"11 жилийг торны цаана..." Алдарт жүжигчин Данни Трехогийн өмнөх амьдралын түүх

2021-10-19, 15:20
35,192

Дүүрэн шивээстэй булчинлаг бие, савхин хүрэм зэрэг нь алдарт жүжигчин Данни Трехог гэмт хэрэгтэй киноноос шууд гараад ирэв үү гэлтэй харагдуулдаг. Тэрээр нийт 11 жилийг торны цаана чанга хатуу дэглэм, бослого үймээн, зөрчил зэргийг даван туулж өнгөрөөсөн юм. Ингээд Холливудын хамгийн сүртэй төрхтэй эрэгтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор тооцогдох Даннигийн өнгөрсөн амьдралтай танилцацгаая.

"11 жилийг торны цаана..." Алдарт жүжигчин Данни Трехогийн өмнөх амьдралын түүх

Тэрээр  Лос-Анжелесийн Эко парк гэх газар 1944 оны 5-р сарын 16-нд төржээ. Байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан аав Дионисио нь нэгэн удаа хүн хутгалж, улмаар Техас руу зугтан түүнийг орхижээ.

Аавынхаа эзгүйд тэрээр эмээгийнхээ гэрт үеэлтэйгээ нэг өрөөнд амьдардаг байсан ба тэд хожим нь маш дотно болсон юм. Үеэл Гилберт нь түүнээс дөнгөж 6 насаар ах байсан ч түүнд яг л ааваас өөрцгүй байв.

Данниг 8 настай байхад Гилберт түүнд боксын эрдмийг заахын сацуу марихуан анх хэрэглүүлжээ. Түүнийг 12 настайд нь геройноор хангаж, хожим донтоход нөлөөлсөн хүн бол мөн л үеэл нь байв.

Трехо ийнхүү Гилберттэй нийлэн дээрэм хийж, хар тамхи наймаалж, буруу зам руу нэгэнт оржээ. Жил хүрэхгүй хугацааны дараа тэрээр насанд хүрээгүйчүүдийн хүмүүжүүлэх төвд очсон бол 18 нас хүрээд шоронд орсон юм.

Суллагдсаныхаа дараа тэрээр илүү хүнд, бусдын амь насанд заналхийлсэн гэмт хэргүүдийг үйлдэж эхэлсэн юм. Жишээлбэл архины дэлгүүрийг гранатаар дэлбэлэн дээрэмдэж, баарны зодоонд пивоны хагархай шил хүний нүүр лүү зоож байв. "Санаж яв, хүмүүс чанга эрчүүдээс айдаггүй, харин галзуу хүмүүсээс л айдаг" хэмээн тэрээр энэ үеийнхээ тухай дурссан байна

Гэтэл 1965 онд түүний амьдрал дахин урууджээ. Хар тамхинаас өөр онцын зүйлгүй өдөр хоногийг өнгөрөөж байсан Данни геройн зарсан хэргээр 10 жилийн ял авсан юм. Ийнхүү тэрбээр Фолсом, Сан Квентин, Соледад гэх америкийн цуутай гурван шоронгийн аймшгийг тэрээр арай хийн давсан юм.

"Сан Квентин рүү орох үед чи таазан дээр улаан, ногоон хоёр гэрэл харах болно. Хэрэв улаан гэрэл асаж байвал хоригдлууд нэгнээ алж байна гэсэн үг. Тийшээ хүмүүс ордог, гэхдээ гарч ирдэггүй" хэмээн тэр дурссан байдаг. Ийм орчинд Трехогийн хүүхэд насандаа сурсан боксийн эрдэм түүний аминд оржээ.

"Би шоронгийн хүнд, хөнгөн жингийн аварга болж байлаа" хэмээн тэр ярьжээ. Хэдий тэрээр ямар ч хоригдлыг нударгаараа буулгаж авч чадахын зэрэгцээ нэр хүндтэй "атаман" байсан ч үхэхээс айх айдас нь хэвээрээ байлаа. 

Тэрээр нэгэн хоригдол ар нуруундаа хутгалуулчхаад инээж байхыг хараад өөрийгөө энэ газар гарцаагүй үхэх юм байна гэж бодож байжээ.

1968 онд Данни Соледад шоронд шилжин очоод байх үед дээрх бодол нь бараг биелэх дөхжээ. Шоронгийн нэгэн үймээний үеэр Трехо хоригдлуудтай "чулуугаар байлдаж" байх үедээ санаандгүй нэгэн харгалзагчийн толгойг онож орхисон байна.

Ийнхүү гурван сар сахилгад хоригдсон тэрээр хэрэв санаатай аллага хийхийг завдсан зүйл ангиар буруутгагдвал цаазын ялтай нүүр тулах байв. "Харанхуй нүхэнд сууж байхад бүх зүйл дууссан мэт санагдаж байв. Цаг минут тутамд би удахгүй бүх зүйл сайхан болохын төлөө бурханд залбирч байв. Үнэндээ миний амьдралыг бүхэлд нь өөрчлөх цэг эндээс эхэлж байлаа." хэмээн тэрээр ярьжээ.

Үнэхээр бурхан түүний залбирлыг сонссон байлаа. Үймээн гарах үед байсан 3000 хоригдол дундаас нэг ч гэрч олдоогүй тул Данни 1969 оны 8 сард шоронгоос өршөөлөөр суллагдсан байна.

Урьдын найзуудаасаа холбоогоо тасалж, амьдралаа өөрчлөхөөр шийдсэн Данни өдрийн цагаар цэцэрлэгч хийж, оройн цагаар хорт зуршлаас салах хүсэлтэй хүмүүсийн уулзалтад оролцож байсан юм.

Удалгүй түүний сүртэй төрхийг кино бүтээгчид анзаарч, танхай бүлгэмийн гишүүний дүр бүтээх пробонд орохыг урьж эхэлжээ.

Эхэндээ зөвхөн оролцон тоглогч, яваандаа туслах дүр гэх мэтээр кино урлагийн карьерт урт замыг туулж, хожмоо мэргэжлийн жүжигчин болон өсөж чадсан юм. 

Найруулагч Роберт Родригез кинондоо жинхэнэ латин хүн тоглуулна гэж шийдсэн байх үедээ Данниг олж хараад шууд л "Dusk till da wn" (1994), "Desperado" (199) зэрэг кинондоо тоглуулсан билээ.

Тэр ч байтугай зөвхөн Данни Треход зориулагдан бичигдсэн "Machete" (2010) кино нь 44 сая ам.долларын ашиг хийсэн юм. Урьд нь цаазлуулах дөхөж байсан хар тамхины наймаачин, дээрэмчин маань өдгөө 3 дахь улаан хивсний ёслолдоо оролцоод байна.

Кинон дээрээ гардагчлан тэрээр энэ бүхнийхээ төлөө хэнд талархах ёстойгоо мартаагүй аж. "Хэдэн өдрийн өмнө би бурхантай ярилцаад өөрийгөө хэр байгааг асуусан. Тамаас гарч ирсэн гэхэд сайн байна, цаашдаа улам хичээгээрэй гэж бурхан надад хариулсан" хэмээн тэрээр өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()