Америкийн гэмт хэргийн бүлэглэлийн домог болсон Ал Капонегийн түүх

2022-05-28, 10:00
10,595

1920-оод оны согтууруулах ундааны эсрэг хориг тавьсан цаг үед биеэ үнэлэлт, мөрийтэй тоглоом, архи худалдаалах бизнес хийж 20-р зууны Америкийн нийгмийн хамгийн дуулиант этгээдүүдийн нэг болсон Ал Капоне 1899 онд Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт Италиас ирсэн ядуу цагаач гэр бүлд мэндэлжээ. Тэрбээр 1929 оны Гэгээн Валентины өдрийн цуст хядлагын хэрэг, 1931 онд татвараас зайлсхийсэн хэргүүдэд тус тус буруутгагдан 6 жил хагасын хорих ял эдэлж байсан бөгөөд 1947 онд Майами хотод нас эцэслэжээ. Хэдийгээр хорвоог орхиод 80 гаруй жил өнгөрсөн ч түүний дуулиант түүхүүд одоог хүртэл яригдсаар байна.

Америкийн гэмт хэргийн бүлэглэлийн домог болсон Ал Капонегийн түүх

Ал Капонегийн Нью-Йоркод өнгөрүүлсэн хүүхэд нас

Италийн цагаач хос болох Габриеле болон Тересина Капоне нарын хүү болон мэндэлсэн Алфонсе Капонегийн бага нас эцэг эх, ах дүү наймуул Нью-Йорк хотын нийтийн байранд өнгөрчээ. Түүний эцэг үсчин байсан бол ээж нь оёдолчин хийдэг байжээ. Бага сургуулиа онц дүнтэй төгссөн түүнийг хожим гэмт этгээд болно гэж тухайн цаг үед хэн ч төсөөлөөгүй нь лавтай. Гэсэн ч түүний сурлага 6-р ангиас эхлэн эрс муудаж, улирсан бөгөөд багшийг үл тоосон гэх шалтгаанаар багш болон захиралдаа цохиулснаар ахин сурахгүй гэж шийдсэн түүхтэй. Тухайн үед нийтийн байрнаас гарч Брүүклин дүүргийн Парк Слоп руу нүүн тэндээ ирээдүйн гэргийн Мери Кофлин болон түүнийг гэмт хэргийн ертөнцөд татан оруулсан Жонни Торрио нартай танилцсан гэдэг.

Ал Капонегийн Нью-Йоркод өнгөрүүлсэн хүүхэд нас

Жонни Торриотой нөхөрлөсөн нь

Ал Капонегийн гэрийн ойролцоо мөрийтэй тоглоом зохион явуулдаг байсан Жонни Торрио хүүг 1909 онд Чикаго хот руу нүүх хүртлээ өөрийн доор ажиллуулж байжээ. Хэдийгээр 1909 оноос хойш хоёр өөр хотод амьдрах болсон ч тэд үргэлж холбоотой, дотно хэвээр үлджээ.

Ийнхүү Нью-Йорк хотноо зэвсгийн үйлдвэрт ажиллаж, цаас зүсэгч гэх мэт туслах ажил хийдэг байсан Ал Капоне Брүүклин дүүрэгт жижиг гэмт хэргүүдийг ч үйлдэж байв. 1917 онд Кони Айлендэд бартендер хийж байсан Капонег хуучны анд Торрио нь Френки Йель гэгч этгээдтэй танилцуулжээ. Хожим тэрбээр Ал Капонегийн зүүн гар болон хувирсан юм. Түүнчлэн бартендер хийж байх үедээ нэгэн бүсгүйтэй маргалдан түүний ахтай зодолдох үедээ нүүрэндээ хэд хэдэн шарх авч, сорвитой болсноор түүнийг “Scarface” буюу Сорвит хэмээн хочлох болжээ.

Жонни Торриотой нөхөрлөсөн нь

Ал Капоне Чикаго хотод суурьшсан нь

19 насандаа Мей Кофлинтой гэр бүл болж, Алберт Френсис хүүгээ өлгийдөн авсан Ал Капоне Балтимор луу нүүж, нэгэн барилгын компанид нярав хийж даруухан амьдарч байсан ч 1920 онд түүний аав зүрхний шигдээсээр өөд болсноор Ал Капоне Чикаго хот руу нүүсэн гэдэг. Хүүгийнх нь загалмайлсан эцэг болсон дотнын найз Торрио нь ч Чикагод ирж мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, хууль бус архины наймаанд туслалцахыг хүссэн нь эгэл даруу амьдралаа орхих шийдвэрт хүрэхэд нөлөөлжээ. Ал Капоне эхэн үедээ Жонни Торриогийн бизнесийн данс тооцоог хөтлөн явуулж байсан ч удалгүй ажлын хамтрагч болж, Чикаго хотод өөрийн нэр нөлөөг бий болгожээ.

Ийнхүү салхит хотод өөрийн байр сууриа олсон даруйдаа эхнэр, хүү болон ээж, эгч дүүсээ дэргэдээ авч, дундаж давхаргын дүүрэгт хамтдаа амьдрах болсон гэдэг.

1923 онд Чикаго хотын шинэ захирагч хээл хахуультай эрс тэмцэнэ хэмээн мэдэгдсэн нь тэднийг хотын төвөөс зайдуу Сисеро хэмээх дагуул хотод үйл ажиллагаагаа төвлөрүүлэх шалтгаан болжээ. Гэтэл 1924 онд Сисеро хотын захирагчийн сонгууль явагдах болсноор тэдний хууль бус бизнес эрсдэлд орсон тул Торрио болон Капоне нар хотын сонгуульд өөрийн хүнийг дэвшүүлэн гаргажээ. Өөрсдийн гар хөл бологсдыг хотын сонгуульд нэр дэвшүүлэхийн тулд нэр нөлөө бүхий улс төрчдийн амийг бүрэлгэж ч байсан удаатай. Улмаар Чикаго хотын цагдаа нар сэжиг авч, буудалцаан болох үед Капонегийн ах Френк амиа алдсан гэдэг.

Ал Капоне Чикаго хотод суурьшсан нь

1925 онд бусад бүлэглэлүүд амь насанд нь заналхийлсний дараа Торрио АНУ дахь бизнесээ орхин төрөлх Итали улс руу буцсан бол Капоне хотын захаар төвлөрч байсан бизнесээ Чикаго хотын төв Метрополь зочид буудал руу шилжүүлж үйл ажиллагаагаа улам бүр тэлжээ. Тухайн үед баян тансаг амьдралаараа гайхшруулж байсан түүний жилийн орлого 100 сая ам.доллар хэмээн хэвлэлүүд мэдээлж байв.

Ийнхүү олон нийтэд алдар хүндтэй болсон тэрээр гэмт хэргийн ертөнцөд ч хүчийг авч, 1926 онд түүний эсрэг ажиллаж буй бүлэглэлүүдийг дарах тушаалыг буулгажээ. Улмаар Уиллиам МакСвиггин хэмээх нэгэн прокурор гурван хүний аллага, хоёр хүнийг заналхийлсэн хэргээр Ал Капонег шалгаж эхэлсэн ч ямар нэгэн баримтгүй байсан тул баривчилж чадаагүй аж. Ийнхүү түүнийг яллахаар шийдсэн цагдаа нар Ал Капонег татвараас зайлсхийсэн хэргээр баривчилж, ял тулгах үед Ал Капоне үйл ажиллагаа явуулж буй гэмт хэргийн бүлэглэлээ хотоос гаргана гэсэн амлалтыг өгч эвлэрэлийн гэрээ байгуулж байв.

Гэгээн Валентины өдрийн хядлага

Бусад гэмт хэргийн бүлэглэлүүд тухайн цаг үеийн хамгийн ашигтай бизнесийн нэг болох хууль бус согтууруулах ундааны бизнесээр оролдох болсон 1929 оны өвөл Ал Капоне тэднийг ор мөргүй дарахаар шийджээ. Тэдний дунд өмнө нь түүнийг төдийгүй түүний найз Торриогийн амь насыг хөнөөхөөр оролдож байсан Моран хэмээх этгээд ч багтаж байв. Ийнхүү 1929 оны 2-р сарын 14-ний шөнө Капонегийн баруун гар “Machine Gun” хочит Жек МакГурны залуус Мораны доор ажилладаг долоон залуугийн амь насыг бүрэлгэжээ. Хэрэг явдал буруугаар эргэж байгааг гадарласан Моран тэр даруй хотыг орхин зугтсан гэдэг. Эл үйл явдал болж байх үед Ал Капоне Майами хот дахь гэртээ байсан ч цагдаа нар түүнийг нийтэд эл хэргийн гол буруутнаар нэрлэж “Нийгмийн дайсан” хэмээн нэрийджээ.

Хэрэг Ерөнхийлөгч Херберт Хүверийн анхааралд өртөж, хэргийг нэн даруй илрүүлэх шахалтыг үзүүлснээр АНУ-ын дээд шүүх Ал Капонег 1931 оны 6-р сарын 5-ны өдөр 22 удаагийн давтан татвараас зайлсхийсэн хэргээр яллах хавтаст хэрэг үүсгэжээ. Гэвч Ал Капоне хэргээ хүлээхгүй байхын сацуу шүүгч нарыг хахуульдаж хэргээс мултрах арга хэрэглэж байсан ч эцсийн мөчид шүүгчдийн бүрэлдэхүүн солигдож түүнд 11 жилийн ял өгчээ.

Гэгээн Валентины өдрийн хядлага

Эхний хоёр жилийг Атланта хотын холбооны шоронд өнгөрүүлсэн тэрбээр хахууль өгсөн хэргээр ялаа хүндрүүлж, 1934 онд АНУ-ын хамгийн хүнд дэглэмтэй гэгддэг Алкатразын шоронд шилжжээ. Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан түүний эрүүл мэнд тэр цагаас огцом муудаж, залуудаа авсан тэмбүү өвчин нь хүндэрч, сэтгэцийн хувьд ч эрс өөрчлөлттэй болсон юм. Зургаан жил хагасын хугацаанд хорих ял эдэлсэн түүнийг 1939 онд Балтиморын сэтгэцийн эмнэлэг рүү шилжүүлжээ. Ийнхүү тэрээр ялынхаа сүүлийн гурван жилийг сэтгэцийн эмнэлэгт өнгөрүүлэв. Амьдралынхаа сүүлчийн жилүүдийг Майами хотноо эхнэрийн хамт өнгөрүүлсэн бөгөөд 1947 оны 1-р сарын 25-ны өдөр нас эцэслэжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()