Америкийг эзэлсэн Итали мафийн түүх

2022-05-14, 12:27
7,264

Америкын мафи буюу Итали-Америкын зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ байгууллага АНУ-ын Нью-Йорк болон Чикаго хотуудад төвлөн үйл ажиллагаагаа явуулж, согтууруулах ундааны хориг тавигдсан цаг үе буюу 1920-оод онд хууль бус архины худалдаагаар хөлжсөн юм. Хожим хар тамхины наймаанаас хууль бус мөрийтэй тоглоом хүртэл гэмт хэргийн булан тохой нэг бүрт гараа сунган ажиллахын зэрэгцээ үйлдвэрчний эвлэл, томоохон бизнесийн байгууллагуудад элсэж гэмт хэргээ нуун далдалдаг байв.

Америкийг эзэлсэн Итали мафийн түүх
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Өнөөдөр ч тухайн цаг үеийн мафийн гол дүрүүд болох Ал Капоне болон Жон Готти нар яригдсаар байна. 20-р зууны сүүл үеэс эхлэн тус улсын засаг захиргаа бусдыг айлган сүрдүүлэх замаар ашиг хонжоо олох явдлын эсрэг хууль батлан хэрэгжүүлж, мафийн толгойлогчдыг хатуу яллах болсон нь үр дүнгээ өгч мафи хэмээх сүлжээ гэмт хэргийн бүлэглэлүүдийн хүчийг сулруулсан ч өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм.

1 Цагаачийн асуудал ба их хориг

19-р зууны сүүл, 20-р зууны эхэн үед Италиас АНУ-ыг зорих цагаачдын тоо олширч, асар олон фермер, гар урлаач гэх мэт хүмүүс буурал тивээс шинэ амьдрал эхлүүлэхээр эрх чөлөөний оронд газардаж байв. Зөвхөн Нью-Йорк хотод оршин суух итали гаралтай иргэдийн тоо 1880 онд 20 мянга байсан нь ердөө 10 жилийн дотор 250 мянга хүртэл өсөж 1910 оны босгон дээр хагас сая итали-америк иргэд тус хотод оршин суух болжээ. Түүхч Томас Реппето энэ талаар нарийн судалгаа явуулж тус хотын нийт хүн амын 10 хувийг Италиас гаралтай иргэд бүрдүүлдэг хэмээн тодорхойлсон удаатай. Итали гаралтай иргэд эдийн засгийн хувьд таатай амьдрал хайн ирж байсан ч тэдний дунд гэмт хэргийн бүлэглэлийн гар, хөл болсон этгээдүүд байсныг дурдах нь зүйтэй.

Цагаачийн асуудал ба их хориг

1920-оод онд АНУ согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаанд хориг тавьсан нь итали-америк гаралтай гэмт хэргийн бүлэглэлүүдэд архины далд бизнес эхлүүлэх сэдэл болсон агаад цагдаа хүчний байгууллага, орон нутгийн удирдах албан тушаалтнуудад хахууль өгч өөрийн талд урвуулан мөнгө угаах гэмт хэргийг цэцэглүүлж байсан түүхтэй. Тухайн цаг үед Италид Сицилийн мафи хүчирхэгжиж, Бенито Муссолинигийн фашист дэглэмтэй сөргөөцөлдөх болж, бүлэглэлийн олон гишүүд АНУ-руу дүрвэсэн нь америкын мафийн ерөнхий суурийг тавьжээ. Хэдийгээр үндэс гарал нэг мэт боловч "Америкын мафи" болон "Сицилийн мафи" тус тусын үйл ажиллагааг явуулж, нэгдмэл хүрээнд ажилладаггүй байв.

2 "Америкын мафи" зохион байгуулалтад орж бүлэглэл болсон нь

1920-оод оны сүүл үед Нью-Йорк хотын хамгийн том гэмт хэргийн бүлэглэл болох итали-америкын хооронд мөргөлдөөн гарав. Харин 1931 онд Италийн Сицилийн аралд төрсөн Салватор Маразано Америк дахь мафийн толгойлогч болж өөрийгөө италиар “capo di tutti capi” буюу “Бүх толгойлогчдын толгойлогч” хэмээн нэрийдсэн байдаг. Гэвч тэрээр мөн онд Лаки Лучиано хэмээх этгээдийн гарт амиа алджээ. Лаки Лучиано ийнхүү АНУ дахь мафийн толгойлогч болсон даруйдаа "Комисс" гэх нэртэй тус улс дахь 20 гаруй гэмт хэргийн бүлэглэлүүдийг хамруулсан төв байгууллага байгуулсан юм. Тэрбээр Нью-Йорк хотыг гэмт хэргийн бүлэглэлүүдийн нийслэл болгон зарлажээ. Тухайн цаг үед тус хот таван гэмт хэргийн бүлэглэлд хуваагдаж байсан бол АНУ-ын бусад томоохон хотуудад тус бүр нэг бүлэглэл үйл ажиллагаагаа явуулж байв.

"Америкын мафи" зохион байгуулалтад орж бүлэглэл болсон нь

Америкын мафийн сүлжээний оройд толгойлогч байх ба тэрээр бүлэглэлийн бүх үйл ажиллагаанаас хувь хүртэх хэмжээний эрх мэдэл эдлэх бол түүний доор “Капос” буюу ахлагч хэмээн нэрлэгддэг 10 хүнтэй багийг удирддаг хүмүүс буй. Ийнхүү асар том сүлжээ үргэлжилсээр хамгийн доор нь мафид харьяалагдахгүй боловч холбоо, сүлбээ бүхий бизнесийн хамтрагчид нь багтдаг байжээ.

Мафийн гишүүн болох уламжлал нь цусан тангараг хэлбэртэй байсан ба гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болохоосоо өмнө хүний амь хороосон байх хатуу шаардлагыг итали хэв маягийн дагуу тавьдаг байв. Түүнчлэн нэгэнт гишүүнээр элссэн бол бусдад мэдэгдэхгүй нууцлах, бүлгийн хэн нэгнийг дарамтлахгүй байх, бүлгийнхээ хэн нэгний найз бүсгүй эсвэл эхнэртэй хувийн харилцаа үүсгэхгүй байх гэх мэт хатуу журам баримталдаг байжээ.

3 Мафийн үйл ажиллагаа 20-р зуунд эрчийг авсан нь

1933 онд согтууруулах ундааны хориг хүчингүй болсноор мафийнхан эмс хүүхнүүдийн биеийг үнэлүүлэх, хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулах зэргээр үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж эхлэв. Түүнчлэн хууль ёсоор үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлд хүмүүсээ оруулж, барилга, үйлчилгээ, шөнийн клуб, хоолны газар, авто засвар зэрэг олон салбарт далд бизнес эрхэлж, томоохон бизнесменүүдээс эхлээд орон нутгийн засаг захиргаа, шүүхийн нэр нөлөө бүхий хүмүүст хахууль өгөх замаар гэмт хэргээ далдалдаг байжээ.

20-р зууны дунд үед АНУ-д нийт 24 орчим гэмт хэргийн бүлэглэл байсан ба нийт 5,000 орчим гишүүнтэй, хэдэн мянгаар тоологдох холбоотонтой байсан гэдэг. Гэвч 1960-аад онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны дарга Ж.Эдгар Хүүвер итали-америк мафийн бүлэглэлүүдийн эсрэг хатуу бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаанд нь нөлөөлөх арга хэмжээг авч эхэлжээ.

Мафийн үйл ажиллагаа 20-р зуунд эрчийг авсан нь

4 Мафийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь

1970 онд АНУ-ын конгресс Дээрэм, хахуулийн эсрэг тунхаг батлан гаргаж, АНУ-ын засаг захиргаа мафийн бүлэглэлүүдийн эсрэг дайн зарлаж буйгаа мэдэгджээ. Ийнхүү 1990 оныг дуустал тус тунхагт заасны дагуу мафийн толгойлогч нарыг баривчилж, олон жилийн хорих ял оноох эсвэл өөр бусад гэмт этгээдүүдийг барихад туслалцаа үзүүлсний хариуд цагдаагийн хяналтад суллагдах гэх мэт арга хэмжээг авсаар 21-р зууны эхэн үе гэхэд АНУ дахь мафиуд нөлөөгөө алдаж эхэлжээ. Гэвч 2001 оны 9-р сарын 11-ний өдөр болсон халдлагын дараа тус улсын ард иргэд болон эрх мэдэлтнүүд мафийн эсрэг бус террорист бүлэглэлүүдийн эсрэг тэмцэх үйл ажиллагаанд илүү анхаарал хандуулах болсноор Америк дахь гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаа бүрэн тасалдалгүй, өнөөг хүртэл далд хэлбэрт байсаар байгаа билээ.

Мафийн бүлэглэлүүдийн үйл ажиллагаа хумигдсан нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()