Өмнөд Хятадад үлдсэн тэрхүү улсыг эрхшээх үйл явц эхлээд жижиг дайралтуудаар, хожим 1257 оноос эхлэн бүх цэрэг хөдөлгөсөн их дайн болон үргэлжилжээ.

Дайн санаснаас удаан сунжирсан нь Ли Цүн хааны сайн эсэргүүцэлтэй холбоотой. 1259 оны намар Мөнх хаан өөд болоход Өмнөд Сүн улсад түр амсхийх боломж олджээ. Гэвч 1274 - 1279 оны хооронд Юань гүрэн ажлаа дуусгаж, Өмнөд Сүн улс мөхсөнөөр хятадуудын нэрлэдгээр Жяннань буюу Хөх мөрний өмнөд нутаг бүхэлдээ монголчуудын мэдэлд орсон байна. Энэ үед Ли Цүн хаан авсанд ороод аль хэдийн 15 жил өнгөрсөн байлаа.

Гэхдээ түүнд амар амгалан нойрсох боломж олдсонгүй. 1280-аад оны дунд үед түүний булшийг хөндөн цогцсыг нь гаргаж, доторх үнэт эд зүйлсийг нь тоножээ.

Өдгөө өмнөд хөршийн Нанжинь хотын музейд хөөмөл мөнгөн таг, суурьтай, хүний гавлын ясаар хийж, сийлбэрээр чимэглэсэн аяга бий. Музейн тайлбарт өгүүлснээр Хубилай хааны илгээсэн түшмэл Ли Цүн хааны булшийг ухаж, гавлын ясыг нь аваад аяга хийсэн нь энэ аж. 

Орчин үеийн технологиор гавлын ясны дээжийг Сүн улсын төрийг барьж ирсэн Жао удмынхны ДНХ-тай харьцуулахад яг таг таарсан тул тус аягыг яах аргагүй Ли Цүн хааны ясаар хийсэн нь тогтоогдсон байна. 

Түүхэн эх сурвалжуудаас харвал Хубилай хаан түүний булшийг ухах даалгаврыг өөрөө өгөөгүй бололтой. Харин дөнгөж эзлэгдээд байсан Жяннань нутагт шашны хэргийг бариулахаар түүний илгээсэн Төвд лам Янринчен гэгч нь Сүн улсын хаадын бунхан байдаг хийдэд нэвтэрч, 6 хааны шарилыг тоносны нэг нь Ли Цүн хааны шарил байсан аж. Ли Цүний биед мөнгөн ус дүүргэх аргаар занданшуулсан байсан тул шарил нь маш сайн хадгалагдан үлдсэн байжээ. Төвд лам хааны шарилыг хөндөж, толгойг нь тасдан авсны зэрэгцээ хамт оршуулагдсан алт мөнгөн эдлэлийг ч тоноод амжжээ.

Хааны бие эрхтэн аз хийморь авчирна гэж итгэдэг тэрээр гавлын ясыг тайрч, цэвэрлэж өнгөлөөд, мөнгөөр гоёмсог суурь, таглаа урлан "дарсны аяга" болгожээ. 

Хожим тэрхүү лам өөрийн аягаа Хубилай хааны гэр бүлд өгсөн бололтой. Ямартаа ч аяга Юань гүрэн мөхөх хүртэл Алтан ургийн хаад, язгууртнуудын гарыг дамжсаар иржээ. Хятадад шинэ төр тогтсоны дараа Руна хэмээх лам аягыг хадгалсан байсныг Мин улсын анхны хаан Хонву маш өндөр үнээр худалсан авсан байдаг. Тэрээр үүнд зориулан томоохон баяр ёслол хийж, гавлын ясыг сэргээн засварлаад Нанжинь хотын ордонд хүндэтгэлтэйгээр залсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()