Асар их хөрөнгө зарсан мега төслүүд эцэстээ хэнд ч хэрэггүй болж хувирсан 5 тохиолдол

2021-11-23, 18:33
78,954

Инженерчлэлийн өндөр шийдэлтэй барилга байгууламж, хотууд аливаа улс орны эдийн засгийн хүч, хөгжлийн гэрч болж байдаг гэхэд хилсдэхгүй. Эзгүй хоосон элсэн цөлийг жуулчдын хөл тасрахгүй үзэсгэлэнт хот болгож, эдийн засгийн асар их хүчийг өөртөө татах боломж болгон хувиргасан төслүүд байдаг ч маш их хөрөнгө оруулалтыг үргүй зардал болгон хөсөр хаягдуулсан мега төслүүд ч мөн олон бий.

Асар их хөрөнгө зарсан мега төслүүд эцэстээ хэнд ч хэрэггүй болж хувирсан 5 тохиолдол

1 Interstate H3 хурдны зам - Хавайн арал

Хавайн арлын Алоха мужид байх нийт 26 км урттай Interstate H3 хурдны зам нь маш үзэсгэлэнтэй, онгон дагшин байгалийг дамжин өнгөрдөг гэдгээрээ алдартай. Гэсэн ч энэхүү хурдны зам нь олон арван жилийн туршид иргэдийн дунд маргаан дагуулсаар ирсэн юм.

Interstate H3 хурдны зам - Хавайн арал

Анх 1960 онд арлын өмнөд хэсэгт байх Сувдан эрэг цэргийн баазыг Хавайн арлын зүүн эргийн тэнгисийн цэргийн корпустай холбох зорилгоор барих шийдвэр гаргасан нь тэр даруйдаа нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байдаг. Тэд арал дээр хурдны зам тавих нь эртнээс уугуул иргэд оршин сууж ирсэн арлын онгон дагшин байгалийг сүйтгэж, хотжилтод хүргэнэ хэмээн тэмцсэн аж. Түүнчлэн тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан АНУ-ын байгаль орчны хуультай харшилдсан энэхүү төсөл тодорхойгүй хугацаагаар хойшилж байжээ.

Гэсэн ч 26 жилийн дараа АНУ-ын конгресс Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Interstate H3 хурдны зам тавихад ямар нэгэн саадгүй болж, 1989 онд төслийн ажил эхэлжээ.

Ийнхүү тус хурдны замын бүтээн байгуулалтын ажил 8 жил үргэлжилж, төслийн ажил анх хийгдсэнээс хойш 37 жилийн дараа буюу 1997 онд нээлтээ хийсэн юм. Interstate H3 хурдны зам нь бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй бүс нутагт орчин цагийн технологи хэрэглэн байгаль орчинд ээлтэй байдлаар хоолойн болон нүхэн туннель гаргаж, инженерийн нарийн шийдлийг өөртөө шингээн 1.3 тэрбум ам.доллар буюу анхны төсөвт өртгөөсөө даруй 5 дахин өндөр зардлаар бүтсэн ажээ.

Харамсалтай нь 1 км тутамд 50 сая ам.долларын хөрөнгөөр бүтсэн дэлхийн хамгийн үнэтэй автозам араасаа олон шүүмжлэл дагуулсан юм. 1960-аад онд цэргийн хамгаалалтын зорилгоор зураг төсөл гарган хийсэн энэхүү зам нь өдгөө бараг л эзгүй зэрлэг байгаль дунд орхигдон хоцорсон бөгөөд Хавайн арлын нийслэл Хонолулу хоттой ч холбогддоггүй аж. Түүнчлэн замын бүтээн байгуулалтын үеэр маш олон шашны холбогдолтой газар орон сүйдсэн тул уг замыг хараагдсан хэмээн нутгийн уугуул иргэд үздэг тул Interstate H3 хурдны замаар явахаас хүмүүс зайлсхийх болжээ.

2 Ciudad Real нисэх онгоцны төв буудал – Испани

Европын хамгийн олон жуулчид хүлээн авдаг орнуудын нэг болох Испани улс нийслэл Мадрид хотын жилд 70 орчим сая зорчигч үйлчлүүлдэг нисэх онгоцны буудлын ачааллыг бууруулж, олон улсын болон дотоодын аялагчдын очих газруудыг нэмэх зорилготойгоор "Ciudad Real" нисэх онгоцны төв буудлыг байгуулах төсөл боловсруулж байв. Тухайн үед тэд уг нисэх онгоцны буудлаар жилд 2 сая зорчигч үйлчлүүлэх бөгөөд өргөжин тэлж буй хотын нөлөөгөөр цаашид жилд 10 сая зорчигч хүлээн авдаг болно гэсэн тооцоолол гаргаж байжээ.

Ciudad Real нисэх онгоцны төв буудал – Испани

Ийнхүү 1.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр бүтсэн нисэх онгоцны төв буудал 2009 онд ашиглалтад ороход бэлэн болсон боловч нийслэл хотоос 200 км зайд байсан нь зорчигчдын хувьд хүндрэл учруулж, агаарын тээврийн компаниуд тус нисэх буудлыг хэрэглэхээс татгалзсан юм. Улмаар асар их хөрөнгө мөнгөөр бүтсэн мега төсөл ердөө нэг жилийн дотор орон нутгийн шинжтэй нисэх онгоцны буудал болон хувирав.

2012 он гэхэд Ciudad Real нисэх онгоцны төв буудал 350 сая ам.долларын өртэй болсон тул тус улсын засгийн газар дуудлага худалдаа зарлаж, хувьчлах шийдвэр гаргасан байдаг. Харамсалтай нь 1 тэрбум еврогийн өртөгтэй бүтсэн нисэх онгоцны буудалд хөрөнгө оруулах сонирхолтой хүн тун ховор байсан бөгөөд 12,000 ам.доллараар худалдан авах санал ч ирж байсан гэдэг.

Улмаар тус нисэх онгоцны буудал Ciudad Real International Airport SL нэртэй компанид 56.2 сая еврогоор зарагдсан юм. Гэсэн ч дэлхийг хамарсан цар тахлын улмаас агаарын тээврийн хөдөлгөөн эрс буурсан энэ үед үйлчлүүлэгчгүй болсон тус нисэх онгоцны буудал өөрийн талбайг нисэх онгоцны зогсоол болгон түрээслэж байгаа бөгөөд 2020 оны 8-р сарын байдлаар 65 нисэх онгоц зогсож байна гэсэн тооцоолол гаргаж танилцуулсан байдаг. Ийнхүү нисэх онгоцны салбар зогсонги байдалд орсон үеэр үр өгөөжөө өгч байгаа ч цар тахал дуусч, амьдрал хэвийн байдалд шилжих үед Ciudad Real нисэх онгоцны төв буудал хэрхэх нь тодорхойгүй хэвээр байсааар байгаа юм.

3 Нейпьидо хот – Мьянмар

Дан ганц нисэх онгоцны буудал ч биш, бүхэл бүтэн хот орхигдож хоцорч болдог жишээ Мьянмар улсад бий. 2002 онд тус улсыг удирдаж байсан цэргийн удирдагч нууцаар хот барьж, нийслэл хотоо нүүлгэх шийдвэрийг гаргаж байв. Дэлхийн түүхэнд өмнө нь Бразил, Египет, Пакистан улсууд л ийнхүү нийслэлээ яаралтай нүүлгэн шилжүүлж байсан түүхтэй.

Уг шийдвэр гарснаас даруй 3 жилийн дараа буюу 2005 оны 11-р сард тус улсын удирдагч нийслэл хотоо шилжүүлэх болсноо зарласан боловч хотын нэрийг нууц хэвээр үлдээсэн юм.

Нейпьидо хот – Мьянмар

Дөрвөн сарын дараа шинэ нийслэлийн нэрийг Нейпьидо буюу "хаадын өргөө" хэмээн нэрлэх болсноо мэдэгджээ. 2050 он гэхэд хүн амын тоо нь сая хүрч, дэд бүтцийн хувьд ачааллаа дийлэхгүй болно хэмээн таамаглаж байсан боловч ийнхүү гэнэтийн шийдвэр чухам яагаад гаргах болсон талаар тодорхойгүй хэвээр байсан юм. Иргэдийн дунд цэргийнхэн далайгаар дамжин гадны дайралт ирэх магадлалтай гэж эмээсэн тул ийм шийдвэр гаргасан, зурхайчдын зөвлөмжийн дагуу нийслэлийг шилжүүлэх болсон гэх мэт таамаглал ч гарч байв.

Тухайн үеийн Мьянмарын нийслэл Янгон хот нь тус улсыг Их Британийн харъяанд байх үед Британийн тэнгисийн армид давуу талтай байх үүднээс далайн эрэг дээр байгуулагдаж байсан түүхтэй. Иймээс ч тусгаар тогтносон улсын нийслэлийг шинээр эмхлэн байгуулж, улсынхаа төв хэсэгт засаг захиргааны төвтэй болох шийдвэр гаргасан байх магадлалтай.

Тус хот нь тэр цаг үеэс хойш өнөөг хүртэл нийт 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд үе үеийн засгийн эрх баригчид хөрөнгө төсөвлөсөөр ирсэн аж.

Шинэ нийслэл Нейпьидо хотод жуулчдын хараа булаам 20 эгнээтэй автозам, аялал жуулчлал, зугаа цэнгэлийн 3 хороолол, нийт 100 тансаг зэрэглэлийн зочид буудал, гольфийн талбай, музей, Янгон хотод байдаг 99 метр өндөр алтан лууны хөшөөний хуулбар зэрэг бүх л зүйлс цогцолсон боловч өдгөө ердөө сая хүрэхгүй хүн амтай ажээ. Хүн амын нягтаршил ийнхүү маш сийрэг байгаа нь эрүүл мэндийн болон боловсролын байгууллагын хүрэлцээ хангалтгүй, цөөн хүн амтай тул бизнес эрхлэхэд тохиромжгүй гэх мэт олон шалтгаантай. Тус улсын төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох энэхүү мега хот ийнхүү улс төрийн болон эдийн засгийн олон шалгууруудтай нүүр тулсаар байгаа ажээ.

Хөл хөдөлгөөн багатай, гэрэл зургийн хальсанд яг л эзгүй хот мэт буух энэ хотын нисэх онгоцны буудал жил бүр 3.5 сая зорчигч хүлээн авах боломжтой боловч  өдөрт ердөө 100 хүрэхгүй хүн л үйлчлүүлж, томоохон худалдааны газруудад албан ажлаар яваа хүмүүс амралтын өдрүүдээр л орж, тансаг зэрэглэлийн зочид буудлууд өдөржин үйлчлүүлэгчгүй байх нь элбэг байдаг байна.

4 Ойн хот (Forest City) – Малайз

Малайзчууд дөрвөн хиймэл арал дээр ойн экосистемтэй зэрэгцэн орших байгальд ээлтэй "ухаалаг" хотыг 100 тэрбум ам.долларын өртгөөр бүтээн босгож, 2035 онд нээлт хийхээр төлөвлөсөн байна. Тус хотын төслийг хөгжүүлэгчид Ойн хотыг дэлхийн эдийн засгийн хоёр дахь төв болсон Сингапур хоттой гүүрээр холбож, хоёр хотын хооронд иргэд 20 минутад чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлнэ гэжээ. Мөн хотын барилга байгууламжууд яг л ширэнгэн ойг санагдуулам загварын дагуу баригдах бөгөөд гудамжнууд нь авто зам, машин зогсоол, цэцэрлэгт хүрээлэн, спорт төвүүдийг нэг дор цогцлоосон давхар хэлбэрээр төлөвлөгджээ.

Ойн хот (Forest City) – Малайз

Энэхүү мега төслийг БНХАУ-ын компаниудтай хамтран гүйцэтгэж байгаа тул тус хот руу ямар нэгэн визгүй зорчих боломжийг хятад иргэдэд олгосон аж. Гэвч эхний арал дээрх бүтээн байгуулалт дуусах үед Ойн хотын оршин суугчдын 80 орчим хувь нь хятад иргэд болсон бөгөөд гудамжны тэмдэглэгээ мандарин хятад хэл дээр бичигдэж, сургуулиудад мандарин хятад хэлний сургалт явуулж эхэлсэн байна. Улмаар малайзчууд Ойн хотод үл хөдлөх хөрөнгө эзэмших боломж багасч эхэлсэн тул ерөнхий сайд Махатир Мохамад хот руу гадны улсын иргэдийг нэвтрэхийг хориглосон ажээ.

Энэ шийдвэр нь нэг талаар өөрийн орны иргэдэд боломж олгосон боловч төсөлд хөрөнгө оруулалт хийж байсан гадаадын иргэд өөрийн хөрөнгөө татаж, дээр нь цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар зогсонги байдалд орсноор 700,000 хүн амтай болно гэсэн тооцоололтой байсан ойн хот 2020 оны эхний улирлын байдлаар ердөө 500 оршин суугчтай болж хоцорчээ.

5 Юкка уул – АНУ-ын Невада муж

Хүрээлэн буй орчинд үзүүлж буй хор нөлөөгөөрөө хамгийн их боловч төдийлөн хөндөгдөж яригддаггүй зүйл бол яах аргагүй цөмийн хаягдал билээ. Цөмийн эрчим хүчийг гарган авч эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэл хүн төрөлхтөн цөмийн хаягдлыг газрын гадарга дээр хадгалсаар ирсэн юм. Харин 1980-аад онд АНУ-ын засаг захиргаа жилээс жилд өсөн нэмэгдэж буй цөмийн хаягдлыг газар доор хадгалах нь хамгийн аюулгүй арга зам юм гэсэн эрдэмтдийн зөвлөгөөг дагаж, аварга төслийг эхлүүлсэн байна.

Юкка уул – АНУ-ын Невада муж

1987 онд тэд АНУ-ын цөмийн туршилтын талбайнуудтай ойр, хүн амын нягтаршил багатай бүс нутаг гэдэг утгаар Невада мужийн Юкка уулыг сонгон авчээ. Ингээд уулын гүн рүү 300 метрийн туннель барьж, цацраг идэвхт хог хаягдлыг тэнд хадгалах шийдэлд хүрэв.

Юкка уул нь олон сая жилийн туршид галт уулын үнснээс бүрэлдэн тогтсон бүтэцтэй тул цацраг идэвхийг өөртөө шингээж, хоргүйжүүлэх үйлчилгээг давхар үзүүлэх ёстой байсан ч Невада мужийн засаг захиргаанд энэ төсөл огтхон ч таалагдаагүй гэдэг.

Тэр үед АНУ-ын 34 муж улсад нийт 100 орчим цөмийн реактор байсан бол Невада мужид огт байдаггүй байжээ. Иймд Невадачууд бусад мужаас цөмийн хаягдал нутаг дэвсгэр рүү нь зөөж булшлах санааг эрс эсэргүүцэж, Юкка уулын талаар геологийн болон усны судалгааны материалуудыг дэлгэн гаргасан байдаг.

Ялангуяа Юкка уулын Амаргоса хөндий дэх бяцхан горхиноос нутгийн уугуул индиан иргэд ундны усаа авч, хэдэн зууны турш нутаглаж ирсэн нь АНУ-ын засаг захиргаанд маш том цохилт болсон байна.

Гэсэн ч 2002 онд АНУ-ын Эрчим хүчний яам төслийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх шийдвэрт хүрсэн ч Невада мужийн засаг захиргаа хүчтэй эсэргүүцэж, цөмийн хаягдлыг нутагтаа булшлах нь Невада руу чиглэх жуулчдын урсгалыг бууруулж, хүн амын тоо цөөрөх шалтгаан болох төдийгүй ингэснээр АНУ-ын конгресс дахь суудлын тоо буурна гэж үзсэн байдаг.

Ийнхүү 2010 онд Барак Обамагийн засаг захиргаа тус төслийн үйл ажиллагааг бүрэн хааж, санхүүжилтыг зогсоосон аж. Гэтэл үүнээс 3 жилийн дараа Холбооны шүүхээс Юкка уулын цөмийн хаягдлын төслийг үргэлжлүүлэх шийдвэр гаргаж байв. Харин Жо Байдены засаг захиргаа уг төслийг үргэлжлүүлэх бодолгүй байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Ийнхүү өнгөрсөн хугацаанд нийт 17 тэрбум ам.долларын хөрөнгийг зарцуулсан мега төсөл зогсонги байдалд ороод буй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()