Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.27

2022-07-27, 09:51
1,863

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Мьянмар улс 1980-аад оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ, 2025 он гэхэд Хятадын хүн амын тоо буурна, Японы Ерөнхий сайд асан Абэгийн бэлэвсэн эхнэр автомашины осолд оржээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.27

1 БНСУ болон АНУ-ын батлан хамгаалахын сайд нар уулзана

"Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ли Жон Суп энэ долоо хоногт АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй Вашингтонд уулзаж, Умард Солонгост үзүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцана" гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам мэдэгдлээ.

Тодруулбал тус яамнаас батлан хамгаалахын сайд Ли Жон Суп мягмар гарагт АНУ-д айлчлах бөгөөд сайд нарын уулзалт баасан гарагт болно гэж мэдэгджээ.

БНСУ болон АНУ-ын батлан хамгаалахын сайд нар уулзана

2 Сүүлийн таван жилд БНСУ-ын зэвсгийн экспорт өсжээ

Өмнөд Солонгос улс зэвсэг экспортоор дэлхийд тэргүүлэх эгнээнд гарч ирж байна. Тус улсын гадаад зах зээлд нийлүүлсэн зэвсэг сүүлийн таван жилд 177 хувиар өссөн байна. Хамгийн сүүлийн жишээ НАТО-гийн гишүүн Польш улс танк, сөнөөгч онгоц, артиллерийн их буу зэрэг зэвсгийг Өмнөд Солонгосоос худалдаж авах болсноо зарласан.

Тодруулбал, Өмнөд Солонгосын экспорт импортын банкны мэдээлснээр тус улсын зэвсгийн экспортын орлого өнгөрсөн онд 7 тэрбум америк долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ. Өмнөд Солонгосын 2017-2021 оны хооронд хийсэн зэвсгийн экспорт 2012-2016 оныхоос 177 хувиар илүү байсан нь дэлхийн зэвсэг экспортлогч 20 орны дунд хамгийн өндөр өсөлттэйд тооцогдож байна.

Сүүлийн таван жилд БНСУ-ын зэвсгийн экспорт өсжээ

3 ТУНИС: Шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна

Тунисийн иргэд Ерөнхийлөгч Кайс Саидын эрх мэдлийг нэмэгдүүлэх шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явууллаа. Даваа гарагт бүх нийтийн санал асуулгад оруулсан шинэ үндсэн хуульд Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг парламентын зөвшөөрөлгүйгээр томилж болно гэж заасан байна.

Ерөнхийлөгч Саид өнгөрсөн оны 7 дугаар сард Ерөнхий сайдыг огцруулах, парламентын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зэрэг эрх мэдлээ чангатгах арга хэмжээ авсан. Тэрээр улс орныг улс төр, эдийн засгийн хямралаас гаргахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай байна гэж мэдэгдэж байсан.

ТУНИС: Шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж байна

4 Украинчууд үр тариа нийлүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ

Украины удирдагчид Оросын ээлжит дайралтаас үл хамааран үр тарианы экспортоо сэргээх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээ даваа гарагт мэдэгдлээ. Оросын арми өнгөрсөн бямба гарагт Одесса боомт руу пуужингийн цохилт өгч, дэлхийн хүнсний хямралыг намжаах зорилготой хэлэлцээрт саад учруулсан гэж олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байна.

Украинчууд үр тариа нийлүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ

5 Мьянмар улс 1980-аад оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ

Зүүн Өмнөд Азийн Мьянмар улс 1980 оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ. Мьянмарын цэргийн засгийн газар “террор үйл ажиллагаа” явуулсан үндэслэлээр төрийн эргэлтийг эсэргүүцсэн дөрвөн хүнийг цаазалсан гэж тус улсын төрийн хэвлэлд мэдээлжээ. Парламентын гишүүн асан, алдартай артист зэрэг дөрвөн хүнийг цаазалсан энэ шийдвэр тус улсын иргэд болон ардчилсан улс орнууд, хүний эрхийн байгууллагуудын дургүйцлийг төрүүлж, шүүмжлэл хүлээж байна.

Цаазын ял хүлээсэн дөрвөн хүний тухайд Мьянмарт цэргийнхэн хүчээр төрийн эрхийг булаасан үйлдлийг эсэргүүцсэн нийгмийн идэвхтнүүд, тэр дундаа Нобелийн энх тайвны шагналт Аун Сан Су Чигийн ойрын хүрээллийнх юм байна.

Мьянмар улс 1980-аад оноос хойш анх удаа цаазын ял гүйцэтгэжээ

6 Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим цагаач иржээ

Сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим бичиг баримтгүй цагаач Италид ирсэн гэж эрх баригчид мэдэгдлээ. Тодруулбал Ази, Африк, Ойрхи Дорнодын хэд хэдэн улсаас ирсэн 1200 орчим цагаач Сицилийн боомтуудад газарджээ. Албаныхны мэдээлснээр Италийн Калабриа эргийн ойролцоох загас агнуурын завинаас 674 хүнийг аварч, таван хүний цогцсыг гаргажээ.

Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 1200 орчим цагаач иржээ

7 Хийн асуудлаас болж Европын холбоо ноцтой хагаралтай тулгарна

Эрчим хүчний хямрал даамжирч байгаа энэ үед Европын Холбоо дотроо ноцтой хагаралтай тулгарч магадгүй. "Эхний хагарал" аль хэдийн  гарсан гэж Испанийн “El País” хэвлэл бичжээ.

Уг нийтлэлд “Европын холбоо ганхаж байна” гэжээ. Тухайлбал Брюссель тус эвслийн зүгээс авч буй байгалийн хийн хэрэглээг хязгаарлах, багасгах зэрэг "онцгой" арга хэмжээнүүд уг холбоог хуваагдахад хүргэнэ гэж эмээж байна. Үүний зэрэгцээ "Урьдчилан таамаглах аргагүй үр дагавартай" эрчим хүч, эдийн засгийн хямрал үүсэж болзошгүй тул "эхний хагарал" аль хэдийн гарч эхэлснийг хэвлэлд анхааруулжээ.

Хийн асуудлаас болж Европын холбоо ноцтой хагаралтай тулгарна

8 АНУ-ын 90 сая оршин суугчдад хэт халахыг сэрэмжлүүлжээ

АНУ-д хэт халсан хэвээр байна. Өмнөд болон зүүн хойд нутгаар 35-40 градус хүрч халж буй тухай CNN телевиз мэдээлэв. Тус улсын хэмжээнд 90 сая гаруй хүнд хэт халах аюулаас сэрэмжлүүлжээ. Ялангуяа Вашингтоноос Нью-Йорк, Бостон хүртэлх томоохон хотуудад байдал маш хүнд байхыг Үндэсний цаг уурын албанаас анхааруулав. Тэр дундаа Филадельфи, Бостон, Вашингтон, Колумбийн дүүрэг зэрэг хотод чийгшил өндөр, 32 градус давж халах төлөвтэй байна.

АНУ-ын 90 сая оршин суугчдад хэт халахыг сэрэмжлүүлжээ

9 2025 он гэхэд Хятадын хүн амын тоо буурна

Хятад улс хүн ам зүйн асуудлаас болж 2025 он гэхэд хүн амын тоо нь эрс буурна. Энэ тухай Global Times мэдээлэв. Хятадын Эрүүл мэндийн үндэсний комиссын Хүн ам, гэр бүлийн асуудал эрхэлсэн газрын дарга Ян Вэнжуан хэлэхдээ ойрын таван жилд хүн амын тоо буурна гэжээ.

2021 онд Хятадын зарим мужид шинээр төрсөн хүүхдийн тоо сүүлийн хэдэн арван жилийн хамгийн бага үзүүлэлтэд хүрчээ. Тухайлбал тус улсын төвийн Хунань мужид сүүлийн 60 жилд анх удаа 500 мянга хүрэхгүй хүүхэд, Хэнань мужид 1978 оноос хойш анх удаа 800 мянга хүрэхгүй хүүхэд, зүүн зүгийн Зянси мужид 1950-иад оноос хойш анх удаа нярайн тоо 400 мянгаас доош буурсан байна.

2025 он гэхэд Хятадын хүн амын тоо буурна

10 Японы Ерөнхий сайд асан Абэгийн бэлэвсэн эхнэр автомашины осолд оржээ

Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзогийн бэлэвсэн эхнэр  Акиэ Абэ Токиод автомашины осолд оржээ. Аки Абэ болон түүний бие  хамгаалагчдын сууж явсан машины араас дагалдаж явсан цагдаагийн машин орсон байна. Осол цагдаагийн машины жолоочийн анхаарал болгоомжгүйгээс болсон аж. Бэртэж гэмтсэн хүн байхгүй гэнэ.

Японы Ерөнхий сайд асан Абэгийн бэлэвсэн эхнэр автомашины осолд оржээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()