Москвагийн метронд болсон танхайрал Оросын үндэстнүүдийн дундах зөрчлийг улам нэмжээ

2021-10-15, 15:04
14,518

Үндэстэн ястнууд, хэл соёлын олон янз байдлаараа ОХУ дэлхийд дээгүүр ордог ч өнөө үед энэ нь багагүй асуудал дагуулах болжээ. ЗХУ задарснаас хойш Чечень, Украин, Гүржийн дайн, салан тусгаарлалт, Дундад Азийн цагаачдын хямрал гэх мэт үндэстэн хоорондын зөрчилдөөн хурцдахын хэрээр жирийн иргэдийн дундах үзэн ядалт, ялгаварлан гадуурхал ч нэмэгдэж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Москвагийн метронд Дагестанаас ирсэн 3 залуу нэгэн орос залууг зэрлэгээр зодож, хүнд бэртээсэн явдал юм.

Москвагийн метронд болсон танхайрал Оросын үндэстнүүдийн дундах зөрчлийг улам нэмжээ

Өнгөрсөн 10-р сарын 4-ний өдөр Москва хотын Арбатско-Покровск чиглэлийн метрон дотор болсон танхайн хэрэг сүүлийн хэдэн өдрүүдэд хойд хөршийн нийгэмд шуугиан дэгдээгээд байна. Болсон үйл явдлыг тодруулбал, тухайн өдрийн орой 3 дагестан залуу метронд орж ирснийхээ дараа зорчигчдын тав тухыг алдуулж, эмэгтэйчүүдийг суудлаас босгохыг оролдож, чангаар харааж эхэлжээ. Удалгүй тэдэнд шаардлага тавьсан нэгэн эмэгтэйг танхайрагчид үг хэлээр доромжилж, биед нь халдахыг завдахад метронд явсан 25 настай Роман Ковалёв хэмээх залуу тэрхүү эмэгтэйг хамгаалахаар босч ирсэн байна.

Гэтэл дагестанчуудын нэг нь Ковалёвын нүүр рүү цохиж, унасан хойно нь гурвуулаа нийлэн зэрлэгээр зодож эхэлжээ. 

Энэхүү балмад явдлыг метронд зорчигчдын нэг нь утсан дээрээ бичиж, олон нийтийн сүлжээгээр цацсан байна.

Танхайрагчид дараачийн буудал дээр буун зугтсан ч цагдаа нар камерын бичлэг шүүж, тэр оройдоо гурвууланг нь баривчилсан байна.

Цагдаагийн дүгнэлтээр хэргийг үйлдэгчид нь Дагестаны БНУ-аас ирсэн Магамаали Ханмагомедов, Ибрагим Мусалаев, Гасан Залибеков нар болох нь тогтоогдсон байна. Тэдний хоёр нь хулгайн хэргээр өмнө нь шийтгүүлж байсан бол нэг нь санаатайгаар хүний биед гэмтэл учруулсан хэрэг үйлдэж байжээ.

Хохирогч Роман Ковалёвын хувьд нүүрний яс цуурсан, хамар хугарсан гэмтэлтэйгээр өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эхлээд цохиулсны дараа түүний ухаан балартаж, цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа аж.

Харин хэргийг үйлдсэн дагестан залуус шүүх хурал болтол 2 сарын хугацаанд саатуулагдах бөгөөд хэрэв танхайрлын зүйл ангиар шийтгэгдвэл хамгийн ихдээ 7 жил, санаатай аллага үйлдэхээр завдсан гэж үзвэл 15 жил хүртэл хоригдох ял авахаар байна. 

Энэхүү явдлын дараа Орос даяар томоохон маргаан дэгдэж, цахим орчинд үндэсний цөөнхийн эсрэг үзэл хүчээ авчээ. Ялангуяа Кавказын ислам шашинтай иргэд болон оросуудын хоорондын хагарал, үзэн ядалт эрс нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ Роман Ковалёвыг бусдын төлөө ганцаараа эр зориг гаргасан "баатар" хэмээн магтаж, харин хэрэг гарах үед метронд байсан бусад эрчүүдийг балмад явдлыг зогсоох гэж оролдоогүйд дургүйцэн, шүүмжлэх хүмүүс олон байлаа. 

Оросын төр засаг ч Ковалёвын үйлдлийг үнэлж, цаашид ийм явдлыг таслан зогсооход анхаарахаа амалжээ. Москва хотын захирагч Сергей Собянин эмнэлэгт очиж түүнийг эргэсэн бөгөөд 2 сая рублийн нөхөн олговор түүнд олгохоо мэдэгджээ. Мөн ОХУ-ын Мөрдөн Байцаах Хорооны тэргүүн Александр Бастрыкин Роман Ковалёвыг иргэний үүргээ биелүүлсэнд нь талархаж "Эр зоригийн одон"-гоор шагнасан байна.

Гэтэл дээрх шагналын талаар холимог тулааны алдарт аварга, дагестан үндэстэн Хабиб Нурмагомедовын сошиал хаягтаа оруулсан пост үндэстэн хоорондын зөрчилд гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Тодруулбал тэрээр өөрийн гол өрсөлдөгч байсан ирланд тулаанч Конор МакГрегорын зургийг сторидоо оруулж, "Бастрыкин МакГрегорт хэзээ одон гардуулах вэ? Тэр бас дагестанчуудад зодуулаа биз дээ" хэмээн ёжилсон үг бичжээ. 

Энэхүү "хошигнол"-оороо тэрээр 2018 онд МакГрегортой хийсэн тулааных нь дараа дагестанчууд дэвжээ рүү дайран орж, үймээн гаргасан явдлыг дурссан бололтой. Түүний энэхүү стори оросуудын дургүйцлийг ихээр төрүүлж, үзэн ядалтыг нь улам дэвэргэсэн байна. Мөн хойд хөршийн нэртэй тамирчид, алдартнууд ч Хабибыг буруу юмаар тоглоом хийлээ хэмээн шүүмжилж, уучлал гуйхыг шаарджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()