Япончуудын дунд алдартай "Чингис хаан" хэмээх хоолны түүх

2021-12-01, 16:27
7,509

Японы дөрвөн арлын хамгийн хойд талд орших Хоккайдо муж нь "Жингисукан" буюу "Чингис хаан" нэртэй хоолоороо гадны болон дотоодын жуулчдыг ихээр татдаг. Тусгайлан бэлдсэн өвөрмөц хэлбэртэй шарагч дээр хонь болон хурганы махыг амтлагч, ногоонуудтай хамт грилльдэж шарснаар тус зоог бэлэн болно. Ингээд Хоккайдочуудын энэхүү зоог хэрхэн бий болсон, яагаад манай хааны нэрийг авсан тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Япончуудын дунд алдартай "Чингис хаан" хэмээх хоолны түүх

1 Үүсэл гарал, нэрийн утга

1918 онд Японы засгийн газраас мал аж ахуйг хөгжүүлж, ялангуяа хонин сүргээ 1 сая толгойд хүргэх төлөвлөгөөний дагуу таван том фермийг эх орондоо байгуулжээ. Харамсалтай нь цаг төрийн байдал, дайн тулааны уршгаар дөрвөн ферм нь татан буугдаж, зөвхөн Хоккайдо дахь ферм үлдэж хоцорсон байна. Ийнхүү тус арлын иргэд хонин сүргийнхээ ноосыг авахаас гадна махыг нь идэх болж, уламжлалт хоолоо хонины махан "Жингисукан" барбекью болгосон түүхтэй.

Тус хоолны салшгүй хэсэг нь гриллийн түлш хийх төмөр хувин, түүний дээр тавьдаг олон ховилнууд бүхий мах шарагч юм. Чухам тэрхүү мах шарагч нь монгол цэргийн дуулга шиг хэлбэртэйгээс, мөн хонины мах монголчуудын соёлтой салшгүй холбоотой учраас "Чингис хаан" хэмээн нэрлэсэн гэж үздэг.

Үүсэл гарал, нэрийн утга

2 Хаана идэх вэ?

Тус хоолыг хийхэд тусгай хэрэгсэл шаардлагатай тул хүмүүс гэртээ идэх нь ховор бөгөөд нэрийн ресторанд нь очиж идэхэд тохиромжтой. Японы олон хотуудад тийм ресторанууд байдаг ч мэдээж жинхэнэ "Жингисукан"-ы амтыг мэдэрье гэвэл Хоккайдо арал, ялангуяа Саппоро хотыг зорих нь зөв.

"Жингисукан"-ы ресторанууд ихэвчлэн ширээ болгон дээрээ шарагчтай, олноороо тойрон суух зориулалттай байх бөгөөд хүсвэл бүрэн бэлтгэснийг нь захиалж идэж болно.

Хаана идэх вэ?

3 Хэрхэн бэлтгэдэг вэ?

Дээр дурдсанчлан "Жингисукан"-ыг хонь болон хурганы махаар хийх бөгөөд хаа, гуя, сээрний гэх мэт аль хэсгийн махыг авах нь үйлчлүүлэгчийн сонголт. Мөн хонины мах идэж сураагүй хүмүүс хурц амт, үнэрийг нь дарж амталсан махыг сонгох боломжтой.

Хэрхэн бэлтгэдэг вэ?

Мах шарагч нь гүдгэр, олон ховилтой байдгийн учир нь өөх тосыг урсгах зориулалттай. Хоолыг бэлтгэхэд эхлээд шарагчаа хурганы дотор өөхийг хайлуулж тослоод махаа шууд тавин шарна. Махыг ихэвчлэн япон хулуу, байцаа, сонгино, соёолсон шош, аспарагустай хамт шарж, тусгай "Жингисукан"-ы соуст дүрж иддэг. Мэдээж энэхүү амтат хоолыг "Саппоро" шар айргаар даруулахгүй бол алдас болно.

Хэрэв та Япон оронд, тэр дундаа Хоккайдод очвол "Жингисукан" зоогийг заавал идэж үзээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()