Цамхагийн аллагын хэрэг

2022-06-26, 15:00
1,590

Колумбын үзэсгэлэн худалдаа хэмээн алдаршсан Дэлхийн үзэсгэлэн яармаг 1893 онд аялагч Кристофер Колумб Америк тивд хөл тавьсны 400 жилийн ойг тохиолдуулан Чикаго хотод болсон юм. Тус үзэсгэлэнд АНУ-ын анхны хийн хөдөлгүүртэй машин, Даймлер брэндийн дөрвөн дугуйт, 1500 фунт жинтэй цэвэр шоколадаар урласан Венус де Милогийн хөшөө зэрэг тухайн үед хүмүүсийн хараа булаах зүйлсээр дүүрэн байсан гэдэг. Гэвч түүхэнд тэр бүхнээс илүүтэйгээр тус яармагийг цуврал алуурчин Х.Х.Холмесын “Цамхагийн аллага”-ын хэргээр бичигдэн үлдсэн байдаг билээ.

Цамхагийн аллагын хэрэг

Х.Х.Холмес гэж хэн байв?

1861 онд АНУ-ын Нью Хэмпшир мужид мэндэлсэн тэрээр 1885 онд эхнэр, хүүхдээ орхин Иллинойс муж руу нүүж, тэндээ нэрээ алдарт зохиолч Сир Артур Конан Дойлын Шерлок Холмесын нэрээр солиулсон түүхтэй. Удалгүй Чикаго хотод суурьшиж, Жексон паркын ойролцоо эмийн санд ажиллах болжээ. Тэр цагаас хойш 8 жилийн дараа Жексон паркад Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдсан юм.

Тус яармаг худалдаанд дэлхийн 40 гаруй орны зохион бүтээгч, бизнес эрхлэгчид оролцож, нийт 27 сая хүн үзэж сонирхсон нь зам тээврийн хөгжил дорой байсан тухайн цаг үед асар олонд тооцогдох баримт билээ.

Х.Х.Холмес гэж хэн байв?

Цамхагийн аллагын хэрэг

Түүхчид Холмесыг тун зальтай бөгөөд бусдад нөлөөлөх асар өндөр чадвартай нэгэн байсан хэмээн үздэг. Эмийн сангийн ажилтнуудаас луйвардаж олсон мөнгөөрөө тэрээр Чикаго хотын Инглвуд дүүрэгт газар худалдан авч нэг давхартаа худалдааны газар, хоёр давхартаа жижиг сууц байрласан тун эмх замбараагүй зохион байгуулалттай байшинг барьжээ. Тус барилгыг “Аллагын цамхаг” хэмээн нэрлэх болсон бөгөөд өрөөнүүдийн хана нь дуу тусгаарлагчтай, эмх замбараагүй толгой эргүүлэм зохион байгуулалт нь орсон хүнийг замаа олохгүй төөрөхөд хүргэх бөгөөд урхи тавьсан хаалгаар орсон тохиолдолд тухайн хүнийг байшингийн суурь хэсэгт аваачих нууц хонгил руу унагаадаг байсан гэдэг.

Хонгилд хүмүүсийг хүчлээр дүүргэсэн сав, шохой болон хохирогчийн биеийг бүрэн үгүй хийх хүүр задлах зуух зэрэг зүйлс байдаг байсан аж.

Цамхагийн аллагын хэрэг

Холмесын хохирогчид

Түүхчдийн дунд өнөөг хүртэл түүнийг чухам хэдэн хүний аминд хүрсэн талаар маргаан буй. Зарим эх сурвалжид түүнийг 200 хүний амийг хөнөөсөн гэдэг ч үнэн хэрэгтээ үүнээс харьцангуй цөөн ч байх магадлалтай.

Тэрээр Дэлхийн яармаг худалдааг дуусмагц Чикаго хотоос оргон зайлсан ч Бостон хотод өөрийн туслах байсан Бенжамин Питецель болон түүний хоёр хүүхдийн амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татагдан баривчлагджээ. Хачирхалтай нь тухайн үед Х.Х.Холмес бэлэвсэрч хоцорсон хатагтай Питецель болон түүний гурван хүүхдийн хамт амьдарч байсан гэдэг.

Ийнхүү баривчлагдсан даруйдаа тэрээр 200 гаруй хүний аллагын хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсний дотор туслах Бенжамин Питецель болон түүний хоёр охины амийг хөнөөсөн гэдгээ ч хүлээсэн юм. Гэвч мэргэжилтнүүд түүнийг 200 гаруй хүний аминд хүрээгүй харин 9 орчим хүнийг хөнөөсөн хэмээн таамагладаг аж.

Тэрээр шүүх хурлаа хүлээх хугацаанд өөрийн намтар болох "Holmes’ Own Story" номоо бичсэн бол хожим 2003 онд зохиолч Эрик Ларссон түүний амьдралын түүхийг өгүүлэх "The Devil in the White City" баримтат бүтээлээ бичсэн нь бестселлер болж байв. Түүнд оноосон цаазын ялыг 1986 онд гүйцэтгэж, Пеннсилваниа хотын гадна Ариун загалмай оршуулгын газарт нутаглуулжээ.

Холмесын хохирогчид

Тухайн үед алуурчныг эрх мэдэлтнүүдийг хахуульдаж өөрийнхөө оронд өөр хүнийг цаазлуулсан гэх яриа эрчийг авч байсан ч хожим 2017 онд түүний төрөл төрөгсдийн хүсэлтээр шарилын үлдэгдлийг гарган авч ДНХ-ын шинжилгээ хийлгэхэд Холмесынх мөн болох нь батлагдсан юм.

Түүнийг шоронд хоригдож байх үед буюу 1895 онд Холмесын гэмт хэргээ үйлддэг байсан барилгад хоёр этгээд гал тавьж шатаах оролдлого хийж байв. Тус барилгыг 1938 онд буулгаж, өдгөө АНУ-ын Төв шуудангийн Инглвуд дахь салбар байрлаж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()