Ромыг сөхрүүлсэн агуу жанжин Ганнибал Баркас

Ганнибал Баркас нь Карфаген хэмээх эртний улсын жанжин байв. Түүнийг эртний үеийн хамгийн агуу жанждын нэг гэж үздэг бөгөөд тулааны тактикийг өнөөг хүртэл судалж, ашиглаж байгаа билээ. Чухамдаа түүний зиндаанд хүрэх цэргийн удирдагчид гэвэл Чингис хаан, Наполеон Бонапарт, Александр Македонский, Юлий Цезарь нарыг түүхчид нэрлэдэг байна. 

Ромыг сөхрүүлсэн агуу жанжин Ганнибал Баркас
Вьетнам аялаарай!
Хаах
Сурталчилгаа

Ганнибал хүүхэд байхаасаа Грек багш нарын ачаар олон талын боловсрол эзэмшсэн бөгөөд ах нарынхаа хамтаар аавынхаа удирдан явуулж буй байлдааны ажиллагаанд оролцдог нэгэн байжээ. МЭӨ 264-241 оны хооронд Ром-Карфагены хооронд Пунийн нэгдүгээр дайн гэж дэгдсэн ба байлдааны үйл ажиллагаа Сицилийн арал болон Испанийн нутагт өрнөж байв.

Пунийн дайн нь ерөнхийдөө Ром-Карфагены хооронд газар дундын тэнгист хэн нь ноёрхолоо тогтоохоо үзсэн дайн байсан юм. Ганнибал хүүхэд байхдаа аавдаа Ромчуудын эсрэг насаараа тулалдах болно, хэзээ ч бууж өгөхгүй гэсэн тангараг тавьж тэр тангарагдаа насаараа үнэнч явсан байна. Сүүлд нь тангарагтаа үнэнч хүнийг “Карфагены тангараг өргөсөн хүн” хэмээн нэрлэдэг нь ийм учиртай ажээ. Ганнибалын аав Гамилкар Иберийн хойг буюу одоогийн Испаний нутагт дайтаж яваад амь эрсэдсэн байна.

Энэ үед залуу хүү Ганнибал өөрийн жанжны авьяасаа гаргаж, Ромчуудад асар их хүндрэл учруулах болов. 22 настайдаа Карфагены морин цэргийг удирдаж Ромчуудыг Испаний нутагт бут ниргэжээ. Энэ Ромчууд яггүй дайсантай тулгарснаа мэдэж авсан юм. Сүүлд Наполеон хэлэхдээ “Карфаген биш харин Ганнибал л Ромчуудын зүрхэнд шар ус хуруулж байсан” гэжээ.

Түүнийг жанжин болж байх үед буюу 218-201 Пунийн 2-р дайн дэгдсэн бөгөөд Ганнибалын цэрэг Испанийг бүрэн эзэлж, мөнгө болон төмрийн хүдэр бүхий нутгийг нь хяналтдаа авснаар Ромчуудыг хүнд байдалд оруулжээ. Пунийн 1-р дайны үр дүнд Ромчууд Сицилийн арлыг чөлөөлж, Испанийг эрхшээлдээ оруулан Газар дундын тэнгист хяналтаа тогтоож, худалдааг хянах болсонтой Карфагенчууд эвлэрч чадахгүй байсан учраас Пунийн 2-р дайныг дэгдээв.

Пунийн 2-р дайны төлөвлөгөөг Ганнибал зохион байгуулсан бөгөөд үндсэндээ Газар дундын тэнгист ноёрхлоо тогтоох, Ромчуудыг стратегийн чухал нутгуудаас нь шахан гаргах байсан юм. Байлдааны ажиллагаа тэнгист ч тэр эх газарт ч тэр өрнөж байв. Ганнибал Испани руу дайрахаасаа өмнө тагнуулыг ашиглаж, тэнд буй Ромтой дайсагналцдаг аймгуудтай холбоо тогтоон давшилтаа эхэлжээ.

Карфагенчуудыг Ромын нутагт ороод ирэх чадалтай гэж Ромчууд бодохгүй байв. Ганнибалын гэнэтийн довтолгоо Ромчуудыг сандаргажээ. Ганнибалын тагнуулууд Ромд, Балканд, Германд хүртэл ажиллаж, Ромтой дайсагналцсан овог аймгуудыг турхиран босгож байв.

Ганнибал жанжин МЭӨ 218 онд 92000 цэргийн хүчээр Испаниас Ромын зүг давшиж Галлчуудыг нэгтгэн, улмаар Умард Италид довтолжээ. МЭӨ 218 оны 9-р сард Ганнибалын 60000 цэрэг болон 40 заан бүхий хүчээр Альпийн нурууг даван Ромын эсэргүүцлийг дарж Ром хотод тулж иржээ. Энэ үед Галлчууд Ромын эсрэг бослого гаргав. Италид байлдаж байсан Ромчууд үндсэндээ бүрэн бут цохиулсан ба Ромын цэргийг удирдаж явсан Ланг жанжны цэргүүдээс нэг ч хүн үлдээгүй гэдэг. Үүний үр дүнд Ганнибалын арми умард Италийг бүхэлд нь хянах болов.

МЭӨ 217 онд Ганнибал 40000 цэргийн хүчээр давшиж, Тразимен нуурын дэргэд Ромын жанжин Фламинигийн цэргийг бүсэлж устгасан байна. Ромчууд 15000 цэргээ алдсан юм. Ганнибал цааш өмнө зүг Аппенины хойг руу давшин Ромчуудыг цохисоор л байв. Ганнибал өөрийн армиа ромын цэргийн байлдааны тактикаар байлдуулж байсан нь Ромчуудад хүнд байв. Дээрээс нь байлдааны заануудыг хэрхэн устгах талаар Ромчууд учрыг нь олж чадахгүй байжээ.

МЭӨ 216 онд Каннаны дэргэд түүхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан болсон юм. Ромын армийг Терецци Варрон удирджээ. Ганнибал өөрийн армийг Ромын тактикаар байлдуулж, шийдэмгий давшин Ромчуудыг ухрааж байв. Карфагенчууд хөнгөн морьт цэргийнхээ ачаар Ромчуудын гол хүчийг бүслэн устгаж, Ромын 56000 цэргийг устгажээ. Харин Карфагены хохирол 7000 цэрэг болсон юм. Гэхдээ энэхүү тулалдаан өрнөж байх ид үед Ром хотынхон хамгаалалтаа бэхжүүлж чадсан юм.

Тиймээс Ганнибал энэхүү хотыг эзлэн авч чадаагүй. Хэд хэдэн тулалдаанд ялагдсан ч гэсэн дайны чадавхаа алдаагүй Ромчууд Ганнибалтай шууд тулалдаж байхын оронд өөрийнх нь төрөлх хотод цэрэг буулгахаар болжээ. Энэ нь араасаа таслагдсан Ганнибалын хувьд муу мэдээ байсан юм. Нөгөө талаар Каннан дахь ялагдлынхаа дараа Ромчууд эв нэгдэлгүй болж, бууж өгнө гэж байсан Ганнибалын тооцоо талаар болсон юм. Энэ үйл явдлын дараа Ромчууд харин ч улам бүр нэгдэх болжээ.

Карфагены флотууд мөн Газар дундын тэнгист Ромчуудыг дийлэхгүй байсан юм. Ганнибал бүхэл бүтэн 16 жил Ромын нутгийг түйвээсэн бөгөөд эцэст нь нэмэлт хүч авч чадахгүй байсаар арга буюу Карфагенд ирсэнийхээ дараа армиа дахин зохион байгуулж МЭӨ 202 оны 3-р сард Зама хотын дэргэд Ромчуудтай тулалджээ. Энэхүү тулалдаанд Ромчууд хамаагүй илүү шуурхай, зохион байгуулалттай байсан учраас Карфагены армийг ялжээ. Зама хотын тулалдаанд Карфагенчууд нийтдээ 10000 цэргээ алдсан бол Ромчууд ердөө л 1500 хүнээ алуулжээ.

Ганнибал дэлхийн цэрэг дайны түүхэнд эртний үеийн хамгийн аугаа их жанждын тоонд зүй ёсоор ордог. Түүний байлдааны тактикууд болон дипломат бодлогууд Ромчуудыг нэг хэсэгтээ л сандаргаж байжээ. Тэрээр ар талаасаа таслагдсан байсан ч гэсэн 15 жилийн турш ромын нутаг дэвсгэрийг түйвээж гайхалтай ялалтуудыг байгуулсан юм. Карфагены Ганнибалын талаар Ромчууд бичихдээ “Тэр цэргүүдийнхээ хамтаар үргэлж аюулыг сөрж байсан” гэжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()