З.Цэцэн: Ирээдүйд Монгол Улс эрчим хүчээр хараат байхаа болино

2022-04-25, 14:15
1,007
З.Цэцэн: Ирээдүйд Монгол Улс эрчим хүчээр хараат байхаа болино

Өмнөговь аймаг дахь "ГУРВАНТЭС-XXXV" метан хийн төслийг хэрэгжүүлэгч "Тэлмэн" группийн ТУЗ-ийн дарга З.Цэцэнтэй ярилцлаа. Тус компанийн энэхүү төсөл амжилттай хэрэгжих болсноор Австралийн хөрөнгийн бирж дээр өнгөрсөн хоёрдугаар сард хувьцааны үнийн өсөлт хоёр удаа рекорд тогтоогоод байгаа аж.

-"Тэлмэн ресурс" компани Австралийн хөрөнгийн бирж дээр гарснаас хойш хоёр хүрэхгүй сарын хугацаанд хувьцааны ханшийн өсөлтөөрөө рекорд тогтоосныг дууллаа. Маш их сонирхол татаж байна?

-Манай төслийн эрлийн ажиллагаа 2019 онд эхэлсэн ч 2020 оноос ковид, хөл хорионы улмаас хүндрэлтэй нөхцөл их гарсан. Ийм нөхцөлд бид хойш суухгүйгээр боломжийг эрэлхийлж ажилласаар гадныхны итгэлийг төрүүлж чадсан. Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй гаргахад Австралийн бирж, зохицуулагч байгууллагуудын шаардлагыг 100 хувь хангах ёстой. Тэр бүх ажлаа өнгөрсөн хугацаанд амжилттай хийсэн гэсэн үг.

Дэлхий нийтийн чиг хандлага байгалийн хийг илүү сонирхож, ашиглах чиглэл рүүгээ явж байна. Түүнтэй ч холбоотой хувьцааны ханш өссөн байх.

-Эхний өрөмдлөг амжилттай болсон юм байна. "Гурвантэс-XXXV" төслийн эрэл, нөөцийн талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Манай нүүрсний давхаргын метан хийн төслийн "Гурвантэс-XXXV" талбай Нарийн сухайтын бүлэг орд дээр үндэслэсэн. Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумын нутагт байрладаг. Нарийн сухайтын бүлэг орд дээр Таван толгойн ордынх шиг газар доорх биет нүүрс нь тодорхой, түүн дээр олон компанийн нүүрсний өрөмдлөг хийсэн байдаг. Энэ бүлэг орд нүүрсний чанар сайн, метан хийн гарц, нөөцийн хувьд ч өндөр байх боломжтой нутаг дэвсгэр юм. Австралийн олон улсын PRMS стандартын дагуу гаргасан тооцооллоор 5.9 триллион куб фит нөөц одоогийн байдлаар тогтоогдсон. Энэ бол манай талбайн 10 хүрэхгүй хувь дээр гаргасан тооцоолол. Тэгэхээр цаашид эрэл хайгуул үргэлжилж, нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Энэ жилийн хувьд 3000 тууш метр өрөм тавих төлөвлөгөөтэй ажиллаж байна. Сая тавьсан эхний өрмөөр 400 метрээс нүүрс гарсан, ойролцоогоор 40 гаруй метрийн зузаантай давхарга руу орсон. Хийн чанар сайн гарсан. Одоогоор лабораторид шинжилж байна.

Энэ төсөл маань Засгийн газарт олон давуу талтай. Нэгдүгээрт, бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийн дагуу олборлолт эхэлснээр бид Монгол Улсын Засгийн газрын талд оногдох төлбөрийн хувиа өгч, роялти төлнө. Хоёрдугаарт, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу орон нутгийг дэмжих, төлөөлөгчийн газрыг дэмжих урамшуулал олгох, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалт хийх, иргэдийг сургах гэх мэт орон нутагтай гэрээ байгуулж жил бүр төлөвлөгөөний дагуу улс болон орон нутагт оруулж байгаа хөрөнгө оруулалт, тодорхой ажлууд их бий.

-Төслийн өгөөжийг сонирхож байна. Агаарын бохирдлыг шийдэх боломжтой гэдэг?

-Бээжинг санаж байна уу. Ямар утаатай байлаа?

-Маш их утаатай байсан нэг үе бий.

-Бээжин хот хийгээр асуудлаа шийдсэн. Миний ойлгож байгаагаар Япон, Солонгос хоёр эрчим хүчнийхээ 80 хувийг газаар шийдсэн байдаг. Гэхдээ тэд өөрсдөө хийгүй, импортын газаар л ингэж шийдсэн.

Хятад одоогийн байдлаар эрчим хүчнийхээ 30 хувийг байгалийн хийгээр орлуулах болсон, ойрын хугацаанд 50 хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм билээ. Монгол бол тэг. Тийм учраас бид утаатайгаа "сайхан" амьдарсаар л байна.

-Тэгвэл агаарын бохирдлыг яаж шийдэх боломжтой гэж?

-ТЭЦ-2 газан турбин тавьж байгаа гэж сонссон. Мөн ТЭЦ-3, ТЭЦ-4 байна. Эхний ээлжинд энэ гурван цахилгаан станцаа олон улсын жишиг рүү ойртуулах нөхцөлийг шат дараатай авах шаардлагатай.

-Танай компани эрчим хүч үйлдвэрлэх үү?

-Гол зорилго бол энэ. Эрчим хүчийг энэ жилээс эхэлж үйлдвэрлэнэ. Өмнөговь аймаг бол эрчим хүчний хувьд урд хөршөөс хараат. Манай талбай хамрагдаж байгаа Гурван тэс, Ноён, Сэврэй гээд сумд Хятадаас Шивээ хүрэнгийн боомтоор цахилгаан итпортоор авдаг. Түүнийг бид эхний ээлжинд шийдэж, биеийг нь даалгая, өөрсдөө урд хөршөөс хамаарахгүй эрчим хүчээр хангана гэсэн тооцоотой байгаа. Цаашлаад Өмнөговийн хэрэгцээг бүгдийг хангана гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Ер нь нэн тэргүүнд Монгол Улсад эрчим хүчийг хангалттай, хараат бус болгох хэрэгтэй. Манайд чинь хот хөдөөгүй тог тасарч л байдаг, түүндээ ч дасчихсан. Гайхдаггүй биз дээ. Засвар хийж байна гээд л. Энэ бол гадаадад ойлгомжгүй асуудал. Гадаадынхан цочирдож хүлээж авна, эвлэрч чадахгүй. Эхний ээлжинд монголчууд энэ асуудлаа л шийдчих ёстой юм. Яагаад Монголд гадаадын том, том үйлдвэр орж ирдэггүй юм, яагаад том компанийн үйлдвэрлэгч орон болж чаддаггүй вэ гэвэл эрчим хүчтэй ч хамааралтай асуудал бий.

-Тэгвэл өнөөдрийн Австралийн хөрөнгийн бирж дээрх танай амжилт, Монгол Улс асар их нөөцтэй зэргийг харвал ирээдүйд экспортын асуудлыг ч тавьж болох нь ээ?

-Эхний ээлжинд тогтоогдоод байгаа 5.9 триллион куб фит гэдэг ойролцоогоор 1ГВт буюу 1000 МВт эрчим хүчийг 1700 жил хангах нөөц бий гэж бид тооцоолсон. 1700 жилийн дотор дэлхий яаж ч өөрчлөгдөж мэднэ. Тиймээс экспортолно.

-ОХУ, БНХАУ байгалийн хийн хоолойг манай улсын газар нутаг дээгүүр дамжуулах асуудал яригдсаар байгаа. Салбарт нь ажиллаж байгаа хүний хувьд энэ тухай таны байр суурийг сонирхмоор байна?

-Би Монголоо л бодно. Монголын хувьд эдийн засгийн маш их ач холбогдолтой төсөл гэж үзээд байх шиг байна. Харин манай компанийн хувьд ямар ч хамааралгүй, ямар ч эерэг, эсвэл сөрөг нөлөөгүй гэж бодож байна.

Би мэднэ л дээ. "Сила Сибири 1" гээд хоолой ОХУ-аас БНХАУ руу явдаг. Жилдээ 50 тэрбум куб метр газ нийлүүлнэ гэсэн гэрээтэй. Түүнийгээ ч нийлүүлж чаддаггүй, ойролцоогоор 10 тэрбум л очдог юмуу даа. Ямар учраас хоёр дахь хоолойг барих гээд байгааг гайхаж байгаа. Газар нутгийн хувьд малчид, иргэдэд ямар нөлөөтэй байхыг судлах л хэрэгтэй.

-Ер нь метан хийн төсөл байгаль орчин, нутаг оронд халтай юу?

-Ямар ч сөрөг тал байхгүй. АНУ, Европ гэж холыг, харь гариг ярихаа больё л доо. Зөвхөн БНХАУ-ыг аваад үзэхэд нүүрсээ олборлохоосоо өмнө хорт хийг нь эхлээд соруулж аваад дараа нь нүүрсээ олборлодог. Хорт хий гээд байгаа нь ерөөсөө энэ газ.

-Байгалийн хийн төсөл бол манайд сүүлийн жилүүдэд яригдсаар ирсэн. Төр засгийн дэмжлэг, оролцоо хэр байх юм?

-Ер нь байгалийн хийн салбар манайд шинэ шүү дээ. Дөнгөж хөгжиж байгаа учраас алдаа оноотой зүйл их байгаа. Засгийн газар, түүнийг хэрэгжүүлэгч АМГТГ бол гэрээний нэг тал, тэр ч утгаараа холбогдох эрх зүйн орчин гэрээний талаар зөвлөдөг. Хууль тогтоомжид өөрчлөлт оруулахдаа ч төсөл хэрэгжүүлэгчид ямар санал оноотой байна гэж байнгын харилцаа холбоотой байдаг.

Тэгэхээр Засгийн газрын хувьд манай төсөл хэрэгцээтэй төсөл юм болов уу гэж ойлгож байгаа. Томын хувьд том салбар. Эрчим хүчээр гадаадаас хамаарахгүй, дотоодоо бүрэн хангадаг тусгаар улс болж чадвал өөр юу ярих вэ дээ.

-Сүүлийн үед том төслүүдийг төрд буцаан авах болсон. Салхитын мөнгөний орд, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөл цемент шохой гээд үргэлжилж байгаа. Шүүмжлэл ч ихээр өрнөж байна. Магадгүй ийм сайн төслүүдээ дараагийн ээлжинд төрд авах нэрээр дээрэмдэх юм биш биз гэсэн хардлага ч байна. Та ч бас бодож үзсэн байх?

-Бид улсаас нэг ч төгрөг авахгүйгээр өөрсдөө тэгээс эхлүүлсэн. Олон тэрбум төгрөгийн хайгуул эрэл хийсэн компани, байгууллагыг дээрэмдсэн гэж сонсоогүй. Хөтөл, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг сайн мэдэхгүй юм. Улсын мөнгөөр хайгуул хийсэн байсан, улсын байгуулсан үйлдвэрийг үнэгүйдүүлээд нэг овжин нөхөр хямд авчихсан юм уу, мэдэхгүй шүү дээ. Нэг ч төгрөг улсаас авахгүй өөрсдөө явж байгаа хүмүүсээс бизнесийг нь булаана гэж байхгүй. Хэрэв тэгвэл бид улс биш болчихно. Бизнес хийдэг хүн ч Монголд байхаа болино.-

Улс төрийн асуудлаас болж том төслүүд гацдаг нь нууц биш шүү дээ?

-Намайг улс төрийн сэдэв рүү оруулах гээд байна уу (инээв).

Манайх уул уурхайн төсөл гэж харахаас илүү эрчим хүчний төсөл. Хийг нь соруулж аваад тэр дор нь эрчим хүч болгоод улсдаа өгөх гэж л явж байна.

-Австралийн хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих том давааг давж, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдсэн танай туршлага дэлхий рүү гарах амбицтай монгол компаниудад урам өгсөн туршлага болов уу?

-Монгол эзэнтэй, Монголын компани өмнө нь Австралийн бирж рүү шууд гарч байгаагүй. Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад эзэнтэй гадаад компани Австрали, Канадад гарсан тохиолдол хэд, хэд байдаг.

Бидний хувьд манай салбарын ижил төсөлтэй компани Австралийн хөрөнгийн бирж дээр өмнө нь гарчихсан байсныг “залгиж” авсан. Энэ бол байдаг л, дэлхий дээр түгээмэл бизнесийн нэгдэн нийлэх хэлбэрийн үзэгдэл.

Бидний нэгдсэн компани бол Австралийн "Тамаска" гэх компани. Хэлцлийн явцад IPO хийхтэй ижил санал бидэнд ирсэн. Ижил төсөлтэй зардлын санал, хугацааны хувьд хамаагүй хурдан байсан нь анхаарал татсан. Тиймээс нэгдэхээ манай талаас зөвшөөрөөд хөрөнгийн биржид гарсан. Мэдээж олон улсад гарах шалгуур яг л адилхан, олон улсын аудит, хуулийн фирм орж ирж дүгнэлтээ бичнэ, Австралийн хөрөнгийн биржийн шаардлагыг яг ижил хангана. Манай компани эхнээсээ санхүүгийн зардал, шаардлагатай мэдээ мэдээлэл, татвар төлөлт, цалин зэрэг бүх үйл ажиллагаагаа шилэн болгосон, хуулийн дагуу ажиллаж, тогтмол хөндлөнгийн аудит хийлгэж байсан учраас давуу тал болсон. Компанийн соёл юм даа. Ийм энгийн соёлыг бий болгосон компани олон болоосой. Тэгвэл зах зээл нээлттэй, хөрөнгө оруулалт босгох боломж өсч, Монгол Улс хөгжинө гэж боддог.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()