Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.28

2022-07-28, 10:10
1,415

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Абэгийн оршуулгын ёслолд оролцохгүй, Хятадад шатахууны үнэ буурч эхэллээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.28

1 Украины Ерөнхийлөгч ОХУ-ыг үр тарианы экспортын гэрээгээ биелүүлэхийг шаардлаа

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Турк болон НҮБ-д хандан Оросыг Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тарианы экспортоо сэргээх гэрээгээ биелүүлэхийг шаардлаа.

Оросын довтолгооноос үүдэн Украины боомтуудад хэдэн арван сая тонн үр тариа гацсан байдалтай байгаа. Турк болон НҮБ-ын албаны хүмүүс өнгөрөгч баасан гарагт зуучлалын дагуу тээвэрлэлтийг сэргээхээр тохиролцсон. Гэвч маргааш нь Оросууд өмнөд хэсгийн Одесса боомт руу пуужингаар довтолсон юм. Зеленский даваа гарагт Турк болон НҮБ үр тариа тээвэрлэж байгаа хөлөг онгоцны аюулгүй байдлыг анхаарч үзэх ёстой гэж мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгч ОХУ-ыг үр тарианы экспортын гэрээгээ биелүүлэхийг шаардлаа

2 Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулна

Европын холбооны гишүүн орнууд ОХУ-аас нийлүүлэлт тасарч болзошгүй тул байгалийн хийн хэрэглээгээ сайн дураараа 15 хувиар бууруулахаар тохиролцлоо. Мягмар гарагт Эрчим хүчний сайд нар Европын комиссын саналын дагуу 8 дугаар сараас ирэх оны 3 дугаар сарын хооронд хэрэглээг багасгах тал дээр санал нэгдсэн байна.

Европын холбооны комиссар Кадри Симсон "Бид нүүр тулж болох эрсдэлд бэлэн байх хэрэгтэй гэсэн саналд байр суурь нэгдсэний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан" хэмээн сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Европын холбооны гишүүн орнууд байгалийн хийн хэрэглээгээ 15 хувиар бууруулна

3 АНУ сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

АНУ болон Европын орнууд сармагчны цэцэг өвчний дэгдэлтийг зогсоохын тулд үүний эсрэг вакцин гаргаж байна. Данийн биотехнологийн компанийн салхин цэцэг өвчний эсрэг бүтээсэн 3 дугаар үеийн Имванекс вакциныг 2013 оноос хойш Европын холбооны орнуудад ашиглаж байгаа юм. Европын холбооны зөвшөөрлөөс өмнө АНУ болон Канад улсад сармагчны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аль хэдийн зөвшөөрч, ашиглаж эхэлжээ.

Европын комисс, Данийн биотехнологийн Баварийн Нордик компанийн бүтээсэн салхин цэцэг өвчний вакциныг одоо дэлхий нийтэд тархаад байгаа сармагчны цэцэг өвчний эсрэг дархлаажуулах зөвшөөрөл олгосон байна. Тус компанийн бүтээсэн Имванекс вакцин сармагчны цэцэг өвчний вирусээс насанд хүрсэн хүнийг хамгаалах чадвар 90-ээс дээш хувьтай гэсэн шинжлэх ухааны дүгнэлтийг Европын эмийн агентлагаас гаргажээ.

АНУ сармагчны цэцэг өвчний эсрэг вакцинжуулалтыг эрчимжүүлнэ

4 "Хоёр дээр нэмэх хоёр” уулзалт болно

Япон, АНУ баасан гарагт Вашингтонд гадаад харилцаа, эдийн засгийн тэргүүнүүдийг оролцуулсан "хоёр дээр нэмэх хоёр" энэ оны анхны уулзалтаа хийхээр төлөвлөж байна. Уулзалтад Японы талаас гадаад хэргийн сайд болон эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд нар оролцоно. Тэд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Худалдааны сайд Жина Раймондо нартай уулзах юм.

"Хоёр дээр нэмэх хоёр” уулзалт болно

5 Д.ПЕСКОВ: ОХУ-ын Ерөнхийлөгч Абэгийн оршуулгын ёслолд оролцохгүй

ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Ерөнхийлөгч Владимир Путин Японы Ерөнхий сайд агсан Абэ Шинзог оршуулах ёслолд оролцохгүй гэж мэдэгдлээ.

Абэ Шинзо энэ сарын эхээр Японы баруун хэсэгт сонгуулийн сурталчилгааны үеэр үг хэлж байхдаа буудуулж амиа алдсан юм. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт Оросын хэвлэлд “Путин Японд айлчилж, оршуулах ёслолд оролцох төлөвлөгөөгүй байна” гэв.

Д.ПЕСКОВ: ОХУ-ын Ерөнхийлөгч Абэгийн оршуулгын ёслолд оролцохгүй

6 Оросын хийг Африкийнхаар орлуулж чадах уу?

ОХУ, Өрнөдийн харилцаа хурцадсантай холбоотойгоор Оросын байгалийн хийнээс хэт хамааралтай байдлыг багасгах боломжийг Европын Холбоо хайж байна. Энэ оролдлогын нэг нь Оросын түүхий эдийг орлохуйц нөөцтэй Африкийн орнуудад Европын Холбооны эрчим хүчний төслүүд хөгжүүлэх явдал болж байна. 

Оросын хийг Африкийнхаар орлуулж чадах уу?

7 Европын холбооны орнууд байгалийн хийн хэрэгцээг бууруулах талаар улс төрийн тохиролцоонд хүрчээ

"Мягмар гарагт Брюссельд болсон ээлжит бус хуралдааны үеэр Европын холбооны эрчим хүчний сайд нар ирэх саруудад тус холбоонд ОХУ-аас авах хийн хэрэглээгээ бууруулах улс төрийн тохиролцоонд хүрлээ" гэж Чехийн ЕХ-ны Зөвлөлийн дарга өөрийн твиттер хуудсандаа мэдэгдэв.

"Сайд нар ирэх өвлийг угтан байгалийн хийн хэрэгцээг бууруулах улс төрийн тохиролцоонд хүрсэн" гэж бичжээ.

Европын холбооны орнууд байгалийн хийн хэрэгцээг бууруулах талаар улс төрийн тохиролцоонд хүрчээ

8 АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах юм бол Хятад цэргийн хариу арга хэмжээ авна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийвэл "Хятадын арми зүгээр суухгүй" гэж Хятадын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Тан Кефэй анхаарууллаа. Энэ тухай Хятадын Батлан ​​хамгаалах яамны цахим хуудсанд мэдээлсэн байна.

АНУ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжихгүй гэж амласан тул Хятад улс үүнийг бодит үйлдлээр баталгаажуулахыг шаардаж байна гэж Кефэй сануулав. "Тайванийг тусгаарлах гэсэн салан тусгаарлагчдын оролдлогыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авч, улсын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө тууштай зогсох болно" гэжээ.  

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчлах юм бол Хятад цэргийн хариу арга хэмжээ авна

9 Ухань хотод гурав хоногийн хөл хорио тогтоов

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод COVID-19 халдварын хамгийн анхны тохиолдол хоёр жил гаруй хугацааны өмнө бүртгэгдэж байв. Үүнээс хойш халдварын тархалтыг амжилттай зогсоож чадсан тус хотод лхагва гарагт COVID-19-ийн дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Халдвар цааш тархахаас сэргийлсэн хотын эрх баригчид нэг сая орчим хүн амтай “Жиан шиа” /Jiangxia/ дүүрэгт нийтийн тээврийг зогсоож, олныг хамарсан үйл ажиллагааг хориглож, зоогийн газар тэргүүтэй зарим бизнесийн байгууллагуудыг хаах тушаал гаргасан байна. Мөн тус дүүргийн иргэдийг өөр дүүрэг рүү зорчихыг хориглож, зах, худалдааны төвүүдээ хаажээ. Энэ хориг гурав хоногийн турш үргэлжлэх юм.

Ухань хотод гурав хоногийн хөл хорио тогтоов

10 Хятадад шатахууны үнэ буурч эхэллээ

БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссоос өчигдөр мэдэгдсэнээр тус улс лхагва гарагаас эхлэн дотоод дахь шатахууны бөөний үнийг бууруулахаар болжээ.

Улмаар өнөөдрөөс эхлэн бензиний үнэ тонн тутамдаа 300 юаниар, дизель түлшний үнэ тонн тутамдаа 290 юаниар буурах аж. Энэ нь он гарсаар Хятад улс шатахууны үнийг буулгаж байгаа дөрөв дэх удаагийн арга хэмжээ юм. Одоогийн байдлаар Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн комиссын баримталж байгаа бодлогын хүрээнд олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ тонн тутамдаа 50 болон түүнээс их юаниар буурч, бууралттай үнээ ажлын 10 өдөр баривал дотоод дахь шатахууны бөөний үнийг бууруулдаг юм. 

Хятадад шатахууны үнэ буурч эхэллээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()