"Amazon" хэрхэн дэлхийн хамгийн том компани болсон бэ?

Дэлхий даяар бараа бүтээгдэхүүн борлуулж, тээвэрлэдэг интернет худалдааны хамгийн том компани болох "Амазон" бусад компаниудын л адил багаас эхэлсэн байдаг. Тэгвэл Амазоны ерөнхий захирал, үүсгэн байгуулагч Жефф Безос хэрхэн байгуулсан компаниа дэлхийн даяар салбартай, тэргүүлэгч компаниудын нэг болгож чадсан бэ?

"Amazon" хэрхэн дэлхийн хамгийн том компани болсон бэ?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1994 онд Уолл Стрийтэд санхүүгийн байгууллагад ажиллаж байсан Жефф Безос "Amazon.com" нэртэйгээр анх компаниа байгуулжээ. Цагаан толгойн эхний үсэг болон дэлхийн хамгийн том мөрнийг бэлгэдэж энэхүү нэрийг тэрээр компанидаа өгсөн байдаг.

Тэрбээр компаниа хамгийн анх эхлүүлж байхдаа шууд төрөл бүрийн бараа зараад байсангүй, харин ч өөрөө маш нарийн судалж үзсэн байна. Безос 20 гаруй төрлийн барааны жагсаалт гаргаж, бодож үзсэний эцэст ном зарахаар төлөвлөжээ. Учир нь ном хэмжээгээрээ авсаархан, төрөл, сэдэв гээд сонголт маш өргөн тул тийм шийдвэр гаргасан байна. Гэвч тухайн үед Жефф Безос ганцаараа ном зарж байсангүй, түүнтэй адил өөр олон компаниуд байв. Гэхдээ Безосын бизнес бусдаас нэг зүйлээрээ ялгарч байсан нь ямар ч номыг АНУ-ын хаана ч хүргэж өгнө гэсэн амлалтыг хэрэглэгчдэдээ өгсөн юм.

Безос анхнаасаа Амазоныг бараа зардаг дэлгүүр биш, харин интернетээр дамжуулан хаанаас ч, юу ч худалдан авах боломжтой, худалдааг хөнгөвчилсөн технологийн компани байгуулах зорилготой байв. 

Амазоны бизнес стратеги мэдээж бусдаас их шүүмжлэл хүртдэг байсан. Тухайн үед олон шинжээч нар Амазоныг бусад том компаниуд адилхан интернетээр борлуулалт хийж эхлэхэд дампуурна гэхчлэн таамаглаж байв. Гэвч Амазоны хурдацтай өсөлт, жил жилийн орлогууд түүнийг нь няцааж байлаа. 

Анхны оффис

Жефф Безос тухайн үед интернет ямар их боломжийг авчирч чадахыг хүмүүс анзаарахгүй байна гэж хариу барьдаг байсан ба үнэхээр ч түүний хэлснээр 1996 оны 10-р сард 196,000 хэрэглэгчтэй байснаас 1997 оны сүүлээр 1 сая хэрэглэгчтэй болж, жилийн дотор 15 сая ам.доллароос 147 сая ам.долларын орлоготой болтлоо томорсон байна.

Энэ бүхнийг зөвхөн ном зараад олсонгүй, тухайн үедээ Амазон бараа зарах сонирхолтой бусад компани, веб хуудаснуудыг өөрсдийн олон хэрэглэгчтэй сайтдаа байршуулж, оронд нь тэдний олсон орлогоос ашиг хүртэх замаар бизнесээ тэлж байв. 

Тухайн үедээ 350,000 гаруй нэр төрлийн компани, онлайн дэлгүүрүүдтэй хамтарч ажиллаж, тэдний барааг сайтдаа зардаг болсон байлаа. 1998 онд дуу, бичлэг стриминг хийж эхэлж, мөн тэр жилдээ Герман, Английн онлайн номын дэлгүүрүүдийг худалдаж аван олон улсад өөрсдийн нөлөөгөө тогтоох эхлэлийг тавив.

Өсөлтөө тогтвортой байлгахын тулд 1997 онд дан ганц хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас хамаараад байлгүй өөрсдийн хувьцааг олон нийтэд нээлттэй болгож анхны арилжаанаасаа 54 сая ам.долларын ашиг олсон байна.

2002 онд Безос интернет дата анализ, "cloud" компьютерын үйлчилгээг санал болгож эхэлсэн нь түргэн эрчээ авч, бусад интернет компаниудад ч алдартай болох боломжийг олгож байв. Түүний нэг жишээ бол кино түрээсийн компани болох алдарт "Netflix" нь анх Амазоны энэ үйлчилгээг ашиглан хэрэглэгчдэдээ хүрдэг байсан юм.

Амазон анх ямар нэгэн барааг агуулахад хадгалалгүйгээр шууд хүргэлт хийх гэсэн төлөвлөгөөтэй байсан ч нэгэнт том болчихсон компани томоохон орон зайгүйгээр цааш хөгжиж чадахгүйг ойлгон АНУ даяар өөрсдийн агуулахуудыг нээж эхлэв. Ингэснээр хүргэлтийн хугацааг багасгаж түүнийгээ дагаад хэрэглэгчдэдээ хүргэх үйлчилгээ нь сайжирсан байна.

Амазон 2012 онд "Kindle" гэх ном унших боломжтой таблет бүтээж борлуулсан нь ашгаа өгч, уламжлалт цаасан номуудаас хол илүү зарагдаж байлаа. 2017 онд Амазон хүнсний сүлжээ дэлгүүр болох АНУ-ын "Whole Foods"-ийг 13 тэрбум ам.доллароор худалдан авсан. Ингэснээр Амазон хүнсний салбарт том нөлөөтэй болж дэлхийн хамгийн том гэх байр сууриа хадгалж үлдэхээр хичээж байна.

Гэхдээ энэ бүхний амжилтын нууц нь интернет биш, төрөл бүрийн бараа зардагт нь биш харин илүү энгийн зүйл болох хэрэглэгч бүрд тулж ажилладагт нь байв. Амазон анхнаасаа ямар ч барааг хаана ч байсан хүргэж өгнө гэсэн зорилготой байсан ба түүнийгээ ч биелүүлж захиалсан барааг хэрэглэгчийн гэрт хүргэж өгдөг.

Энэхүү үйлчилгээ нь хэрэглэгч татах гэхээсээ илүү, үнэнч хэрэглэгчдийн асар том сүлжээг үүсгэж чадсан. Энэ чанар нь ч бас илүү олон хүн татахад нь ч нөлөөлсөн гэдэг. Бизнес цагаа дагаад байнга өөрчлөгдөж байдаг ч хэрэглэгчдийн хүслийг хангаж чадсанаараа компани нь том амжилтад хүрч чадсан гэж Жефф Безос үздэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()