Кинон дээрх шигээ этгээд амьдралтай жүжигчин Николас Кэйжийн тухай баримтууд

Алдарт жүжигчин Николас Кэйж өнгөрсөн 1-р сарын 7-нд 58 нас хүрчээ. Өдийг хүртэл 100 гаруй кинонд тоглоод буй тэрээр оролцсон бүтээл болгондоо гол дүрийг нь авдаг гэхэд хилсдэхгүй. Түүний өвөрмөц төрх, этгээд жүжиглэх арга барил нь үзэгчдийн дунд алдаршиж, найруулагчдын таашаалд нийцдэгээс тэр байх. Гэтэл бодит амьдрал дээр ч Кэйж кинон дээр гардаг шигээ этгээд нэгэн аж. 

Кинон дээрх шигээ этгээд амьдралтай жүжигчин Николас Кэйжийн тухай баримтууд
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Цуутай гэр бүл

Николас Кэйж 1964 оны 1-р сарын 7-нд Николас Ким Коппола гэдэг нэртэйгээр мэндэлжээ. Түүний аав нь "Загалмайлсан эцэг" киног найруулсан алдарт найруулагч Фрэнсис Форд Копполагийн ах нь юм. Копполагийн удмынхан тухайн үед урлагийн ертөнцөд бүрэн ноёрхлоо тогтоогоод байсан гэж хэлж болно. Кэйжийн өвөө нь хөгжмийн зохиолч, ээж нь бүжигчин, бүжиг дэглээч, ах Марк, Кристофер нар нь радиод ажилладаг байв.

Харин Николас өөрийн карьераа телевизийн салбарт эхлүүлсэн байна. "Better Times" олон ангит киноны зураг авалтад оролцохын тулд тэрээр сургуулиа хүртэл орхисон байдаг. Николас хожим нь нь Лос Анжелесийн Театр, Кино, Телевизийн Дээд Сургуульд элсэж төгссөн аж.

Цуутай гэр бүл

19 настайдаа тэрээр "Valley Girl" кинонд тоглож амжилтын гараагаа эхлүүлжээ. Николас авга ах Фрэнсис Форд Копполагийн кинонд жижиг дүр бүтээж байсан ч цаашдаа түүнтэй дахиж хамтраагүй байна. Хэдийгээр Коппола эхэндээ дүүгээ жүжиглэх авъяасгүй гэж шүүмжилж байсан ч эцэст нь түүнийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүний дээр Николас өөрийгөө цуутай гэр бүлээсээ салангид хүн болохыг үзэгчдэд ойлгуулж, өөрийн хүчээр амжилт олохыг хүссэн учраас Кэйж хэмээх комик зохиолын баатрын нэрийг авчээ. 

2 Галзуурлын ирмэгт

Байнга шахуу сэтгэцийн өвчтэй хүний дүр бүтээдэг учраас үзэгчид түүнийг үнэхээр ийм хүн байх хэмээн тийм ч өндрөөр үнэлдэггүй байсан нь үнэн. Гэхдээ 1995 онд Leaving Las Vegas хэмээх кинон дээр согтууруулах ундаанд донтсоноос болоод бүх зүйлээ алдсан эрийн дүрийг бүтээсэн нь өндрөөр үнэлэгдэж Оскарын шагнал хүртэл хүртсэн юм.

Галзуурлын ирмэгт

Тэрээр энэ тухай "Би өөртөө болон үзэгчдэд гэнэтийн бэлэг барих дуртай. Тиймээс би аль болох олон болоод өөр төрлийн дүр бүтээхийг хүсдэг. Миний зорилго бол тулаант кино, романтик инээдмийн кино, урлагийн кино гэх мэт бүх төрлийн дүр, киноны бүх хэв маягийг туршиж үзэх явдал юм." гэж ярьсан байдаг.

Үнэхээр ч Кэйж ямар ч хачин дүр санал болгосон түүнд тоглохоос татгалзаж байгаагүй юм. Тиймээс ч Кэйж хүмүүс өөрийг этгээд хачин гэж нэрлэдэгт бүр дассан байна.  Жишээлбэл "Bird" хэмээх кинонд тоглож байхдаа Кэйж өвчин намдаах эм хэрэглэлгүйгээр 2 шүдээ жинхэнээсээ авахуулсан аж. 

Мөн " Kiss of the Vampire" киноны зураг авалтын үеэр дүрдээ хэт орсон Кэйж амьд жоом идсэн юм. Мөн "Leaving Las Vegas" кинон дээр архичны дүрийг үнэмшилтэй гаргахын тулд Кэйж 2 долоо хоногийн турш согтууруулах ундааг байж болох хэмжээнээс хэтрүүлэн уусан гэнэ. Түүний согтуу төрхийг найз нь камерт бичиж авсан бөгөөд дараа нь Кэйж өөрийн бичлэгээ үзэж хэрхэн жүжиглэх ёстойгоо мэдэж авчээ. 

3 Өвөрмөц цуглуулга

Николас Кэйж Оскарын эзэн болсны дараа жишиг ёсоор аливаа бүтээлд тоглох ханш нь хэдэн арав дахин өссөн юм. Үүнийг дагаад 2000-аад оны эхэн үеэр тэрээр Холливудын хамгийн эрэлттэй, амжилттай, чинээлэг жүжигчдийн нэг болсон бөгөөд ид үед нь нийт хөрөнгийн хэмжээ нь 150 сая ам.доллараар үнэлэгдсэн байдаг.

Гэсэн хэдий ч тэр бүх хөрөнгө нь агаарт уурших мэт гэнэт алга болжээ. Учир нь Кэйж цэргийн мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдэд тусалж, буяны ажилд их хэмжээний мөнгө зарцуулсан. Үүнийхээ төлөө Кэйж НҮБ-ээс хүний эрхийн шагнал хүртсэн байна. 

Өвөрмөц цуглуулга

Үүний хажуугаар Кэйж хэт тансаглалд хамаг хөрөнгөө үрсэн аж. Тэрээр хувийн онгоц, хэд хэдэн дарвуулт онгоц, тансаг зэрэглэлийн машин, тансаг харш (Европт 3 шилтгээн) авсан гэдэг. Дээрээс нь өдөр болгон шахуу үдэшлэг зохиож, тансаг зүйлс худалдаж авч байсан учраас Кэйж богино хугацаанд дампуурч, 6 сая гаруй ам.долларын татварын өртэй болжээ. Өрөө төлж барагдуулахын тулд тэрээр хувийн онгоц, шилтгээнүүдээ зарсан бөгөөд үүний дараа сургамж авсан бололтой үрэлгэн зангаа татсан байна. 

Мөнгийг ийнхүү "цацаж" байхдаа Кэйж Холливудын хамгийн үрэлгэн хүн болсон байдаг. Тэрээр аварга загас, кобра могой, матар, наймаалж бүхий бүхэл бүтэн усан амьтны хүрээлэн худалдан авсан байна. Үүний хажуугаар Монголын музейгээс хулгайд алдагдсан үлэг гүрвэлийн яс Тарбозавр Батаарыг мартаж болохгүй. Кэйж түүнийг олон сая ам.доллараар худалдаж авсан ч эцэст нь буцааж өгөхөөс өөр аргагүй болсон байна. Үүний хажуугаар түүний хуучны ховордсон 400 комик номоос бүрдэх цуглуулга нь хожим 1.6 сая доллараар зарагдсан гэнэ. 

4 Эхнэрүүдийн цуглуулга

Кэйжийн хувийн амьдрал нь ч гэсэн дээрхтэй адил жинхэнэ замбараагүй байсан юм.  Тэрээр 1987 онд 18 настай жүжигчин Патрисия Аркеттай танилцсан даруйдаа гэрлэх санал тавьжээ. Бүсгүй тоглоом шоглоомоор "Би чамтай гэрлэж болно. Харин чи надад хар цахирмаа цэцэг, жинхэнэ Сэлинжерийн гарын үсэг, зүүн өмнөд азийн Лису овгийн эмэгтэй хуримын даашинз, рестораны баримал авч өгөх ёстой шүү. Энэ бүхний дээр надад хайрын дуу дуулж өг. " гэж хэлсэн байна. 

Эхнэрүүдийн цуглуулга

Тэгтэл Кэйж хэлсэн бүхнийг нь биелүүлж өгчээ. Гэхдээ хар цахирмаа цэцэг олдоогүй учраас цагааныг будаж өгсний зэрэгцээ Лису овгийн даашинз нь буруу загварынх байсан гэж Патрисия дурссан байдаг. Гэхдээ энэ бүхэнд сэтгэл нь хөдөлсөн бүсгүй гэрлэх саналыг хүлээж авсан бөгөөд хосууд хуримаа Кубад хийхээр болжээ. Гэвч нислэг нь хойшлогдсоны дараа бүсгүй ямар болчимгүй зүйл хийж байгаагаа ойлгон онгоцны буудал дээрээс зугтсан байна. Кэйж гэхдээ үүнд нэг их харамссангүй. Дараа жил нь тэрээр жүжигчин Кристина Фултонтой болзож эхэлсэн бөгөөд хосууд нэг их удалгүй хүүгээ өлгийдөж авсан байна. 

Хэдэн жилийн дараа хувь тавилан Кейжийг дахин Патрисия Аркеттэй нийлүүлжээ. Харин энэ удаад бүсгүй өөрөө түүнд гэрлэх санал тавьжээ. 1995 онд хосууд хуримаа хийсэн байна. Гэхдээ тэд ердөө 9 сарын дараа 2 тийш болсон бөгөөд 2001 онд албан ёсоор салсан аж. Жүжигчид хамтдаа хэд хэдэн кинонд тоглосон ч хөшигний цаадах харилцаа нь үүрд тасарсан байна. 

Кэйжийн хоёр дахь эхнэр нь домогт Элвис Преслигийн охин байв. Лиза Мари Пресли тухайн  аль хэдийн 2 хүнээс салаад байсан бөгөөд өмнөх нөхөр Майкл Жексондоо 2 хүүхэд төрүүлж өгсөн байв. Николас Кейж, Лиза нар 2002 оны 8-р сарын 10-нд Элвисийн нас барсны 25 жилийн ойгоор хуримаа хийсэн юм. Эхэндээ хосууд нэгнээ маш сайн ойлгодог байжээ.

Лиза энэ талаар: "Бид алдартай гэр бүлээс гаралтай гэх мэт олон нийтлэг зүйлтэй байсан юм. Кэйж өөрийн овгоос татгалзаж бүх зүйлээ өөрийн гараар босгосон нь надад таалагдсан." гэж ярьсан байна.

Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хосууд зөрчилдөж эхлэв. Лиза өөрийгөө нөхрийнхөө хувьд тийм ч чухал хүн биш гэж бодож эхэлсэн учраас хосууд өдөр болгон шахуу маргалдаж эхэлжээ. Ердөө 109 хоногийн дараа тэд гэрлэлтээ цуцлуулсан байна.

Жүжигчин эр гурав дахь эхнэр Алис Кимтэйгээ ресторанд танилцсан байна. Бүсгүй зөөгчөөр ажилладаг байсан бөгөөд байнгын үйлчлүүлэгч Кэйж хэдэн сарын дараа гэрлэх санал тавьжээ. Тухайн үед 19 настай байсан Алис саналыг нь хүлээж авсан бөгөөд хосууд 2 сарын дараа гэрлэлтээ батлуулав. Жилийн дараа тэд анхны хүүгээ өлгийдөн авсан бөгөөд энэ удаад Кэйж залуу эхнэртэйгээ маш сайн ойлголцож чадсан учраас эв найртай харилцаа үүсгэж чаджээ Тийм ч учраас Кэйж Алис нар хамтдаа 11 жилийг өнгөрөөсөн юм. Харамсалтай нь хосууд 2016 онд салсан байна. Цуу яриагаар бол Алис нөхрөө араар нь тавьсан эсвэл Кэйж архинд донтсон учраас хоёр тийш болсон аж.

2019 онд Кэйж өөрөөсөө 32 насаар дүү япон охиныг 4 дэх эхнэрээрээ сонгожээ. Кэйж гэхдээ бал сараар явахын оронд өдөр болгон шахуу архи ууж байсан бөгөөд үүнийг нь тэсвэрлэж чадаагүй эхнэр нь хурим болсноос дөрөвхөн хоногийн дараа гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн байна.  

Эцэст нь Кэйж 2021 оны 2-р сард 5 дахь удаагаа 26 настай өөр нэгэн япон бүсгүй Рико Шибата-тай гэрлэсэн юм. Хос хоёр улаан хивсний ёслолд хамтдаа оролцож, олны өмнө эв найртай, дотно харагдаж байв. Tнэ удаад жүжигчин эр заяаны ханиа үнэхээр олсон эсэхийг цаг хугацаа харуулах биз. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()