Нас барагсдыг оршуулах био шийдэл: "Өндөг хэлбэртэй авс"-ыг хэрэглэхийг зөвшөөрчээ

2021-12-16, 15:32
25,561

Хүн нас барлаа ч авс бэлтгэх мод, төмөр, цемент гэх мэтчилэн олон зүйлс байгаль орчны бохирдлын нэгэн шалтгаан болсоор байдаг билээ. АНУ-ын Теннессигийн их сургуулийн Био инженерчлэл, хөрс судлалын багш Женнифер ДеБройн “Оршуулга хийхээр зарцуулдаг эд материалыг үйлдвэрлэхийн тулд асар их энерги шаарддагаас гадна тэдгээр зүйлс байгальд асар удаан хугацаанд задралд орохгүйгээр оршиж бохирдол үүсгэж байдаг” хэмээсэн байдаг.

Нас барагсдыг оршуулах био шийдэл: "Өндөг хэлбэртэй авс"-ыг хэрэглэхийг зөвшөөрчээ

Яг энэ асуудлын шийдлийг итали загвар зохион бүтээгч Раоул Брецель болон Анна Чителли нар олсон ажээ. Тэд өндөг хэлбэртэй органик авсанд талийгаачийн биеийг хийснээр задрах үедээ зулзаган моддыг тэжээх бордооны үүрэг гүйцэтгэх боломжтойг дурджээ.

Тэдний Capsula Mundi буюу "Дэлхийн капсул" хэмээн нэрийдсэн энэхүү бүтээл нь талийгаач булшны чулуунаас өөр зүйлгүй болон үлдэх бус эх дэлхийд ахин нэгэн амьдрал бэлэглэх мод болон үлдэх боломжийг олгохоороо давуу аж.

2003 онд Salone del Mobile нэртэй Миланы алдарт загварын яармагт оролцох үедээ тэд асар их хэмжээний тавилгын хаягдал гарч байгааг олж анзаарсан бөгөөд тухайн үед л дэлхийн капсул төслийн санаа анх орж ирж байсан гэжээ. “Орчин цагт шинэ бүтээл гаргана гэдэг тун хүндрэлтэй зүйл. Харамсалтай нь хүмүүс шинэ бүтээлийн төлөө ирээдүйд ямар хор уршиг гарах, ямар хог хаядал давхар үүсч буйг анзаардаггүй. Бидний энэхүү төсөл нь ирээдүйд өсөн нэмэгдсээр буй байгаль орчны хог хаядлыг эсрэг тэмцэх зорилготой. Хүмүүс үхлийн талаар бодохыг хүсдэггүй учраас энэ талаар шинийг санаачлах тун дургүй байдаг. Бид үүнийг л анзаарч дутагдаж буй зүйлийг бодит болгохоор шийдсэн нь энэ юм” хэмээн зохион бүтээгч Раоул Брецель өгүүлжээ.

Одоогийн байдлаар зөвхөн үнс, чандар хийх зориулалт бүхий капсул гараад байгаа бол дараагийн удаад цогцос шууд хийх зориулалттай капсулыг бүтээхээр ажиллаж байгаа ажээ.

Ажиллах зарчмын хувьд газрын хөрсөнд байх бактериуд капсулын био-пластик ёроолыг задалж, дотор нь буй органик материалыг химийн тэнцвэртэй байдлаар газарт шингэх боломжийг олгох юм.

Уламжлалт оршуулга нь хүчилтөрөгчгүй орчинд цогцсыг хийж үлдээдэг тул задрал дутуу явагдах үндэс болдог. Харин энэхүү капсул нь хүчилтөрөгчийн урсгалыг зөв шийдэж чадсан нь хүний биеийг бүрэн задрах нөхцөлийг бүрдүүлдэг нь бас нэгэн давуу тал. 

Уг капсул дотор талийгаачийн цогцосыг эхийн хэвлий дэх ураг шиг байрлалтай тавих тул хүн эх дэлхийд анх ирсэн шигээ буцах, түүнчлэн дээр нь мод ургах тул амьдралын хүрд мөнхөд үргэлжлэнэ гэдгийг бэлгэдсэн санаа болжээ.

Тэгвэл энэхүү төслийн талаар АНУ-ын Техас A&M их сургуулийн хөдөө аж ахуй, хөрс судлалын хүрээлэнгийн багш Жаклин Айтэнхэд Петерсон хэлэхдээ “Хүний биед хэдэн жилийн хугацаанд аажмаар задардаг боловч задарч дууссаны дараа үржил шимт байдал нь маш хурдан шимэгдэж дуусдаг. Иймээс ч түүнийг оновчтой ашиглах арга нь капсулын дээр мод тарих явдал юм. Түүнчлэн энэхүү арга нь хөрсний усыг ч хамгаалахад чухал нөлөө үзүүлж чадна гэж бодож байна” гэжээ.

Сүүлийн жилүүдэд оршуулгыг илүү байгаль орчинд ээлтэй байдлаар хийх хандлага нэмэгдэж байгаа нь цаашдаа ч үргэлжлэх төлөвтэй байна. Одоогийн байдлаар энэ төрлийн оршуулгыг Хойд Америк тивд хийх эрх хуулиар зөвшөөрөгдөөд байгаа аж.

Харамсалтай нь дэлхийн бусад орнуудад энэ төрлийн оршуулга хийх нь хууль бус хэвээр байсаар байгаа тул хуульд өөрчлөлт оруулах талаар олон улсын иргэдийн саналыг цуглуулж эхлээд буйгаа төслийг санаачлагч Раоул Брецель өгүүлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()