Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.05

2022-08-05, 09:23
1,284

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. БНХАУ Тайвань орчмын тэнгист цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна, Японд хэт халалт үргэлжилж байна, Зеленский Хятад улс Орост туслах ёсгүй гэж мэдэгдэв зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ.

Дэлхийн мэдээг цөөн үгээр 08.05

1 БНХАУ Тайвань орчмын тэнгист цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна

АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайвань дахь айлчлалын дараа Хятад улс Тайвань орчмын тэнгист цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна гэж BBC мэдээллээ. Пелоси Тайваньд богино боловч нэлээд маргаан дэгдээсэн айлчлал хийснийхээ дараа лхагва гарагт дараагийн оронд айлчлахаар арлыг орхисон юм. Түүний Тайваньд хийсэн айлчлалын хариуд БНХАУ зүй ёсны бөгөөд гарцаагүй шаардлагын улмаас пүрэв гарагт цэргийн сургуулилалт явуулж эхлэх болсноо зарласныг NHK мэдээллээ.

БНХАУ Тайвань орчмын тэнгист цэргийн сургуулилт хийхээр бэлтгэж байна

2 Украинаас хөдөлсөн анхны үр тарианы хөлөг онгоц Ливан руу чиглэлээ

Украины эрдэнэ шиш ачсан хөлөг онгоц даваа гарагт өмнөд хэсгийн Одесса хотын боомтоос хөдөлсөн. Тус хөлөг онгоц Туркт зохих хяналт шалгалтаар орсны дараа Ливан руу хөдөлсөн байна.

Тодруулбал Ливан руу явахаас өмнө лхагва гарагт Туркийн Истанбул хотын ойролцоо гурван цагийн турш ачааг шалгасан байна. Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр хөлөг онгоц энэ долоо хоногийн сүүлчээр Ливанд хүрэх төлөвтэй байгаа аж. Ливаны Эдийн засаг, худалдааны яамны өндөр албаны төлөөлөгч, "Украины үр тарианы экспорт сэргэсэн тухай мэдээ Ливаны ард түмэнд итгэл найдвар төрүүлж, тайтгарууллаа" гэж мэдэгдсэн байна.

Украинаас хөдөлсөн анхны үр тарианы хөлөг онгоц Ливан руу чиглэлээ

3 Японд хэт халалт үргэлжилж байна

Японы ихэнх бүс нутагт аагим халуун болж Канто Кошин, Токай мужид агаарын хэм 38 хэмээс дээш хүрээд байгаа аж. Цаг уурын албаныхан ирэх өдрүүдэд дахиад ч хэт халах төлөвтэй байгаа тул иргэдийг наршихаас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг уриалсан байна.

Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр тус улсын баруун, зүүн хэсэг болон бусад бүсүүдэд хэт халалт үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд Сайтама мужийн Кошигая, Яманаши мужийн Кофу хотуудад өдөртөө 39,5 хэм, Токио, Хатояма зэрэг бусад хотод 39 хэм хүрч халж байна. Япон даяарх ажиглалтын 224 цэгт агаарын хэм өдөртөө 35 хэмээс давж халснаар тэмдэглэгджээ.

Японд хэт халалт үргэлжилж байна

4 Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ

Испанийн засгийн газар эрчим хүч хэмнэх, ашиглалт хэрэглээнд зохицуулалт хийх төлөвлөгөөгөө зарлалаа. Даваа гарагт зарласан энэ баримт бичигт заасны дагуу олон нийтийн газарт агааржуулагч болон халаалтын систем ашиглахад хязгаарлалт тогтоохоор болж байгаа аж.

Засгийн газрын албан ёсны сайтад мэдээлснээр энэ төлөвлөгөө засаг захиргааны байрууд, дэлгүүрүүд зэрэг олон нийтийн байгууламжуудын эрчим хүчний хэрэглээг бууруулах, энэ үүднээс орон байран дахь агаарын хэмийг тохируулж, эдийн засгийн хэмнэлт хийх зэрэг үндсэн зорилготой байна.

Испани улс эрчим хүч хэмнэх төлөвлөгөө баталжээ

5 “Metaverse” чиглэлд шинэ ажлын байрны зар VI-VII сард 81 хувиар буурчээ

“Meta” компанийн борлуулалт улирлын дүнгээр анх удаа буурснаас гадна өөр нэгэн асуудал тулгарсан нь “Metaverse” салбарын ажлын байр цөөрч байна.

Дөрөвдүгээр сараас зургаадугаар сарын хооронд энэ чиглэлийн шинэ ажлын байр 81 хувиар буурсныг “Revelio” судалгааны байгууллага мэдээллээ. Харин “Meta” компанийн хувьд шинэ ажлын байрны зар нь сүүлийн дөрвөн долоо хоногт 8.4 хувиар буурчээ.

“Metaverse” чиглэлд шинэ ажлын байрны зар VI-VII сард 81 хувиар буурчээ

6 “Ferrari” ирэх онд автомашиныхаа үнийг нэмнэ

Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэгч Италийн “Ferrari” брэнд ирэх оны эхний улиралд автомашинуудынхаа үнийг нэмэх болсон талаар Гүйцэтгэх захирал Бенедетто Вигна мэдэгдлээ.

Мөн ирэх санхүүгийн жилд эрэлт сайн байснаар өсөн нэмэгдэж буй зардал нөхөгдөнө гэж тус компанийн удирдлагууд үзэж байгаа бөгөөд бүтэн жилийн орлогын төсөөллөө нэмэгдүүлээд байна.

“Ferrari” ирэх онд автомашиныхаа үнийг нэмнэ

7 Зеленский Хятад улс Орост туслах ёсгүй гэж мэдэгдэв

Украины Ерөнхийлөгч Влодимир Зеленский “Хятад улс Орост туслахгүй, төвийг сахисан байх ёстой” гэж Австралийн их сургуульд илтгэл тавьж байхдаа мэдэгджээ. Зеленский лхагва гарагт Канберра дахь Австралийн үндэсний их сургуулиас зохион байгуулсан онлайн хэлэлцүүлэгт оролцсон юм. Оюутнууд Хятадын байр суурийн талаар Украины Ерөнхийлөгчөөс асуусан байна. Зеленский хариуд нь АНУ болон Австрали зэрэг Оросыг буруушааж буй орнуудтай Хятад санал нэг байх ёстой гэж ярьжээ.

Зеленский Хятад улс Орост туслах ёсгүй гэж мэдэгдэв

8 Итали улс Финланд, Шведийн NATO-гийн гишүүнчлэлийг соёрхон батлав

Италийн парламент лхагва гарагт Финланд, Шведийн NATO-гийн эвсэлд нэгдэх тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Доод танхимын олонхын саналаар уг хуулийн төслийг баталснаас нэг өдрийн дараа Сенатын 202 гишүүний саналаар дэмжсэн байна. Финланд, Швед улс NATO-гийн батлан хамгаалах заалтаар хамгаалагдахын өмнө Хойд Атлантын эвслийн бүх 30 гишүүн орны парламентаар нэгдэн орох эрхээ батлуулах шаардлагатай юм. Хэрвээ 30 орны парламент хүлээн зөвшөөрч, дэмжих аваас NATO-гийн бүрэн эрхт гишүүн болоход ойртоно.

Итали улс Финланд, Шведийн NATO-гийн гишүүнчлэлийг соёрхон батлав

9 Бэлэн хоолны автомат автомашиныг Японд туршиж байна

Токио хотноо өөрөө удирдлагатай бэлэн хоолны автомат машиныг туршиж байна. Тус жижиг оврын машин нь ажиллах хүчний хомсдолыг бууруулах зорилготой юм. Мөн жолоочгүй, хиймэл оюун ухаантай бэлэн хоолны машин нь цаг завыг хэмнэхэд тохиромжтой гэж үзэж байна. Японы электрон барааны Kyocera фирмийн харилцаа холбооны салбар томоохон жижиглэн худалдааны “Aeon” болон Чиба хоттой хамтран уг төслийг хэрэгжүүлэхээр болжээ.

Бэлэн хоолны автомат автомашиныг Японд туршиж байна

10 Хятадын Гадаад хэргийн сайд Камбожийн хаантай уулзав

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Камбожид айлчилжээ. Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцохоор Ван И ирээд буй нь энэ юм. Тэрбээр Камбожийн хаан Нородом Сихамонитой хоёр улсын уламжлалт найрамдлыг улам бэхжүүлж, хамтын ирээдүйг цогцлон бүтээх талаар ярилцав. Энэ үеэр Камбожийн хаан нийгэм эдийн засгийн хөгжил, цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлсэн үнэ цэнтэй тусламжийнх нь төлөө Хятадын засгийн газарт талархлаа илэрхийлсэн.

Хятадын Гадаад хэргийн сайд Камбожийн хаантай уулзав

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()