Хүний шуналаас болж үүссэн хамгийн том гамшигт явдлын түүх

Ашиг олохын төлөө бүх зүйлийг умартсанаас болж "Мөнгө улаан, нүд цагаан" гэдэг үг биеллээ олсон олон явдал дэлхийн түүхэнд тохиолдож байв. Гэхдээ зөвхөн нэг компанийн шуналаас болж олон мянган хүний амь хохирсон тохиолдол байдаг бөгөөд үүнийг хүний буруугаас бий болсон хамгийн том гамшиг хэмээн өдгөө нэрлэх болжээ. 

Хүний шуналаас болж үүссэн хамгийн том гамшигт явдлын түүх

1939 онд Швейцарийн химич Пол Мюллер бүх төрлийн хортон шавьжийг устгаж, ургамлыг хамгаалдаг ДДТ хэмээх химийн нэгдлийг нээжээ. Тэрхүү бодисыг үйлдвэрлэхэд маш хялбар учраас Мюллер нээлтээ хийснээс нэг жилийн дараа JEr Geigy компани түүнтэй гэрээ хийн бүтээгдэхүүнийг патентжуулжээ. 

ДДТ тэр даруйдаа амжилт олсон тул тус бодисыг зөвхөн тариалангийн талбайд төдийгүй ахуйн нөхцөлд төрөл бүрийн аюултай өвчин үүсгэдэг шавжтай тэмцэхэд идэвхтэй ашиглаж эхэлсэн байна. ДЭМБ-ын мэдээлснээр ДДТ-ийн ачаар хумхаа өвчин тараагч шавжнуудыг устгалд оруулж, нийтдээ 5 сая хүний амийг аварсан аж. 

Мэдээж хэрэг ийм эрэлттэй бүтээгдэхүүний дууриамлууд олноороо зах зээлд гарч ирсэн юм. Үүнтэй зэрэгцэн АНУ-ын "Union Carbide" компани карбарил хэмээх өөр нэгэн органик нэгдлийг нээсэн бөгөөд үүнийгээ 1958 онд "Севин" нэрээр зарж эхэлсэн аж.

Тэгтэл удалгүй ДДТ нь амьтад төдийгүй хүнийг аажмаар хордуулж амь насанд нь хүрдэг болохыг тогтоожээ. Энэхүү явдал нь Union Carbide-ийн удирдлагын хувьд зүүдэнд ормооргүй баярт үйл явдал байсан юм. Учир нь тэдний "Севин" нь ДДТ-ээс дутахааргүй шавж устгадгийн дээр хүнд ямар нэг хортой нөлөө үзүүлдэггүй байжээ. Тиймээс тус компани удахгүй илүү "аюулгүй" хорны эрэлт нэмэгдэнэ хэмээн тооцоолж, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр шийдэв. 

Мөн "Union Carbide" хямд өртөгтэй ажилчид олдох газар удаан хайсны эцэст Энэтхэгийн Бхопал хотод үйлдвэр барьж эхэлжээ.

"Севин"-ийг гаргаж авахын тулд хэрэг болох метил изоцианат (товчилсон нэр MIC) нь нүүрстөрөгчийн тетрахлоридын орчинд α-нафтолтой урвалд орох ёстой байдаг юм. Метил изоцианат нь маш хортой шингэн (хлор, фосгенээс ч илүү хортой) бөгөөд цельсийн 39.5 хэмд ууршиж, хийн төлөвт шилждэг гэдгийг дурдах нь зүйтэй. 

Энэтхэг шиг халуун газар ийм бодисны үйлдвэр байгуулах нь маш аюултай хэрэг гэдэг нь мэдээж. 

Ерөнхийдөө америкчуудын хувьд хямд үнээр Севин үйлдвэрлэх нь аюултай ч гэсэн маш ашигтай санагдсан тул энэ тал дээр санаа зовсонгүй. 

Гэхдээ тэд аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэд хэдэн арга хэмжээ авчээ. 

Эхлээд MIC-ийг хадгалах савнуудыг газар доорх тусгай хөргөгчинд байрлуулахаар болов. Ингэхдээ тэрхүү савнуудыг 50 хувиас илүүгүй дүүргэлттэй байхаар тооцоолсон бөгөөд үлдсэн зайг нь өндөр даралттай азотоор дүүргэсэн байна. Ийм даралтын ачаар дээрх савнуудад өөр бодис нэвтэрнэ гэж айлгүйгээр MIC-ийг шахаж гаргах боломжтой болжээ.

Хэрвээ метил изоцианат ууршиж агаарт алдагдах юм бол хий цэвэрлэх төхөөрөмж түүнийг саармагжуулах байв. Мөн MIC нь хийн төлөвт байхдаа сайн шатдаг тул яаралтай зайлуулах хоолой дээр цочлуур суурилуулсан байна. Үүний ачаар хорт хийг тэр дор нь шатааж дуусгах боломжтой болжээ. Эцэст нь тусгай хоолой ашиглан хий алдагдсан газар руу ус шахаж MIC-ийг саармагжуулахаар төлөвлөсөн аж.

Энэ бүгдээс харвал Union Carbide аюулгүй байдлыг хангах тал дээр хариуцлагатай хандаж, олон давхаргат хамгаалалтын системийг суурилуулсан мэт санагдаж болно. Гэхдээ аваарын үед бүх зүйл төгс болдоггүй гэдгийг хүн бүр мэднэ шүү дээ. 

Ямартаа ч Бхопалын үйлдвэр ашиглалтанд орж, үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байв. Гэвч америкчуудын найдаж байсан нь талаар болж, хортон шавжийн эсрэг бодисын эрэлт нэмэгдсэнгүй. ДДТ-ээс эмээсэн хүмүүс өөр төрлийн бодис ашиглахдаа болгоомжилж эхэлсэн төдийгүй олон улсын хэмжээнд илүү олон өрсөлдөгч гарч ирцгээжээ. Мөн Энэтхэгт хүртэл эрэлт нэмэгдээгүй учраас хэдхэн жилийн дотор Севиний борлуулалт эсрэгээрээ буурчээ. 

"Union Carbide" тиймээс шинэ үйлдвэрээ зарахаар шийдсэн ч худалдан авагч олдсонгүй. Эцэст нь бүх зүйл сайжирна гэж тэд найдаад, зардлаа танах үүднээс ажилчдаа цомхотгож хэсэг хугацаанд хүлээхээр болов. Гэхдээ тус компани энгийн ажилчид төдийгүй засвар үйлчилгээний мэргэжилтнүүдийг халсан нь том алдаа болжээ. 

Удаан хугацаанд засвар үйлчилгээ аваагүй төхөөрөмжүүд эвдэрч эхэлсэн бөгөөд зарим газраар хий алдагдаж эхлэв. Харамсалтай нь компанийн зүгээс тэдгээрийг засах тал дээр ямар ч арга хэмжээ авсангүй. Мөн олон ажилчид хамгаалалтын баггүй байсан учраас тэд олноороо эмнэлэгт хүргэгдэж эхлэв. Багтай цөөн хэдийн нэг нь хийн хоолой задрах үед сандарсандаа багаа авч хаяснаас үзвэл ослын үед тэд яах ёстойгоо мэдэхгүй байсан нь илт.

Өмнө нь хэлсэнчлэн бүтээгдэхүүний борлуулалт бага байсан учраас хадгалах саванд түүхий эд хуримтлагдах болов. Мэдээж илүүдэл бодисоо шахаж гаргаад аюулгүй байдалд устгалд оруулж болох ч мөнгө хэмнэх үүднээс тэгсэнгүй. 

Шинээр ирсэн MIC-ийг хадгалах саванд юүлсний дараа дүрмийн дагуу савны үлдсэн хэсгийг азотоор дүүргэх шаардлагатай байв. Гэвч хуучин хавхлага нь бүрэн хаагдахаа больсон учраас шаардлагатай даралтыг бий болгож чадахгүй болов. Хавхлагыг яаралтай солих ёстой байсан ч "Union Carbide" сохор зоос бүрийг хэмнэхийг хичээсэн тул тоолгүй орхив.

Үүнээс гурван долоо хоногийн дараа буюу 1984 оны 12-р сарын 2-д үйлдвэрийн химийн реакторыг өндөр даралтын усаар угаах болжээ. Ус шахсаны дараа реакторын тусгай хоолойгоор урсаж гарах ёстой байсан ч тэгсэнгүй. Харин оронд нь ус тал бүр тархаж эргэн тойрон дахь хоолойнууд шингэн алдаж эхлэв. Реакторт ус шахахаас өмнө дамжуулах хоолойн тодорхой хэсэгт тусгай бөглөөс тавих шаардлагатай байсан бөгөөд цомхотголд орсон засвар үйлчилгээний ажилчид үүнийг хийх ёстой байв. Харамсалтай нь энэ удаад үүнийг санасан хүн байгаагүй аж. 

Ийнхүү илүүдэл ус MIC-ийн хадгалах саванд хүрч 3 долоо хоногийн өмнө солих шаардлагатай байсан хуучин хавхлагаар гоожиж эхэлжээ. 

Энэ бүхнийг ажлаасаа халагдсан нэгэн зохион байгуулсан гэх таамаг бий. Гэхдээ тийм байсан ч аюулгүй байдлын ажиллагааг зохих түвшинд хэрэгжүүлсэн бол энэ бүгдээс сэргийлэх боломжтой байсан юм. 

Шингэн MIC устай холилдох үедээ халж, хийн хэлбэрт шилжих урвал эхэлдэг. Үүний дагаад савны температур нэмэгдсэн байна. Мөн энэ явдлаас хоёр жилийн өмнө хөргөлтийн системийг засах үүднээс фреоныг нь шахаж авсан байсан тул хадгалах савнуудыг хөргөх ямар ч арга байгаагүй юм. 

Ийм аюулыг анхааруулах тусгай мэдрэгч бүхий систем байсан ч зардал хэмнэх үүднээс тэдгээрийг мөн засч сэлбэлгүй явсаар ажиллагаагүй болжээ. Цорын ганц "ажилладаг" төхөөрөмж нь даралт хэмжигч байсан боловч хэдийн шөнийн харанхуй болсон учраас түүнийг олж харж чадах хүн байсангүй. Ажилчдын нэг нь савны ойролцоо сэжиг бүхий "шалбааг" үүссэн байгааг анзаарсан ч үйлдвэрийн эргэнд тойронд бүх зүйл эвдэрч хаа сайгүй төрөл бүрийн шингэн гоожиж байсан тул үүнийг нэг их юманд бодсонгүй. 

Эцэст нь даралтаа дийлж чадахгүй болсон савнууд хөөж эхэлсэн бөгөөд үүнийг анзаарсан хүмүүс дэлбэрэх нь гэж эмээжээ. Савнууд тэсрээгүй ч хийн даралтаа дийлээгүй хавхлага эцэст нь зад үсэрч, хоолойнуудаар хорт хий чөлөөтэй урсаж эхлэв. Мөн зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээний MIC хадгалалтанд байсан учраас өнөөх шүүх төхөөрөмж барьж дийлээгүй байна. Хожим нь хадгалах савнууд 50 биш 75 хувийн дүүргэлттэй байсан нь илэрсэн байдаг. 

Эцсийн арга буюу шахуургын хоолойнууд дээрх цочлуур асч хорт хийг шатаах ёстой байсан нь мэдээж. Гэвч дахин мөнгө хэмнэх үүднээс шинэ хоолой суулгахдаа цочлуураа шинэчлээгүй байна. Ямар ч саадгүй урсан гарсан MIC нь агаараас 2 дахин хүнд учраас 42 тонн жинтэй хорт хийн үүл үйлдвэр төдийгүй ойролцоох хотыг бүрхэв. 

1984 оны 12-р сарын 3-ны шөнө Бхопал хотод ойролцоогоор 3000-7000 хүн шууд хордож нас барсан бөгөөд дараагийн жилүүдэд 25,000 орчим хүн энэхүү явдалтай холбоотойгоор амиа алдсан байна. 

Тус эмгэнэлт явдал нь шунал болоод ашгийн хойноос улайран зүтгэх нь ямар аймшигтай зүйл болохыг харуулсан юм. "Union Carbid" нийтдээ 470 сая ам.долларыг хохирогчдод нөхөн төлбөр болгон өгсөн юм. Гэхдээ дээрхтэй холбоотой мөрдлөгө болон шүүх хурлууд олон жилийн турш үргэлжилсэн аж. 

2010 оны 6-р сард Энэтхэгийн шүүх "Union Carbid"-ийн Энэтхэг дэх салбарын долоон удирдах албан тушаалын хүмүүсийг ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж хүний аминд хүрсэн хэрэгт буруутай гэж 2 жилийн хорих ялаар шийтгэн ердөө 100,000 рупи (ойролцоогоор 2,100 ам.доллар) торгуулийн ногдуулсан байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()