Ажил, амьдралын зөв тэнцвэрийг хангах ухаан

2021-09-17, 17:00
1,190

Гэртээ оройн хоолоо идэж байхдаа даргатайгаа харилцан мессеж бичилцэж, найз бүсгүйтэйгээ зугаалж байхдаа гэнэт цахим шуудангаа шалгах ёстойг санах... Иймэрхүү байдлаар үргэлжилсээр таны хувийн амьдрал тань өөрийн чинь ажил төрлийн нэг хэсэг болж хувирна. Үр дагавар нь та стресст орох, сульдаж ядрах гэх мэт. Ийм байдлаас зайлсхийж болох ба үүний тулд ажил амьдралын зөв тэнцвэрийг олох хэрэгтэй юм.

Ажил, амьдралын зөв тэнцвэрийг хангах ухаан
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

1980-аад оны үед харьцангуй хүчирхэг тооцоолон бодох машинууд бий болж, удахгүй интернет хэмээх дэлхийг хэрсэн сүлжээг хүн болгон ашиглах боломжтой болно гэж шуугиж байх үед олон хүмүүс эдгээр тоон системийн технологийн ачаар ажиллахад хөнгөн, амар болж хувийн амьдралдаа зарах цаг зав их болно гэж бодож байлаа.Үүнээс хойш 20 жил болоход компьютергүй оффис, ажлын байр гэж байхаа больжээ. Хүлээж байсан тоон систем нь амьдралд хэрэгжсэн төдийгүй бүр нэн хурдтайгаар тархаж ажил амьдралын бүх л чиглэлд нэвтрэн  дэлхий дахиныг хамарлаа. Үүнээс гадна компьютерын технологийн бас нэг үсрэлт болох цаг дөхөж байв.

Өнөөгийн нийгэмд хувь хүн нь интернетэд шууд холбогддог  ухаалаг утас зэрэг ямар нэг тусгай төхөөрөмжгүй байх аргагүй цаг болжээ. Ингэснээр таны ажил таныг хаа сайгүй цуг даган явж байна гэсэн үг. Ажлын 8 цагийн дараа шүү дээ. Бидний амьдралыг хөнгөвчлөх болно гэж найдаж байсан эдгээр технологи нь үнэндээ хөнгөвчлөх биш ердөө ажлын үр бүтээлийг дээшлүүлэхэд тус болсон ба таны хувийн амьдралын нэг хэсгийг хулгайлан авч ажилд тань зарцуулах замаар ийм өөрчлөлтөд хүрсэн билээ.

Ажил амьдралын зөв тэнцвэр гэж юуг хэлдэг вэ?

Хүн өөрийн мэдэлгүй хувийн амьдралаа гаргуунд гаргаж байдаг шалтгаан нь олон янз байж болно. Мөнгө дутагдах, ажилдаа ахиж дэвших гэсэн их хүсэл зэрэг нь хэргийн нэг л тал бөгөөд ийм материаллаг шалтгаан нь тодорхой зорилготой, утга учиртай шалтгааны нэг. Гэхдээ өөр нэг тал буюу сэтгэл зүйн шалтгаан гэж бий. Бий болж байгаа шаардлагын дагуу хэт ихээр ажиллах нь хувийн амьдралдаа сэтгэл дундуур байх нэг нөхцөл болдог. Энэ тохиолдолд шалтгаан болон үр дагавар нь байраа солих боловч харин уг хүнд нөлөөлөх муу нөлөө нь яг л хэвээр.

Ажил амьдралын тэнцвэр алдагдана гэдэг бол хүний амьдралын гол зорилго нь аажмаар өөрчлөгдөхийг хэлж байгаа юм. Хэрвээ та өөрийн хувийн амьдралдаа ажил төрлөө дэндүү их хутгалдуулж байвал та нэг бол цагаа, ажлын арга барилаа зохицуулж чадахгүй байгаа учраас амждаггүй, эсвэл ингэж цаг наргүй ажиллах нь ямар нэг сайн үр дүнд хүргэнэ гэсэн алдаатай ойлголттой хүн гэсэн үг. Ийм байвал та эцсийн дүндээ хувийн амьдрал ч үгүй, ажил төрлөө ч үзэн яддаг тийм л хүн болох билээ.

Харин тэнцвэртэй байлгах гэдэг нь амьдралын хоёр чухал зүйл болох ажил, амьдрал нь нэг нэгнийгээ үгүйсгэдэг зүйл биш харилцан нэг нэгнийгээ нөхөж байдаг тийм нөхцөл бий болгохыг хэлнэ.

Яагаад чухал гэж?

Одоо цагт ажил төрөлдөө хэт их цаг зарцуулахыг байх ёстой зүйл гэж үзэх нь багассан боловч ажлаа хувийн амьдралаас илүү дээгүүр тавих нь улам  ихэссэн төдийгүй тухайн хүний амжилттай яваа, бусдад хэрэгтэй хүн гэдгийг илтгэх нэг трэнд болж хувирсан гэж хэлж болох байх. Олон хүн ийм байдлаар ажиллаж амьдрах нь өөрийн байр суурийг тодорхойлох арга, өрсөлдөх чадвартай байгаагийн нэг шинж гэж ойлгодог болжээ.

Энэ нь буруу ойлголт бөгөөд ажлын цагаа зөв зохицуулж чаддаггүй, эсвэл өөр зүйл хийх сонирхолгүй, чадваргүй гэдгээ нуух гэсэн оролдлого байж болох юм. Энэ нийтлэлд илүү цагаар ажиллахыг буруутгах гэж хичээгээгүй бөгөөд шинэ ажилд орж байгаа, бизнес эхлүүлж байгаа, томоохон төсөл хэрэгжүүлж байгаа... зэрэг нөхцөлд энэ нь бүр заавал байх ёстой зүйл билээ. Гэхдээ ийм байдал дуусашгүй мөнхийн болж хувирсан бол таны ажил амьдралдаа хандах хандлага тань буруу байгааг харуулж байгаа хэрэг юм. Ажил дээрээ амжаагүй, чадаагүй зүйлээ гэртээ хийж гүйцээх гэдэг нь таны ажлын үр бүтээлийг нэмэгдүүлж байгаа гэж үзэхэд хэцүү . Бас өөрийн амьдралын бусад зүйлсэд зарцуулах цаг, энергийг ингэж багасгах нь тэрхүү хувийн амьдрал гээч зүйлээ хоёрдугаарт тавьж байгаагийн илрэл билээ. Жишээ нь та өөрийн хайртай бүсгүйд зарцуулах цагаа багасгана гэдэг бол удахгүй уг бүсгүй танд хандах хандлагаа өөрчлөх нэг шалтгаан болж болох юм.

Бидний ихэнх нь яагаад ажлаа эн тэргүүнд тавих болсон бэ?

Ажилдаа махруун, хамаг цаг заваа зарцуулах явдлаа бид “дуртай ажлаа сонгож ав, тэгвэл чи амьдралдаа ганц ч цаг ажиллахгүй жаргах болно” гэсэн үгээр хамгаалдаг. Энэ нь үнэн боловч ажилдаа дуртай байх гэдэг нь амьдралын бусад сайн сайхан зүйлийг хэрэггүй гэсэн үг огт биш юм. Энэ нь та шарсан тахианд дуртай гээд өөр ямар ч хоол идэхгүй байна гэж үгүйтэй адил утгатай юм шүү.

Амьдралын бусад зүйлс нь бас л анхаарал халамж шаардана. Дуртай ажлаа олж хийх нь, түүгээрээ хангалттай мөнгө олох нь маш сайхан зүйл. Гэхдээ өөр бусад аз жаргалаа зөвхөн ажлаараа солих гэдэг хэр зөв бэ гэдгийг та заавал бодож үзээрэй.

Аливаа зүйлийн тэнцвэрийг барьж байх гэдэг бол маш чухал чанар юм. Амьдрал гэдэг бол тэр чигээрээ сонголт.  Та янз бүрийн гэрээ хэлцэл хийх, хүнтэй харьцах, найз бүсгүйтэйгээ цуг хаана яаж амрах гээд бүх л зүйлд сонгох хэрэгтэй ба энэ нь эргээд заавал ямар нэг зүйлтэй их бага хэмжээгээр зөрчилдөж таарна. Ийм нөхцөлд тэнцвэрийг зөв барьж чадах нь таны ажлын амжилт, амьдрал тань аз жаргалтай байхын хамгийн гол нөхцөл юм шүү.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()