Орлогогүй мөртлөө баян тансаг амьдардаг гадаадын иргэдийг Лондонд баривчилж эхэлжээ

2022-06-25, 12:02
3,913

Лондон хотын дээд шүүх Азербайжаны төрийн банкны нэгэн захирал асны гэргийн тансаг амьдралын тухай маргаанд цэг тавьснаар энд тэндхийн элдэв гэмт хэрэгтэн, авлигач, зальт этгээдүүдийн хууль бус орлогыг хураахад тохиолддог байсан саадыг үгүй болгосон байна.

Орлогогүй мөртлөө баян тансаг амьдардаг гадаадын иргэдийг Лондонд баривчилж эхэлжээ

Британичууд Лондон хот нь газар газрын хүмүүсийн эргэлзээтэй эх үүсвэр бүхий хөрөнгө мөнгө цуглардаг газар болсонд ихээхэн дургүйцэж, засаг төрөөс энэ тал дээр идэвхтэй ажиллах, ийм хөрөнгө орлогын ил тод байдлыг сайжруулах, Лондоны үл хөдлөх хөрөнгө худалдан авч байгаа нэрээр бохир орлогыг угаадаг явдлыг эсэргүүцэж байсан учраас хэдэн жилийн өмнөөс 50,000 дээш фунтын эд хөрөнгө худалдан авч байгаа хүн орлогоо тодорхойлж байх ёстой болсон билээ. Энэ нь хэдийгээр бохир хөрөнгөтэй тэмцэхэд ахиц дэвшил байсан боловч хангалтгүй байсан бөгөөд энэ удаагийн шүүхийн шийдвэр нь энэ тал дээр илүү өргөн хүрээтэй, идэвхтэй ажиллах боломжийг өглөө.

Азербайжаны Олон Улсын банкны тэргүүн эх орондоо их хэмжээний мөнгө идсэн хэргээр баривчлагдан шийтгэгдсэн бөгөөд түүний эхнэр Замира Гажиева Лондон хотод амьдран сууж байгаа юм. Энэ эмэгтэйд 2019 онд хоёр ч удаа орлогынхоо эх үүсвэрийг тодорхойлохыг шаардсан боловч тэрээр тухай бүр шүүхээр заргалдаж байсаар энэ удаа дээд шүүхэд ийнхүү ялагдлаа.

Гажиева ямар нэг орлогогүй боловч маш тансаг амьдралаар амьдардаг байсан нь Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлагийн (NCA ) анхаарлыг татжээ. Мөрдөн байцаагч нар шүүхэд хандан энэ хүний орлогыг тодорхойлуулах ёстой гэснийг нь шүүх дэмжиж Лондон хотын дээд зэрэглэлийн дүүрэг дэх орон байр, хөдөө газарт гольфын талбай бүхий тансаг чамин хийцтэй байшин зэргийг чухам ямар хөрөнгөөр авснаа ил болгохыг шаардсан байна.

Одоо Гажиева нь долоо хоногийн дотор өөрийн эд баялгийн эх үүсвэрийг тодорхойлох ёстой ба хэрвээ ингэхгүй бол эд хөрөнгийг нь хурааж, зараад олсон орлогыг Их Британийн хөрөнгө болгох гэнэ.

Харин ийм тодорхойлолтоо гаргаж өгвөл NCA 60 хоногийн дотор үүнийг нь шалгаж уг хэргийг цаашид үргэлжлүүлэх, хаах эсэх талаар шийдвэр гаргах юм байна.

Ямар ч нөхцөлд гэнэт баяжсан хүмүүс нь хууль номын дагуу гэмт хэрэгтэн биш бөгөөд эх үүсвэр нь үл мэдэгдэх орлогоор олсон эд хөрөнгөтэй байх нь өөрөө гэмт хэрэг одоогоор биш юм. Энэ нь иргэний хэргийн маргаан болохоос ихээхэн том баталгаа шаарддаг эрүүгийн хуулийн зөрчил биш билээ. Гэхдээ засаг төр нь ийм тодорхойлолт гаргахыг шаардсаны дараа уг хүн нь ямар нэг аргаар хуурч мэхлэх арга хэрэглэх гэвэл эрүүгийн хэрэг үүсгэж хоёр жил хүртэл хугацаагаар хорих эрх бий.

Шинэ “хууль” нь (Unexplained Wealth Orders) зөвхөн дээд шүүхийн шийдвэрээр хоёр төрлийн хүмүүст хэрэгжих ба эдгээр нь Европоос гадуурх улс төрийн том зүтгэлтэн эсвэл хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа ямар ч улсын хүн байж болох билээ.

Гажиевын хэрэг бол анхных бөгөөд цаашдаа дахиад гурван хэрэг шүүхэд очиж олон нийтэд зарлагдах юм байна. Одоогоор сэжигтэн нарын нэрийг ил хэлээгүй байгаа боловч тэдгээр хүмүүс нь Африк, Өмнөд Ази болон хуучин ЗХУ болон Орос улсын иргэд байх болно гэж NCA өмнө нь мэдэгдэж байсан билээ.

“Энэ бол шинэ хууль. Бид энэ хуулийн дагуу хэргийг шүүхэд шилжүүлж чадна гэдэгт итгэлтэй байсан юм" хэмээн NCA-ийн удирдагчдын нэг Сара Притчард хэлжээ. "Бид өөрсдийн гаргасан шийдвэртээ сэтгэл хангалуун байна. Цаашдаа томоохон гэмт хэргийг илрүүлэхэд орлого нь үл мэдэгдэх их хэмжээний хөрөнгийг илрүүлэхэд  ихээхэн тус болох жишиг тогтлоо" гэж тэрээр мэдэгдсэн байна.

Энэ хуулийг улс төрийн ихээхэн том зүтгэлтэнд холбон хэрэглэх учир тэдгээр нь өөрийн улс орны болон бусад олон улсын байгууллагаас өгсөн тодорхой хэмжээний халдашгүй эрхтэй хүмүүс байх төдийгүй энэ хамгаалалтад тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотнын хүмүүс нь бас багтаж байж болно. Гажиева ч ийм эрхтэй гэж өөрийгөө үзэж байгаа ба нөхөр нь төрийн банкинд ажиллаж байсан нь ямар нэг бизнес эрхэлж байгаа гэхээс илүү төрийн үйл ажиллагааг эрхэлж байсан учир тодорхой хэмжээний халдашгүй эрх эдэлж байсантай адил эхнэр нь ч ийм байдалд байгаа гэж тэрээр үзэж байгаа юм.

Харин нөгөө тал нь дээрх хуулийн тайлбарыг барин эсэргүүцэх бөгөөд тэрхүү тайлбараар бол улс төрийн албан тушаалтан гэдэгт зөвхөн төрийн том албан тушаалтан биш өөр олон хүмүүсийг багтаасан бөгөөд эдгээрт улс төрийн сөрөг хүчний нягтлан бодогч, төрийн компанийн топ менежер зэрэг олон төрлийн хүмүүс орно гэжээ. Гажиевын нөхөр нь хамгийн сүүлчийн бүлэгт багтах юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()