Токио хотыг зорих 10 шалтгаан

2022-06-04, 11:25
6,419

Япон бол маш олон хүний очихыг хүсдэг орнуудын жагсаалтад үргэлж дээгүүрт бичигддэг улс билээ. Мэдээж энэ нь үзэсгэлэнт байгаль, Фүжи уултай холбоотой. Түүнчлэн Япон орон Америк эсвэл Европын бусад орноос тэс өөр өнгө төрхтэйн дээр маш сонирхолтой амьдралын хэв маягтай. Хэрвээ та Токио хотыг зорихоор шийдсэн бол сакура дэлгэрсэн үеэр "Ueno Park"-д зочилж, уламжлалт аргаар бэлтгэсэн сушиг заавал идэж үзээрэй. Ингээд бид танд арлын орон Японы нийслэл Токио хотын хамгийн сонирхолтой 10 газрыг санал болгож байна. 

Токио хотыг зорих 10 шалтгаан

1 Одайба

Одайбад та гэр бүлээрээ зугаалж, хооллож, шинэ содон зүйлүүд харах боломжтой. Мөн "Rainbow Bridge" гүүрний хаанаас ч хот бүхэлдээ харагдана. Токио хотын төвөөс 20-хон минут яваад хүрэх зайтай бөгөөд далайн сайхныг та эндээс мэдэрч болно. Аяллын зөвлөгөө өгдөг алдартай сайт "Trip Advisor"-ын нэгэн хэрэглэгч  "Одайба бол Токиод очсон хүний заавал очих ёстой газар. Олоход амархан, метроны буудлаас холгүйн дээр "Rainbow Bridge" гүүрэн дээр алхахад маш сайхан мэдрэмж төрнө. Мөн томоохон худалдааны төвүүд энд ойрхон байдаг" гэж бичжээ. 

Одайба

2 Сэно Жи сүм

Токиод очсон хүн Сэно Жи сүмд очихгүй байж болохгүй. Энэхүү сүмийг 645 онд нигүүлсэнгүй сэтгэлт бурхан Канноны дурсгалд зориулан барьж дуусгасан бөгөөд Токиогийн хамгийн эртний сүмд тооцогддог. "Энэ алдартай сүмд очиж үзэхгүй бол та лав харамсана. Маш том хэмжээтэй уг байгууламж руу гудамжнаас шууд орж болдог. Шашны эд зүйл, суварга, мухлаг гээд маш олон зүйлсийг тэндээс харж болно" хэмээн "Trip Advisor"-ын нэгэн хэрэглэгч дурдсан байна. 

Сэно Жи сүм

3 Токио дахь Тэнгэрийн мод

Хэрвээ та хотыг бүхэлд нь харахыг хүсвэл Токиогийн Тэнгэрийн модыг сонгоорой. Эхлээд харахад Парисын Эйфелийн цамхгийг дуурайсан мэт санагдах ч үнэн хэрэгтээ энэ нь телевизийн өргөн нэвтрүүлгийн болон ажиглалтын цамхаг юм. 2010 онд Токиогийн хамгийн өндөр байгууламж болж байсан түүхтэй. "Trip Advisor" аяллын мэдээлэл солилцдог цахим хуудсанд "Токиог алган дээр дэлгэсэн юм шиг харахыг хүсвэл хамгийн тохиромжтой газар. Орой харанхуйд очвол бүр гайхалтай. Галт тэрэгний буудалтай ойрхон байсан нь их таалагдсан. Хотыг бүхэлд нь харахыг хүсвэл тавцангийнх нь тасалбарыг худалдаж аваарай" гэж нэгэн хэрэглэгч зөвлөсөн байна шүү. 

Токио дахь Тэнгэрийн мод

4 Токио дахь "Диснейлэнд"

"Диснейлэнд"-гүйгээр энэ жагсаалт ямар ч утгагүй. Калифорни, Флоридад байдаг "Диснейлэнд"-д очиж үзсэн гээд тоохгүй үлдээж болохгүй. Япон хувилбарыг нь заавал сонирхоорой.

"Энэ газар үнэхээр миний хүлээлтийг давж чадсан шүү. Японы "Дисней"-д Лос-Анжелесийн Анахеймд байдаггүй тоглоомнууд маш олон байсны дээр зөвхөн Леонардо да Винчид зориулсан үзэсгэлэн хүртэл байсан. Үзэсгэлэн яг л Будафешт дахь загасчны цамхаг шиг харагдсан. Бүхэлд нь тойрч үзнэ гэвэл олон цаг зарцуулагдах юм байна лээ" гэж нэгэн аялагч өгүүлжээ. 

Токио дахь "Диснейлэнд"

5 "Цукижи" зах

Хэрвээ та барууны орноос Токиод ирвэл эхний хэд хоног цагийн зөрүү гарахгүй хэцүү л байх болов уу. Шөнө унтаж чадахгүй эсвэл өглөө эрт сэрчихвэл Токиогийн алдарт "Цукижи" захыг зорьж, туна загасны дуудлага худалдаанд оролцоорой. "Travel US News" сайтынхан үүнийг "Та сушинд дурлагч биш байсан ч "Цукижи" зах танд мартагдахааргүй дурсамж үлдээнэ. Энэ бол өдөрт 1800 тонноос илүү хэмжээний далайн хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг дэлхийн хамгийн том, хамгийн удаан оршиж байгаа загасны зах юм" гэжээ. 

"Цукижи" зах

6 Харри зарааны кафе

Халуун капучино оочингоо зараатай тоглох ямар байдаг бол гэж гайхаж байсан бол Токио яг танд зориулсан газар. Токиод өхөөрдөм зараатай тоглож, кофе уух боломжтой кафе олон байдаг. Хэдийгээр кафе ч гэсэн эртхэн очихгүй бол нэлээд урт дараалал таныг хүлээх болно шүү. "Би өмнө нь хэзээ ч зараа барьж үзэж байгаагүй. Ёстой гоё байсан. Бас дээр нь нэмээд хэлэхэд тэнд гүзээлзгэнийн амттай халуун уух зүйл байдаг юм байна лээ. Их хөгжилтэй байсан" гэж 10 настай аялагч цахим хуудсанд бичжээ. 

Харри зарааны кафе

7 Муурны кафе

Хэрвээ та зараанд дургүй бол Токиод бас нэгэн сонирхолтой газар бий. Мууртай кафе дэлхийн томоохон орнуудад алдартай болж байгаа ч Токиод хамгийн олон байдаг. "Cat Café Calico", "the Cat Café MoCHA" зэрэг газруудыг сонирхоод үзээрэй.

Нэгэн хэрэглэгч "Google Reviews" сайт дээр "Муурнууд нь үнэхээр хөөрхөн байсан. Анх удаа мууртай кафед орж үзсэн болохоор яг юу хүлээх ёстойгоо мэдээгүй. Энд ундаа, цай, кофе гээд уух бүх зүйл зардаг ч хоол байдаггүй гэдгийг санаарай" гэсэн байна. 

Муурны кафе

8 Хааны ордон

Японы эзэн хааны амьдардаг Хааны ордон нь Токиогийн яг төв хэсэг болох Чиёода тойрогт байрладаг. Нэвтрэхэд үнэ төлбөргүй. "Үзэсгэлэнтэй, зай талбай ихтэй, амар амгалан. Жилд хоёр удаа буюу хавар, намар олон нийтийг ордон руу оруулдаг. Би сакура дэлгэрэх хаврын цагт очсон. Үнэхээр гайхамшигтай байсан. Хэрвээ боломжтой бол ажлын өдөр тэнд очоорой. Учир нь амралтын өдрөөр маш их хүнтэй байдаг гэж сонссон" хэмээн нэгэн аялагч "Google Reviews" дээр бичиж үлдээсэн байна. 

Хааны ордон

9 Токиогийн үндэсний музей

Хэрвээ та Японд зуны ид халуун байх үед очоод гадаа гарахаас халгаж байгаа бол Токиогийн үндэсний музейг зориорой. Энэ бол Япон болон Азийн бусад улс орны түүх, соёл урлаг, эртний эдлэлийг дэлгэн харуулсан томоохон цогцолбор музей юм. 1872 онд байгуулагдсан бөгөөд Японы эртний музейнүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Эндээс та үндэсний үнэт бүтээлүүд, соёлын олдворуудыг харах болно. "Google Reviews"-ийн хэрэглэгч музейн талаар "Маш их мэдлэг олгох, сонирхолтой музей байсны дээр түүхийн үнэт олдворуудыг харсан. Мөн "Канагавагийн агуу давлагаа" зургийг бодитоор харж мөрөөдлөө биелүүлсэн" гэж сэтгэгдэл үлдээжээ. 

Токиогийн үндэсний музей

10 Мэйжи хийд

Мэйжи хийд рүү явах замдаа төөрчихсөн мэт санагдаж болох юм. Учир нь уг хийд яг ой модон дунд байрладаг. Гэхдээ та санаа бүү зовоорой. Бүх зам нь хаан Мэйжи болон түүний хатан Шокэнд зориулан барьсан хийд рүү очдог.

"Миний Токиод очсон газруудаас хамгийн гоё нь энэ. Замаар нь алхах тусам яг л цаг хугацааны машинд суугаад 100 жилийн өмнөх өтгөн ой модонд оччихсон юм шиг мэдрэмж төрсөн" хэмээн тус музейд зочилсон аялагчдын нэг нь "Google Reviews" дээр бичсэн байна. 

Мэйжи хийд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()