Бууж өгөхийн оронд нэр төртэйгээр үхэхийг сонгосон 5 түүхэн хүн

Үхнэ гэдгээ мэдсэн хүмүүс амьд үлдэхийн тулд чадах бүхнээ хийх нь мэдээж. Ялангуяа бусдын гарт үрэгдэх гэж байгаа бол нулимс асгаруулан амь хэлтрүүлэхийг гуйхаас өөр сонголт байхгүй мэт санагдах байх. Мэдээж ингэлээ гээд тухайн хүнийг буруутгах аргагүй, учир нь бидний ихэнх нь ижил үйлдэл гаргана шүү дээ. Тэгвэл үнэхээр амиа алдах гэж байгаагаа мэдсэн ч үхэлтэйгээ юу ч болоогүй юм шиг нүүр тулж чадсан хүмүүс байдаг бөгөөд тэднийг түүхэнд бичиж үлдээсэн байдаг юм. Өнөөдөр та бүхэнд тэрхүү нэр төртэйгөөр нөгөө ертөнцөд одсон зоригтонгуудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Бууж өгөхийн оронд нэр төртэйгээр үхэхийг сонгосон 5 түүхэн хүн
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

1 Семпрон Денсус

Ромын эзэнт гүрний үед нөлөө бүхий хүмүүс хааныг хороогоод оронд нь өөрөө сэнтийд суух нь энгийн үзэгдэл байсан юм. Зарим хаад бүр жил хүрэхгүйн хугацаанд бусдын гарт амиа алдсан тохиолдол олон бий. Тэрхүү жил хүрэхгүй хугацаанд хаан ширээнд суух "хувь заяаны" ээлжит эзэн нь Сервиус Сульпиций Галба байсан юм. 

Галба өөрөө хүүхэдгүй байсан учраас Луциус Калпурниус Писо Фруга Лицинианус хэмээх үеэлээ залгамжлагчаа болгохоор шийдсэн байна. Гэвч энэхүү үйлдэл нь ойр тойрных нь дургуйг хүргэсний дотор шадар туслах Марк Сальвиус Отход огт таалагдаагүй байна. Тиймээс тэрээр өөрөө Ромын эзэн хаан болохоор шийдэж, МЭ 69 оны 1-р сарын 15-нд Галба, Писо хоёрыг гудамд байхад нь хөнөөлгөхөөр хүмүүс илгээжээ. 

Үүний зэрэгцээ тэрээр эзэн хааны хувийн бие хамгаалагчид болох преторчуудыг өөрийн талд оруулсан учраас тэд ч мөн Галбаг хөнөөхөөр дайрав. Тэгтэл Писогийн хувийн бие хамгаалагчаар томилогдсон Семпрон Денсус хэмээх эр ганцаараа урвалгүй хааныгаа хамгаалахаар өөрийн бусад преторчуудтай үзэлцсэн байна. Тэрээр ганцаараа тэмцсэн хэдий ч тоолж барамгүй олон цэргүүдийг тогтоож барьж чаджээ. Үүний ачаар Писо зугтаж амжсан юм. Харамсалтай нь Галбад ийм аз тохиосонгүй амиа алдсан бөгөөд нэлээд хэдэн минутын турш үзсэний эцэст Денсус өөрөө ч алагджээ. Гэхдээ үхэн үхтлээ үнэнч гэдгээ харуулж чадсан Семпрон Денсус нь Ромын түүхэн дэх хамгийн зоригтой дайчдын нэг хэмээн мөнхөрсөн байдаг.

Семпрон Денсус

2 Уильям Льюис Херндон

Ном зохиол, кинон дээр живж буй хөлөг онгоцон дээр ахмад нь үлдэх ёстой гэж гардаг билээ. Үүнийг мэдээж хүмүүс цэвэр зохиомол зүйл гэж үзэж болох ч бодит байдал дээр ингэсэн тохиолдол олон бий. 1857 оны 9-р сард Уильям Льюис Херндоноор удирдуулсан SS Central America хэмээх хөлөг онгоц Хаттерасын тохой орчим явж байгаад хар салхинд өртжээ. Багийнхан чадах чинээгээрээ хичээсэн ч уурын хөдөлгүүр нь ажиллахаа больсны дээр хүчтэй давалгаанаас болж их хэмжээний ус нэвтэрч эхэлсний улмаас хөлөг живж эхлэв.

Тус хөлөг онгоц нь нийт 575 зорчигчоос гадна 15 тонн алт тээвэрлэж явсан нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэв. Ямартай ч хөлгийнхөн зорчигчдыг аврах завинд суулгаж эхэлсэн боловч тэдгээр нь ердөө 152 эмэгтэй, хүүхдийг л багтааж чадахаар хэмжээтэй байжээ. Уильям Льюис Херндон нэгэн эмэгтэйд цагаа өгч, эхнэрт нь хүргэж өгөхийг гуйсан байна. Тэрээр өөрөө үлдсэн ч хамаагүй хөлөг онгоц дээр байгаа бүх хүмүүсийг аврах завинуудад түрүүлж суулгахыг хүссэн байна. Харамсалтай нь, тэрээр ингэж амжаагүй бөгөөд өөртэй нь нийлээд 23 хүн живжээ.

Гэрчүүд хөлөг онгоц усанд орох хүртэл ахмад Уильям Льюис Херндон усан цэргийн дүрэмт хувцастайгаа хөлөг онгоцны залуурын ард зогссон хэмээн дурссан байдаг. Уильямын эр зориг, сайхан сэтгэлийн түүх Америкчуудын дунд алдаршсан бөгөөд хэд хэдэн хотыг түүний нэрээр нэрлэж хөшөөг нь босгосон байдаг.  

Уильям Льюис Херндон

3 Бенжамин Гуггенхайм

1912 оны дөрөвдүгээр сарын 14-нд Титаник хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөн живж, 1500 гаруй хүн амь үрэгдсэн билээ. Америкийн бизнесмэн Бенжамин Гуггенхайм хэмээх эр тус хөлөг онгоцон дээр явж байжээ. Титаник живэх нь тодорхой болоход Бенжамин Гуггенхайм өөрийн нууц амраг Францын дуучин Леонтин Аубар, үйлчлэгч Эмма Сөгессер нарыг дагуулан аврах завинд суулгажээ.

Тэрээр хайртдаа удахгүй эргэж уулзана гэж амласан хэдий ч нөхцөл байдал яг ямар байгааг сайн ойлгож байжээ. Тиймээс Бенжамин Гуггенхайм санаа зовох зүйлгүйгээр үйлчлэгч Виктор Гуилогийн хамт тасалгаандаа буцаж ирээд смокинг өмсөөд хөлөг онгоцны төв танхимд очиж тамхи татангаа виски шимэн суужээ. Тэрээр яг энэ чигээрээ живсэн аж. Амьд үлдсэн нэг хүн Гуггенхаймыг үхэнхийнхээ өмнө "Надад ямар нэгэн зүйл тохиолдвол эхнэрт маань намайг үүргээ чадах чинээгээрээ биелүүлэхийг хичээснийг дамжуулаарай" гэж хэлсэн хэмээн дурссан байдаг. 

Бенжамин Гуггенхайм

4 Мишель Ней

Мишель Ней нь Наполеон Бонапартын армийн хамгийн алдартай маршалуудын нэг байсан бөгөөд Францын эзэн хаан өөрөө түүнийг хамгийн зоригтой цэрэг гэж магтсан байдаг. Маршал Ней ч үүнийгээ удаа дараа баталсан байдаг. Жишээ нь 1815 онд Ватерлоогийн тулалдааны үеэр Нейгийн унаж явсан таван морь толгой дараалан алагдсан боловч тэрээр дахин дахин шинэ морь олж унаад цэргүүдээ тулаанд удирдан орсон байдаг. 

Тэнд тэрээр "Францын маршал яаж үхдэгийг харцгаа!" гэсэн алдарт үгээ хэлсэн юм. Наполеоны дайнд ялагдсаны дараа Мишель Ней баригдаж, эх орноосоо урвасан хэргээр шүүгджээ. Харин цэргийн шүүх Нейгийн хуучин нөхдөөс бүрдсэн байсан учраас түүнийг буруутайд тооцож чадаагүй байна. Тиймээс түүний шүүх үүргийг парламентийн нэг хэсэг Пэрийн танхим өөрөө авсан бөгөөд төд удалгүй цаазаар авах ял оноов. Мишель Ней мэдээж энэхүү шийдвэрээс айсангүй. Харин ч тэрээр сүүлчийн хүслээ болгож өөрийнхөө цаазлах ажиллагааг удирдахыг шаардсан байна. 

1815 он 12-р сарын 7-нд маршал Мишель Нейг буудан алахаар авчран нүдийг нь боох болоход маршал үүнээс татгалзлаа. Бүр буудах тушаал өгөх гэж байгаа командлагчийн урдуур орж  “Цэргүүдээ миний нүүр рүү биш зүрх чиглүүлж хараалаад буудаад” хэмээн тугаасан байна.

Үүний өмнө "Надад оноосон ялыг би эсэргүүцэж байна, учир нь би Францын төлөө зуун тулалдаанд орсон ч түүний өмнөөс боссон тохиолдол байхгүй" гэж хэлээд буудах тушаал өгсөн байна. Мишель Нейн аймшиггүй зоригийг хожим францчууд бахдаж цаазаар авсан газарт нь маршалын хөшөөг босгосон юм. 

Мишель Ней

5 3-р Агис

Өнөөх алдарт 300 Спартын дайчин гардаг Термопилийн тулалдааныг та бүхэн санаж байгаа байх. Үнэндээ энэхүү тулалдааны үеэр  5-7 мянган Грекчүүд нарийн хавцалыг хамгаалж 200 мянган Персүүдтэй тулсан байдаг. Энэ үеэр Спартын хаан 1-р Леонид нас барж, түүхэнд нэрээ мөнхөлсөн юм. Гэвч тэрээр тулалдаанд эцсээ хүртэл тэмцсэн цорын ганц Спартын хаан биш байв.

Үүнээс 100 жилийн дараа амьдарч байсан өөр нэгэн Стартын 3-р хаан Агис мөн нэр төртэйгөөр нас барсан юм. 331 онд тэрээр Македончуудын эсрэг бослого гаргаж Мегалополис хотыг бүслэн авчээ. Гэсэн хэдий ч Македонийн жанжин Антипатер бослого гаргасан Стартчуудыг дарахаар 40 мянган цэрэг хөдөлгөсөн байна. Тулалдааны үеэр 3-р Агисын удирдсан босогчид 3500 Македончуудыг устгасан ч 5000 цэргээ алджээ.

Энэ тулалдаанд Спартагийн нийт иргэдийн дөрөвний нэг нь амиа алдсан байна. Бүрэн ялагдана гэдгээ ойлгосон 3-р Агис шархадсан хүмүүстээ бүрэн ухрах цаг гаргаж өгөхийг хичээн эцсээ хүртэл тэмцэв. Түүхч Диодорусын тэмдэглэн үлдээснээр 3-р Агис хаан олон шарх авсан ч юу ч болоогүй юм шиг тэмцсээр олон дайсны цэргийг алсны эцэст л өөрөө амиа алдсан хэмээжээ. 

3-р Агис

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()