Владимир Путин - Үгээгүй ядуугаас улсын эзэн болсон түүх

Путины тухай олон янзаар ярьж болно. Шүүмжлэгчдийн хувьд бол сонгуулийн дүнд нөлөөлдөг, ардчиллыг бусниулагч, дарангуйлагч нэгэн. Харин дэмжигчдийн хувьд цагаан баавгайн найз, жудочин, цээж нүцгэн морь унадаг жинхэнэ эр хүн. Ингээд дэлхийн хамгийн хүчирхэг Ерөнхийлөгч гэгддэг Путины түүхээс та бүхэнд хүргэе.

Владимир Путин - Үгээгүй ядуугаас улсын эзэн болсон түүх
ҮНЭГҮЙ!
Хаах
Сурталчилгаа

Путины аав Дэлхийн хоёрдугаар дайны үеэр хөлөө алдсан ба үйлдвэрийн ажилтан байсан хэмээн “Нэгдүгээр хүн” номондоо Путин бичсэн байдаг. Харин ээж нь сахуу өвчнөөс болж нэг хүүхдээ алдсан төдийгүй дайны үеэр өлсөж үхэх дөхсөн ба маш бага цалингаар гудамж, лабораторийн тоног төхөөрөмж цэвэрлэдэг нэгэн байжээ. Путин эцэг эхийнхээ хамт хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан бөгөөд халуун ус, ванны өрөөгүй хүндхэн нөхцөлд өссөн юм. Цаг нөхцөөхийн тулд Путин найзуудынхаа хамт орон сууцнаасаа харх агнадаг байсан аж.

Сургуульд байхдаа харин тун дүрсгүй нэгэн байлаа. Дүрэмт хувцсаа ном журмаар нь өмсөнө гэж бараг байхгүй тэрбээр хичээлдээ анхаардаггүй, бусад хүүхдүүд рүү юм шидэж, биеийн тамирын багштайгаа хэд хэдэн удаа маргалдаж байсан түүхтэй. Үгэнд ордоггүй байсан түүний дүн ихэвчлэн дунд байсан ч түүх болон Герман хэлний хичээлдээ бусдаас хамаагүй илүү байсан гэдэг. Энэ хоёр хичээл түүний амьдралд хожим чухал нөлөө үзүүлсэн юм. Сайн багш хүүхдийн потенциалыг олж харж, түүнийг нь ил гаргах чадвартай байдаг. Путин ч сайн багштай таарч, 6 дугаар ангиасаа хойш сурлага нь эрс сайжирсан байна. Гоц авьяастнуудын сургуульд тэнцэн орж, маш сайн сурагч болсон Путин цаашид хуулийн сургуулийг төгсөж, КГБ буюу Зөвлөлтийн үеийн тагнуулын албад орсон билээ.

Ихэнх хүний багын мөрөөдөл бодит амьдрал дээр биеллээ олох нь ховор. Харин Путин өөрийн мөрөөдлөө бодит болгож чадсан нэгэн. "Los Angeles Times"-д бичсэнээр Путин 9 дүгээр ангиасаа л КГБ-д орохыг хүсдэг байсан гэнэ. Энэ нь тагнуулчдын талаарх сонирхолтой түүхүүд сонирхдог байсантай холбоотой аж. Тэрбээр Ленинградыг зорьж, КГБ-д орохыг хүссэн ч албаны хүмүүс түүнийг хуулийн сургуульд ор гэжээ. Путин тэдний үгэнд орж 1975 онд хуульчийн мэргэжил эзэмшсэн байна. Үүний дараа КГБ түүнд ажлын байр санал болгосныг Путин дуртайяа хүлээн авчээ. Тэндээ Герман хэлээ илүү хөгжүүлж, жудогийн хар бүстэй болсон юм.

1985 онд Путин Зүүн Герман руу тагнуулын ажлаар явлаа. Энэ ажиллагааны талаар мэдээлэл хомс байдаг. “Луч” буюу “Цацраг” нэртэй энэ ажиллагааны хүрээнд Путин нэг бол технологийн нууц баримтуудыг цуглуулсан эсвэл өндөр албан тушаалтнуудын жагсаалтыг гаргасан байх магадлалтай гэдэг. Дипломат хамгаалалтаас гадуур үйл ажиллагаа явуулсан гэхээр Путины ажиллагаа нэлээн ноцтой байсан гэсэн таамаг бий.

Зүүн Герман улс ЗХУ-тай харьцуулахад маш өөр орчин байлаа. Гудамж талбай нь цэвэрхэн, шар айраг нь амттай, улс төрийн хувьд хамаагүй чөлөөтэй байж. Германы судлаач Борис Райтшустерийн хэлснээр Путинд Германд байх их таалагддаг байжээ. Хэдийгээр тагнуулчийн амьдрал тийм гял цал биш ч гэсэн тэр сайхан хувцас өмсөж, илүү сайн машин унахын хажуугаар найзтайгаа хүйтэн шар айраг шимэн, хүсвэл загварын сэтгүүл эргүүлж суудаг байв.

Харин 1989 оны 11-р сард Берлиний ханыг нурааснаар түүний энэ амьдрал дууссан аж. Эрх чөлөөт амьдрал газар авах үед хуучны Зөвлөлтийн дарга нарын эсрэг маш их дайралт ирэх боллоо. Коммунизм буланд шахагдахдаа эргэн дайрахын оронд ган гэж дуугаралгүй ардчилалд зайгаа тавьж өгөх үед Путин ямар нэг үзэл суртал, хэн нэгэн улс төрчийн төлөө сохроор зүтгэсэн хэвээр байж болохгүй юм гэдгийг ухаарсан гэдэг.

Коммунизм төгссөнөөр Путин илүү үндсэрхэг үзлийг баримтлан, эрх баригчидтай холбоо сүлбээ тогтоожээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхий сайд болоод хамгийн анх 1999 онд “Шинэ мянганы зааг дээрх Орос улс” гэсэн баримт бичиг гарган Оросын өмнөх үе болон ирээдүйн талаар бичсэн байдаг.

“Атлантик” сэтгүүлийн тоймлосноор Путин Орос орон улс төрийн эмх замбараагүй байдлаас болж нэгдмэл байдлаа алдсан гэсэн утгыг ихэд тодотгож байв. Үг хэлээ чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний эрх зэрэг үзэл маш ихээр тархаж байгаа энэ үед ОХУ-ын ард иргэд хүчирхэг төвлөрсөн Засгийн газрын дор нэгдэж байж дэлхийн аугаа гүрнүүдийн тоонд багтаж чадна гэж байлаа. Үүнийгээ хүсэл мөрөөдөл биш, харин зайлшгүй хүрэх ёстой ирээдүй юм гэсэн санаа өгөхүйц байдлаар бичсэн байдаг нь иргэдийн зүрхэнд ойр туссан аж. Үүнээс ердөө 2 өдрийн дараа Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгч болсон билээ. 

Берлиний хана нурснаас 10 жилийн дараа Путин Ерөнхийлөгч болсон юм. Гэхдээ энэ хугацаанд Путин яг юу хийж байсан бэ гэдэг мэдээлэл харьцангуй бага. Харин олонд танигдаж эхлэх үед улс төр судлаачид түүнийг дээд албан тушаалд удна гэж бодохгүй байв. Ерөнхийлөгч Борис Ельцин 1999 онд Путиныг Ерөнхий сайдаар томилоход хүртэл түүний улс төрийн хүч нь хязгаарлагдмал байна гэж үзэж байсан аж.

Үнэндээ түүний өмнөх түүх тийм ч итгэл төрүүлэхүйц биш байсан гэдэг. Учир нь тэрбээр Санкт Петербург хотын дэд даргын албан тушаалыг хашиж байгаад 1998-1999 оны хооронд богино хугацаанд Ерөнхийлөгчийн дор ажилласан нэгэн байв. Богинохон хугацааны турш Холбооны аюулгүй байдлын газрын даргаар ч ажиллаж байлаа. Харин Ерөнхий сайд болсноос хойш ердөө 5 сарын дараа буюу 1999 оны 12-р сарын 31-нд Борис Ельцин огцорч, Путиныг үүрэг гүйцэтгэгчээрээ нэрлэсэн билээ.

Хоёр хүрэхгүй жилийн дотор олонд төдийлөн танигдаагүй байсан Путин дэлхийн хамгийн хүчирхэг орны Ерөнхийлөгч болсон юм. Түүний гэнэтийн амжилтыг Чеченийн босогчдын эсрэг удирдсан дайны амжилттай холбон тайлбарлах нь бий. Үүнийхээ ачаар Путин ард түмний дунд “Чанга гар” гэж алдаршсан гэдэг. Албан ёсоор Ерөнхийлөгчийн сонгууль болоход Путин илт давуу ялалт байгуулсан билээ.          

Путин бол Зөвлөлтийн үеийг орчин цагтай нийцүүлж чадсан нэгэн. Үүний нэг илрэл нь түүний мэдлэгийг хамгаалалт болон довтолгоондоо ашиглаж чаддаг явдал юм. КГБ-ийн тагнуул болохоор бэлтгэгдэж, тодорхой хугацаанд тус байгууллагад ажиллаж байсан тэрбээр бусдын мэдээллийг цуглуулахын хажуугаар өөрийнхөө мэдээллийг зүгээр нэг тавиад өгчихдөггүй хүн болсон аж. Барууны хэвлэл мэдээллийн сайтуудад бичсэнээр “Интернэт хурдацтай тархаж байгаа явдал бол нийгэм замаасаа хазайж буйн хэлбэр бөгөөд засаж залруулах ёстой” гэж Путин үзэж байлаа. Тэрбээр сонин, телевизүүдээр цацагдаж буй мэдээллийг хязгаарлах болсон гэдэг.

ОХУ-ын төрийн эрхийг бараг л 30 жил барьчхаад буй Владимир Путин одоо хүртэл нууцлаг нэгэн. Зөвлөлтийн тагнуул асан түүний талаар мэдээлэл олох гэж "New York Times"-ийн Оросын төлөөлөгч Стивен Майерс олон жилийн турш Кремлийн ажлуудыг судлахдаа маш бага зүйл олж мэдсэн байдаг.

Путин хэвлэл мэдээллийг оосорлон барьдаг бол өөрийгөө илүү хүчтэй оосроор барьдаг гэнэ. Ярилцлага өгвөл асуудал дагуулж мэдэх асуултуудад маш болгоомжтой үгсээр хариулж, хэзээ ч өөрийгөө буланд шахагдах үг хэлдэггүй байна. Хэвлэлийн бага хурлууд, олон нийтэд хандсан үгс нь нарийн төлөвлөгдсөнөөс бусдаар Путины хийж буй зүйлс далд байдаг аж. Улс төрч, эрдэмтэд зэрэг олон нийтэд танигдсан хүмүүс түүний талаар ямар нэг шүүмжлэл хэлэх юм бол үүнийг нь маш хурдан үгүй хийдэг гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()