Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв?

4 жилийн өмнөөс Amazon-ий үүсгэн байгуулагч Жефф Безос дэlхийн хамгийн чинээлэг хүн хэмээн тооцогдох болсон билээ. Түүний хөрөнгө нь одоогийн байдлаар 186 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Гэвч дэлхийн түүхэн дэх хамгийн чинээлэг хүний дэргэд энэ нь далайн дэргэдэх дусал төдий юм. Нэгэн цагт Африкийн хамгийн хүчирхэг оронд тооцогдож байсан Малигийн эзэнт гүрний хаан Манса Мусагийн хөрөнгийн хэмжээг түүхчид "хэмжээлшгүй" хэмээн тодорхойлдог. Тэрээр Арабын орнуудаар зочлоод "бэлэг дурсгалын" зүйлс авах төдийд тухайн улсын эдийн засаг дампуурч байсан гэдэг.

Дэлхийн түүхэн дэх хамгийн баян хүн, домогт хаан Манса Муса гэж хэн байв?
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

2012 онд АНУ-ын "Celebrity Networth" хэмээх сайт түүний хөрөнгийг ойролцоогоор 400 тэрбум ам.доллар байсан хэмээн таамагласан байдаг. Харин түүхчид Мусагийн хөрөнгийг одоогийн тооцооллын аргыг ашиглан бодох боломжгүй гэдгийг сануулсаар байгаа аж. Тиймээс барууны судлаачид Манса Мусаг "Алтан хаан" хэмээн хочилдог байна. 

Манса Муса 1280 онд Малигийн эзэн хааны гэр бүлд төрсөн юм. Түүний ах Манса Абу Бакр Мали улсыг 1312 он хүртэл захирсан байдаг. Гэвч тэрээр дэлхийгээр аялах хүсэлдээ хөтлөгдөн хаан ширээгээ орхисон юм. 

Атлантын далайн цаана юу байдгийг мэдэхээр шийдсэн Абу Бакр 2000 гаруй хөлөг онгоцод бүхий л эрдэнэсийг ачиж, боолуудыг дүүртэл суулгаад замдаа гарсан аж. Түүний аялал ямар үр дүнд хүрсэн тухай баримт одоогоор олдоогүй байна. Зарим хүмүүс түүнийг Өмнөд Америкт хүрээд тэндээ суурьшиж үлдсэн гэдэг ч энэ нь таамаг төдий. 

Энэ хооронд мэдээж Манса Муса ахынхаа оронд хаан ширээг залгамжилсан юм. Тэрээр улс төр болоод цэргийн ухаанд гарамгай хүн гэдгээ харуулан улсынхаа хил хязгаарыг хэд дахин тэлсэн байна.

Түүний эзэлсэн нутгуудад томоохон хотууд хэд хэд байсны нэг нь тухайн үеийн Африкийн хамгийн том, нөлөө бүхий хот болох Тимбукту байжээ. Тэр үед Малигийн эзэнт гүрний хил хязгаар Атлантын далайн эргээс өнөө цагийн Нигер улс хүртэл үргэлжилж байв. 

Асар том газар нутгийг дагаад төдий чинээ байгалийн нөөц баялаг дагалдаж ирэх нь ойлгомжтой. Тухайн үеийн хамгийн үнэтэй байгалийн баялгаар алт, зааны яс, давс зэрэг нэрлэгдэж байв. Шинжээчдийн үзэж байгаагаар Малигийн эзэнт гүрэн тэр үед Хуучин Дэлхийн (Еврази, Африк тивийн газар нутаг) нийт алтны нөөцийн тал хувийг эзэмшиж байжээ. Эртний бүх хаадын нэгэн адил Манса Муса эх орныхоо баялгийн эзэн байсан учраас тэр их алт түүний хувийн өмчид тооцогдоно. 

Хэдий хэмжээлшгүй их алттай ч Мали тэр үед дэлхийн хэмжээнд бараг танигдаагүй байв. Тиймээс Манса Муса гадныханд хөрөнгө чинээ, сүр хүчээ гайхуулахын тулд өөрийн шүтдэг Исламын шашны хамгийн ариун газар Меккад мөргөл үйлдэхээр болов. Ингэхийн тулд Сахарын цөлийг гаталж, Египетийг хөндлөн гулд гарсан олон мянган км замыг туулах ёстой байжээ. 

Малигийн эзэн хаан энэхүү аялалдаа энгийн хөсөгтэй явахыг хүссэнгүй. Нийт 60 мянган хүн түүнийг дагалдаж явахаар болсон бөгөөд үүнд төрийн түшмэд, цэргүүд, худалдаачид, жинчид болоод 12 мянган боол багтсан байна. Мөн тэр их хүнийг хооллохын тулд мянга мянган мал тууж явахаар болов. Нэг үгээр энэ нь энгийн цуваа биш бүхэл бүтэн хот нүүж байгаа хэрэг юм. Тэр ч байтугай Муса өдөр тутмын мөргөлөө үйлдэх явуулын сүм хүртэл авч явсан гэдэг. 

Үүнээс гадна их аяллын бараа бологчид нь ядуу тарчиг харагдах ёсгүй гэж Муса үзсэн байна. Боолууд нь хүртэл алтан хатгамалтай, хамгийн сайн чанарын Перс торгон хувцас өмсөөд, цул алтнаас өөр юу ч ачаагүй тэмээн жин хөтөлж явсан аж. Цуваа Кайр хотод хүрэх үед хүмүүс энэ үзэгдлийг зүүд мэт хүлээж авсан байна. 

Манса Муса тус хотоор зүгээр дайраад гарсан хэдий ч жинхэнэ домог болон үлдсэн юм. Олон жилийн дараа ч Кайрт зочилсон хүмүүс хамгийн түрүүнд Манса Мусагийн түүхийг сонсдог байсан гэдэг.  Муса гудамжинд тааралдсан хүн бүрт алтнаасаа хайр найргүй цацаж өгсөн бөгөөд үүнээс болоод Египетэд алт үнэгүйдэж, олон арван жил үргэлжилсэн эдийн засгийн хямрал үүссэн байна. 

Энэхүү өгөөмөр үйлдэл нь Мали улсыг дэлхийд таниулсан юм. Үүнийг батлах жишээг өдгөө Испанийн Махоркон их сургуульд хадгалагдаж буй, 1375 онд бүтээгдсэн "Каталын Атлас" газрын зургаас харж болно. 

Дундад зууны үеийн хамгийн нарийн дүрслэлтэй газрын зурагт тооцогддог "Каталын Атлас" Мали улсыг тодорхой харуулсан байх бөгөөд түүн дээр Тимбукту хотын дэргэд алт барьсан Манса Муса хааныг зурж үлдээсэн байдаг. 

Тэр үеэс хойш Тимбукту нэг ёсондоо Африкийн Эль Дорадо болсон юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс тус хотын эд баялгийг үзэхээр зорьж ирэх болов. Бүр 19-р зууны сүүл үе хүртэл Тимбукту дэлхийн төгсгөл дэх домогт алтан хот хэмээн нэрээ хадгалж үлдсэн байдаг. Энэ бүхэн нь Манса Мусагийн аяллын гавъяа юм. 

Хаан Мекка хүрсэн аяллаасаа хоосон буцаж ирсэнгүй. Тэрээр олон тооны эрдэмтэн мэргэд дагуулж ирсний дотор Муслим шашны үүсгэн байгуулагч Мухаммедын удмын хүн болоод алдарт архитектор Абу эс Хак эс Сахел нар багтсан байжээ. Чухамдаа тэр хүн өнөө цагт жуулчдын олноор зорьдог алдарт Жингэребер сүмийн зураг төслийг гаргасан юм. 

Эд баялгаас гадна Муса улсынхаа уран зохиол, боловсролын салбарын хөгжилд их анхаарсан байна. Түүний хаанчлалын үед олон сургууль, номын сан байгуулагдаж, Тумбукту Африкийн шинжлэх ухааны төв болжээ. Дэлхийн өнцөг булан бүрээс эрдэмтэд Малиг зорин ирсний хүчинд Санкорегийн их сургуулийг байгуулсан байдаг. 

1337 онд Мусаг нас барсны дараа хүү нь хаан ширээг өвлөн авчээ. Харамсалтай нь тэрээр эцгийнхээ хаана нь ч хүрэхгүй удирдагч байсан учраас удалгүй улс нь хэд хуваагдан задарсан байна. Хожим нь Европчууд тус нутгийг эзлэхдээ "домогт Мали ийм болсон байх гэж" хэмээн харууссан байдаг. 

Хэрвээ Европчууд Малигийн ид үед ирсэн бол Африкийн түүх өөрөөр эргэх боломжтой байсан байх. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()