Аймшигт газар хөдлөлтөөс амьд үлдсэн Хятад бүсгүй анх удаа загварын тайзан дээр алхжээ

2021-10-26, 16:01
28,022

Өдгөө 24 нас хүрч яваа Ниу Ю хэмээх Хятад бүсгүй 2008 онд дэлхий дахиныг цочроож байсан Сычуаний газар хөдлөлтийн үеэр нурангид дарагдаж, гурван хоног байсны эцэст амьд гарчээ. Тэр үед дөнгөж 11 настай байсан тэрээр гүйлтийн спортоор хичээллэдэг, сургуулийнхаа хөнгөн атлетикийн багийн гишүүн байв. Харамсалтай нь хүнд бэртсэн хөлөө тайруулахаас өөр аргагүй болсон Ниу тэр цагаас хойш урд хөршид олон хүнд итгэл найдвар өгөх үлгэр дууриалал нь болж, амжилтанд хүрэхэд хөгжлийн бэрхшээл саад болдоггүй баталсаар иржээ. Тэгвэл Ниу бүсгүй саяхан Шанхайн загварын долоо хоногийн үеэр тайзан дээр алхаж, мөрөөдлөө биелүүлсэн байна.

Аймшигт газар хөдлөлтөөс амьд үлдсэн Хятад бүсгүй анх удаа загварын тайзан дээр алхжээ

Хэдий тэрээр тайзан дээр өөртөө итгэлтэй, туршлагатай модель шиг алхаж харагдсан ч өмнөх шөнө нь сандарсандаа цурам хийгээгүй гэжээ.

Тэрээр загварын шоутай хамтран ажилласан "Pony" брэндийн урилгаар ийнхүү тайзан дээр гарч ирсэн нь энэ аж.

2020 онд өөртэй нь адилхан хөлөө алдсан 19 настай охин түүн рүү захидал бичиж, хөгжлийн бэрхшээлтэй ч загвар өмсөгч болж тайзан дээр гарах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байжээ. 

Түүнийг уншаад урам орсон Ниу "Бид төгс биш байж болох ч хөөрхөн хэвээрээ шүү" гээд тайзан дээр гарахаар шийдсэн гэнэ.

Шоуны үеэр бусад загвар өмсөгчид гарч ирэх болгонд үзэгчид алга ташиж байсан ч Ниу гарч ирэхэд бүгд гэнэтхэн чимээгүй болсон байна. Гэтэл нэг эмэгтэй "Догь юм аа" гэж дуу алдсаны дараа бүх үзэгчид Ниуд халуун дотноор баяр хүргэжээ.

Хиймэл хөлтэй загвар өмсөгчийн бичлэг урд хөршийн Weibo цахим сүлжээн дээр хамгийн олон хандалттай сэдэв болжээ. 

Гэхдээ тэрээр анх удаа улс даяар олны анхааралд өртөж байгаа нь энэ биш юм. 

Сычуаний аймшигт газар хөдлөлтийн 10 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 5-р сарын 12-нд тус мужийн Вэнчуань хотод зохион байгуулсан марафон гүйлтэд Ниу оролцсон нь мөн цахим орчинд шуугиан тарьж байжээ. Энэ өдөр мөн Ниугийн 21 насны төрсөн өдөр байв.

Ниу өдгөө гэрэл зурагчнаар ажилладаг бөгөөд нийгмийн сүлжээ дээр тун идэвхтэй байдаг. Тэрээр "Douyin" (Бусад оронд TikTok гэж нэрлэдэг) дээр хэдийн 850 мянган дагагчтай болоод амжсан гэнэ. 

Цахим хаягаараа дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй бүлгийг олон нийт илүү сайн ойлгоход нь туслахын тулд өөрийн туршлагаасаа хуваалцдаг гэжээ.

"Хятад улсад 2020 онд 85 сая хөгжлийн бэрхшээлтэй иргэн албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, шаардлагатай бичиг баримтаа авсан байсан. Гэхдээ үүний цаана бүртгэлгүй хичнээн ийм хүн байгааг бид мэдэхгүй. Дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гудамжаар явах нь ховор. Би үүний цаад шалтгааныг удтал бодсоны эцэст тэд өөрсдөөсөө ичээд гэрээсээ гардаггүй болохыг ойлгосон." хэмээн тэрээр ярьсан байна. 

"Ийм том брэнд салбартаа үлгэр дууриал болж бусдыг ялгалгүй хүндэлж, өөрсдийгөө нээх боломжийг олгохыг уриалж байгаа нь сайн хэрэг" хэмээн Global Times сонинд  Шанхайн загварын шоуны талаар бичжээ. Ниу ч мөн ижил зүйлд бусдыг уриалахыг хүссэн гэдгээ илэрхийлсэн байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()