Өмнөд Солонгосыг айдаст автуулсан "Цувтай цуврал алуурчин" Ю Ён Чолын түүх

2021-11-29, 18:35
41,624

2003 оны 9-р сараас 2004 оны 7-р сарыг хүртэл 20 орчим хүний амийг бүрэлгэж, Өмнөд Солонгосыг аймшигт автуулж байсан тэрээр хожим олны нүдний өмнө гарах үедээ борооны цув өмссөн байдаг байснаас үүдэлтэйгээр түүнийг “Борооны цувт алуурчин” хэмээн хочилж байв.

Өмнөд Солонгосыг айдаст автуулсан "Цувтай цуврал алуурчин" Ю Ён Чолын түүх

2000-аад оны эхэн үед БНСУ-ын Сөүл хотод гарч байсан хүн амины хэргүүд өөр хоорондоо холбоогүй мэт байсан боловч тэдний цаана Ю Ён Чол хэмээх нэг л алуурчин байгаа гэдгийг цагдаа нар огтхон ч таамаглаагүй гэдэг.

Тэрээр эхэн үедээ баян чинээлэг хүмүүс болон эмэгтэйчүүдийг онилж хэрэг үйлдэж байсан бөгөөд баячуудын гэрт нэвтэрч аллага үйлдэх, биеэ үнэлэгч дуудаж амийг нь хороох гэх мэтчилэн хэргээ үйлдэж байжээ. Ийнхүү 10 сарын туршид БНСУ-ын цагдаа нарын толгойны өвчин болж, улс орон даяар айдас түгшүүр төрүүлж байсан аймшигт борооны цувт алуурчны түүхийг хүргэж байна.

 

1 Эмэгтэйчүүд болон баян чинээлэг хүмүүсийг үзэн яддаг болсон нь

1970 оны 4-р сарын 18-ны өдөр Өмнөд Солонгосын Гочань хэмээх жижиг сууринд амьдралын боломж муутай нэгэн айлд хүү мэндэлсэн нь Ю Ён Чол байсан бөгөөд багаасаа ядуу зүдүү амьдралыг үзсэн нь түүнд баян чинээлэг хүмүүсийг жигших үндсэн шалтгаан болжээ.

Үүнийг ч түүний хэргийг таслан шүүх хуралд дэргэд нь байсан прокурор өөрийн биеэр батлан өгүүлсэн байдаг ба бага наснаасаа гэр бүлийнхээ санхүүгийн боломж муу байдалд сэтгэл дурамжхан явдаг байсан хүүгийн дотор баячуудыг үзэн ядах сэтгэл хурж, хожим ийм аймшигтай хэрэг хийх болсон хэмээн дүгнэсэн байдаг.

Эмэгтэйчүүд болон баян чинээлэг хүмүүсийг үзэн яддаг болсон нь

Түүний хувьд өсвөр наснаасаа эхлэн олон удаагийн залилан, хулгай, дээрмийн хэрэгт орж байсан бөгөөд 2000 онд 15 настай охиныг хүчирхийлсэн хэргээр ял авч шоронд орж байв. Торны цаана суусан хугацаандаа тэрбээр зартай алуурчин Жон Ду-Ёны тухай мэдээ уншиж, өөрийн үзэн яддаг баячуудыг ангуучлах төлөвлөгөөгөө бодолдоо дүрсэлж, тэднийг алж байгаагаар төсөөлдөг байсан гэдэг.

Улмаар массажны газар ажилладаг байсан эхнэр нь түүнийг хаяснаар эмэгтэй хүнийг ч үзэн ядах болсон бөгөөд хожим тэрээр, “Эмэгтэй хүн биеэ үнэлэх ёсгүй, баячууд өөрийн хийсэн нүглээ санаж явах нь өлзийтэй” гэх үгээ хэлсэн байдаг.

2 Цуутай цуврал алуурчин

2003 онд ялаа дуусган гарч ирсэн даруйдаа зэвсэг хэрэгслүүд цуглуулж, нохой алах байдлаар сэтгэл зүйгээ ч мөн бэлдэж эхэлсэн байна. Ийнхүү тэрээр мөн оны 9-р сарын 24-ний өдөр Сөүл хотын Синсадон дүүрэгт хоёр давхар хувийн орон сууцанд амьдардаг Сүкмён их сургуулийн багш, 72 настай Ли Док Сү болон түүний гэргий 68 настай Ли Ён Ок нарын амийг алх ашиглан бүрэлгэжээ.

Улмаар 2003 оны 10-р сард Гүги Дон болон Жонно Гү дүүргүүдэд нэг гэр бүлийн 3 хүний амийг хөнөөсөн бол 11-р сард Ганнам Гү дүүрэгт нэгэн саятны эхнэрийн амийг бүрэлгэж, Хёва Дон дүүрэгт нэгэн чинээлэг эрийг манаачийнх нь хамтаар хөнөөсөн юм.

Цуутай цуврал алуурчин

Хэдий хохирогчид өөр хоорондоо холбоогүй, хэргийн газруудаас ямар ч үнэт эдлэлүүд алдагдахгүй байгаа нь сэжигтэй байсан боловч мөрдөгчид хэргийн зангилааг олж чадахгүй хэвээр л байв. Энэ хугацаанд Ён Чол баячуудаас гадна бүсгүйчүүдийг байгаа болгож эхэлсэн байлаа. Эхнэрээсээ салсныхаа дараа тэрээр эмэгтэй хүнийг ихээр үзэн ядах болсон бөгөөд хожим дотноссон найз бүсгүй нь түүнийг хаяж явснаар үзэн ядалт нь өшөө хорсол болон хувирсан гэдэг.

Түүний салсан эхнэр эрчүүдийн массажны газар ажилладаг байсан бол орхиж явсан найз бүсгүй нь эрчүүдэд утсаар үйлчилгээ үзүүлж, зарим тохиолдолд биеэ үнэлдэг нэгэн байсан тул Ён Чол өөрт нь эхнэр, найз бүсгүйг нь санагдуулсан эмэгтэйчүүдийг онилж хэргээ үйлдэж эхэлсэн нь энэ байв.

Түүний сэтгэл зүйн байдлын тухай Сөүл хотын цагдаагийн газрын дарга Хү Жон Ён, “Тэр өөрийнх нь ядуу зүдүү амьдралд баян чинээлэг хүмүүсийг буруутгадаг байсан. Алжаал тайлах төвд массаж хийдэг байсан эхнэрээсээ салсныхаа дараа тэр эмэгтэйчүүдийг үзэн ядах болж, түүнтэй ижил ажил хийдэг бүсгүйчүүдийг онилон хэргээ үйлдэж эхэлсэн” хэмээн ярьж байжээ.

Тэрээр биеэ үнэлэгч бүсгүйчүүдийг гэртээ дуудаж бэлгийн харилцаанд орсныхоо дараа өөртөө тусгайлан зориулж хийсэн лантуугаар тэдний амийг хороодог байжээ. Нэгэн удаа сүх, хутга, хайч ашиглан хохирогчийн биеийг 16-18 хэсэгт хувааж, хурууны хээг нь таниулахгүйн тулд бүх хурууны өндгийг нь хэрчиж аваад хогийн уутанд хийж, Бонвон сүмийн ойролцоох ууланд булсан байдаг.

3 Алуурчныг барьсан нь

2004 оны 5-р сараас 7-р сарын хооронд Ён Чол нийт 11 эмэгтэйн амийг хөнөөсөн  байна. Энэ хугацаанд биеэ үнэлэгчдийг зуучлах газрын эзэд ямар нэгэн зүйл охидод тохиолдоод байгааг анзаарснаар түүний хэрэг илрэхэд илүү дөхөм болсон байдаг.

Нэг удаа тэрээр ээлжит хохирогчоо дуудах үедээ өмнөх хохирогчийн гар утсаар дуудлага өгсөн нь эмсийн хүрээлэнгийн эзний анхааралд өртөж, цагдаад дуудлага өгснөөр сэжигтэн тодорхой болсон юм.

Улмаар товлосон газарт нь цагдаа нар очсон боловч харамсалтай нь Ён Чолыг очихоос өмнө буцацгаажээ. Харин биеэ үнэлэгчдийг зуучилдаг эрчүүд өөрсдөө очиж Ён Чолыг барин саатуулсан байна. Үүнийг ч албаны хүмүүс хожим баталсан байдаг.

Алуурчныг барьсан нь

Анх баривчлагдахдаа Ён Чол өөрийн IQ-г 140 гэж батлан өгүүлж байсан бөгөөд унаж татдаг өвчтэй болон жүжиглэж, саатуулах газраас ердөө 12 цагийн дараа оргон зайлж байв. Гэсэн ч ахин баривчлагдах үедээ тэрээр бүх хэргээ хүлээж, хохирогчдын цогцос, хувцас хэрэглэлийг нуусан газраа цагдаа нарт зааж өгөхөөр тохиролцсон байдаг. Ийнхүү олны өмнө гарах үедээ тэрээр шар өнгийн борооны цув өмссөн байсан тул хэвлэл мэдээллээр түүнийг "борооны цувт алуурчин" хэмээн хочлох болсон түүхтэй.

Хожим тэрбээр хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа боловч баригдаагүй бол аллагаа үргэлжлүүлэх байсан гэдгээ ч хэлсэн байдаг. Анх баян чинээлэг хүмүүс болон биеэ үнэлэгчдийг онилж хэрэг үйлдэж эхэлсэн тэрээр хожим энгийн иргэдийн амийг ч хороож байсан нь тодорхой болсон бөгөөд нийт 26 удаагийн аллагын хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

2004 оны 9-р сард болсон анхны шүүх хурал дээрээ тэрээр аллагаа зогсоох бодолгүй байсан тухайгаа ам нээсэн бөгөөд "энэ бүхэн дөнгөж эхлэл байсан” хэмээсэн байдаг.

Мөн тэрээр хэргээ үйлдэж байх үед хүү нь залгаж ханиад нь эдгэсэн эсэх талаар асуухад л сэтгэл нь хамгийн ихээр өвдөж байсан хэмээн дурссан бөгөөд хохирогчийн толгойг тасалж байх үедээ ч тийм харамсалтай мэдрэмжийг мэдэрч байгаагүй хэмээсэн байдаг ажээ.

Ийнхүү 2004 оны 12-р сард Ю Ён Чолд БНСУ-ын шүүх цаазаар авах ял оноосон ч тус улс цаазын ялыг халсан тул бүх насаараа хоригдох ялаар нөхөн эдлүүлж байгаа бөгөөд өдгөө тэрбээр Сөүл хотын хорих төвд хоригдож байна.

4 Өнөө цагт

Өмнөд Солонгосын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй цуврал аллага үйлдсэн түүний тухай 2008 онд “The Chaser” нэртэй бүрэн хэмжээний кино нээлтээ хийж байсан бол энэ жил Netflix компани “The Raincoat Killer: Chasing a Predator in Korea” нэртэй баримтат киног үзэгчдийн хүртээл болгосон билээ.

Тус баримтат бүтээлд Ён Чол удаан хугацаанд сул чөлөөтэй явж, олон хүний аминд хүрсэн нь цагдаагийн албан хаагчдын мэдээллээ солилцдоггүй, өөр өөрсдийн дүүрэгт бие даасан үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой бөгөөд хэрэв тэд харилцан мэдээллээ солилцсон бол хэрэгтнийг барих нь цаг хугацааны л асуудал байсан талаар өгүүлжээ.

Өнөө цагт

Үнэхээр ч уг цуврал аллагын хэргийн дараа БНСУ-ын цагдаагийн албанд их хэмжээний өөрчлөлт орж, авилгын хэрэгт холбогдсон цагдаа нар ажлаа өгч байсан түүхтэй. Мөн 1998 оноос эхэлсэн эдийн засгийн хямрал БНСУ-д баян, ядуугийн ялгааг гааруулсан нь түүний энэ хэргийг үйлдэх үндсэн шалтгаан болсон хэмээн хэргийг мөрдөж байсан цагдаагийн албанаас мэдээллэсэн байдаг. Энэхүү зааг ялгаа өнөөг хүртэл тус улсын нийгэмд байсаар байгааг сүүлийн жилүүдэд тэсрэлт хийсэн "Parasite" (2019) болон "Squid Game" (2021) кинонуудаас харах боломжтой билээ.

Тэрээр баривчлагдсан хойноо БНСУ-ын нийгмийг шүүмжилж, эрх тэгш бус байдлыг үгүй хийхийн тулд ийм үйлдэл гаргасан хэмээн мэдүүлсэн ч үнэн хэрэгтээ гэртээ ганцаараа эсвэл хоёулаа байгаа өндөр настангууд болон нийгмээс гадуурхагдан шахагдсан эмэгтэйчүүдийг онилж жигшүүрт аллагуудаа үйлдсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()