Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.03

2022-08-03, 09:52
1,237

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийж байна, Шинэ Зеланд улс хилээ бүрэн нээлээ, Японы Михама атомын цахилгаан станцаас цацраг идэвхт элемент агуулсан долоон тонн орчим ус алдагджээ зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.03

1 Украины үр тарианы экспортыг сэргээлээ

Үр тариа ачсан эхний хөлөг онгоц өчигдөр Украины Одессийн боомтоос хөдөлсөн байна. Украины үр тарианы экспорт 8 дугаар сарын 1-нээс сэргэх тухай өмнө Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрахим Калин мэдэгдэж байсан.

“Эхний хөлөг онгоцнууд ачаагаа татаж, Одессоос хөдлөхөд бэлэн болсон. 8 дугаар сарын 1-ний өглөө эхний хөлөг замд гарах байх” гэж тэр ярьсныг олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм. Үр тариа ачсан эхний ээлжийн 16 хөлөг онгоцны багийнхныг аль маршрутаар явж олон улсын усанд нэвтрэх гэх мэт нарийн мэдээллээр бүрэн хангасан гэж Туркийн албаныхан нотолж байна.

Цуваа төлөвлөсний дагуу лхагва гарагт Истанбулын боомтод хүрч, дараа нь африкийн орнууд руу замд гарна. Цувааны хамгийн эхний "Разони" хэмээх ачааны хөлөг онгоц гэхэд Сьерра-Леоны далбаатай байна.

Украины үр тарианы экспортыг сэргээлээ

2 Япон улсад хүнсний үнийн өсөлт намрын турш үргэлжилж болзошгүй

Япон даяар хүнс болон ус ундааны үнийн өсөлт энэ намаржин үргэлжлэх төлөв ажиглагдаж байгааг нэгэн судалгааны компаниас явуулсан санал асуулгын дүн харуулж байна.

Энэ хүрээнд 18 мянгаад нэр төрлийн хүнсний үнэ өсөх хандлагатай гарчээ. Тейкоку нэртэй судалгааны төвөөс явуулсан энэ судалгаанд японы дотоодын томоохон хүнс, ус ундаа үйлдвэрлэгч 105 томоохон компани аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.

Япон улсад хүнсний үнийн өсөлт намрын турш үргэлжилж болзошгүй

3 ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталсан зарлиг гаргажээ. Энэ зарлиг батлагдсан өдрөөсөө буюу 7 дугаар сарын 31-ний өдрөөс хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхлэв.

Тус баримт бичигт “Орос улсын үндэсний ашиг сонирхлын хил хязгаар, бүсүүдийг” тогтоож өгсөн гэж Путин Кронштадтад болсон ОХУ-ын тэнгисийн цэргийн баярт зориулсан цэргийн парадад оролцох үеэрээ хэллээ. Тухайлбал Хар Тэнгис, Ангийн тэнгис, Берингийн тэнгис, Балт хавийн болон Курилын хойгуудын усан хил хязгаарыг хамааруулж авч үзжээ. Энэ хүрээнд Японтой маргаантай дөрвөн арлын эргэн тойрны ус стратегийн чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

ОХУ-ын далай тэнгисийн номлолыг шинэчлэн баталжээ

4 Шинэ Зеланд улс хилээ бүрэн нээлээ

Цар тахлын улмаас 2020 оны 3 дугаар сараас хойш хаалттай байсан Шинэ Зеланд улс даваа гарагаас дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүст хилээ бүрэн нээгдлээ.

Тодруулбал Шинэ Зеланд энэ оны 2 дугаар сараас хилээ хэсэгчлэн нээж хориг хязгаарлалтуудаа алгуур сааруулсаар байсан юм. Гэхдээ тус улсад очих жуулчдын ихэнх нь "Ковид-19"-ийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай бөгөөд очсоны дараа хоёр удаа PCR шинжилгээ өгөх ёстой гэнэ.

Шинэ Зеланд улс хилээ бүрэн нээлээ

5 Кентакки мужид үерт нэрвэгдэж амиа алдагсдын тоо 30-д хүрчээ

Үер усны гамшигт нэрвэгдсэн АНУ-ын Кентакки мужийн зүүн бүс нутагт байдал нэн хүнд хэвээр байна. Хойд талаараа Охайо гол, зүүн талаараа Аппалачийн нуруугаар хүрээлэгдсэн энэ нутагт үерийн улмаас 30-аад хүн энджээ.

Кентакки мужийн амбан захирагч Энди Бешиар "хэдэн зуун хүн" сураггүй хэвээр байгаа гэж мэдэгдлээ. Үерийн улмаас 12 мянга гаруй өрх цахилгаангүй болж, байшин, аж ахуйн нэгжүүд усанд автсан байна. Зам, гүүр болон бусад дэд бүтцэд учирсан эвдрэлийг засахад их хэмжээний мөнгө шаардлагатай болж байна.

Кентакки мужид үерт нэрвэгдэж амиа алдагсдын тоо 30-д хүрчээ

6 БНСУ түнш орнуудын хамт хамтарсан сургуулилалт хийнэ

Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яам Япон, АНУ болон бусад улстай хамтран Умард Солонгосын баллистик пуужинг илрүүлж, мөшгөн тандах хамтарсан сургуулилалтыг Хавайн эрэгт 8 дугаар сарын 14 хүртэл хийхээ мэдэгдлээ.

Сургуулилалтад Австрали, Канад улсууд оролцоно гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна. Умард Солонгосыг баллистик пуужин хөөргөх нөхцөлд авах арга хэмжээг сургуулилах хамтарсан сургуулилалтыг сэргээхээр Япон, АНУ, Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд нар өнгөрөгч 6 дугаар сард тохиролцсон. Ийм сургуулилалт 2017 оны 12 дугаар сараас хойш болоогүй юм.

БНСУ түнш орнуудын хамт хамтарсан сургуулилалт хийнэ

7 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна

Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг хянан хэлэлцэх бага хурал даваа гарагт ажлаа эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хурлыг нээж хэлсэн үгэндээ дэлхийн энх тайван, аюулгүй байдал нэн чухал сорилтын үед ирээд байгааг онцолж, улс орнуудыг буулт хийж, цөмийн зэвсгээс ангид байх тухайд нэгдмэл байр суурьтай байхад уриалсан байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хирошимад айлчилна

8 Зэсийн үнэ 1.16 хувиар буурч, тонн нь 7700 ам.доллар болов

АНУ болон БНХАУ-ын харилцаа хурцдаж буй нь хөрөнгө оруулагчдын дунд анхаарал татаж байна. Үүнээс гадна БНХАУ-д металлуудын хэрэглээ огцом буурснаар үнийн уналтад нөлөөлж байгаа аж. Тухайлбал долоодугаар сард АНУ, Европ, Азид үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа саатсанаар металлуудын эрэлт буурах эрсдэл дагуулж байна.

Зэсийн үнэ 1.16 хувиар буурч, тонн нь 7700 ам.доллар болов

9 АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийж байна

Лхагва гарагийн 10.53 цагт (орон нутгийн цагаар) АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайванийн Ерөнхийлөгч Цай Ин Вэньтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэж Тайванийн Гадаад хэргийн яам мэдээллээ.

Нэнси Пелоси Тайваньд газардмагцаа "Энэхүү айлчлал нь АНУ-ын гадаад бодлоготой зөрчилдөөгүй" гэдгийг тодотгосон байна. Уг айлчлалын хариуд БНХАУ цэргийн сургуулилалт хийхээ мэдэгдсэний сацуу эдийн засгийн арга хэмжээ авч эхэлжээ.

Тухайлбал БНХАУ Тайванийн эргэн тойронд пуужингийн туршилт, цэргийн сургуулилалт хийхээ зарласан байна. Мөн наймдугаар сарын дөрөвний өдрөөс эхлэн Тайванийн эргэн тойронд илүү олон цэргийн сургуулилалт хийхээ мэдэгджээ.

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчлал хийж байна

10 Японы Михама АЦС-аас цацраг идэвхт элемент агуулсан долоон тонн орчим ус алдагджээ

Японы баруун хэсэгт орших Фукуи мужид Михама АЦС-ын гурав дахь реактороос цацраг идэвхт элемент агуулсан долоон тонн орчим ус алдагджээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр энэ тухай Кансай Электрик Пауэр станцын оператор компанийн цахим хуудсанд нийтлэгдсэн тайланд дурдсан байна. Ус  атомын цахилгаан станцын нутаг дэвсгэрээс гараагүй бөгөөд байгаль орчинд ямар ч нөлөө үзүүлээгүй гэж тайланд  тэмдэглэжээ. 

Тус компанийн ажилчид ослын шалтгааныг тодруулахаар шалгаж эхэлсэн. Терроризмын эсрэг дэд бүтцийг бэхжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүйн улмаас 2021 оны аравдугаар сард үйл ажиллагаа нь зогсоод байсан уг АЦС-ын гурав дахь реактор энэ долоодугаар сард ажлаа эхлүүлэхээр болсон юм.

Японы Михама АЦС-аас цацраг идэвхт элемент агуулсан долоон тонн орчим ус алдагджээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()