Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.29

2022-07-29, 09:50
1,695

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. ОХУ ирэх сарын сүүлээр Алс Дорнодод стратегийн цэргийн сургуулилалт хийнэ, Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ, Хойд Солонгос цөмийн зэвсгээ дайчлахад бэлэн болжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.29

1 В.Путин ирэх сарын эхээр Туркийн Ерөнхийлөгчтэй уулзана

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар ирэх долоо хоногийн баасан гарагт Оросын өмнөд хэсгийн Сочи хотод уулзана гэж мэдэгдлээ.

Тэрбээр "Хоёр орны удирдагчид бүс нутгийн асуудал болон хоёр орны харилцааны талаар ярилцана" гэж мэдэгдлээ. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээллээс иш татан хэлэлцээ болно гэж мэдээлсэн байна. Удирдагчид өнгөрсөн долоо хоногт Иранд уулзсан юм.

В.Путин ирэх сарын эхээр Туркийн Ерөнхийлөгчтэй уулзана

2 Дэлхийн 78 улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээд байна

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мэдээлснээр дэлхийн 78 улсийн нутаг дэвсгэрт сармагчны цэцэг өвчний 18,000 гаруй тохиолдол бүртгэгджээ. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс лхагва гарагт сэтгүүлчдэд өгсөн хэвлэлийн бага хурлын үеэр “Нийт тохиолдлын 70 гаруй хувь нь Европын холбоо, 25 хувь нь Америк тивд бүртгэгдсэн ба Африкт энэ өвчний улмаас таван хүн нас барсан” гэж мэдэгдэв. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 98 хувь нь ижил хүйстэн эрэгтэйчүүдээс илэрсэн гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тэргүүний хэлснээр сармагчны цэцэг өвчин нь ойр дотно харилцаа үүсгэх, бохирдсон алчуур, ор дэрний цагаан хэрэглэл зэргээр дамжин халдварладаг байна. Сармагчны цэцэг өвчнийг зөвхөн тодорхой бүлэгт хамаарах өвчин гэж тодорхойлохгүй байхыг давхар анхааруулсан.

Дэлхийн 78 улсад сармагчны цэцэг өвчний тохиолдол бүртгэгдээд байна

3 Тунисчууд Ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олгох шинэ үндсэн хуулийг дэмжжээ

Тунисийн иргэд Ерөнхийлөгч Кайс Саидын эрх мэдлийг нэмэгдүүлэх шинэ үндсэн хуулийн асуудлаар бүх нийтийн санал асуулга явууллаа. Санал асуулгын үр дүнд Тунисийн иргэд Ерөнхийлөгчид хавьгүй илүү эрх мэдэл олгох шинэ үндсэн хууль батлахыг дэмжжээ.

Тодруулбал даваа гарагт бүх нийтийн санал асуулгад оруулсан Үндсэн хуульд "Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг парламентын зөвшөөрөлгүйгээр томилж болно" гэж заасан юм. Мөн улс төрийн эрх мэдлийг одоогийнх шиг УИХ биш зөвхөн Ерөнхийлөгч хэрэгжүүлнэ гэж заажээ. Мягмар гарагт зарласан урьдчилсан дүнгээр 94.6 хувийн саналаар шинэ дүрмийг дэмжсэн байна.

Тунисчууд Ерөнхийлөгчид давуу эрх мэдэл олгох шинэ үндсэн хуулийг дэмжжээ

4 ОХУ ирэх сарын сүүлээр Алс Дорнодод стратегийн цэргийн сургуулилалт хийнэ

ОХУ ирэх 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 5-ны хооронд Алс Дорнодын бүс нутагт “Восток” стратегийн цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байна. Энэ цэргийн сургуулилтад гадаадын цэргийн анги нэгтгэлүүд оролцох юм. Гэхдээ Москва ямар улсууд оролцох талаар одоогоор нууцалж байгаа аж.

Тодруулбал “Восток” нэртэй стратегийн цэргийн сургуулилтыг Оросын дорнод цэргийн тойрогт хийх юм. Хабаровск хотод төвтэй энэ тойрогт Хятадтай хил залгаа Сибирийн зүүн бүс нутаг, Алс дорнодын нутаг дэвсгэр хамаардаг.

ОХУ ирэх сарын сүүлээр Алс Дорнодод стратегийн цэргийн сургуулилалт хийнэ

5 ОХУ 2024 онд олон улсын сансрын станцаас гарна

ОХУ 2024 онд Олон улсын сансрын станцаас гарахаар төлөвлөж байгаагаа тус улсын Роскосмос компанийн шинэ удирдлага мэдэгджээ. ОХУ сансрын тойрог замд өөрийн гэсэн шинэ станцыг байгуулах зорилгоор ийм шийдвэр гаргасан гэж Роскосмосын Ерөнхий захирал тайлбар өгсөн байна. Гэхдээ Орос гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2024 оныг хүртэл сансрын станц дахь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

ОХУ 2024 онд олон улсын сансрын станцаас гарна

6 ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 3.2 хувь болгон буурууллаа

Дэлхий даяар цар тахлын нөлөөгөөр инфляц өсөж, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарч, Америк мөнгөний бодлогоо чангаруулж байгаа зэргээс шалтгаалан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд төдийгүй ирэх онд ч буурах төлөвтэй байна.

ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгаа 3.2 хувь болгон буурууллаа

7 Зимбабве улс инфляцтай тэмцэхээр алтан зоос гаргажээ

Африкийн Зимбабве улс 14 жилийн өмнө 100 их наяд зимбабве доллартой тэнцэх мөнгөн дэвсгэрт гаргасан нь эдийн засаг бүрэн сүйрсний бэлгэ тэмдэг болж байсан. Тэр үеийнх шиг аймшигтай биш ч дахин асар их инфляцтай тулгарсан тус улс хуучин арга барилаар тэмцэхээр шийдэж, алтан зоос гаргав. Тус улсын Төв банкнаас гүйлгээнд гаргасан алтан зоос нэрлэсэн үнэгүй харин түүнийг алтны зах зээлийн ханшаар үнэлэх гэнэ. Тодруулбал нэг зоос нь унци алтны үнэ дээр цутгасны таван хувийн зардлыг нэмсэнтэй тэнцүү байна. Өнгөрсөн долоо хоногийн эцсээр нэг унци алт 1724 ам.доллартой тэнцэж байв. Дэлгүүрт хариулж өгөх мөнгө байвал уг зоосыг энгийн худалдан авалтад ашиглаж болох гэнэ.

Зимбабве улс инфляцтай тэмцэхээр алтан зоос гаргажээ

8 АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмлээ

АНУ-ын Төв банкны үүргийг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ хоёр дахь удаагаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлж, 2.25-2.5 хувь болголоо. Энэ тухай тус сангийн долоодугаар сарын хуралдааны дараа гаргасан мэдээлэлд дурджээ. Бодлогын хүүг ийн нэмнэ гэж шинжээчдийн дийлэнх нь таамаглаж байв.

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмлээ

9 Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ

Дэлхийн агаарын тээврийн томоохон чиглэлүүдийн нэг Хятадын нийслэл Бээжин хот энэ долоо хоногоос олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ.

Хоёр жил гаруй хугацааны өмнө дэлхийг хамарсан цар тахлын улмаас Бээжин хот гадаад ертөнцөөс таслагдаж байсан. Тус хотыг зорих гадаадын зорчигчид өнгөрсөн хугацаанд Хятадын зөвшөөрөгдсөн бусад хотуудаар дамжих, тэндээ урьдчилж тусгаарлагдах журам үйлчилж байв.

Бээжин хот олон улсын нислэгүүдээ сэргээж эхэлжээ

10 Хойд Солонгос цөмийн зэвсгээ дайчлахад бэлэн болжээ

"Хойд Солонгос цөмийн дайнаас сэргийлэх хүчээ дайчлахад бэлэн байна" гэж тус улсын удирдагч Ким Жон Ун мэдэгдэв. Солонгосын дайны ойн арга хэмжээнд үг хэлэхдээ Ким тус улс АНУ-тай "ямар ч цэргийн сөргөлдөөнд бүрэн бэлэн" гэж нэмж онцолсонг төрийн мэдээллийн агентлаг “KCNA” мэдээлэв.

Хойд Солонгос цөмийн зэвсгээ дайчлахад бэлэн болжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()