Америкын нийгэмд тахал мэт дэгдсэн сүрьеэ өвчнийг шулмын хорлол хэмээн үзсэн бурангуй үеийн түүх

2022-05-16, 10:30
3,116

1892 оны 3-р сараас эхлэн цустай ханиалгах нь ихэссэн Эдвин Брауны бие аажим, аажмаар муудан доройтсоор байлаа. Сүрьеэ өвчин туссан нь ийнхүү залуу эрийг хоёр жилийн турш дотроос нь идэж, шаналгасаар өдийг хүрчээ. АНУ-ын зүүн эргээс өрнөд рүү аялан, Колорадо мужийн Колорадо Спрингсийн эрдэст усыг хүртэж, онгон дагшин байгалийн цэвэр агаар амьсгалан биеэ анагаах гэж оролдсон ч тусыг эс олж, гэрээ санагалзах болсон тул 18 сарын аялалаа эцэс болгон төрөлх Рөүд-Айлэндын Эксетер сууриндаа эргэн ирээд удаагүй нь энэ ажээ.

Америкын нийгэмд тахал мэт дэгдсэн сүрьеэ өвчнийг шулмын хорлол хэмээн үзсэн бурангуй үеийн түүх
УРАМШУУЛАЛ!
Хаах
Сурталчилгаа

Нэрийг нь эс мэдэх учир битүүлэг өвчний улмаас ердөө зургаан сарын дотор эхнэр Мери Браун, 20 настай цэл залуухан охин Мери Оливоо алдаад байсан фермерчин залуу Жорж Браун ийнхүү биеэ тэнхрүүлэхээр өрнийг зорьсон удам залгах ганц хүү нь улам бүр турж, бие нь сульдан ядарч ирснийг хараад сэтгэл нь өвдөн суухдаа тун удахгүй улам хүнд цохилт түүнд ирнэ гэдгийг таамаглаагүй биз ээ. 1892 оны 1-р сарын 19-ний өдөр 19 настай охин Мерси Лена Браун өвчний улмаас өөд болов.

Ийнхүү Жорж Брауны гэр бүлийг сүйрүүлсэн чимээгүй алуурчин болсон сүрьеэ өвчин XVIII, XIX зуунд АНУ-ын Нью-Инглэнд мужид ихээр дэгдэж нийт хүн амын 25 орчим хувийг авч одсон ажээ.

Тухайн цаг үед төдийлөн судлагдаагүй байсан эл өвчний талаар хүмүүс ямар ч ойлголтгүй байсны зэрэгцээ эмч нар ч хэрхэн хүнээс хүнд халдаж байгаа тухай иргэдэд тайлбар хэлж чадахгүй байв. Эксетер суурингийнхан шинжлэх ухаанд итгэл алдарсан тул мухар сүсэгт толгойгоо мэдүүлсэн нь нэгэн явдлын эхлэлийг тавьжээ. Улмаар Эксетерийн иргэд Жорж Брауны үлдсэн ганц хүүгийн амийг аврах цор ганц гарц нь газар доор байгаа гэдэгт гүнээ итгэж эхэлсэн аж.

Шулмын ав хэмээн түүхэнд үлдсэн үйл явдлаас хойш 200 гаруй жилийн дараа тус суурингийн иргэд ахин цус сорогчдын тухай дурсах болжээ. Эдвиний ээж эсвэл эгч, дүүсийн нэг нь там болон диваажингийн дунд гацан булшиндаа амьд хэвээр байгаа төдийгүй Эдвиний эрч хүчийг сорж оршин байгаа хэмээн итгэсэн аж.

Төд удалгүй цөхрөнгөө барсан Жорж Брауны зөвшөөрлийг авсан иргэд 1892 оны 3-р сарын 17-ны өдөр Честнут Хилл оршуулгын газарт буй Мери Браун болон Мери Олив нарын булшийг ухан шалгасан ч өөд болоочдын яснаас өөр зүйл байсангүй.

Тосгоны иргэдийн санаа амарсангүй найман долоо хоногийн өмнө өөд болсон Мерси охины булшийг ч ухаж авсыг нь нээхэд түүний царай улай бутарсан хэвээр байсан агаад яг л амьд мэт зүрх, судсанд нь цус байсаар байгааг анзаарч харцгаасан аж.

Ийнхүү талийгаач охиныг шулам хэмээн итгэсэн иргэдийн эсрэг эмч Херолд Меткалф босож хоёр сар хүрэхгүй хугацааны дотор хүний бие задрах боломжгүй талаар ухуулга хийсэн боловч Брауны гэр бүлийнхнийг анагааж чадаагүй эмчийн үгэнд хэн ч итгээгүй гэдэг.

Мухар сүсэгт хэт автсан иргэд охины зүрх болон уушгийг тайран авч хөндий цээжтэй охины биеийг булшинд хийж булаад тайрч авсан эрхтнүүдийг нь шатааж, үнсийг нь усанд хийн хандлаад Эдвинд өгсөн ч өвчин илааршилгүй хүндэрсээр 1892 оны 5-р сарын 2-ны өдөр амьсгал хураажээ.

Эл явдлаас өмнө ч хүний эрхтэнг шатааж, үнсийг нь усанд хандалж өвчин эдгээх ардын уламжлалт эмчилгээ, домыг хийж байсан явдал олон байсан гэдэг. Тухайлбал 1799 онд Эксетер суурингийн иргэд Сара Тиллинхастыг цус сорогч хэмээн зарлаж булшийг нь ухан цогцос шатаан цээрлүүлж байсан түүхтэй. Энэ мэтчилэн зөвхөн АНУ-ын Нью-Инглэнд мужид XVIII, XIX зуунд өөд болоочдыг цус сорогч, шулам хэмээн зарлаж авснаас нь гарган шатаасан гэх 18 бодит баримт буй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()