Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хөнөөхөөр илгээгдсэн Хойд Солонгосын "124-р салаа"-ны түүх

1968 онд Хойд Солонгосчуудын тусгайлан бэлтгэсэн цэргүүд Өмнөдийн тал руу нууцаар нэвтэрсэн байдаг. Тэдний гол зорилго нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийг хөнөөх юм. Пхеньян бүх зүйлийг нарийн төлөвлөсөн тул энэхүү ажиллагаагаа амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байв. Гэсэн хэдий ч эцэст нь коммунист суртал ухуулгын гэнэн байдал, Хойд Солонгосын тусгай хүчнийнхний өөрсдийнх нь хүн чанарын улмаас бүх зүйл талаар болсон аж. 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хөнөөхөөр илгээгдсэн Хойд Солонгосын "124-р салаа"-ны түүх
Эрчим хүчээр баталгаажсан койн!
Хаах
Сурталчилгаа

Солонгосын хойгийн дайн 1950 оны 6-р сараас 1953 оны 7-р сар хооронд үргэлжилсэн бөгөөд эцэст нь Пхеньян, Сөүлийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний хүчээр гал зогссон байдаг.  Хойд буюу коммунист дэглэм бүхий БНАСАУ, Өмнөд буюу капиталист Бүгд Найрамдах Солонгос улсын хооронд дипломат харилцааг хадгалж үлдэхийн тулд 38-р өргөргийн дагуух 4 км гаруй хэмжээтэй талбайд цэрэггүй бүс байгуулсан байдаг. Чухам энэ бүсээр л дамжуулж хоёр тал хэлэлцээр хийдэг билээ. Харамсалтай нь санаатай болон санаандгүй байдлаас болж цэрэггүй бүс дээр олон удаа мөргөлдөөн үүсч, хүний амь эндэж байсан юм. 

Ямартаа ч энэ мэтээр Солонгосын хойгт түр ч болов энх тайван байдал тогтсон аж. Гэхдээ олон улсын хэмжээнд Өмнөд Солонгос болон АНУ-ын гаргаж буй үйлдлүүдээс болоод Хойд Солонгосын удирдагч Ким Ир Сен дорвитой арга хэмжээ авахаар шийдсэн байна. 

Эхлээд 1958 онд АНУ Өмнөд Солонгосын газар нутаг дээр цөмийн пуужин байрлуулсанаас болж Хятад, ЗХУ хүртэл дайн зарлах дөхсөн байдаг. Үүний дараа 1959 онд Вьетнамын дайн эхэлсний дараа Өмнөд Солонгос 50 мянга гаруй цэргээ АНУ-ын коммунизмын эсрэг хийж буй тэмцэлд дэмжлэг болгон илгээсэн юм. Үүнээс гадна Өмнөд Солонгосын дотоод байдал тун хүнд байв. Улс төр, эдийн засгийн хэмжээнд хямрал нүүрэлснээс гадна саяхны хүртэл гол дайсан нь байсан Японтой дипломат харилцаагаа сэргээсэн нь бараг бүх солонгосчуудын эсэргүүцэлтэй тулгарсан аж. 

Үүнийг анзаарсан хойдууд тун овжин арга сэдэж, суртал ухуулгын аргаар дайснаа дарахаар шийдсэн байна. Тэд "Жүчэ үзэл" хэмээх ухагдахууныг гаргаж ирсэн бөгөөд үүнийгээ "хүн төвтэй ертөнцийг үзэх үзэл, ардын тусгаар тогтнолыг хэрэгжүүлэхэд чиглэсэн хувьсгалт санаа" хэмээн тайлбарлаж байв. 

Ерөнхийдөө гадаадын бус өөрсдийн иргэдийн хүчээр тусгаар улс байгуулж хүчирхэгжинэ гэсэн санааг "Жүчэ үзэл" хэмээн нэрлэсэн байна. Энэ нь ч тухайн үедээ багагүй амжилтанд хүрч олон хүн Хойд Солонгосын талд орсон байдаг. Мэдээж хэрэг үүнд урамшсан суртал ухуулгын хороо 15 сая ухуулгын материал Өмнөд Солонгост тараасан гэдэг.

Үүнээс хойш хоёр улсын хил дээр байнга шахуу мөргөлдөөн гарах болов. 1967 онд энэ байдал туйлдаа хүрч, хил дээр амиа алдсан хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдсон байна. Харин 1968 онд төлөвлөгөөний эцсийн шат буюу Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг хороох ажиллагааг эхлүүлэв. 

Тухайн үеийн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Чүн Хиг хөнөөхийн тулд мэдээж өндөр бэлтгэгдсэн тусгай хүчин хэрэгтэй байв. Тиймээс аль 2 жилийн өмнөөс нарийн сонгож авсан 31 цэргийг бэлдэж эхэлсэн бөгөөд тэднийг "124-р салаа" хэмээн нэрлэсэн байдаг. Тэднийг шүхрээр буух, байршил тодорхойлох, ямар ч байгууламжид нэвтрэх, усанд сэлэх, мэс болон гардан тулаан хийх, өндөрлөг газар болон хүйтэн цаг агаарыг тэсвэрлэх, өнгөлөн далдлалт хийх зэрэгт бэлтгэжээ. 

Ажиллагаа эхлүүлэхээс өмнөх сүүлийн 14 хоногт 124-р салааг Хөх ордны бүрэн хэмжээний хуулбар макет дээр сургууль хийлгэсэн аж. Цэргүүд харуулын байр, шалган нэвтрүүлэх хэсэг, давшилт болон ухралт хийх боломжит байршил, бэхлэлт болгох боломжтой газрууд зэргийг тогтоож авчээ. Салааны цэрэг бүрт Өмнөд Солонгосын цэргийн дүрэмт хувцас, Зөвлөлтийн ППШ-43 автомат буу, 8 гранат хүлээлгэн өгөв. 

1968 оны 1-р сарын 17-д 124-р салааны цэргүүд хилийн зурвасыг давж, уулын жимээр өмнөдийн нутагт нэвтрэв. Тэд шөнийн харанхуйгаар бусдад мэдэгдэлгүй явсаар хоёр өдрийн дараа Симбон хэмээн ууланд иржээ. Энд цэргүүд түр отоглож амрахаар шийдсэн байна. 

Тэгтэл У овогтой ах дүү дөрвөн түлээчин тэдний отогт ойртож ирэв. Мэдээж өндөр бэлтгэгдсэн цэргүүдийн хувьд даалгаварт нь саад болсон ах дүүсийг дор нь устгахад амархан байсан юм. Гэвч коммунист ухуулгад дэндүү автсан 124-р салааныхан том алдаа гаргасан байна. 

124-р салааны цэргүүд бэлтгэл хийх үедээ байнга шахуу Өмнөд Солонгосчууд дарангуйлагч Пак Чүн Хиг үзэн яддаг, түүнийг устгах юм бол хоёр Солонгос нэгдэж коммунист диваажин бий болно хэмээх ухуулга сонсдог байв. 

Тиймээс "ирээдүйн" Ардчилсан Солонгосын түлээчин ах дүүсийг цэргүүд найрсгаар угтан авч удахгүй байгуулагдах нэгдсэн коммунист Солонгос улсын ирээдүйн талаар ярьж өгөөд явуулсан байна. Ингэхдээ тэд өөрсөдтэй нь таарсан гэдгээ хэнд ч битгий хэлээрэй гэж захихаа мартсангүй. 

Хэдэн цагийн дараа цэргүүд уулнаас буух замдаа Өмнөд Солонгосын цагдаа нар хаа сайгүй байгааг мэджээ. Түлээчид аль хэдийнэ хуулийн байгууллагуудад Хойд Солонгос цэргүүдийн тухай анхааруулж амжсан байсан учраас Сөүл хот даяар онц байдал зарласан аж. Үүний ачаар гудамж бүрийг цэрэг цагдаа хамгаалалтандаа авсан байв. 

Гэвч тэд өндөр зэрэгт бэлтгэгдсэний хүчинд хэд хэдэн бүлэг болж хуваагдан (тус бүр 2-3 хүнтэй) Сөүлд нэвтэрч чадсан бөгөөд Хөх ордны ойролцоо байрладаг Буддын шашны сүмд цугларцгаажээ. 

Хорлон сүйтгэгчдийн нэг, Хойд Солонгосын армийн дэслэгч Ким Шин Жо тэр үед 27 настай байсан бөгөөд "хөрөнгөтний ертөнц"-ийг хараад мэл гайхаж хоцорсноо дурссан байдаг. Тэднийг аймшигтай дарангуйллын нийгэм бус гял цал болсон өндөр барилгууд, гудамжинд өнгө нэмэх сурталчилгааны самбарууд, машин нь багтаж ядсан өргөн замууд угтсан учраас арга ч үгүй биз. 

Энэ зуур Хөх ордны хамгаалалт нэмэгдсэн байсан тул төлөвлөсөн ёсоор хэдэн талаас зэрэг дайралт хийх боломжгүй болов. Тиймээс тэд нууцаар нэвтэрч байндаа хүрэхээр шийдсэн байна. Үүний тулд тусгай хүчнийхэн Өмнөд Солонгосын 26-р явган цэргийн дивизийн дүрэмт хувцсыг өмсөж, эргүүл хийж буй цэргүүдийн дүрд хувиран ерөнхийлөгчийн ордон руу нэвтэрчээ. 

Байндаа хүрэхэд ердөө 95 м үлдээд байхад цагдаа тэднийг зогсоосон байна. Цагдаагийн ажилтан "эргүүл"-үүдийн бичиг баримтыг шалгаж байхдаа тэдний нэг нь Өмнөд Солонгосын цэргүүд өмсдөггүй гуталтай байгааг анзаарав. Сэжиг авсан цагдаа 26-р явган цэргийн дивизийн байрлалыг шалгаад тэднийг нийслэлд бус хил дээр байгааг олж мэджээ.

Ийнхүү өнөөх цагдаа тэднээс элдэв зүйл асууж, нэмэлт хүч иртэл цаг хожихоор шийдэв. 124-р салааныхан ч хэрэг бишдэж байгааг гадарласан бөгөөд удалгүй 2 автобус дүүрэн цэргүүд буух үед гал нээхээс өөр сонголт үлдээгүй байна. 

5 минутын турш буудалцсаны эцэст Өмнөд Солонгосын танкууд ирж байгааг харсан 124-р салааныхан хотоор таран зугтав. Амьд үлдсэн хэд нь энгийн иргэдийн хувцас олж өмсөөд, уул руу гарч, хойд зүгийг чиглэн зугтжээ.

Тэдний ихэнхийг нь дараагийн долоо хоногийн дотор олж, хороосон байдаг. Тэгэхдээ энгийн иргэдийн тусламжийг авч, тэднийг айлаас хоол хулгайлах юм уу гал түлээд дулаацаж байхад нь барьж байжээ.  Гэхдээ тэд тусгай бэлтгэгдсэн цэргүүд учраас зүгээр ч нэг бууж өгсөнгүй.

Бүслэгдсэн ч гэсэн 124-р салааныхан эцсээ хүртэл үзэлцсэн бөгөөд нийтдээ Өмнөд Солонгосын 50 цэрэг тэдний гарт амиа алдсан байна. Мөн цэрэггүй бүс дээр гурван америк цэрэг сүүлчийн хэдийг барьж авах гэж байгаад алагдсан аж.

Нууц ажиллагаанд явсан 31 дайчнаас Дэслэгч Пак Жэ Жун л ганцаараа Хойд Солонгост эргэж ирсэн байна. Тэрээр байж болох бүхий л шагналыг хүртсэн бөгөөд аажимдаа генералын цолонд хүрээд зогсохгүй БНАСАУ-ын батлан хамгаалах яамны дэд сайд болсон юм. 

Харин өмнөдийнхөнд бууж өгсөн ганц дайчин байсан нь дээр дурдагдсан дэслэгч Ким Шин Жо байжээ. Тэрээр нууц ажиллагааны нарийн ширийнийг бүгдийг нь Өмнөд Солонгосчуудад хэлж өгсөн юм. Мөн мөрдлөгийн явцад түүнийг нэг ч удаа буу, гранатаа хэрэглээгүй болохыг тогтоосон аж. Тиймээс Ким Шин Жод орогнол олгож, сулласан бөгөөд тэрээр хожим БНСУ-ын иргэн, Христийн номлогч болсон байна.

Харамсалтай нь төрсөн нутагт нь түүний эцэг эхийг хүүгийнх өмнөөс шийтгэн цаазалсан аж. 

Мэдээж хэрэг ийм явдал гарсны дараа дайн дэгдэх дөхсөн юм. Буудалцааны үеэр энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүд тэнэсэн суманд өртөн амиа алдсан учраас Өмнөд Солонгосын иргэд ч хатуу хариу арга хэмжээ авахыг шаардаж байв. 

Гэвч хорлон сүйтгэх ажиллагаа бүтэлгүйтсэнээс 2 хоногийн дараа 83 далайчинтай Америкийн тагнуулын хөлөг онгоц Хойд Солонгосын талд олзлогджээ. Тэднийг эргүүлж авахын тулд тохиролцоо хийж, өмнөх явдлыг мартахаас өөр сонголт ерөнхийлөгч Пак Чүн Хид байгаагүй гэдэг. 

Үүнээс хэдэн жилийн дараа Өмнөд Солонгосын тал Хойд Солонгосын удирдагчийг хөнөөх ижил төлөвлөгөө зохион, алдарт 684-р салааг бэлтгэсэн билээ. Тэднийг нэгэн арал дээр тусгайлан бэлдэхээр тусгаарласан боловч удирдах офицеруудын буруутай ажиллагаанаас болоод салааны цэргүүд 1971 онд бослого гарсан байдаг. Эцэст нь тэднийг ихэнхийг буюу 40 цэргийг хөнөөж бослогыг дарсан юм. 

Гурван жилийн дараа буюу 1974 онд нэгэн халдагч этгээд ерөнхийлөгч Пак Чүн Хи рүү бууджээ. Ерөнхийлөгч азаар амьд үлдсэн ч дэргэд байсан эхнэр нь суманд оногдож амиа алджээ. Үзэн ядалт ингээд дууссангүй, 1979 онд Пак Чүн Хи дахин халдлагад өртсөн бөгөөд энэ удаад тэрээр газар дээрээ амьсгал хураасан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()