"Формула 1"-ийн домог Михаэль Шумахерт 8 жилийн турш амьдрах итгэл хайрлаж буй бүсгүйн түүх

2021-09-20, 16:00
12,258

F1 уралдааны бүх цаг үеийн шилдэг нисгэгч гэгддэг Михаэль Шумахер (Michael Schumacher) алдар нэрийн оргилд байхдаа маш олон бүсгүйчүүдтэй нэр холбогдсон байдаг. Тэрээр бүсгүйчүүдийг бээлий шиг сольж явдгаараа зартай нэгэн байсан бөгөөд үүнийг дагаад хэл ам үргэлж дагуулдаг байв. Гэхдээ Михаэль эцэст нь Коринн хэмээх бүсгүйтэй уулзсанаар бүх зүйл өөрчлөгдсөн юм. 

"Формула 1"-ийн домог Михаэль Шумахерт 8 жилийн турш амьдрах итгэл хайрлаж буй бүсгүйн түүх
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Михаэль Шумахер 1990 онд нэгэн үдэшлэг дээр Кориннтой учирсан байдаг. Коринн тухайн үед Хайнц-Харальд Френцен хэмээх өөр нисгэгчтэй болзож байсан юм. Михаэль түүнд шууд татагдсан боловч шууд харилцаа үүсгэх талаар бодсонгүй. 

Тэр үед ирээдүйн домог маань дөнгөж F1-ийн нисгэгч болоод байсан бөгөөд анхныхаа уралдаандаа ч ороогүй байлаа. Үүний дээр Михаэлийг эргүүлсэн бүсгүйчүүд олон байсан учраас Коррины ардаас гүйх хүсэл тийм ч их төрөөгүй гэнэ. 

Гэхдээ тэд нэг хүрээлэлд байсан учраас ойр ойрхон тааралддаг байв. Удалгүй Хайнц-Харальд гэр бүлтэй болохыг хүсээгүй учраас Коринн ирээдүйгээ бодон түүнээс салжээ. Энэ үед түүнд хайртай гэдгээ аль эрт ойлгосон Михаэль боломжийг алдсангүй. Коринн өмнө нь түүний учирч явсан бүсгүйчүүдээс тэс өөр байжээ. 

Коринн бусдад үргэлж анхаарал хандуулдаг, сайхан сэтгэлтэй, амьтдад хайртай учраас малын эмч болохыг хүсдэг, халуун дулаан гэр бүлтэй болохыг мөрөөддөг байв.

1995 оны 8-р сард хосууд хуримаа хийж, 1997 онд охин Жина-Мариа, 1999 онд хүү Мик-ээ өлгийдөн авав. Тэр үед дэлхий нийт хөнгөмсөг явдалтай Михаэль Шумахерийг тийм үнэнч эр нөхөр, халамжтай эцэг болно гэж зүүдлээгүй байсан байх. Тэрээр амжилтын ид үедээ байхдаа ч хичнээн завгүй, ядарсан ч гэсэн гэрийнхэндээ үргэлж цаг гаргадаг байсан юм. 

Анхны хүүхдээ төрүүлэхийн өмнө Коринн нөхрийнхөө бүх уралдааныг өөрөө ирж үздэг байжээ. Түүнээс ярилцлага авах болгонд "би хэзээ ч нөхрийнхөө ажилд садаа болохгүй" хэмээн хариулсан байдаг. Тиймдээ ч тэрээр хүүхэдтэй болсныхоо дараа нөхрөө тэмцээн уралдаанаа хойш тавьж, гэр бүлдээ цаг зарцуулахыг байнга шаарддаггүй байжээ.

Жина-Мариа охиноо төрөхөөс жилийн өмнө Михаэль гэр бүлдээ зориулж Женев нуурын эрэг дээр байшин худалдаж авсан байна. Тэрээр гэр бүлээрээ энгийн мөртлөө аз жаргалтай амьдрахыг хүссэн учраас чамин бус, жижигхэн байшин сонгожээ. Мөн дэлхийн шилдэг нисгэгч маань өөрөө машинаа барьж, эхнэр хүүхдээ дагуулж явдаг байсан аж.

Тэрээр эцэг болсныхоо дараа өөрийн оролцдог олон нийтийн арга хэмжээнийнхээ тоог эрс багасгасан бөгөөд менежертээ хандаж "хэдий би уралдах дуртай ч хэзээ ч карьераа гэр бүлийнхээ өмнө тавихгүй" гэж хэлсэн гэнэ. 

Шумахер эхнэртээ хэрэг гарсан л бол тусалдаг байсны зэрэгцээ хүүхдүүдээ хэт эрхүүлэлгүй, хөдөлмөрийн үнэ цэнийг зааж өгөх тал дээр маш их анхаарч өсгөсөн юм.

Хэдий өөрөө баян тамирчин ч Шумахер хүү охин хоёртоо наад захын хэрэглээнд хүрэлцэх халаасны мөнгө өгдөг байсан учраас тэд хуримтлал үүсгэж, хэрэгтэй зүйлдээ л мөнгөө зарцуулж сурсан байна. Үүний дээр Шумахер хүүхдүүддээ үргэлж зааж сургаж, шаардлагатай үед нь өөртөө итгэх итгэл өгдөг байжээ. 

Коринн, Шумахер хоёр муудалцсан ч гэсэн хэзээ ч дуугаа өндөрсгөлгүй маш тайвнаар асуудлыг шийддэг байжээ.

Швейцарь руу нүүснийхээ дараа Коринн малын эмчээр ажиллах болсон бөгөөд олон тооны нохой тэжээж, морин спортоор хичээллэж эхэлсэн юм. Тэрээр бүр 2010 оны Европын морин спортын наадамд хүртэл өрсөлдсөн аж. Коринн мөн нөхөртөө суралтчилгааны гэрээний тал дээр зөвлөхийн үүрэг гүйцэтгэдэг байв. Шумахер нэг бус удаа амжилтын үндэс нь Коринн хэмээн хэлсэн байдаг. 

2012 оны 10-р сард Шумахер зодог тайлсан бөгөөд харамсалтай нь жилийн дараа буюу 2013 оны 12-р сард золгүй явдал тохиолдов. Францын Альпийн нуруунд тэрээр цанаар гулгаж яваад осолдсон бөгөөд ингэхдээ цасан доор байсан хадыг мэдэлгүй толгойгоороо мөргөжээ. 

Үүнээс болоод Михаэль комд орж, олон удаа мэс засалд орсон байна. Чухамдаа энэ л үед Коринн нөхрийнхөө дэргэдээс холдолгүй цаг мөч бүрийг хамтдаа өнгөрүүлжээ. Тэрээр гэрээ нөхрийнхөө хэрэгцээнд тохируулан засч, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг суулгасан бөгөөд эмчилгээний зардалд нь зориулж Норвеги дахь байшин, хувийн онгоц, бүр Феррари машиныг нь хүртэл зарсан байна. Үүний хажуугаар Коринн нөхрийнхөө нэр төрийг хамгаалахаар элдэв цуу яриа дэгдээсэн сонин хэвлэлүүдийг шүүхэд өгсөн аж. 

Өдгөө Шумахерын биеийн байдлын талаар гэр бүлийнхэн нь маш чанд нууцалдаг бөгөөд Коринн 2021 оны 9-р сарын 15-нд нээлтээ хийсэн "Schumacher" хэмээх баримтат кинонд л ганцхан ярилцлага бөгсөн гэнэ.

Уг кинон дээр тэрээр "Михаэль ухаан орсноос хойш өмнөхөөсөө өөр болсон ч биеийн байдал нь сайн байгаа, гэр бүлийн хувьд бид бүх талаар түүнийг дэмжинэ. Тэр биднийг урьд нь хамгаалсан бол одоо бид түүнийг хамгаалах цаг ирсэн" хэмээн ярьжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()