1
Вади Бани Халид, Оман улс
Оман улсад ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан, хамгаалалтад орсон нөөц газрууд олон бий. Тэднээс жуулчдын дунд хамгийн алдартай баянбүрд болох Вади Бани Халид нь элсэн манхан, ус, ургамал ногоо зэрэгцсэн хосгүй орчинтой. Энэ баянбүрдийн хасарваань дал моднууд үргэлж ногооноороо байх бөгөөд ус нь хүртэл цэнгэг тунгалаг учир жуулчид уг нутгийг "Газрын диваажин" гэж нэрлэдэг.
2
Уакачина, Перу улс
Уакачина бол зуу гаруй оршин суугчтай жижиг суурин юм. Перугийн зүүн өмнөд хэсэгт орших Ика мужийн баянбүрдийн дэргэд байгуулагдсан Уакачина суурин ер бусын байршлаараа ихээхэн нэр хүндтэй. Энэ газрыг жилд 10-20 мянган жуулчин зорин ирдэг бөгөөд орон нутгийн төсвийг жуулчдаас олох орлогоор бараг бүрэн хангадаг гэнэ.
3
Сива баянбүрд, Египет
Ливаны хилээс ердөө 50 км зайд орших энэ газарт 33 мянга орчим хүн амьдардаг. Нутгийн уугуул Бербер хүмүүс шавар байшинд амьдарч финикийн дал мод, чидун жимс тариалдаг. Суурингийн төв хэсэгт Эртний Египетийн Амун Рагийн баянбүрд хэмээн нэрлэгдэж байсан үзэсгэлэнт Сива баянбүрд оршино.
4
Хавирган саран нуур, Хятад
Цөлийн баянбүрд болсон байгалийн хосгүй бүтээл "саран" нуур Хятадын баруун хойд Ганьсу муж дахь Дунхуан хотоос холгүйхэн байрлана. Энэ бяцхан нуур их элснээс болж ширгэхдээ тулаад байсан ч Хятадын Засгийн газар байгалийн гайхамшгийг хэвээр авч үлдэхийн тулд нуурыг усаар дүүргэж, орчин тойрныг нь зүлэгжүүлсэн байна. Үүнээс гадна баянбүрдэд босгосон суваргууд болон Могао Буддын агуй нь жуулчдын заавал үздэг газар болжээ.
5
Чебика баянбүрд, Тунис
Нутгийн оршин суугчдын нэрлэдгээр "Qasr al-Shams" буюу Нарны цамхаг хэмээх Чебика баянбүрд нь Джебел болон Негубын уулсын бэл дэх бяцхан диваажин юм. Нэгэн цагт Ромын мэдэлд байсан энэ газарт Берберчүүд дүрвэн ирж суурьшсан түүхтэй. Үүнээс гадна та бидний сайн мэдэх "Оддын дайн", "Англи өвчтөн" кинонуудын зураг авалтыг энд хийсэн аж.
6
Тимиа, Нигер
Домогт Тимиа баянбүрд Хойд Африкийн уугуул үндэстэн болох туарегчуудын нутаг дэвсгэрт оршино. Энэхүү үзэсгэлэнт газрыг эрт дээр үеэс уугуул ардын дуу, яруу найрагт бахдан магтсан байдаг. Тимиа баянбүрд нь финикийн дал мод, замбал модоороо алдартай боловч харамсалтай нь хосгүй сайхнаараа гайхагддаг байсан энэ газар жил ирэх тусам хуурайшсаар байгаа юм.
7
Хавасу хүрхрээ, Америк
Эгц өндөр хадан хясаа, айдас төрүүлэм дүр зургийг үлгэрийн мэт болгон өөрчлөх Хавасу хүрхрээ харсан бүхний сэтгэлийг тайвшруулам тунгалаг цэнхэр өнгөтэй. Хавасупайн байгалийн нөөц газрын нэг хэсэг болох цэнгэг усыг очиж үзэхийг хүссэн хүмүүс 13 км орчим замыг явган эсвэл мориор туулж хүрдэг байна.
8
Тафилалт, Марокко
ЮНЭСКО-ийн Дэлхийн өвийн дурсгалт газарт тэмдэглэгдсэн Тафилалтын баянбүрд нь Марокко дахь Сахарын цөлийн хамгийн том баянбүрдэд тооцогддог. Байгалийн үзэсгэлэнт тогтоцоос гадна тансаг дал модоороо алдартай байсан энэ газарт Нигер голоос Танжер руу явах нүүдлийн цуваа заавал саатаж амардаг байжээ.
9
Убари баянбүрд, Ливан
Убари бол Ливаны өмнөд хэсэгт орших Феззан мужийн элсэн манхан дунд үүссэн 16 нуурын нэг юм. Сахарын Эрг Авбаригийн нэг хэсэг болох энэ газар түүхэн цагт аян жин тээх, хэл хүргэх зэрэг янз бүрийн зорилгоор яваа холын аянчдын уулзах цэг болж өгдөг байсан гэнэ.