"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ?

2021-08-03, 17:17
8,186

Памирын хурдны зам бол Памирын өндөрлөгийг соёл иргэншилтэй холбосон цорын ганц амин чухал "судас" юм. Киргиз, Тажикын хооронд 1200 гаруй км үргэлжлэх энэхүү замыг туулсан жирийн хүнд нэг насны аяллаа хийсэн юм шиг санагдах бол экстрим аялал сонирхогчдын хувьд заавал давах даваа нь болдог аж. 

"Дэлхийн дээврийн аялал" - Алдарт Памирын уулын замаар зорчиход ямар байдаг вэ?

Памирын хурдны зам (М41) нь Тажикстаны  Душанбе, Хорог хотоос эхэлж Киргизстаны Ош хотод дуусна. Замын ихэнх хэсэг Хятадын хилийн дагуу, Ваханы хөндий, ширүүн урсгалт Панж голын дэргэдүүр явдаг.

Дэлхийн хамгийн өндөрт байрладаг олон улсын чанартай замд тооцогддог болохоор нөхцөл байдлыг нь урьдчилан мэдэхэд хэцүү, бараг бүхэлдээ эзэнгүй зэлүүд газраар явна.

Автомашины үйлчилгээ бараг байдаггүй, шатахуун түгээх станц хүртэл үнэхээр ховор тааралдана. 

Өндөр хэвгий газар, төв замаас салсан хэсэгт цасан нуранги үүсэх аюултай тул өвлийн улиралд энэ замыг ашигладаггүй.

Замын багагүй хэсэг далайн түвшнээс дээш 4000 метрээс дээш гарах бөгөөд жишээлбэл Зүүн Памирт Талдык (3615 м), Кызыл-Арт (4280 м), Акбайтал (4655 м) гэсэн гурван өндөр давааг давах хэрэгтэй.

Памирын замын гол зорчигчид нь экстрим аялагчид, уулчид байдаг ба тэдний зорилго бол Киргизийн Ленин оргил, Тажикистаны Коммунизмын оргил (Исмаил Самани оргил) гэх 7000 метрээс дээш өндөртэй оргилуудад авирах явдал юм. 

Памирын замаар аялахдаа хүмүүс ихэвчлэн нутгийн иргэдийн зочдод зориулсан байшинд хонодог. Харин томоохон хотуудад (Хорог, Ош, Душанбе) бол зочид буудалд байрлаж болно.

Памирын өндөрлөг газар бол хатуу ширүүн уур амьсгалтай, хүн ам багатай ч маш үзэсгэлэнтэй газар юм.

Зам дагуу та олон сайхан уул нурууд, нуур, гол, рашаан, халуун булаг, эртний цайз, сарлагийн сүрэг, памирчуудын уламжлалт байшингууд, нутгийн оршин суугчдын зуслангийн байшин зэргийг сонирхох боломжтой.

Памирчууд Горно Бадахшаны түүхэн бүс нутагт (Баруун, Өмнөд, Зүүн Памир) амьдардаг, памир хэлээр ярьдаг бөгөөд уламжлалт шийт ислам ба эртний Арийн шашны өвөрмөц холимог болсон Исмайлын шашныг шүтдэг. 

Зам дагууд үзэх гол газрууд гэвэл Яшилкул (Ногоон нуур) болон Каракул (Хар нуур) нуурууд юм. 

Каракул нуур нь далайн түвшнээс дээш 3914 м өндөрт байдаг бөгөөд энэ нь Андын хамгийн алдартай Титикака нуураас 100 метр өндөрт оршдог гэсэн үг юм.

Памирын замыг 1800-аад дунд үед Оросын болон Британийн эзэнт гүрнүүд дундад Азийг эрхшээлдээ оруулахын төлөө тулалдаж байхад анх оросууд тавьж эхэлжээ.

Харин өнгөрсөн зууны дундуур Зөвлөлтийн төрөөс замыг сайжруулсан ч асар их хад чулуу, элс, мөс, салхины эрози зэргээс болж ихэнх хэсгийг нь асфальтаар хучиж чадалгүй үлдээсэн байна. 

Хавцлын хажууг тэгшилж гаргасан, хоёр машин зөрөх байтугай том машин багтахгүй зам, хэсэгхэн зайнд амьдрал шийдэх огцом эргэлт, уулын ширүүн урсгалт голын яг дээгүүр гарах гэх мэт аюултай, "адреналин ялгаруулдаг" хэсгүүд Памирын замд олон тааралдана.

Доошоо харахаас ч айдас хүрэм хэсгүүдээр явахад хүмүүс өөрийн эрхгүй залбирмаар санагддаг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()