Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.30

2022-07-30, 12:39
1,331

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Иракт жагсагчид парламентын ордноо эзлэв, Саран дээр байнга тасалгааны хэмтэй байдаг газар олджээ, “Ковид-19”-ийн эсрэг вакцинтай наалт бүтээжээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 07.30

1 “Ковид-19”-ийн эсрэг вакцинтай наалт бүтээжээ

Австралийн биотехнологийн “Vaxxas” компани анх удаа, коронавирусийн эсрэг уураг бүхий вакцинтай наалт бүтээжээ. “Australian” сонинд бичсэнээс үзвэл уг наалтыг “SARS-CoV-2” вирусийн гол хувилбаруудыг саармагжуулах өндөр чадвартайг эрдэмтэд нотолсон байна. Тэд Хятадын Ухань хотод анх илрүүлсэн хувилбар дээр туршиж, дараа нь альфа, бета, гамма, дельта, каппа, ламбда, омикрон хувилбарын хариу урвалыг шалгасан гэнэ. Энэ оны дөрөвдүгээр улиралд Австралийн Брисбен хотод эхлэх туршилтаар наалтын хүнд үзүүлэх үр нөлөө, аюулгүй байдлыг тодорхойлох нь.

“Ковид-19”-ийн эсрэг вакцинтай наалт бүтээжээ

2 Иракт жагсагчид парламентын ордноо эзлэв

Иракийн исламын шиитийн удирдагч Муктада ас-Садрыг дэмжигч олон зуун хүн нийслэл Багдад дахь тусгай хамгаалалттай “Ногоон бүс” рүү дайран орж, парламентын ордноо эзэлжээ. Муктада ас-Садрыг дэмжигчид түүний өрсөлдөгч, Ираны гар хөл бологч гэж үздэг Мохаммед аль-Суданийг Ерөнхий сайдаар томилох төлөвлөгөөг эсэргүүцэж байна. Энэ сарын 27-ны байдлаар Ирак улс Засгийн газаргүй 290 хоног болсон нь шинэ дээд үзүүлэлт юм. Үүнээс өмнө 289 хоног Сайд нарын танхимгүй байсан “амжилт” 2010 онд бүртгэгджээ.

Иракт жагсагчид парламентын ордноо эзлэв

3 Саран дээр байнга тасалгааны хэмтэй байдаг газар олджээ

Саран дээр жилийн турш агаарын температур бараг өөрчлөгддөггүй, хүн ​​амьдрахад тохиромжтой бүсийг илрүүлжээ. Энэ тухай "Hytech" мэдээлэв.

NАСА-гийн эрдэмтэд сарны тойрог замаас авсан мэдээллийг ашиглан ирээдүйд Сарыг  судлах  эрдэмтэд, сансрын нисгэгчдийн ашиглаж болох хоргодох байрыг илрүүлжээ.

Тэдгээр  нь сарны  гадарга дээрх гүн нүхнүүд бөгөөд  гүн рүүгээ агуй байх магадлалтай гэнэ. Эдгээр нүхнүүд нь бүхэл бүтэн хотуудын хэмжээтэй  бөгөөд хүмүүсийг цацраг туяа, микро солирын бөмбөгдөлтөөс хамгаалахад тус болох аж.

Саран дээр байнга тасалгааны хэмтэй байдаг газар олджээ

4 Байден, Ши Жиньпин нар утсаар хоёр цаг гаруй ярьжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хоёр цаг гаруй утсаар ярьжээ. Жо Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ши Жиньпинтэй биечлэн уулзаагүй ч тав дахь удаагаа утсаар ярьж байгаа юм. Хэвлэлийн төлөөлөгчдийн мэдээлж буйгаар төрийн тэргүүн нарын ярианы нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байсан бөгөөд яриа “шууд, шулуун”, “илэн далангүй” уур амьсгалтай болж өнгөрчээ.

Байден, Ши Жиньпин нар утсаар хоёр цаг гаруй ярьжээ

5 АНУ-ын ДНБ хоёр улирал дараалан буурчээ

АНУ-ын ДНБ энэ оны хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 0.9 хувиар буурсан байна.  Шинжээчид тус улсын ДНБ-ийг хоёрдугаар улиралд 0.3 хувиар өснө гэж таамаглаж байжээ. “Бодит ДНБ буурсан нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, орон сууцны үндсэн хөрөнгө оруулалт, Холбооны улсын засгийн газрын зардал, муж улсуудын болон орон нутгийн засгийн газрын зардал, түүнчлэн орон сууцны бус салбарын үндсэн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, экспорт болон хувийн хэрэглээний зардлын өсөлтөөс хэсэгчлэн нөхөгдсөн болохыг харуулж байна” гэж АНУ-ын Худалдааны яамны мэдээлэлд тэмдэглэжээ. 

АНУ-ын ДНБ хоёр улирал дараалан буурчээ

6 76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагаар худалджээ

"Sotheby's” ордонд пүрэв гарагт болсон дуудлага худалдаагаар 76 сая жилийн настай Горгозаврын чулуужсан араг яс 6.07 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ.

Дуудлага худалдааны ордноос мэдээлснээр, Горгозаврын энэхүү араг яс нь хувийн эзэмшилд байдаг цорын ганц олдвор юм.

2018 онд Монтана муж улсад (АНУ) хувийн эзэмшлийн газраас олсон уг олдвор 3 орчим метр өндөр, 6.5 гаруй мет урт ажээ.

76 сая жилийн настай үлэг гүрвэлийн араг ясыг дуудлагаар худалджээ

7 “Apple” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд буурчээ

Америкийн "Apple" компанийн цэвэр ашиг хоёрдугаар улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.3 тэрбум ам.доллароор буурсан талаар пүрэв гарагт нийтэлсэн компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

Зургаадугаар сарын 25-нд дуусгавар болсон гурван сарын тайлант хугацаанд компани 19 тэрбум 442 сая ам.долларын цэвэр ашигтай ажилласан бол 2021 оны мөн үед энэ үзүүлэлт 21 тэрбум 744 сая ам.доллар байжээ.

“Apple” компанийн цэвэр ашиг өнгөрсөн улиралд буурчээ

8 Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ

Германд Европын Холбооны стандартаар тооцсон хэрэглээний үнэ долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 8.5 хувиар өссөн гэж тус улсын Статистикийн газраас (Destatis) гаргасан урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Энэ сард инфляц зургаадугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хурдацтай өссөн байна. Өнгөрсөн сард Германы инфляц 8.2 хувьтай байжээ.

“Bloomberg” агентлагийн санал асуулгад оролцсон шинжээчид энэ сард инфляц 8.1 хувьд хүрч удааширна гэж таамаглаж байсан байна.

Германы инфляц энэ сард 8.5 хувьд хүрчээ

9 Ковид-19: Нэг тариураар 30 сурагчид вакцин хийжээ

Энэтхэгийн төв хэсэгт орших Мадхья Прадеш мужид эрүүл мэндийн ажилтан 30 сурагчид нэг тариураар вакцин хийсэн хэргээр шалгагдаж байна. Тус хэрэг нь Сагар дүүргийн нэгэн сургуульд гарчээ. Хүүхдүүдэд вакцин хийсэн Житендра Рай хэлэхдээ “ Эрүүл мэндийн газраас ганцхан тариур өгсөн, би зүгээр л тушаал биелүүлсэн” гэж хэвлэлд ярьсан байна. Тус улсын эрүүл мэндийн газар түүнд ажилдаа хайнга хандсан хэрэг үүсгээд зогсохгүй вакцинжуулалтын тоног төхөөрөмжийг илгээсэн албан тушаалтныг шалгаж эхэлжээ. 

Ковид-19: Нэг тариураар 30 сурагчид вакцин хийжээ

10 Хятадын мэдээллийн технологийн сайдыг шалгаж эхэлжээ

Хятадын төрийн тэргүүлэх албан тушаалтан болох мэдээллийн технологи, аж үйлдвэрийн сайд /MIIT/ Сяо Ячиныг хууль, сахилга батыг зөрчсөн хэргээр шалгаж байна гэж тус улсын төрийн мэдээллийн агентлаг пүрэв гарагт мэдээлэв. Яг ямар хэргээр шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятадын Коммунист намын 20 дугаар их хурал энэ оны сүүлээр болно. Тус хуралд оролцох албан тушаалтнуудын нэрсийг энэ сарын 19-нд зарласан. Эдгээр нэрийн жагсаалтад Сяо Ячины нэр байгаагүй нь дээрх мэдээллийг баталж байна хэмээн “Ройтерс” агентлаг мэдээлэв. Тэрбээр хамгийн сүүлд энэ сарын 6-нд болсон Бразил, Орос, Энэтхэг тэргүүтэй орны мэдээллийн технологийн сайдууд оролцсон цахим хурлыг даргалж олны өмнө ил гарсан билээ.

Хятадын мэдээллийн технологийн сайдыг шалгаж эхэлжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()